Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 04

 


АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН
МАГАДЛАЛ

2016 оны 10 сарын 17 өдөр                                     Дугаар 04                                         Баруун-Урт     


Б.Урангоогийн нэхэмжлэлтэй, Б.Ариунзаяад 
холбогдох иргэний хэргийн талаар
    
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч Б.Урангоо, хариуцагч Б.Ариунзаяа, гуравдагч этгээд Б.Мөнхнаран нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 303 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Урангоогийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Б.Урангоо, хариуцагч Б.Ариунзаяад холбогдуулан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Урангоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 1989 оноос эхлэн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Шарга” зочид буудлын 1-2 тоотод амьдарч эхэлсэн. Аав маань 2006 онд нас барсан. Байрны өмчлөгчөөр би бүртгэгдэж, өмчлөлийн гэрчилгээгээ авсан байсан. 2008 онд Дашбат ах ээжтэй маань танилцаж, бидэнтэй хамтдаа амьдрах болж, тэд хүүхэд төрүүлсэн. Хамтын амьдралтай байх хугацаандаа Дашбат ах байраа томруулна, амьдралаа дээшлүүлнэ тохилог байранд амьдарна гээд ярьдаг байсан. Би тэр үед 10-р ангиа төгсөөд амьдралын нөхцлөөс болж сургуульд явж чадаагүй, нөхөртэй болж хүүхэд гаргасан. 2010 онд нөхрөөсөө салаад хүүхэдтэйгээ гэртээ буцаж ирсэн. Дашбат байраа ахынхаа нэр дээр болгочих, би бүгдийг зохицуулна, энэ жижиг өрөөнөөс гарч, тохилог том байранд орно гээд  байнга ярих болсон. Ингээд ярихад нь том байртай болчих юм шиг баярладаг байсан. Тэгээд байраа нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцож нотариатч дээр гэрээ байгуулахаар очсон. Ороход нотариатч Ариунзаяа ийм гэрээ хийх гэж байгааг мэдэж байсан. Надаас зөвхөн хэдэн төгрөгөөр үнэлэх вэ? гэж асуусан. Би 15000000 төгрөгөөр үнэлнэ гэхэд Т.Дашбат ах 10000000 төгрөгөөр үнэлээд биччих гэсэн. Ариунзаяа эгч энэ гэрээг хийвэл ийм тийм үр дагавартай шүү гэдгийг тайлбарлаж өгөөгүй. Ингээд гэрээн дээр гарын үсэг зуруулаад Дашбат ах тэндээ үлдсэн, би явсан. Гэрээний хувийг ч надад өгөөгүй. Үүнээс хойш бид нартай хамт амьдраагүй, Т.Дашбат хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан. Хааяа утсаар ярьж байрныхаа гэрчилгээг авъя гэхэд ахад нь байгаа, ах нь юу гэж та нарыг байргүй болгох вэ гэж ярьдаг байсан. Сүүлдээ шүүхээр заргалдаж байгаад хүүхдээ өөрийн нэр дээр болгож аваад ээжийг маань орхиж, намайг эзгүйд бид нараас бүр мөсөн явсан байсан. Гэтэл 2015 онд танай байрыг Дашбат зарчихсан байна гэж “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэг эгч хэлсэн. Тэгээд утсаар асуухаар би мэдэж байгаа л гэдэг. Ягаанаа эгчийг авсан гэхээр нь уулзахад Дашбат надад 18000000 төгрөгөөр зараад 2 жил болж байна гэж байсан. 2015 оны 08 дугаар сард намайг шүүхээс дуудахад Мөнхнаран гэдэг хүн байр чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байсан. Мөнхнаран нь Ягаанаа эгчийн дүү юм билээ. Энэ нэхэмжлэлийг аваад би Дашбатыг шүүхээр эрэн сурвалжлуулахаар хандсан, цагдаад өгсөн боловч надад байраа зарсан, би төлбөрийг төлсөн гэж мэдүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Мөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дашбат, Мөнхнаран нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм билээ. Энэ гэрээ нь ч хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Иймд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дашбат, Урангоо нарын дунд хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Дашбат, Мөнхнаран нарын  хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ. 

Хариуцагч Б.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Урангоогийн нэхэмжлэлтэй холбоотой гэрээг 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хүсэл сонирхлын дагуу тэдгээрийг байлцуулан Үндсэн хууль, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 28 дугаар зүйл, 46 дугаар зүйлд холбогдох бусад заалтууд мөн Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн. Гэрээг гэрчлэхдээ Иргэний хуулийн 56-61-р зүйлд заасан “Хүчин төгөлдөр бус хэлцэл” болох эсэхийг сайтар шалгасан бөгөөд уг гэрээнээс үүдэн гарах учир холбогдлыг асууж тайлбарласан болно. Гэрээг гэрчлэхээс хэд хоногийн өмнө Урангоо нь “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэгээс өөрийн байраа нэр дээрээ шилжүүлье бид наймаа таарсангүй гэж орж ирээд орон сууц бэлэглэлийн гэрээ хийж уг байрны гэрчилгээг нэр дээрээ болгосон. Ингээд хэд хоногийн дараа иргэн Дашбат, Б.Урангоо нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэрчлүүлэх хүсэлт гарган орж ирсэн бөгөөд Урангоогоос байраа зарахыг чинь ээж чинь мэдэж байгаа юу, та хэд байраа зарж яах гэж байгаа юм бэ гэж асуухад “ээж мэдэж байгаа, би наймаа хийх гэж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Ингээд гэрээг хийхэд шаардагдах бичиг баримт болон гэрээний талуудын эрх үүрэг, татварын талаар Иргэний хуулийн 109,110,112 дугаар зүйлийг тайлбарлаж өгсөн. Гэрээг хийх болоход Урангоо нь иргэний үнэмлэхгүй байсан учир ээж Эрдэнэцэцэг нь иргэний үнэмлэхийг нь оруулж өгсөн бөгөөд тухайн үед би туслах Гэрэлтуяатай хамт ажиллаж байсан. Гэрээний үнийг асуухад хоёулаа 10000000 төгрөг гэж хэлсэн бөгөөд төлбөр төлөгдсөн гэсэн тайлбар өгсөн. Урангоо өөр үнэ хэлсэн бол би гэрээний талуудыг зөвшилцөлд хүрээгүй байхад дур мэдэн үнэ бичнэ гэж байхгүй. Энэ гэрээг гэрчлэхэд үйлчилгээний хөлс 10000 төгрөг авсан. Гэрээг боловсруулж дуусаад талуудад гэрээг уншиж танилцуулсны дараа зөвшилцсөн тохиолдолд гарын үсэг зуруулж гэрээг гэрчилдэг. Урангоо болон Дашбат нь тухайн үед гэрээг уншиж танилцаад гарын үсэг зурсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй учир Урангоогийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3 дахь хэсэгт зааснаар Гон овогт Борчулууны Урангоогийн нэхэмжлэлтэй, нотариатч Боржигон овогт Баатарын Ариунзаяад холбогдох “Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Т.Дашбат Б.Мөнхнаран нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Урангоогийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалах шатны шүүхэд 
гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн дүгнэлт хэсэгтээ “Урангоо нь дээрх гэрээг байгуулж нотариатаар гарчлүүлэхдээ гэрээний учир холбогдолыг мэдээгүй байх боломжгүй, харин ч түүний хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна” гэжээ. 
Гэтэл Урангоо нь Дашбат байрыг томсгож аятай  тохитой амьдарна, үүний тулд байраа миний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй гэж ярьдаг байсан учир тухайн үеийн хүсэл сонирхолын илэрхийлэл нь “байраа Дашбатын нэр дээр шилжүүлэх” байсан тул нотариат дээр очсон байдаг. Энэ нь гэрч Бооёо, Солонго нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл худалдах худалдан авах гэрээ байгуулсаныг түүний хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн худалдах худалдан авах гэрээн дээр 10000000 төгрөг бэлнээр төлсөн гэж бичсэн боловч Дашбат 10000000 сая төгрөгийг төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа байрны төлбөр  гэж 3700000 төгрөгийг Урангоогийн дансанд хийсэн түүнийг буцаан олгосон нь байрны үнэ төлөгдөөгүй, худалдах худалдан авах гэрээ хийгдээгүйг нотлож байхад шүүх орон сууц худалдах худалдан авах гэрээний нол нөхцөл болох байрны үнэ төлөгдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 
Шүүх гэрээний нэг тал болох Т.Дашбатыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн боловч түүнд хуулиар олгогдсон эрх үүргийг эдлүүлэх, шүүх хуралдаанд оролцуулж тайлбар гаргуулах боломж олгох талаар санаачлагагүй ажилласан нь ИХШХШ тухай хуулийг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэжээ.     

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

    Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
    Нэхэмжлэгч Б.Урангоо нь шүүхэд “...Дашбат ах энэ байрын гэрчилгээгээ ахынхаа нэр дээр шилжүүлчих, ах нь зохицуулаад та нарыг дотроо 00-той том байртай болгож өгье гэж гуйдаг байсныг нь би зөвшөөрч, Шаргын байрны  гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, нотариатч Ариунзаяа руу орсон, тэр ямар гэрээ хийхийг мэдэж байсан, нотариатч надаас хэдээр үнэлэх юм бэ? гэж асуухад би 15000000 гэхэд Дашбат ах 10000000 гээд биччих гэсэн, би гэрээг уншиж үзэлгүй шууд гарын үсэг зурчихаад өөр зүйл ярилгүй гарсан. Дашбат ах түүнээс хойш бидэнтэй хамт амьдраагүй, хааяа утсаар ярихад “ах нь та нарыг юу гэж байргүй болгох вэ дээ, сольчихоор байр хайж байна, та нар ч гэсэн судалж бай, ахад нь гэрчилгээ чинь байгаа” гэдэг байсан. Гэтэл 2015 онд манай байрыг Мөнхнаранд 18000000 төгрөгөөр зарчихсан байсныг Мөнхцэцэг эгчээс мэдсэн. Гэрчилгээ Дашбат ах бид 2-ын нэр дээр л гарах юм байх гэж бодож байсан, бид орох оронгүй байж байраа хямд зарахгүй шүү дээ. Дашбат ах анхнаасаа ээжтэй минь сууж, хүүхэдтэй болж, бидний амьдралын хүнд хэцүү үед туслаж байгаад бидэнд өөрийгөө сайн хүн гэсэн итгэл үнэмшил төрүүлэх замаар төөрөгдүүлсэн. Нотариатч Ариунзаяа гэрээний үр дагаварын талаар  надад тайлбарлаж өгөөгүйгээс би төөрөгдөж орон байргүй болж байна. Иймд нотариатчийн баталсан Дашбат Урангоо нарын хооронд 2012.05.31-ны өдөр, мөн Дашбат Мөнхнаран нарын хооронд 2015.03.11-ний өдөр хийгдсэн гэрээнүүдийг тус тус  хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

    Хариуцагч Б.Ариунзаяа “Би 2012.05.31-ний өдөр Т.Дашбат Б.Урангоо нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээг Нотариатын тухай хуулийн 21, 28, 46 дугаар зүйлүүдийн холбогдох заалтууд болон Нотариатын үйлдэл хийх зааврийн дагуу гэрчилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

    Хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд: “Б.Урангоо Т.Дашбат нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах” хэлцлийн үр дагаврын талаар нэхэмжлэгчид тайлбарлаж өгөөгүй гэх нотариатчийн үйлдэл нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох, тэр тусмаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 
    Иймээс энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.
    Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэлцлүүдийн талаар буруу дүгнэлт хийснийг залруулах нь зүйтэй байна. Хэлцлийн нэг тал болох Т.Дашбат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад түүний Б.Урангоо, Б.Мөнхнаран нартай  хийсэн хэлцлүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар буюу тухайн хэрэгт хамааралгүй асуудлаар  дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлтэй байна.

    Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 303 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

    Хоёр. 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 877 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Урангоо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.    

    Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ            Л.НАРАНБАЯР
    ШҮҮГЧИД            Я.АЛТАННАВЧ
                                  Д.БАЙГАЛМАА