Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0171/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                       Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д   холбогдох 1939003410215 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий  аймгийн Батноров суманд 1958 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх газарзүй, нийгмийн судлалын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлангийн задгайд оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй. Г /РД:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг, салхит 6-2 тоотод оршин суух өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М-ын толгойн тус газарт нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г  нь 2019 оны 06 дугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг, салхит 6-2 тоотод өөрийн гэртээ иргэн Д.М-ын толгойн тус газарт нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019оны 06 сарын 06-ны өглөө Дэлгэр-Өлзийт уулын тахилгатай байсан. Гэртээ мах чанаад сууж байтал Г багш дуудсан. Г багш архитай байсан бид хоёр тэр архийг хувааж уусан. 500 грамын шилтэй архи байсан. Тэгээд дахиж Г багш архинд явж ирсэн. Би Г багштай дэлгүүр явсан. 500 грамтай архи авч уусан ямар нэртэй архи байсныг санахгүй байна. Тэр архийг хувааж уугаад би согтсон. Нэг мэдэхэд Г багш намайг цохисон. Юугаар цохисныг, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манайд Мөнхбаатар ирчихсэн намайг овоондоо гаръя гэж байсан. Миний толгой их өвдөж байсан би овоондоо гарсан. Гэртээ ирээд толгой өвдөөд хоол идэж чадахгүй байсан...Г багш гэртээ ганцаараа байдаг, хоол унд байхгүй манайхаар орж хоол унд иддэг юм. Мөн өвөл түлээгээ авдаггүй миний түлээнээс түлдэг. Усандаа явахгүй би усанд нь явдаг юм. Мөн 2019 оны өвөл идшиндээ үхэр авч иднэ тэгээд хоёулаа болох байх гэсэн боловч Г багш өвлийн идэш идээгүй би нэг бяруу идсэн. Тэгээд би согтсон үедээ энэ талаар нь хэлсэн. Би энэ асуудлаас болж маргалдсан байж магадгүй гэж бодож  байна ...миний хүзүү, толгой хөндүүр байсан, зүүн чих орчим хавдсан байсан. Толгой өвдөөд байсан одоо л зүгээр болж байна ...Би Г багшид гомдолтой байна. Би эмчилгээний зардалд 1 сая төгрөг Г багшаас нэхэмжилж байна... Би Г багшийг хохирол барагдуулсан тохиолдолд Г багшид гомдол байхгүй... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-18 дугаар хуудас /

 

2. Гэрч М.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Манай аав М нь Хэнтий аймгийн Батноров сумын төвд Салхитын 6-2 тоотод Г багшийнхтай хамт нэг хашаанд гэртээ ганцаараа амьдардаг. Г багш бас гэртээ ганцаараа амьдардаг. Энэ хоёр нийлж их архи уудаг юм. Би 2019 оны 03 дугаар сард 3 хүүхдээ дагуулаад аавыг асрах, хүүхдээ агаарт гаргах зорилгоор Хэнтий аймгийн Батноров сумын төвд аавындаа очоод одоог болтол цуг амьдарч байна. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед эхэлж Г багш манай аав хоёр архи уусан. Энэ хоёрыг архи ууж байх үед орой 20 цагийн үед настай хүн мотоцикльтой ирээд цуг архи уучихаад эрт удалгүй  явсан. Тэрнээс хойш аав Г багш хоёр архи ууж байгаад шөнийн 00 цаг хүргэсэн. Энэ үед би 3 хүүхэдтэйгээ хамт аавындаа унтаж байсан юм. Гэтэл шөнийн 00 цагаас хойш нялх хүүхэд маань хөхөө хөхөх гэж уйлахаар нь сэрээд, хүүхдээ хөхүүлээд сууж байсан чинь манай аав Г багш хоёр хоорондоо маргаж, манай аав би чиний түлэх аргалыг түүдэг, хоол ундыг чинь би хийж өгдөг биздээ, тэгэхэд чи ганц ус аваад өгөхгүй, чи ганцаараа машинтай нь юм уу гээд л хоорондоо муудаж байгаа нь сонсогдсон. Тэгээд гэнэт ямар ч чимээгүй болчихоор нь би яасан юм бол гэж дотроо бодоод нэг орох гэснээ айгаад больсон. Тэгээд удалгүй Г багшийн дуу гараад байсан, юу гэж хэлж байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгээд 30, 40 минутын дараа манай аавыг Г багш түшиж оруулж ирээд зүүн орон дээр хэвтүүлээд юм хэлэхгүй гараад явсан. Би тэгэхэд баруун орон дээр хоёр бага хүүхэдтэй байсан. Том хүү маань газар нам унтаж байсан... Ингээд аав орж ирснээсээ хойш 20 гаран минутын дараанаас “аав нь үхлээ, ёо ёо, толгой өвдөөд байна, ёо ёо, үхлээ” гээд байсан. Би яачихав даа гээд гэрлээ асаагаад эм уухуу гэсэн чинь тэгье гэхээр нь толгойны өвчин намдаах эм цитромон гэдэг эм 1 ширхэгийг өгсөн. Тэрэндээ намдахгүй байснаа хэсэг зуур чимээгүй болж амсхийгээд өглөө 05 цагийн үед сэрээд байх үед Мөнхөө орж ирээд, аавыг овоондоо гаръя гэсэн чинь аав босоод дээл хувцасаа өмсөөд хамт явсан. Ингээд овоондоо гараад буцаж ирж орон дээрээ хэвтээд босож чадахгүй өдөржин хэвтсэн. Тэр өдөр би Г багш руу утсаар яриад та одоо аавыг маань яагаад зодсон юм, юугаар цохисон бэ гэсэн чинь за за би очлоо гээд өөр юм ярихгүй утсаа таслаад манай гэрт ирсэн. Тэгээд би дахин юугаар цохисон юм бэ гэсэн чинь надад хэлэхгүй байсан. Тэгснээ би бариулах ямар хүн авчирах уу гээд байсан. Тэгэхээр нь Очирбат гуайг авчирахгүй юу даа гэсэн чинь Очирбат гуайг аваад ирсэн. Тэгээд Очирбат гуай ирээд аавын толгойг нь барих гэсэн чинь аав толгойндоо хүргэхгүй ёолоод хэвтмээр байна гээд, огиулаад байсан. Тэгээд Г багш бариачаа аваад явсан. Тэр оройдоо гэртээ ирж хоноогүй, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 09-19 цаг хүртэл сумын төвийн эмнэлэг дээр би аавын хамт эмчилгээ хийлгээд байсан. Би өдөр нь мөн Г ах руу утсаар ярьсан чинь Г ах согтуу яриад хаана байгаагаа хэлэхгүй байсан. Ингэж байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 23 цагт ирээд хүлээн авах дээр хоноод 2019 оны 06 дугаар сарын 08–ны 12 цагийн үед гэмлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 08–ны өдөр 15 цаг 56 минутад Г ах аавын 98780178 дугаарын утсанд өөрийнхөө 99745745 дугаарын утаснаас залгаад аавын чинь бие яаж байна, гайгүй юу гэж асуухаар нь та аавыг маань яасан бэ гэсэн чинь, бид хоёр муудах хүмүүс биш архинаас болж байна даа. Би аавыг чинь сандалаар цохисон юм шиг байна гэж хэлсэн... Баруун гарын тохой, савруу нь хөхөрөлттэй, цээж нь хөндүүр ханиалгаж чадахгүй, толгойны зүүн санчиг, толгойн орой хэсгээр маш хөндүүр, хавантай байна. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй......гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19, 20 хуудас /

 

3. Гэрч С.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим М ах надруу залгаад маргааш өглөө ахыгаа аваад яваарай гэж хэлсэн ...дээшээ уул өөд өгсөж явахад М ахын амьсгаанаас архи үнэртэж байсан. Би та одоо уул овоонд гарах гэж байж архи уугаад гэж хэлэхэд юм хэлэхгүй байсан. Тэгээд өглөө 06 цагийн орчим овоондоо гарсан овоондоо гараад идээ будаагаа өргөөд шүүсээ тараагаад буцаж овооноос бууж машин дээрээ ирсэн. Машин дээрээ ирэхэд 06 цаг 30 минут болж байсан. Овооны тахилга дуусаад 2 насны морь уралдсан наадам үзсэн энэ үед М ах толгой өвдөж байна гэж хэлж байсан. Би архи уугаад шартаад толгой нь өвдөж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд Батноров суманд 11 цаг өнгөрч байхад М ахыг гэрт нь буулгаж өгсөн... М ах толгойдоо цохиулсан талаар надад хэлж яриагүй... М гэдэг хүн миний ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Би М ахыг өвдөөд явж байна гэж сонсоогүй. Их хөнгөн шингэн хүн байгаа юм. Ихэнхдээ ганцаараа амьдардаг юм. М ах 4 хүүхэдтэй. Гэр бүлийн хүн нь салчихсан тусдаа байдаг юм... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

4. Гэрч П.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баасан гарагт 09 цаг 55 минутад М гэдэг хүний охиноос аавын бие тааруу байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар Батноров сумын 6 дугаар багт Салхитын 6-2 тоотод очиход Дэмчигийн М гэх хүний биеийн байдал хүндэвтэр, тархины битүү гэмтэлтэй, асуусан асуултад олиг, солиг хариулж байсан... Толгойн зүүн талын чамархайн хэсэг бага зэрэг арьс нь шалбарсан хавагнасан байдалтай байсан... өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг.../хх-ийн 27-28 тал /

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны  өдрийн 272 дугаартай шинжээчийн:

-Д.М-ын биед зүүн чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт.../хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Г-д  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 81-82 хуудас/ гэсэн тул шүүгдэгч Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Г-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая төгрөг/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

     5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ