| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/02659/И |
| Дугаар | 210/МА2025/00160 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00160
Хө********-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/03371 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* *******-д холбогдох,
17,080,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
1,060,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* *******-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Хөнхдама ******* нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөл бөмбөгийн талбайн спорт цогцолборт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, ******* ******* нь ажлын хөлсөд өдрийн 80,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.
******* ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс болох 1,040,000 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 7.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцвол 520,000 төгрөг төлөх үүрэгтэй болно.
1.2. Гэрээний 8.1 дэх хэсэгт хэрэв аль нэг тал урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг гэнэт цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг гэнэт цуцлагч тал нөгөө талд олгоно гэж заасан ба ******* ******* нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан тул баталгаат хугацааны төлбөр буюу өдрийн 80,000 төгрөгөөр тооцож 194 хоногт ногдох 15,520,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 17,080,000 төгрөг гаргуулж өгнө үү.
1.3 Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хамгаалалтын талбайд ТҮЦ буулгаагүй, хашааны гадна буулгасан байсан ба ТҮЦ-ийг өмчлөгч нь буцаан авсан. Хамгаалалтын ажилтан согтууруулах ундаа хэрэглээгүй тул цалингаас нь суутгах боломжгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Хамгаалалтын талбайд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үл таних этгээдүүд ТҮЦ буулгах үед хамгаалалтын ажилтан согтуу байсан учир мэдээгүй, ажлын хариуцлага алдсан. Манай компани тус ТҮЦ-ийг хамгаалалтын талбайгаас чөлөөлөхөд 808,000 төгрөгийн зардал гаргасан. Мөн нэхэмжлэгч байгууллагын хамгаалалтын ажилтан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлын байран дээр архидан согтуурсан.
Иймд гэрээний үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй тул манай компаниас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн.
2.2. ******** нь гэрээний 8.1 дэх заалтад "Хэрэв аль нэг тал урьдчилан мэдэгдэхгүйгээр гэрээгээ гэнэт цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг гэнэт цуцлагч тал нөгөө талд олгоно" гэж зааснаар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, энэ зөрчлөө арилгахгүйгээр гэрээт ажлыг гүйцэтгээгүй орхисон буруутай нь тогтоогдож байх тул ******** нь хариуцлага хүлээхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.3. ******** нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан ТҮЦ нүүлгэхэд гарсан зардал 808,000 төгрөг, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй 2 өдрийн цалин 160,000 төгрөг, мөн тухайн ТҮЦ-ийг ачихад бээлий, точил зэрэг багаж хэрэгсэл худалдаж авахад 92,950 төгрөгийн зардал тус тус гаргасан.
Иймд нийт 1,060,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч "*******" *******-иас 1,560,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож, үлдэх 15,520,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч "*******" *******-ийн гаргасан 1,060,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,460 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,728 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Монгол менежмент тев" *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 39,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Манай компанийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутад гэнэт гэрээгээ цуцалж байна гэж хэлээд хөөж явуулчхаад араар нь буюу тэр өдрийн орой 18 цаг 39 минутад цахим хаягт мэдэгдэл хүргүүлж, нөхөн баримт үйлдэж байгаа үйлдлийг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй.
Гэрээний 2.2-т "Гэрээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийг өмнө аль нэг талаас гэрээг цуцлах саналаа албан бичгээр үйлдэн нөгөө талдаа өгч асуудлаа шийдвэрлүүлнэ., 8.1-д "Хэрэв аль нэг тал урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг гэнэт цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг гэнэт цуцлагч тал нөгөө талд олгоно" гэж тус тус заасан. Талууд гэрээг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл буюу нэг жилийн хугацаатай байгуулсан нь гэрээний баталгаат хугацаа юм.
Гэтэл гэрээний баталгаат хугацаа дуусахаас 194 хоногийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутад гэрээг гэнэт цуцалж, биднийг хөөж явуулсан. Иймд нэхэмжлэгч нь гэрээний баталгаат хугацааны үлдсэн 194 хоногийн төлбөр болох 15,520,000 төгрөгийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх гэрээг *******-ийн санаачлагаар 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь *******-ийн харуулын ажилтан ажлын байран дээр согтуурч ажлын хариуцлага алдсан тул ******* ******* нь гэрээнд заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 236/21 тоот албан бичгийг цахимаар илгээж, гэрээний үүргээ зөрчихгүй байхыг анхааруулж, хариу өгөхийг хүссэн.
Гэвч ********-ийн удирдлага гэрээний үүргээ эс биелүүлж, хариу өгөөгүйгээр барахгүй гэрээний 8.1-д зааснаар урьдчилан мэдэгдэхгүйгээр гэрээг гэнэт цуцалсан, ажлаа орхиж гэрээний үүргээсээ татгалзсан.
Нэхэмжлэгч нь гэрээний 3.4-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу "*******" ******* нь гэрээг дангаар дүгнэх, төлбөр тооцоог хийх боломжгүй болсон.
Цэцэрлэгт хүрээлэн спорт тоглоомын цогцолборын орчны зураг, ажил хүлээлцсэн акт болон бусад нотлох баримтаар ТҮЦ зөвшөөрөлгүйгээр буулгасан нь нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
******* нь гэрээгээ дүгнэхгүйгээр гэнэт хаяж явсан буруутай байхад 520,000 төгрөгийн алданги тооцсон нь үндэслэлгүй гэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлаас болж хамгаалалтын талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ буусан, хамгаалалтын ажилтнууд нь ажлын байранд архидан согтуурдаг байсан. Энэ шалтгааны талаар шаардлага хүргүүлэхэд нэхэмжлэгч нь зөрчлөө арилгахгүйгээр гэрээт ажлыг гүйцэтгээгүй орхисон. Иймд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэжээ.
7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Гэрээнд зааснаар зөвхөн хөлбөмбөгийн талбайг хамгаалах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн. Тухайн ТҮЦ нь хамгаалалтын бүсэд байршсан болох нь тогтоогдоогүй. Энэ талаарх зардлаа ч хариуцагч нотлоогүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* *******-д холбогдуулан гэрээг үндэслэлгүй цуцалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажлын хөлс 1,040,000 төгрөг, алданги 520,000 төгрөг, баталгаат хугацааны төлбөр 15,520,000 төгрөг, нийт 17,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний хэрэгжилтийн талаар шаардлага тавихад ажлын байрыг орхиж явсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бөгөөд гэрээний хохиролд 900,950 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 160,000 төгрөг, нийт 1,060,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* нь хөлбөмбөгийн талбайн спорт цогцолборт 24 цагаар харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, "*******" ******* нь харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд өдрийн 80,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Дээрх гэрээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "*******" *******-ийн санаачилгаар цуцлагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 236/21 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлснээр гэрээ цуцлагдсан байна.
Хэдийгээр хариуцагч нь уг албан бичгээр зөрчил арилгуулах шаардлага тавьсан гэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргахдаа дээрх албан бичгийг хүргүүлснээр гэрээг цуцалсан гэх тайлбар гаргаж байсан бөгөөд энэ тайлбарт заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.
3.2. Мөн анхан шатны шүүх гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч талын ажилчид ажлын байран дээр архидан согтуурсан, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй ТҮЦ байршсан болох нь нотлогдоогүй гэж зөв дүгнэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 1.5-д зааснаар ******* нь хөлбөмбөгийн талбайн спорт цогцолборт хамгаалалт хийх үүрэг хүлээсэн ба энэ хамгаалалтын бүсэд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үл таних этгээд ТҮЦ байршуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй. Энэ талаарх мэтгэлцээний байр сууриа нотлохоор хариуцагчийн зүгээс гэрэл зургийн үзүүлэлт, цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбайн тохижилтын ажлын зураг зэргийг хэрэгт гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар тухайн ТҮЦ нь хамгаалалтын бүсэд байршсан болох нь нотлогдсонгүй.
Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан дуут болон дүрст бичлэг нь хэзээ хийгдсэн, хуульд заасан арга замаар бэхжүүлэгдсэн эсэх, мөн тухайн бичлэгт дурдагдаж буй этгээдүүд нь нэхэмжлэгч байгууллагын ажилчид мөн эсэх нь тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхгүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс болох 1,040,000 төгрөгийг төлөөгүй тул уг ажлын хөлсийг гэрээний 7.2-т заасан тохиролцоонд үндэслэн алданги 520,000 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
4.2. Харин шүүх гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол болох баталгаат хугацааны төлбөр нэхэмжилсэн шаардлагын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.
Өмнө дурдсанчлан хариуцагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон ба ийнхүү гэрээг цуцлахдаа гэрээний 2.2-т зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө гэрээг цуцлах санал хүргүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй.
Иймд хариуцагч нь гэрээний 8.1-д заасан хэрэв аль нэг тал урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг гэнэт цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг гэнэт цуцлагч тал нөгөө талд олгоно гэх гэрээ цуцалсны хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Харин зохигчийн байгуулсан гэрээнд баталгаат хугацааг шууд тодорхойлсон тохиролцоо байхгүй учир дээрх хугацааг гэрээнд хэрхэн заасан болохыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгаар тайлбарлах шаардлагатай.
Энэ үүднээс авч үзвэл гэрээний 2.2-т заасан 30 хоногоор гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногийг тооцох боломжтой байх тул дээрх хугацаанд ногдох ажлын хөлс 2,400,000 төгрөгийг гэрээ цуцалсны хохиролд хариуцагчаас гаргуулж, уг шаардлагаас үлдэх 13,120,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцэж байна.
Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилтад мөн өөрчлөлт оруулна.
5. Сөрөг нэхэмжлэлд холбогдох хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн гэрээг цуцлахад хүргэсэн ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдоогүй.
Үүнд холбогдох мэтгэлцээний байр сууриа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Иймд хариуцагчийн гаргасан ТҮЦ-ийг чөлөөлөхөд кран хөлсөлсөн зардал 808,000 төгрөг, ТҮЦ нүүлгэж ачихад бээлий, точил, зэрэг багаж хэрэгсэл худалдаж авахад 92,950 төгрөг, 2 өдрийн ажлын хөлсөнд төлсөн 160,000 төгрөг, нийт 1,060,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
6. Анхан шатны шүүх алданги, үүргийн зөрчил, гэрээ цуцалсны хохирлын талаарх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг давхардуулж бичсэн байгааг залруулж, зохих өөрчлөлтийг оруулна.
7. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/03371 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "*******" *******-иас 3,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож,
нэхэмжлэлээс үлдэх 13,120,000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч "*******" *******-ийн нэхэмжлэгч ********-д холбогдуулан гаргасан 1,060,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 39,910 гэснийг 78,310 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 40,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ