Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

            Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119-А байр, 280 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, 4-97 тоотод оршин суух, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, 1978 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Олхонууд овогт Жанчивын Батдэлгэр /РД:ТИ78080974/

            Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхболд, гуравдагч этгээд Ж.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, 4-97 тоотод оршин суух, Ж.Батдэлгэр нь орон гэр, олон нийтийн талбайд байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил удаа дараа гаргаж тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан. Ж.Батдэлгэр нь гэр орондоо агсам согтуу тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг архаг архичин бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын комиссоос Ж.Батдэлгэрийг архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

            Иймд ар гэр болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ар гэртээ байнга агсам согтуу тавьж, архидалтын орчинг буй болгодог тул Ж.Батдэлгэрийг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.


            Гуравдагч этгээд Ж.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1996 онд буюу оюутан байхаасаа л архи ууж эхэлсэн. Багаасаа жаахан дураараа өссөн, архи уух тодорхой шалтгаан байхгүй. Харин уусан үедээ ар гэрийнхэн, ойр дотны хүмүүсээ гомдоож үл хүндлэх байдал гаргадаг нь үнэн. Эгчийнхээс ойр зуурын юмыг нь аваад архинаас өгчихдөг. Өмнө нь 4-5 удаа эрүүлжүүлэгдэж, 3 удаа баривчлагдаж байсан гэв.

           

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Ж.Батдэлгэрийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ж.Батдэлгэр нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэртээ агсам согтуу тавьдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхболдын илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.  

Гуравдагч этгээд Ж.Батдэлгэр нь архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрсөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Олхонууд овогт Жанчивын Батдэлгэр /РД:ТИ78080974/-ийг захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ж.Батдэлгэрийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА