Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

            Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 байр, 153 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, 91-35 тоотод оршин суух, тусгай дунд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, 1973 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Бударын чулуу овогт Цэрэнбалтавын Түвшинбат /РД:УУ73112616/

            Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Отгонбаяр, гуравдагч этгээд Ц.Түвшинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, 91-35 тоотод оршин суух, Ц.Түвшинбат нь орон гэртээ байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил удаа дараа гаргаж тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан. Ц.Түвшинбат нь гэр орондоо агсам согтуу тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг архаг архичин бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын комиссоос Ц.Түвшинбатыг архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

            Иймд ар гэр болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ар гэртээ байнга агсам согтуу тавьж, архидалтын орчинг буй болгодог тул Ц.Түвшинбатыг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.


            Гуравдагч этгээд Ц.Түвшинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сүүилийн 3-4 жил архи ууж байна. Өмнө нь архины албадан эмчилгээнд 4 удаа явсан. Архины мөнгөө ээжээс авах буюу хамт архи уух хүмүүстэйгээ нийлж байж олдог. Байрандаа ганцаараа болохоор хүмүүс уруу татаад архи уудаг. Одоо архины эмчилгээнд явахад татгалзахгүй гэв.

           

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Ц.Түвшинбатыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ц.Түвшинбат нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэртээ агсам согтуу тавьдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Отгонбаярын илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. 

Гуравдагч этгээд Ц.Түвшинбат нь архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрсөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Бударын чулуу овогт Цэрэнбалтавын Түвшинбат /РД:УУ73112616/-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ц.Түвшинбатыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА