| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0174/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | д |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0174/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Д.Энхжаргал,
Хохирогч Р,
Иргэний нэхэмжлэгч М,
Иргэний хариуцагч: Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-т холбогдох 1939002510199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны орой “toyata prius-10” маркийн 32-23 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а –д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Н-ын эсрэг урсгалд жолоодож явсан “Mitsubishi chariot” маркийн 25-18 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ц.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 05 дугаар сарын 02-ны орой “toyata prius-10” маркийн 32-23 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 18.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж иргэн Нын жолоодож явсан “Mitsubishi chariot” маркийн 25-18 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ц.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 10-17 тал/
2. Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл. /хх-ийн 19 тал/
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 20-27 тал/
4. Хохирогч Ц.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би Улаанбаатар хотод 3 хоногийн сургалтад суугаад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед сумынхаа танил залуу болох Ш гэдэг залуугийн машинд сууж Түвшинширээ сум руу хөдөлсөн. Тэр машинд надаас гадна манай сумын 3 хүн сууж явсан. Би машины урд талын суудалд суусан. Замдаа машины дугуй хагарч саатаад явсаар байгаад орой 21 цагийн үед Хэнтий аймгийн төв рүү орсон. Тэгээд “Хэрлэн зоог” дээр хоол идчихээд 22 цагийн үед хөдөлсөн. Тэгээд дөнгөж Хэрлэнгийн гүүрээр гараад явж байхад утсаараа нөхрийнхөө утас руу залгаад байж байтал ард талын суудалд сууж явсан хүмүүс өөдөөс чинь ямар хурдтай машин бэ, ямар аймар юм бэ гэж хэлтэл гэрэл гялбаад л түс тас гээд явчихсан. Би тэр өөдөөс ирсэн машиныг харж амжаагүй, маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд нэг сэртэл миний сууж явсан машин замын зүүн тал руу гарчихсан, миний сууж явсан тал нь чихэгдээд миний 2 хөл хавчуулагдсан байсан. Нөгөө машиныг хаана байсныг анзаарах сөхөө байгаагүй. Миний сууж явсан машиныг хотоос гарахдаа л Н гэдэг ах жолоодсон. Архи дарс уусан хүн машин дотор байгаагүй, хотоос гарахдаа цагт 80 км хэтрэхгүй их зөөлөн явсан болохоор айхтар хурдтай яваагүй байх гэж бодож байна. Манай машинтай мөргөлдсөн машиныг хэн гэдэг хүн жолоодож явсныг мэдэхгүй байна. Нөгөө машины жолооч нь гээд цэнхэр дээлтэй бор залуу харагдаж байсан. Ослын дараа мөн манай машинд сууж явсан хүмүүс нөгөө цэнхэр дээлтэй залуу болон машинд нь сууж явсан бас нэг залууг согтуу байсан гэцгээж байсан. Миний сууж явсан машин бол өөрийнхөө эгнээнд явж байсан. Нөгөө машин л урсгал сөрж орж ирж миний сууж явсан машиныг мөргөсөн байх. Ослын улмаас миний биед зүүн хөл дунд чөмгөөрөө хугарсан, зүүн талын өсгий хэсгээрээ хугарсан, мөн баруун хөлийн тавхай няцарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33 тал/
Мөн хохирогч Ц.Р-ийн шүүх хуралдаанд өгсөн: ”... Хохирол төлбөрийн хувьд миний хувьд цалин болон эмчилгээний зардал 13 960 000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явахад 1 000 000 төгрөг зарцуулсан. Мөн 06 дугаар сарын 10-аар Б 8 000 000 төгрөг, Ц 6 000 000 төгрөг нийт 14 000 000 төгрөг надад өгсөн. Одоо сүүлийн эмчилгээний зардал болох 2 600 000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг.
5. Иргэний нэхэмжлэгч М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн :”...Манай эхнэр Ц.Р 2019 оны 05 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймагт явж байгаад зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Энэ хугацаанд эхнэр Ц.Р Улаанбаатар хот гэмтэл согог судлалын үндэсний төвийн яс үений 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Ерөнхий Боловсролын Сургуульд биеийн тамирын багш ажилтай. Би эхнэрээ эмнэлэгт 1 сарын хугацаанд асарч ажлаасаа 1 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан. Би сарын 1034590 төгрөгийн цалинтай иймээс буруутай этгээдээс өөрийн 1 сарын хөдөлмөрийн хөлс болох 1034590 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 тал/
Мөн иргэний нэхэмжлэгч М-ын шүүх хуралдаанд өгсөн: ”... Шүүгдэгчээс 1 сарын цалин нэхэмжилсэн, тэгээд эхнэрийн дансанд мөнгө орж ирсэн...” гэсэн мэдүүлэг
6. Иргэний нэхэмжлэгч Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би буруутай этгээдээс 4 сая төгрөг нэхэмжилж байна. Би тээврийн хэрэгслээ буцааж авахгүй буруутай этгээд нь миний хохирлыг төлж барагдуулсан үед тэр буруутай этгээдэд уг тээврийн хэрэгслээ өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 тал/
7. Иргэний хариуцагч Ц-ын шүүх хуралдаанд өгсөн:”... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Б-ийнд ирсэн. Тэгээд бид хоёр Хэнтий аймаг руу бензинд явж байгаад өөдөөс ирсэн машиныг мөргөж осол гаргасан. Хохирол төлбөрийн тухайд 2 000 000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн миний зүгээс хохирогчид 6 000 000 төгрөг өгсөн. Дээр нь одоо нэхэмжилж байгаа 2 600 000 төгрөгийн 1 300 000 төгрөгийг би төлнө гэж шүүгдэгч, хохирогчтой тохиролцож гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг.
8. Гэрч Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Улаанбаатар хот очсон. Би найз С.Батбаяртай утсаар яриад тээврийн хэрэгсэл худалдаж авахаар болсон юм. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найз С.Батбаяртай уулзаж худалдаж авах тээврийн хэрэгслээ хараад худалдаж авсан. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Түвшинширээ явахаар болсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Н ахыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Улаанбаатар хотод ирээд буцах унаа хайж байна гэж би сонссон. Тэгээд Н ах руу утсаар яриад бид 2 2019 оны 05 дугаар сарын 02-ны өглөө Нарантуул зах орсон. Нарантуул зах дээр манай нутгийн Алтанцог, Чулуунбор хоёртой тааралдаад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум явах талаараа хэлэхэд манай сумын тамгын дарга Р Улаанбаатар хотод сургалтад хамрагдаад буцах унаа хайж байгаа гэсэн. Би утсаар ярьж холбогдсон. Тэгээд бид 2019 оны 05 дугаар сарын 02-ны 14 цаг өнгөрч байхад Нарантуул захаас хөдөлсөн юм. Тэгээд Хэнтий аймагт 20 цаг өнгөрч байхад ирээд хоолонд ороод , дугуй засвар орж дугуйгаа засварлуулсан. 22 цагийн орчимд Хэнтий аймгаас гараад 2-3 км орчим зайд засмал зам дээр явж байхад урдаас их хурдтай машин явж байсан, Тэр машин эхлээд өөрийнхөө эгнээгээр явж байсан. Тэгснээ гэнэт чиглэлээ өөрчилж бидний урдаас ирж мөргөхөд бидний сууж явсан тээврийн хэрэгсэл замаас унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 тал/
9. Гэрч Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би Улаанбаатар хотоос 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Ш гэх хүний 25-18 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын чиглэлд гарсан. Надтай хамт Р, Ш, Чулуунбаатар, Алтанцог нар хамт явсан. Хэнтий аймагт ирээд Хэрлэн зоог гэх газар зогсож хоолонд ороод дугуй засвар орж дугуй засварлуулсан. 22 цаг өнгөрч байхад Хэнтий аймгаас урагш гарч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын чиглэлд явсан. Хэнтий аймгаас гараад хол яваагүй 2-3 км газар явж байхад өөдөөс тээврийн хэрэгсэл явж байснаа гэнэт урсгал сөрж орж ирээд, миний жолоодож явсан машины урд талаас мөргөсөн.Тэгээд би тээврийн хэрэгсэлтэй замаас гарч унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/
10. Гэрч У.Алтанцогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”...Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу 25-18 УНБ улсын дугаартай Шийн автомашинтай гарсан. Хэнтий аймагт 21 цаг өнгөрч байхад ирээд хоолонд орсон. Тэгээд дугуйгаа засуулаад, Хэнтий аймгаас урагш 22 цаг өнгөрч байхад замд гарсан. Би жолоочийн арын суудалд суугаад гадуур хувцасаа толгой дээгүүрээ тавиад унтах гээд зүүрмэглэж явахад хүмүүс хашгиралдаад явчихсан. Тэгээд нэг мэдэхэд замаас тээврийн хэрэгсэл гараад уначихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас /
11. Гэрч Б.Чулуунборын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу 25-18 УНБ улсын дугаартай Шийн автомашинтай гарсан. Хэнтий аймагт 21 цаг өнгөрч байхад ирээд хоолонд ороод машиныхаа дугуйг засуулсан. Хэнтий аймгаас урагш 22 цаг өнгөрч байхад замд гарсан. Би арын суудалд зүүн гар талд нь сууж явсан. Тухайн үед би унтах гээд зүүрмэглэж явахад гэнэт дуу чимээ гараад доргисон. Нэг мэдэхэд замаас тээврийн хэрэгсэл гараад уначихсан байсан. Бид мөргөлдсөн бололтой эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/
12. Гэрч Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш найз Бийн гэрт өөрийн эзэмшлийн приус 10 маркийн 32-23 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Б Эрдэнэсүхийн гэрт байсан. Би Бтой уулзахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надтай хамт Занаа гэх залуу хамт явсан. Тэгээд би Занаа Б хоёрыг тээврийн хэрэгсэлдээ суулгаад би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод Жаргалантын дэлгүүр орсон. Дэлгүүрээс хараа нэртэй 500 граммтай 2 шил архи худалдаж авсан. Тэгээд бид 3 Занаагийн гэрт очсон. Занаагийн гэрт 2 шил архиа хувааж уугаад Б бид хоёр ярилцаж байгаад Хэнтий аймаг явахаар болсон, Занаа гэртээ үлдсэн. Б миний тээврийн хэрэгслийг жолоодоод би хажууд нь суугаад бид 2 явсан. Замд Хэнтий аймгийн урд талд гүүрнээс урагш зайд явж байхад өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан. Би ямар тээврийн хэрэгсэл явж байсныг мэдэхгүй гэрэл тусаж байсан. Гэнэт л тас няс хийх чимээ гараад явчихсан. Б тээврийн хэрэгслээс буусан. Миний сууж явсан талын хаалга онгойхгүй байсан тул би жолоочийн талын хаалгаар буусан. Миний тээврийн хэрэгсэл зам дээр байсан. Нөгөө машин замын хажуу тал руу унасан байсан. Би Бтой уулзахдаа согтуу байсан. Б эрүүл байсан. Б Занаа бид гурав 2 шил архи хувааж уусан байсан. Б намайг бодвол бага зэргийн согтолттой байсан болохоор би жолоогоо Бт шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/
13. Иргэний хариуцагч Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би Бтой хувааж нэхэмжлэлийг барагдуулна. Би Рт эмчилгээний зардалд 6 сая төгрөг өгнө. Би Боос 2 сая төгрөгөө нэхэмжлэхээ больж Боос авах 2 сая төгрөгөө бусад иргэний нэхэмжлэгчид Боор өгүүлнэ. Хохирогч үүнээс хойш дахиж нэхэмжлэл гаргавал бид хоёр хувааж хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 тал/
14. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 5936 дугаартай: ”...Ц.Р-ийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун талын тавхайн 1,2,3,4,5-р хурууны шивнүүр болон дөрвөлжин ясны бяцарсан хугарал, баруун талын тахилзуур ясны далд хугарал, зүүн талын өсгий болон завь ясны бяцарсан хугарал, баруун тавхайн дотор хэсгийн эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
-...Дээрх гэмтэл нь... эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 129-130 тал/
15. Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны 11 дугаартай шинжээчийн: ”32-23 СҮА улсын дугаартай тоёота приус 10 маркийн автомашины жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар автомашин жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а , 18.3 дахь заалтуудыг зөрчиж Ц.Рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь цалин болон эмчилгээний зардал 13 960 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М нь цалин 1034590 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш нь 4.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Цт 2 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б хохирогч Ц.Р-т 8 000 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш-т 4 000 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц-т 2 000 000 төгрөг төлсөн, иргэний хариуцагч Ц нь хохирогч Ц.Рт 6 000 000 төгрөг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч Ц.Р сүүлийн эмчилгээний зардалд 2 600 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б 1 300 000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц 1 300 000 төгрөгийг төлөхөөр сайн дураараа тохиролцож гэрээ байгуулсан нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хохирлоо бүрэн төлөх, тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг тус тус хориглосугай.
3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Бийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-оос 1.300.000 төгрөг, иргэний хариуцагч Ц-аас 1.300.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Р-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь хохирогч Ц.Р-т 8.000.000 /найман сая/, иргэний нэхэмлэгч Ш-т 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц-т 2 000 000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Р-т 1 300 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ