Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0167/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                       Э нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д  холбогдох 1839004880224  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт оршин суух хаягтай, урьд 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Э /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э нь 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаргана” жуулчны баазын цонх, гэрэлтүүлэг, Ямаха-200 маркийн мотоциклийг хууль бусаар устгаж, гэмтээн нийт 10.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э нь 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтаргана” жуулчны баазын цонх, гэрэлтүүлэг, Ямаха-200 маркийн мотоциклийг устгаж, гэмтээн нийт 10.640.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд “Алтаргана” жуулчны бааз дээр найз Эрдэнэболд бид 2 байж байхад Э Эрдэнэболдыг ажилд авч явахаар ирсэн. Ирэхдээ 2 шил 0.75 ерөөл архитай ирсэн. Тэгээд бид нар 2 шил архийг нь ууж дуусгаад дахиж үргэлжлүүлж ууяа гээд Э Мийгааг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ эхнэр лүүгээ мөнгө аваад ир гээд явуулсан. Би нэмж 20 мянган төгрөг өгсөн. Ахиад 2 шил 0.75-ын ерөөл архи авч ирж нэгийг нь уусан. Ингээд ууж дуусгаад орой 7-8 цаг болж байсан. Тэгээд бүгд сумын төврүү орж ирсэн. Тэгээд Э эхнэр хүүхдээ аваад бас машинаа аваад дэлгүүр ороод ойр зуурын идэж уух юм аваад бас нэг том пиво авсан. Бас Доржоохоогийн дэлгүүр дээрээс Оюунболдыг аваад бүгд буцаад жуулчны бааз дээр очсон. Тэгээд адууны махаа чанаж идээд тамхигүй болоод  Оюунболд, Эы эхнэр, өөрийнхөө эхнэртэй хамт тамхинд сумын төврүү явсан. Энэ үед цаг 22 цаг өнгөрч байсан. Тэгээд би Э, Эрдэнэболд бид 3 байж байхад Э агсраад гамбанзтай махаа хөмрөөд таваг авч надруу агсарч тавгаа шидсэн. Тэгээд болио хүүхэд чинь байна ш дээ гээд тайвшруулахыг хичээсэн. Тэгээд ууж байсан байшин дотроо баахан ноцолдоод гадаа гарахад тамхинд явсан 3 ирж байсан. Тэгээд гадаа гараад бид 2 зодолдож байхад нөгөө хэд маань ирээд салгасан. Тэгээд салгаад Эрдэнэболд бид 2 урд байдаг өөр эсгий гэрт орж унтсан...Өглөө босоод гараад харахад амарч байсан өрөөг маань юу ч үгүй бусниулаад, Онон Балжийн Байгалийн Цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн болох миний аавын албаны YAMAHA брэндийн амралтын байшингийн гадаа байсан цэнхэр өнгийн мотоциклийг эвдсэн байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...”гэсэн  мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/

            2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Миний хариуцдаг мотоцикль нь 2018 оны 04 дүгээр сарын 19-нд байгууллагатай гэрээ байгуулж албан хэрэгцээндээ унахаар авсан юм аа. Анх орж ирсэн үнэ нь 9.310.265 төгрөгийн бодит үнэтэй мотоцикль юм. Би эхний ээлжинд буруутай этгээдээр төрийн өмчийг хохиролгүй болгуулахыг хүсч байна. Мөн “Алтаргана” жуулчны баазын эвдэрсэн жижиг гэрэлтүүлгүүд, байшингийн цонхнуудын эвдрэлийг төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

3. Гэрч С.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Алтаргана” жуулчны бааз дээр найз Цтайгаа хамт байж байхад найз Э утасдаад хамт модонд яваад ирье гэсэн. Тэгээд байж байтал удалгүй Э Мийгаа гэх залуутай хоёулаа мотоцикльтой ирсэн. Тэгээд 0.75-ын ерөөл нэгийг гаргаж ууж дуусгаад дахиад нэг 0.75-ын ерөөл архи гаргаж уусан. Энэ үед цаг 13-14 цагийн орчим байсан...Тэгээд бид нар 1 шилийг нь уучихаад нэгийг үлдээгээд бид 4 сумын төврүү орж ирсэн. Э гэрийнхээ хашаанаас машинаа аваад бас эхнэр, хүүхдээ аваад дэлгүүр ороод ойр зуурын идэх юм аваад бас нэг том пиво авсан ...Ингээд бид хэд үлдээд чанаж байсан махаа гаргаж идсэн. Тэгээд юу болсныг нарийн ширийн сайн санахгүй байна. Би нилээн согтсон байсан. Тэгээд нэг мэдэхнээ Э Ц бид 3 сууж байсан. Тэр үед би Цын цүнхийг татаад бүчийг нь тасалчихсан юм. Тэгэхэд Ц надад уурлаад намайг нэг алгадсан. Миний үнэтэй цүнхийг тасалчихлаа гээд байсан. Тэгсэн чинь Э хэдэн төгрөгний үнэтэй цүнх вэ гээд жаахан маргалдсан. Тэгээд мах идэж сууж байгаад Э Ц руу юм авч  шидсэн. Тэгээд тэр 2 гадаа гараад дээр доороо ороод хэд цохилцсон. Энэ үед би салгаад бас хажуунаас нь Оюунболд ах салгаж байсан. Тэгээд салгаад Ц бид хоёр тэнд байгаад байвал муудалцах гээд байсан болохоор урд байдаг эсгий гэрт очиж унтахаар яваад тэндээ очоод шууд унтсан. Тэгээд өглөө босоод гараад харахад амралтын 3 байшингийн цонхийг хагалсан, бас жижиг гэрэлтүүлгүүдийг унагааж хагалсан мөн Онон Балжийн Байгалийн Цогцолборт газрын өмч болох Цын аавын албаны YAMAHA маркийн мотоциклийг эвдсэн байсан.Тэгээд Ц бид хоёр цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/

4. Гэрч П.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Оюунболдын хамтаар Дадал сумын төвд машинтайгаа явж байхад Э, Ц, Эрдэнэболд нар согтуу машинтайгаа явж байгаад таарсан, таараад ганц юм аваад өгөөч гээд байхаар нь манай нөхөр Оюунболд нэг шил архи, нэг том пиво авч өгсөн. Тэгээд бөөнөөрөө гэр бүлээрээ сууя гээд дэлгүүрээс мах аваад бөөнөөрөө Э эхнэр хүүхдийн хамт, Ц, Эрдэнэболд, Мийгаа гэх залуу эхнэртэйгээ ингээд нийт 8 том хүн нэг жоохон хүүхэдтэй бөөнөөрөө “Алтаргана” жуулчны бааз дээр очсон. Энэ үед цаг 21 цаг болж байсан байх. Тэгээд махаа чанаж идээд манай нөхөр би Эы эхнэр бид 3 тамхинд яваад тамхины цэг хаасан байсан болохоор тамхи авч чадалгүй буцаад ирсэн. Тэгэхэд Э Ц хоёр байшин дотор зодолдож байсан. Тэгээд би айгаад машиндаа сууж байсан. Харин манай нөхөр тэр зодооныг салгахаар очоод зодооныг салгасан. Тэгээд бид нар буцаад гарах гэтэл Э машины түлхүүр байхгүй байна гээд ганцаараа буцаж орсон. Тэгээд юу цохиод байгаа нь мэдэгдэхгүй юм нүдээд балбаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр Оюунболд араас нь очоод Эыг авч ирсэн. Энэ үед цаг шөнийн 12 өнгөрчихсөн байсан байх. Тэгээд би өөрийнхөө машиныг аваад, манай нөхөр Эы машиныг аваад Мийгаа гэх залуугийнд авч ирж Эыг эхнэр хүүхэд машинтай нь хамт үлдээсэн. Тэгээд бид 2 гэртээ харьж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

5. Гэрч О.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Доржоохойгийн дэлгүүрийн үүдэнд Э, Ц, Шомбоолоо буюу Эрдэнэболд, Мийгаа 4-тэй таарсан. Тэд нар архи уусан байсан. Тэгээд Этай таараад юу болоод уугаа вэ гэсэн чинь өнөөдөр найз ирээд уучихлаа гэсэн. Тэгээд бөөнөөрөө Сайхнаагийн буюу Цын амралтын баазруу гэр бүлээрээ хэдүүлээ явъя  гэсэн. Тэгээд дэлгүүрээс нэг шил 0.75-ын Арвай архи, нэг нийслэл том пиво авсан. Тэгээд ойр зуурын ус ундаа аваад Алтаргана жуулчны баазруу явсан. Тэгээд амралтан дээр би манай эхнэр, Э эхнэр хүүхдийн хамт, Ц, Мийгаа эхнэртэйгээ, Эрдэнэболд гээд нийт 8 том хүн 1 хүүхэд байсан. Тэгээд байж байтал удалгүй Мягмар гээд залуу эхнэртэйгээ маргалдаад хамт яваад өгсөн. Ерөөсөө ууж идээгүй. Тэгээд байрлаж байсан байшин дотроо гал түлээд махаа чанаад “нийслэл” том пивоо задлаад тэрийгээ ууж юм ярьж сууж байгаад махаа идчихээд Сайхнаа гаднаас  Арвай архи, нийслэл пиво 2 оруулж ирээд байж байтал тамхигүй болчихож гээд тамхинд явахаар болсон...Тамхинд би манай эхнэр, Эы эхнэр Даваанаа бид 3 явсан юм. Тамхинд явахад шөнийн 12 цаг болж байсан болохоор тамхины цэгүүд хаалттай байхаар нь буцаад очсон. Буцаад очиход байшин дотор дуу чимээ гараад зодолдож байсан. Ороход Ц Э хоёр зодолдож байсан. Тэгээд би салгасан. Гайгүй салаад байж байтал Ц нэг юм аваад Э руу шидчихсэн...Тэгээд бид нар жаахан хүүхдээ аваад Эыг машиндаа суулгасан. Би машиндаа бүгдийг нь суулгаад хашаанаас гарсан чинь ...Э машинаа аваад явъя гэхээр нь за тэг гээд буулгасан...Тэгтэл машинруугаа очоод түлхүүр байхгүй байна гээд буцаад бааз руу орсон. Тэгээд байж байтал гэнэт шил цонх хагарч байгаа чимээ гараад байхаар нь би очсон. Тэгтэл Э сүх барьчихсан амралтын байшингийн цонх хагалж байсан. Тэр үед хажууд нь Ц, Эрдэнэболд хоёр байгаагүй. Би очоод тэвэрч болиулаад буцаад машин дээр нь авч ирсэн. Тэгсэн чинь машинаа заавал авч явна гээд түлхүүрээ авч ирнэ гээд буцаад баазруу гүйгээд орсон. Тэр үед нь би араас нь очоогүй. Харин юу цохиод байгаа нь мэдэгдэхгүй дуу чимээ гараад байсан. Тэгтэл Эы эхнэр хүүхэд уйлаад байнаа чи очоод Буганаад явъя гээд хэлээд өгөөч гэхээр нь араас нь очоод хартал жижиг гэрэлтүүлгүүдийг сүхээр цохиод хагалж байсан. Тэгээд л би Буганааг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/

6. Гэрч Г.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 11 цагийн үед манай нөхөр Э мод  бэлтгэнэ гээд гэрээсээ мотоцикльтой гарсан. Тэгээд оройхон согтуу гэртээ ирсэн. Тэгэхдээ Ц, Эрдэнэболд, Мягмар нар хамт ирсэн. Тэгээд амралт руу найз нөхдөөрөө хамт явъя гэхээр нь би хүүхэдтэйгээ хамт явсан юм. Тэгээд тэд нар сумын төвөөс архи, пиво мах авч байсан. Тэгээд бид нар оройхон Алтаргана жуулчны бааз дээр очицгоосон. Алтаргана явах замд Ц, Эрдэнэболд нар цүнх яриад муудалцаад яваад байсан. Очоод гал түлээд, мах чанаж идээд архи, пивоо ууцгаагаад юм яриад сууж байгаад манай нөхөр тамхи татъя гэхээр нь би Оюунболдыг эхнэртэй нь хамт тамхинд яваад ирье гээд бид гурав сумын төв явсан. Тэгээд сумын төвийн  дэлгүүрүүд хаалттай байсан болохоор тамхи авч чадалгүй буцаад амралтан дээр очтол манай нөхөр Цтай муудалцаад барьцалдаад байж байсан. Тэгээд тэр байшин дотор хамаг юм нь нурчихсан, ширээн дээр байсан зүйлүүд газраар уначихсан байсан. Тэгээд би салгаад өг гээд Оюунболдыг гуйгаад салгуулсан. Тэгээд Ц Эрдэнэболд хоёр алга болчихсон байсан. Би нөхрөө аваад Оюунболдын машинтай амралтаас гараад явах гэтэл амралтын хаалганы хажууд манай машин үлдсэн байсан. Тэгээд машиныхаа дэргэд манай нөхөр машинаа авъя гэж буусан Тэгээд нэг харсан чинь манай нөхөр Э сүх барьчихсан ууртай явж байсан. Тэгээд сүхээ бариад Алтаргана жуулчны баазруу орсон. Би Оюунболдыг манай нөхрийг аваад ирээч гээд араас нь явуулсан. Тэгээд удалгүй Оюунболд ганцаараа ирсэн. Яасан юу болов гээд асуутал нөгөө Э чинь сүхээр мотоциклийг нь юу ч үгүй цохьчихлоо, бас цонх гэрэлтүүлэг хагалчихлаа гэж ирсэн. Тэгээд араас нь манай нөхөр Э хүрээд ирсэн. Бид нарыг манай машинтай Оюунболд Мягмарынд хүргэж өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотруу нөхөр хүүхэд бид гурав явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/

7. Хэнтий аймгийн Дадал сумын үнэлгээний комиссийн хурлын тэмдэглэл /хх-ийн 59, 69 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Э-г бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн 10.640.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Энэ гэмт хэргийн улмаас Онон Балжийн Байгалийн Цогцолборт газарт 10.640.000  төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-г бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай

 ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-с 10.640.000 төгрөгийг гаргуулж Онон Балжийн Байгалийн Цогцолборт газрын захиргаанд олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ