Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 23

 

       С.Д-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

өмгөөлөгч М.Хандармаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 822 дугаар магадлалтай, С.Д-д холбогдох 2014250001826 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт С-н Д нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар С.Д-г 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...469 /дөрвөн зуун жаран ёс/ хоног...” гэсэн өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч М.Хандармаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Хандармаа, прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Нотлох баримтыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь үнэлнэ гэсэн журмыг зөрчиж гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэг гарахад гэрч Б.М, Н.Н Э.С нар байсан мөртлөө гэрч Б.М Н.Н хоёр нь “...С.Д-г хохирогчийн толгойруу цохиж байхыг хараагүй, Э.С тэгж хэлсэн...” гэж мэдүүлдэг. Харин Э.С нь “...Х.Д өглөө 06 цагийн үед босоод гарч явахдаа Б-ийн толгой руу цүнхээрээ цохиж байгаад явсан" гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд Н.Н нь “...Хэрэг болсон өглөө Э.С эгчийг явсны дараа Д эгч явсан” гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд гэрч Э.С нь С.Д-г явахаас өмнө гэрээс явсан болох нь тогтоогдож байх тул Э.С-ын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Э.С нь өмнөх анхан шатны хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Эд мөрийн баримтаар хураагдсан 840 гр жинтэй цүнхээр цохиод гэмтэл учирсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байх бөгөөд энэ хэргийг С.Д үйлдсэн гэдэг нь гарцаагүй баримтаар нотлогдоогүй. Иймд шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож С.Д-г цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тэр өдөр би архи уугаагүй, талийгаачтай маргалдаж, түүнийг цүнхээрээ цохиогүй. Тэнд байсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Энэ талаар өмнө давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, тэнд байсан танихгүй залуу хэн байсныг тодруулах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Намайг цохисныг харсан гэх Э.С-ыг шүүх хуралдаанд оролцуулдаггүй, түүний мэдүүлэг тогтворгүй өөрчлөгдөж байдаг. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж явагдсан. Талийгаачид дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч энэ хүсэлтийг хүлээж авдаггүй. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: “...С.Д-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

            Шүүгдэгч С.Д-н нь 2014 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... хороо, Б-ийн .... тоотод Ё.Б-тэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас хохирогч Ё.Б-д тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн хүнд няцрал, баруун чамархайн ясны шугаман хугарал гэмтэл учруулж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, гэрч Б.М, Н.Н, Э.С, Д.Т, С.Ц, насанд хүрээгүй гэрч Н.Б, шинжээч эмч С.Ч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 824 тоот акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн тодруулсан байх бөгөөд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж С.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүх С.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоог бодитой тогтоож, “хохирогч Ё.Б-ийн үхэлд  С.Д холбогдолгүй болон энэ гэмт хэргийг өөр хүн үйлдсэн байж болох” талаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэл бүхий няцаалт хийсэн гэж үзэв.

            Иймээс шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын “...С.Д энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдож тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу нэг талыг барьж явагдсан тул цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 822 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д болон түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                        Б.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР