| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2024/05173/И |
| Дугаар | 210/МА2025/00633 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00633
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01198 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон алдангид 298,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр CSA-23-007 тоот Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 24/03 тоот Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* *******нд баригдах их багтаамжийн авто зогсоолын барилгын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 515,000,000 төгрөгийг нэмэлт гэрээний 4-т заасан хуваарийн дагуу олгохоор харилцан тохиролцсон.
1.2. Дээрх гэрээний дагуу ******* нь ******* тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын геодезийн дүгнэлт, геодезийн зураг, барилгын ажлын иж бүрэн ажлын зураг, төсөв, барилгын иж бүрэн гадна ажлын зураг, төсөв, мөн *******ны тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын геодезийн дүгнэлт, геодезийн зураг, барилгын ажлын иж бүрэн ажлын зураг, төсөв, гадна цахилгааны ажлын зураг, гадна холбооны ажлын зураг, сэргээлтийн зураг төсвийн ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн. Харин *******ны гадна шугам сүлжээний ажлын зураг болон ажлын зурагт магадлалын дүгнэлт хийлгэх ажлууд захиалагч талаас хамааралтайгаар бүрэн дуусаагүй боловч өгсөн бичиг баримтын хүрээнд ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.
1.3. Иймд хариуцагчаас гэрээт ажлын 3 дахь төлбөр 82,000,000 төгрөг, 4 дэх төлбөр 24,300,000 төгрөг, 5 дахь төлбөр 18,900,000 төгрөг, 6 дахь төлбөр 18,900,000 төгрөг, 7 дахь төлбөр 51,300,000 төгрөг, *******ны гадна шугам сүлжээний ажлын зураг болон ажлын зурагт магадлалын дүгнэлт гарснаар олгох ажлын хөлс 75,600,000 төгрөг нийт 271,000,000 төгрөг, алданги 27,100,000 төгрөг нийт 298,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани *******тай 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажлын инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* *******нд ажил гүйцэтгэхээр болсон. Уг гэрээний хүрээнд *******-тай 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр CSA-23-007 дугаартай Зураг төсөл боловсруулах аж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний урьдчилгаа 162,000,000 төгрөг, 82,000,000 төгрөг нийт 244,000,000 төгрөгийг төлсөн.
2.2. *******тай байгуулсан гэрээний дагуу хоёр байршлын газрыг чөлөөлж, талбайг бэлэн болгох ёстой боловч уг асуудал шийдвэрлэгдээгүй газрын маргаантай байна. Бид гэрээний дагуу ******* нутаг дэвсгэрт барьж байгуулах зогсоолын байгууламж болон дэд бүтцийн зургийн ажлыг хийж магадлалаар батлуулан актаар хүлээлгэн өгч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажил эхлэх зөвшөөрөл хүссэн боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй.
Мөн ******* *******ны нутаг дэвсгэрт барьж байгуулах зогсоолын байршил нь ус дулаан дамжуулах 65 дугаар төвөөс хангагддаг бөгөөд *******, *******, , -ийн дундын өмчлөлийн халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус ариутгах татуургын шугам сүлжээ таарсан тул одоог хүртэл цэвэр бохирын усны техникийн нөхцөл олгогдоогүй хүлээгдэж байна.
Дээрх байдлаас шалтгаалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас манай компани гүйцэтгэлийн төлбөр хүлээж аваагүй, мөн дээрх гэрээт ажил хийгдэх эсэх нь тодорхойгүй өдийг хүрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 194,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,653,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 1,128,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ёстой байтал магадлал хийгдээгүй, зөвхөн хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдгээр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлээс гэрээгээр тохиролцсон 3 дахь үе шатын төлбөр болох 82,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.2. ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр *******тай НХААГ/202302111 дугаартай Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* нь барилгын ажлыг гүйцэтгэж 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтанд оруулах, ******* нь 7,199,989,176 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. ******* *******ны нутаг дэвсгэрт барьж байгуулах, зогсоолын байршилд байх сургууль, аж ахуйн нэгжүүдийн дундын өмчлөлийн халаалт, хэрэглээний халуун ус, ариутгах татуургын сүлжээ бүхий газар таарсан, төлөвлөлт буруу хийгдсэн асуудлаас болж цэвэр бохир усны техникийн нөхцөл олгогдоогүй байна. Энэ нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гүйцэтгэлийн санхүүжилт олголгүй гэрээний 2.1 дэх хэсгийг зөрчсөнөөс ******* нь *******-тай байгуулсан зураг төсөл боловсруулах ажлын гэрээгээр хүлээсэн үүрэг болох 244,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс өгсөн ба шүүхээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татах ёстой байсан гэж үзэж байна.
Энэ нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч авах эрхээр хангахыг хүссэн боловч шүүх хүлээж аваагүй нь нэхэмжлэгчид илт давуу байдал бий болгосон, зохигчийн тэгш эрх эдлэх зарчмыг зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх 2 удаагийн шүүх хуралдаанд хариуцагчаас өмгөөлөгч авах эсэхийг асуусан, өмгөөлөгч авах эсэх нь хариуцагчийн өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд шүүхээс удаа дараа боломж олгосон учраас тэгш эрхтэй оролцох зарчим зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй.
5.2. Хамтран хариуцагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг татах байсан гэх боловч ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан гэрээнд ******* гэрээний оролцогч биш учраас хариуцагчаар татах шаардлагагүй.
5.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо тодорхой үе шаттайгаар ажлыг хүлээлгэж өгөөд, үе шат бүрд санхүүжилт олгохоор тохиролцсоны дагуу хийсэн ажлынхаа хөлсийг шаардсан, анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 271,000,000 төгрөг, алданги 27,100,000 төгрөг нийт 298,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* нь *******-тай 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, тухайн гэрээгээр ******* нь ******* *******ны нутаг дэвсгэрт баригдах тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын ажлын зураг, геодози, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 540,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-16 дугаар тал/
3.2. Улмаар, талууд 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 24/03 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр ажлын хөлсийг 515,000,000 төгрөгөөр тогтоож, ажлын хөлсийг гэрээ байгуулагдсанаар 162,000,000 төгрөг, ******* барилгын ажлын зураг дууссанаар 82,000,000 төгрөг, ******* барилгын ажлын зураг дууссанаар 82,000,000 төгрөг, ******* гадна шугам сүлжээний ажлын зураг дууссанаар 24,300,000 төгрөг, ******* гадна шугам сүлжээний ажлын зураг дууссанаар 24,300,000 төгрөг, ******* барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар 51,300,000 төгрөг, ******* барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар 51,300,000 төгрөг, ******* авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар 18,900,000 төгрөг, *******ны авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар 18,900,000 төгрөгийг олгохоор тохиролцсон өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 17 дугаар тал/
3.3. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* *******нд баригдах авто зогсоолын барилга болон автозамын зураг төсөлтэй холбогдох ажлыг гүйцэтгэж, магадлалаар баталгаажуулж, хүлээлгэн өгсөн, мөн *******ны авто зогсоолын барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, уг зураг төсөлд магадлалын дүгнэлт хийгдээгүй, хариуцагчаас ажлын хөлс 244,000,000 төгрөг төлсөн талуудын маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон. Талууд үлдсэн ажлын хөлсийг төлөх эсэх асуудлаар маргасан.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Харин тооцооллын алдаа гаргаж шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон үнийн дүнг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлт оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь ******* *******нд баригдах их багтаамжийн авто зогсоолын барилгатай холбогдох зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж шүүх дүгнэж, уг ажлын хөлсийг 338,500,000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагч байгууллагын төлсөн 244,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн ажлын хөлс 94,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй.
Талуудын байгуулсан нэмэлт гэрээний 4-т ...******* барилгын ажлын зураг дууссанаар төлбөрийн 16 хувь буюу 82,000,000 төгрөг, ...******* ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар 10 хувь буюу 51,300,000 төгрөг, ... гэх мэтчилэн гэрээнд заасан ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэх, ажлын хөлсийг үе шат тус бүрээр тогтоосон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт нийцжээ.
Ийнхүү тохирсон ёсоор нэхэмжлэгч байгууллага ******* *******нд баригдах авто зогсоолын барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, энэ талаар зохигч маргаагүй байх тул шүүх гэрээгээр тогтоосон хөлс төлөх журмаар дээрх гүйцэтгэсэн ажлын хөлс болох 82,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байхаас гадна талуудын зарчимд нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Мөн анхан шатны шүүх ******* *******ны гадна шугам сүлжээний зураг төслийн ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн хорооны авто зогсоолын барилга болон автозамын ажлын зураг төсөл магадлалаар хянагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлээс 94,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.
4.2. Талуудын алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, алдангийг гэрээний үнийн дүнгээс тооцохгүй тул энэ талаарх талуудын тохиролцоог шүүх гэрээг тайлбарлах замаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар алдангийг тооцож, 17,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, уг нэхэмжлэлийг хариуцах этгээдийг буюу хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч оролцуулах эсэхийг нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ. Иймд ******* нь *******тай 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэлийн санхүүжилт авч чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
5.2. 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч байгууллагыг төлөөлж *******-ийн гүйцэтгэх захирал ******* өөрөө оролцсон байх ба өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаагүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/18153 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан, энэ хугацаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжтой, уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд өмгөөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хангаагүй, энэ нь нэхэмжлэгчид илт давуу байдал бий болгосон, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх гомдол хангагдахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...57,950,000 гэснийг 103,950,000 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА