Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00640

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00952 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. ******* нь төрөл садангийн хүн болох ******* 2022 оны 01 сарын 07-ны өдөр 25,000,000 төгрөгийг зээлүүлээд одоог хүртэл авч чадахгүй байна. ******* эгчийн хоёр охин нь АНУ-д сурдаг. Тиймээс 2 охин дээрээ очихоор визэнд орохын тулд банкинд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж гуйсан.

Тухайн үед миний бие өөрийн хамаатан *******ийн компанийн санхүүгийн тайланг гаргаж өгдөг байсан. *******ын охин нь *******аас авлагатай гэж компани дээр ирж *******тай уулзаад, мөнгөө нэхдэг байсан. ******* нь надаас бас мөнгө зээлж аваад өглөгтэй байсан бөгөөд энэ өрөндөө тооцож, надад орон сууц өгснийг ******* эгч мэдэж байсан тул надаас орон сууцаа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан тул би өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж зээл авч өгсөн. Гэтэл одоо *******аас авах ёстой түрээсийн төлбөрөө авсан гэж байгааг ойлгохгүй байна.

******* болон түүний *******-д өгөх мөнгө төгрөг надад ямар ч хамаагүй. Тиймээс *******аас 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******аас мөнгө зээлсэн, зээлж аваад мөнгийг нь буцааж өгөөгүй, залилан мэхэлсэн зүйл огт байхгүй. 2022 онд ******* нь *******-д нягтлангаар ажилладаг байсан.

2.2. Миний хүргэн хүү болох ******* болон охин ******* нар нь тухайн үед *******-д өөрийн эзэмшлийн ковшоо 2 жилийн турш түрээслүүлж ажиллуулдаг байсан ба үлдэгдэл түрээсийн төлбөрөө аваагүй, авлагатай байсан. Би тэр үед гадагшаа явах шаардлагатай болоод хүүхдүүдээсээ мөнгөний тусламж хүсэхэд охин, хүргэн хоёр маань ковш түрээслүүлсэн түрээсийн төлбөрөө аваад өгье гэсэн. Ингээд *******-аас мөнгөө нэхэхэд компанийн захирал ******* өөрийн өмчлөлийн орон сууцаа нягтлан *******т шилжүүлж, уг орон сууцаар түүнд өгөх өрөө хааж, зөрүү мөнгөөр нь манай хүүхдүүдийн түрээсийн төлбөрийг төлүүлэхээр шилжүүлсэн. Үүний дагуу ******* нь *******аас өрөндөө орон сууц аваад зөрүү мөнгөөр нь *******ийн бидэнд өгөх өрийг түүний өмнөөс шилжүүлсэн.

Иймд ******* нь *******аас мөнгө зээлээд өгөхгүй байгаа асуудал огт байхгүй, өөрсдийн авах ёстой мөнгөө л авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******аас 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн баримтыг тухайн маргаанд хамааралтай талаас нь хуульд нийцүүлэн харьцуулан үзэж, үнэлж дүгнээгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн, хариуцагчийн ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас ангид асуудалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөл нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг зөв тодорхойлохын тулд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тухайн маргаан, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой тайлбарлан хэрэглээгүй, хууль ёсны дүгнэлт хийж хэргийг шударгаар шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

 

Анхан шатны шүүх ямар баримтыг хариуцагчийн татгалзалын үндэслэл болгосон нь тодорхойгүй, ойлгомжгүй, шийдвэрийн үндэслэлээ ...******* нь *******-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийн төлөх ёстой түрээсийн төлбөрийг шилжүүлсэн гэх байдал тогтоогдож байна гэж аман тайлбараар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Улсын Дээд Шүүхийн 2006 оны 04 сарын 25-ны өдрийн Зөвлөмж-ийн 4.2-т заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 01 сарын 07-ны өдөр хариуцагч ******* руу 19,800,000 төгрөг, 5,200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг ******* хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бичгийн баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх ...уг мөнгийг шилжүулсэн эрх зүйн харилцааны талаар маргаантай гэж дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөр асуудалд үнэлэлт өгч түүнийгээ шүүхээс гарах шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хэргийг хянан шийдвэрлэхийн тулд мөнгө шилжих үндэслэлийг анхан шатны шүүх тодруулах үүрэгтэй. Анхан шатны шүүх тодруулаад шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарласан зээлийн харилцаа үүсээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд 25,000,000 төгрөгийг зээлдүүлээд буцааж авах тохиролцоо хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал зээл гэж тайлбарладаг, харин хариуцагч түрээсийн төлбөр гэж маргадаг. Хэрэгт хариуцагчийн татгалзлыг нотолсон 8 төрлийн нотлох баримт авагдсан. Хэргийн 6 дугаар талд авагдсан баримт буюу нэхэмжлэгч анх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн хариуцагчийн гараар бичсэн тайлбар байгаа. Уг тайлбарт *******аас түрээсийн төлбөрт 25,000,000 төгрөгийг хүлээж авлаа гэх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн.

5.2. Мөн хэрэгт ******* болон хариуцагч *******ын охин болох ******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу тооцоо нийлсэн акт авагдсан. Уг актад нэхэмжлэгч ******* *******-ийн нягтлан бодогч гэх албан тушаалыг төлөөлж гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. ******* нь *******-аас түрээсийн төлбөрт 64,000,000 төгрөгийн авлагатай байна гэдгийг баталгаажуулж тооцоо нийлсэн акт хийсэн.

Гэтэл ******* нь түрээсийн төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулаагүй учраас захирал буюу ******* нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг *******ын нэр дээр шилжүүлж илүү гарсан 25,000,000 төгрөгийг ******* руу шилжүүлээрэй гэж тохиролцсоны дагуу орон сууцаа өгсөн. Хариуцагч өр төлбөртөө тооцож орон сууц авсны дараа зөрүү мөнгө буюу 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд сайн дурын үндсэнд хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Уг асуудлыг гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд бичгийн нотлох баримттай таарч байгаа.

Өөрөөр хэлбэл, *******-ийн захирал талуудад өртэй байсан. Уг өр төлбөрөө өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг аль нэг талд шилжүүлж зөрүү мөнгөөр нөгөө төлбөрөө дуусгах зорилготой байсан. ******* өөрөө тайлбарлахдаа ******* эгчээс 48,000,000 төгрөгийн зээлсэн ба 8,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Нийт үлдсэн 88,000,000 орчим төгрөгт тооцож өөрийн 120,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан 2 өрөө орон сууцаа өгсөн. ******* эгчээс авсан зээлийн өр төлбөр хангалттай дууссан, харин зөрүү мөнгө 25,000,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна, харин хариуцагчийн гаргасан татгалзал хэрэгт авагдсан 8 төрлийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болсон.

5.4. Нэхэмжлэгч *******тай төлбөр тооцооны асуудалтай байж болох тул уг асуудлаа жич шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Мөн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хавсаргасан прокурорын тогтоолд ******* намайг залилсан тул шалгаж өгөөч гэсэн агуулгаар гомдол гаргасан. Гэтэл цагдаагийн байгууллагын зүгээс гэрээтэй холбоотой маргаан тул шүүхэд хандана уу гэх агуулгаар гомдлоос нь татгалзсан тогтоолыг хавсаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2022 оны 01 сарын 07-ны өдөр *******аас 25,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч зээлсэн асуудал биш. ******* нь *******-д нягтлан бодогчийн ажил хийдэг байсан, тухайн үед манай хүргэн *******, охин ******* нар нь тус компаниас түрээсийн гэрээний төлбөрийн авлагатай байсан, ...******* нь *******аас өрөндөө байр аваад зөрүү мөнгөөр нь бидэнд өгөх өрийг түүний өмнөөс шилжүүлсэн... гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэргийн нотлох баримтаар *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

4.1. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ******* дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай данснаас хариуцагч *******ын тус банк дахь ******* дугаартай данс руу 2022 оны 01 сарын 07-ны өдөр 19,800,000 төгрөг, 5,200,000 төгрөгийг тус тус шилжүүлэхдээ гүйлгээний утгыг *******-с гэж тэмдэглэжээ. /хх-4-5/

4.2. Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд бүрдүүлж өгсөн бичмэл нотлох баримтад ******* нь /*******/ *******аас /*******/ 2022 оны 1 сарын 7нд 25 сая төгрөг *******ын хомын талын машины түрээсийн урьдчилгаанд авсан нь үнэн болно. 2022.I.8 гэсэн бичиг үйлдэж /*******/ гэсэн нэрний урд гарын үсэг зурсан байна. Хариуцагч ******* уг баримтыг үйлдэж, гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-6/

4.3. Хариуцагч *******аас нэхэмжлэгч *******ыг *******-д нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байсан гэж тайлбарлан, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн байна. Шүүгчийн захирамжийн дагуу *******-аас *******ыг тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан тухай албан бичиг үйлдэж, компаниас *******т цалин, хөлс олгож байсан талаарх *******-ийн дансны хуулга, цалингийн тооцооны хүснэгт, *******ын хүү *******ын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх тайлбартай холбогдон *******-д ажиллаж буй даатгуулагчдын ниймгийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх-88-97/

4.4. Хэрэгт *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 58.8 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай/, иргэн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, ******* Гөлтгөнө төсөл түрээсийн техникийн өглөгийн тооцоо, *******, ******* нарын байгуулсан 2020 оны 04 сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ, *******ыг ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 58.8 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 12 сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд тус тус авагдсан байна. /хх-31, 34-40, 66-69, 130/

4.5. Гэрч ******* нь ...манай компани *******д зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх, *******ын охин *******т түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байсан. Тухайн үед манай компанид мөнгө байхгүй байснаас гадна шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжлэгдсэн байсан тул *******д өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлж, түүнд төлөх зээлийн төлбөрийг төлснөөс гадна зөрүүгээр нь *******т төлөх түрээсийн төлбөр болох 25,000,000 төгрөгийг төлөөрэй гэж шилжүүлсэн. Тухайн үед ******* нь *******т түрээсийн төлбөр шилжүүлсэн гэж хэлсэн гэж,

гэрч ******* ******* нар нь ...бид *******-д түрээсийн гэрээний дагуу ковш түрээслүүлдэг байсан бөгөөд уг ковшийн түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тус компани өгөхгүй байсан. ... ******* нь ******* руу байр шилжүүлсэн, тэр байрны зөрүүгээр түрээсийн төлбөр төлнө гэж хэлсэн. Ингээд ******* нь уг байрыг өөрийн өмчлөлдөө авсны дараа барьцаанд тавьж бидэнд тус компанийн төлөх түрээсийн төлбөрийг төлсөн. ... гэж тус тус шүүхэд мэдүүлжээ. /хх-139-143/

Нэхэмжлэгч тал эдгээр нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзнэ. Мөн ******* нь ******* ХХК-тай 2022 оны 01 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээл авсан, уг мөнгөн хөрөнгийг ******* руу шилжүүлсэн гэх үйл баримт нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлохгүй юм. /хх-58-65/

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь зээлдүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцжээ.

Иймд нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ..., ... нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөр асуудалд үнэлэлт өгч түүнийгээ шүүхээс гарах шийдвэрийн үндэслэл болгосон... гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00952 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД