| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0128/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0128/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Хохирогч Ба,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох 1939003650218 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Малчны хороолол Цогт-Өндөрийн 6-4 тоотод оршин суух хаягтай, Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 15 минутын үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадаа иргэн Ба-гийн нүүрэн тус газар нь ундааны саваар чулуудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадаа иргэн Багийн нүүрэн тус газар нь ундааны саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ба-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, А27-53 тоотод ээж, дүүгийн хамтаар оршин суудаг юм. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед өөрийн найз болох Оюунтуяа болон түүний бага насны 2 хүүхдийн хамтаар Хэрлэн гол руу явсан. Тэгээд Хэрлэн гол дээр очоод Оюунтуяа 1 ширхэг, харин би 2 ширхэг нийслэл нэртэй 0.5 л лаазтай пиво уусан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг нилээн өнгөрөөгөөд Оюунтуяа бид 2 хүүхдүүдийг нь нэг нэгээр нь өргөөд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд орж ирээд такси барьсан. Тэгээд гэрлүүгээ явж байхад таксины жолооч “Хишиг” баарны гадаа нэг хүнтэй уулзчихъя гээд зогсоол дээр нь зогссон. Тэгээд бид хэдийг машинд нь сууж байхад миний талаар машины хаалгыг онгойлгоод нэг согтуу залуу машинд орж ирээд суухаар нь би “хөөе чи машин андуураад суучихлаа” гэж хэлээд би тэр залууг түлхэж буулгасан. Тэгсэн тэр залуу машинаас буугаад намайг муу янхан гэж хэл амаар доромжлоод гартаа байсан ундааны савыг машины цонхоор надруу чулуудаад зугтаагаад яваад өгсөн. Тэр шидсэн ундааны сав нь миний хамрыг онож гэмтээгээд хамраас маань цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 тал/
2. Гэрч О.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед манай найз Байгалмаа манай гэрт ирээд би өөрийн бага насны 2 хүүхдээ аваад бид 4 Хэрлэн гол руу явсан. Тэгээд Хэрлэн гол дээр очоод би 1 ширхэг, харин Байгалмаа 2 ширхэг нийслэл нэртэй 0.5 л лаазтай пиво уусан. Тэгээд 22 цаг нилээн өнгөрөөгөөд бид 2 хоёр хүүхдээ аваад Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд орж ирээд такси барьсан. Тэгээд гэрлүүгээ явж байхад таксины жолооч “Хишиг” баарны гадаа нэг хүнтэй уулзчихая гээд зогсоол дээр нь зогссон. Тэгээд бид хэдийг машинд сууж байхад Байгалмаагийн талаар машины хаалгыг онгойлгоод нэг согтуу залуу машинд орж ирээд суухаар нь Байгалмаа “хөөе чи машин андуураад суучихлаа” гэж хэлээд тэр залууг түлхэж буулгасан. Тэгсэн тэр залуу машинаас буугаад Байгалмааг янхан ...гэж хэл амаар доромжлоод гартаа барьж байсан ундааны савыг машины цонхоор Байгалмаа руу чулуудаад зугтаагаад яваад өгсөн. Тэр шидсэн ундааны сав нь Байгалмаагийн хамрыг онож гэмтээгээд хамраас нь их хэмжээний цус гараад тогтохгүй байсан... “ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 тал/
3. Гэрчээр Н.Сугарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед шиг санаж байна би өөрийн найз Бтай Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” нэртэй баарны гадаа таарсан. Тэгээд Б бид 2 баарлуу ороод пиво ууж байгаад баар хаахаар нь гарсан. Тэгээд Б намайг такси барьчих гэж хэлээд бид 2 баарны баруун талын зогсоол дээр очиход нэг машин байсан чинь Б шууд уг машины жолоочийн арын хаалгыг онгойлгоод суусан. Тэгсэн машины арын суудал дээр байсан хоёр эмэгтэй Баттулгыг хөөгөөд машинаас буулгасан чинь Б газраас шиг санаж байна дотроо тал ундаатай ундааны савыг аваад машины цонхоор нэг эмэгтэй рүү чулуудсан. Удалгүй тэр эмэгтэйн хамраас цус гарахаар нь би Баттулгыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 тал/
4. Гэрч А.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед өөрийн 83-90 ХЭҮ улсын дугаартай “тоёота корола” маркийн автомашинтай таксинд явж байгаад Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн суурингаас хоёр эмэгтэй, хоёр хүүхэдтэй гар өргөхөөр нь авсан. Тэгээд тэр 2 эмэгтэй Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх рүү явна гэж байсан. Тэгээд би замдаа “Хишиг” баарны гадаа хүнтэй хальт уулзах гээд зогсоол дээр нь зогсоод нөгөө хүнээ хүлээгээд байж байхад нөгөө хүн маань баарнаас гарч ирэхгүй болохоор нь хөдлөх санаатай байж байхад нэг үл таних согтуу залуу жолоочийн хойд хаалгыг онгойлгоод суусан. Тэгсэн ард сууж байсан хоёр эмэгтэйгийн нэг нь машин андуурсан байна гээд тэр залууг буулгахад нөгөө залуу агсам согтуу тавиад тэр эмэгтэйг янхан пизда гэж хэл амаар доромжилж байгаад гартаа барьж байсан ундаатай савыг машины цонхоор миний ард сууж байсан эмэгтэй рүү шидчихээд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд тэр эмэгтэйн хамарнаас их хэмжээний цус гараад цагдаа дуудсан ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 тал/
5. Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019.277 дугаартай дүгнэлтэд:
“-Ба-гийн биед тархи доргилт, хамарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Уг гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 тал / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ч.Баттулгын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Багийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ба нь эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардалд нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт хохирлын талаар нэг ч нотлох баримт хавсаргагдаагүй, хохирогч Ба нь энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Гого” гэсэн бичиг бүхий шошготой ундааны савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. . Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирол зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ