Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00612

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00507 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

 

******* дүүрэг, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* дүүрэг, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж 2018 оны 03 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

1.2. Гэтэл 2023 оны 04 сараас эхлэн *******ийн өмчлөлийн орон сууцанд ******* хууль бусаар амьдарч эхэлсэн ба энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аар дамжуулан удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж хэлсэн. Гэвч орон сууц худалдах, худалдан авах гэрээг өмчлөгчтэй байгуулдаг.

1.3. Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үл хөдлөх эд хөрөнгө хууль ёсоор өмчлөх эрх үүссэн тул бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай өмчлөх эрх шилжүүлэх, эзэмших, ашиглах хэлцэлд орсон зүйлгүй. Хариуцагчийн хэлцэл хийсэн гэх компани болон иргэнтэй орон сууцыг худалдах талаар харилцаанд ороогүй. 2023 оны 04 сараас орон сууцыг чөлөөлөх талаар шаардаж байсан. Компанитай нэхэмжлэгч нь эх, охин гэдгээр холбогдох боловч эрх зүйн хувьд тусдаа юм. Эзэмшиж, ашиглаж байгаа гэдгээр нь хууль ёсны гэж үзэхгүй.

1.4. Иймд ******* дүүрэг, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаараа нэхэмжлэгч *******ийнх болох нь тодорхой байх тул үүнд маргах зүйлгүй.

 

2.2. Гэвч хариуцагч уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйлгүй тул орон сууцыг нэхэмжлэгчид албадан чөлөөлж өгөх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хариуцагч ******* тус орон сууцыг 2021 оны 11 сарын 10-ны өдөр *******-аас худалдаж авахаар тохиролцож орон сууцны үнийн тодорхой хэсгийг шилжүүлсэн бөгөөд уг орон сууцанд 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна.

 

2.3. Хариуцагчийн хувьд ******* болон ******* нарын хооронд 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 82 дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэсэн гэрээ байгуулж, 177,000,000 төгрөгийг *******-ийн *******ны ******* тоот дансанд, мөн 110,000,000 төгрөгт ******* дүүрэг, ******* тоот, ******* м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон.

 

2.4. Хариуцагч нь гэр бүлийнхээ хамтаар уг орон сууцанд 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ******* ирж уулзаж байгаагүй бөгөөд 2023 оны 04 сард ******* гэх хүн ирж уг орон сууц нь манай компанийн байр тул суллаж өг гэх шаардлагыг тавьж байсан.

2.5. Хариуцагчийн хувьд уг орон сууцны өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авахаар бусадтай хэлцэл хийсэн байгаа байдал, мөн хэлцлийн үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлөх үндэслэлгүй хариуцагчийн эзэмшил нь хууль ёсны дагуу байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх хуулийн шаардлага нийцэхгүй байна.

4.2. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй буюу түүний өмчлөлийн ******* дүүргийн ******* тоот хаягт бүртгэлтэй ******* м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй ба энэ талаарх хариу тайлбар, хариу тайлбараа дэмжсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтаас дүгнэж үзвэл хууль бусаар эзэмшиж байгаа тохиолдолд л өмчлөгч хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Гэвч уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйлгүй. Харин тодорхой хэлцлийг үндэслэн 2021 оны 11 сараас эзэмшиж, ашиглаж байгаа шударга эзэмшигч бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтаа хэрэгт хавсаргасан.

4.4. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан, мөн уг шаардлагаа шүүхээс өмнө хариуцагчид гаргах боломжтой байтал, эрх нь зөрчигдөж байгааг хожим олж мэдээд шууд шүүхэд хандаж байгаа байдалд шүүх дүгнэлт хийлгүй, зөвхөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ *******ийн нэр дээр байгаад өнгөц дүгнэж, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

4.5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж зааснаас дүгнэж үзвэл өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй аливаа хууль бус үйлдлийн талаар эхлээд эрх зөрчиж буй этгээдэд уг шаардлагаа гаргах ба эрх зөрчиж буй этгээд шаардлагыг хүлээж аваагүй, өмчлөгчийн эрх зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд хандахаар зохицуулсан байна. Өмчлөгч нарт уг шаардлагаа гаргалгүй, өмчлөгч нарт мэдэгдэлгүй шууд шүүхэд хандаж байгаа байдлыг анзаарч үзвэл хариуцагчийн эзэмшил, ашиглалтыг хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлэнэ.

4.6. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн атлаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хариуцагчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзнэ.

4.7. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хүчингүй болгож, эсхүл дахин шийдвэрүүлэхээр анхнан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Өмнө нь давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж байсан бөгөөд хариуцагчийн тайлбар, түүний үндэслэлийг тодруулах, хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны эсэх талаар улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан.

5.2. Шүүхийн шийдвэрт дурдсанаар хавтаст хэргийн 6, 117, 138-140 дүгээр талд авагдсан баримтуудаар ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

5.3. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч ******* оролцсон. Тухайн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцохоо хариуцагч илэрхийлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахаасаа өмнө өмчлөлийн зүйлээ шаардаж байгаагүй гэх агуулгаар хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь удаа дараа хариуцагчтай уулзаж хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг шаардсан.

5.4. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн өмчлөл гэдэгт маргадаггүй. Хариуцагчийн өмгөөлөгч өмчлөл нь ирээдүйд шилжиж ирэх хүртэл амьдарч болно гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайбарласан. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан. Гэрч *******ийн өгсөн мэдүүлгийг хариуцагчийн өмгөөлөгч гуйвуулж тайлбарласан.

Мөн *******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн эх ******* гэж тайлбарладаг. Хүн өөрөө эрх зүйн харилцаанд оролцсон бол эцэг эхийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үү, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан. ******* нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас өмчлөлийн зүйл шилжих боломжгүй болсон.

5.5. ******* нь нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй холбоотойгоор итгэмжлэл болон зөвшөөрөл аваагүй талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй тусгасан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ******* дүүрэг, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Нэхэмжлэгч ******* нь ...2023 оны 04 сараас эхлэн ******* миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч эхэлсэн, хариуцагчтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* 2018 оны 03 сарын 15-ны өдөр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Энэ үйл баримтад талууд маргаангүй. /хх-144/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагч дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

3.2. Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг эхнэр *******ийн хамтаар *******-аас худалдан авахаар тохиролцон, гэрээний дагуу 189,000,000 төгрөг болон 3 өрөө орон сууцыг компанид өгсөн, ... 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш амьдарч байна. ... ******* нь *******-тай байгуулсан 82 дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд уг орон сууцыг авсан ... орон сууцны гэрчилгээ *******ийн нэр дээр байсан боловч ******* гэрээг харуулсан, ... 2021 оны 12 сарын 25-ны дотор эрхийн доголдолгүй болгохоор тохиролцсон ..., хоёр компани өнөөдрийг хүртэл ******* гэрээгээ дүгнээгүй, маргаантай байна. гэсэн агуулгаар татгалзсан байна.

Хэргийн баримтаар гүйцэтгэгч ******* болон захиалагч ******* нарын хооронд 2020 оны 09 сарын 17-ны өдөр Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Гэрээний ажлын санхүүжилт хэсгийн 4а-д гэрээт ажлын хөлсөнд бартераар ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбай *******-ийн өмчлөл бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг 318,675,000 төгрөгт тооцон ажил бүрэн дууссан үед захиалагч тал гүйцэтгэгчид шилжүүлнэ. гэсэн нөхцөлийг тусгажээ. /хх-32-33/

Мөн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл, 2023 оны 05 сарын 05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт зэрэг бичмэл нотлох баримтууд хэргийн 18, 26 дахь талд авагдсан байна. Уг баримтуудаас үзвэл, ******* нь барилгын ажлын гүйцэтгэлийн бартерт авах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай ******* м.кв 4 өрөө орон сууцыг 356,916,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцсон, урьдчилгаа төлбөрт 179,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг *******ын хувийн дансаар шилжүүлэн авсан, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* тоот ******* м.кв гурван өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгт тооцон *******-д шилжүүлэх, тус компани нь 2021 оны 12 сарын 25-ны өдрийн дотор дээрх орон сууцыг эрхийн доголдолгүй болгосон байх, дээрх ******* дугаартай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр ******* дугаартай орон сууцны өмчлөх эрх үүсэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. /хх-18,26/ Энэ гэрээний дагуу орон сууцыг *******, ******* нар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-164-170/

 

3.3. Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцаа борлуулах зорилгоор түлхүүрийг нь *******-д өгсөн, тус компани нь дээрх орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бартераар *******-д шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, гэрч *******-ийн гүйцэтгэх захирал *******, *******-ийн захирал ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх-147-148, 151-153/

 

3.4. Харин маргааны зүйл болох орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа өмчлөгч буюу нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан, мэдэгдсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

4. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 91.2 дахь хэсэгт Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын хувьд маргаан бүхий орон сууцны түлхүүрийг *******-аас гардан авахдаа уг орон сууцны өмчлөгч өөр этгээд гэдгийг мэдэж байсан байх бөгөөд өмчлөгчөөс орон сууцыг худалдах талаар тус компанид зөвшөөрөл өгсөн эсэхийг нягтлах ёстой байсан.

 

Энэ талаар мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан ба хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш этгээдээс ийнхүү худалдан авахаар тохирсон нь хуульд нийцэхгүй байна.

 

5. Хэдийгээр хариуцагч ******* нь орон сууцны түлхүүрийг эзэмшиж байсан *******-аас гэрээ, хэлэлцээр байгуулж, тухайн гэрээний үндсэн дээр орон сууцыг өөрийн эзэмшилд авсан байх боловч энэ нь түүний эзэмшлийг дээрх орон сууцны өмчлөгчийн өмнө зөвтгөх үйлдэл болохгүй.

 

Тодруулбал, хариуцагч нь орон сууцыг өмчлөгч бус этгээдээс гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр шударгаар хандаж хүлээн авсан байх боловч үүнийг өмчлөгч нь зөвшөөрөөгүй, өмчлөгчтэй тодорхой гэрээ, хэлэлцээр байгуулаагүй учир хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй юм.

 

Энэ талаар Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн өмчлөгч бус этгээдээс эзэмших эрх шилжүүлж авсныг шударга эзэмшигч гэж үзэхгүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнээд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй нөхцөл байдлыг анхаараагүй гэсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1. Хэргийн баримтаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн аваад мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 5 сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Энэ хугацаанд хэргийн материалтай танилцах, гэрчээс мэдүүлэг авахуулах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хариуцагчийн тус тус гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байжээ.

6.2. Хариуцагч нь 2025 оны 01 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч *******тай оролцсон байна. Анхан шатны шүүх хариуцагч өмгөөлөгч *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч *******ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх, тэгш байх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00507 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ч.ЦЭНД