| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02199/И |
| Дугаар | 210/МА2025/00670 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00670
******* *******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* *******-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 4848 дугаартай захирамжаар ******* *******-иас 404,499,906 төгрөгийг гаргуулан ******* *******-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай компанийн барьцаалагдсан хөрөнгөд бидний өгсөн үнийн саналыг ******* ******* хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээчнээр ******* ******* нь ажилласан бөгөөд тус компани ******* дүүргийн *******ны нутагт дэвсгэрт байрлах 566,6 м.кв талбай бүхий ******* тоот хашаа, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур 58,700,000 төгрөгөөр үнэлсэн.
Би, энэ газрыг // үнэлгээний компаниар үнэлүүлэхэд үнэлгээг 368,700,000 төгрөг гэж тогтоосон.
Миний бие Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас үнэлгээний *******-тай адил эрхтэй *******-иар үнэлгээ хийлгэхээр томилсон. *******-ийн үнэлгээгээр 2019 оны байдлаар 230,000,000 төгрөгийн өртөгтэй байна гэж *******-ийн үнэлгээнээс 4 дахин өндөр үнэлэгдсэн.
Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 535 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Иймд, ******* дүүрэг, ******* ******* тоот хашааны газрыг үнэлсэн ******* *******-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Төлбөр төлөгч ******* *******-ийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй ******* дүүрэг, *******, ******* , хаягт байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор ******* *******-ийг томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтооход 58,700,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч ******* ******* болон өмчлөгч *******д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 55.3-т заасны дагуу түүний оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягт баталгаат шуудангаар мэдэгдсэн.
Төлбөр төлөгч ******* *******-ийн барьцаа хөрөнгө болох 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь буюу 41,090,000 төгрөгөөр оруулахад 43,090,000 төгрөгөөр худалдан борлогдож бусад барьцаа хөрөнгийг тус газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний санал болгох хурлаар төлбөр авагч ******* ******* дахь банкны эрх хүлээн авагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр санал болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05611 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* *******-ийн захирал ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргаагүй, мөн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05611 дугаар захирамжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн тайлбар татгалзлын агуулга:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан нээлттэй дуудлага худалдаанд оролцож, маргааны зүйл болох өмчлөх эрхтэй газрыг шударгаар олж авсан.
******* *******-ийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг нэхэмжлэгч ирээгүй гэж буцаасан, уг захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргаагүй. Дуудлага худалдаа болоод 2 жил өнгөрсөн, гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан гэжээ.
3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:
******* *******-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн нь хууль бус.
Тухайн газар дээр барьсан хашаа, байшин, худгийг үнэлээгүй нь үнэлгээнд нөлөөлсөн. Үнэлж буй хөрөнгөтэй ямар газрыг харьцуулж байгаа талаараа жишиж буй газрын зарын вэб холбоос /линк/-ыг тайландаа байршуулаагүй нь тухайн газар байдаг эсэх нь тодорхойгүйгээс үнэлгээний тайлан бодитой бус болсон гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *******, ******* , хаягт байршилтай 566,60 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 58,700,000 төгрөгөөр үнэлсэн ******* *******-ийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Тухайн үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5611 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасны дагуу буцааж шийдвэрлэж, иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.
Нэхэмжлэгч ******* *******-аас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн, хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүхээс хуулийн энэ хугацааг анхаараагүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00299 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын гаргасан тайлбарын агуулга:
Нэгдүгээрт, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр буцаасан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгоогүй.
Хоёрдугаарт, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш буюу буцаасан шийдвэр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 хоорондоо салшгүй холбоотой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж болно. 7 хоногийн дотор буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Үүнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээг танилцуулах ёстой байсан бөгөөд надад танилцуулаагүй. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр шийдвэрийг гардаж авсан. Хариуцагчийн гаргаж байгаа гомдол нь энэ хуулийг зөрчиж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан миний санал хүчин төгөлдөр байсан. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан барьцаа хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийг дэмжиж оролцсон бол ******* нь нэхэмжлэгчийг дэмжиж тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /1.х.х-ийн 216-217, 2.х.х-ийн 212-213/
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1803 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00061 дугаар тогтоолоор ******* *******-аас 402,823,837 төгрөг гаргуулж ******* *******-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, /1.х.х-ийн 98-110/
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 336 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ******* дүүрэг, /хуучнаар *******/, ны хаягт байрлах 566 м.кв /хуучнаар 566.6 м.кв/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газрыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19/02 дугаар тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 111, 113/
3.3. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ******* нь дээрх газрыг түүн дээр баригдсан барилга, байгууламжийн хамт нийт 600,000,000 төгрөгөөр үнэлсэн бол, төлбөр авагч ******* *******-аас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 тоот тогтоолоор ******* *******-ийн хөрөнгийн үнэлгээчин ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /1.х.х-ийн 115-117/
3.4. Шинжээчээр томилогдсон ******* *******-ийн хөрөнгийн үнэлгээчин нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 58,700,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан, /2.х.х-ийн 44-46/
3.5 Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь уг захирамжийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан хэдий ч гомдол гаргаагүй бөгөөд тэрээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. /1.х.х-ийн 86-87, 92-93, 2.х.х-ийн 50, 1.х.х-ийн 1-2/
3.6. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаар шийдвэрээр ...хөрөнгийн үнэлгээ нь үндэслэл муутай, бодит бус болсон... гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалаар ...нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч нь хэзээ гардаж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааны талаарх дүгнэлт хийх боломжгүй... гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /1.х.х-ийн 220-223, 239-245/
3.7. Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах боломжтой байсан боловч энэ хугацаанд гомдол гаргах боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн... гэж дүгнэж үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 553 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 218-220, 3.х.х-ийн 4-9/
3.8. Хожим буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр дээрх шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 210/ШТ2024/00510 дугаар тогтоолоор хангаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 553 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн байна. /3.х.х-ийн 22-25, 68-71/
3.9. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00299 дугаар шийдвэрээр ******* *******-ийн үнэлгээчин ын хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1, 8.2.2, 8.2.3 дахь заалтад нийцээгүй гэж үзэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /3.х.х-ийн 138-140/
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Тодруулбал, хэдийгээр шүүхийн шийтгэх тогтоолоор бус, харин Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 535 тоот дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд дурдсанаар ******* *******-ийн хөрөнгийн үнэлгээчин ыг зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн боловч нэхэмжлэгч ******* ******* нь хөрөнгийн үнэлгээний талаарх шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 /долоо/ хоногийн хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. /3.х.х-ийн 31-32/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 210/ШТ2024/00510 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 553 дугаар магадлалыг хүчингүй болгохдоо гагцхүү дээр дурдсан прокурорын тогтоолыг үндэслэл болгосон.
4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж, 79.3-т Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй тул захирамж гарсан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс гомдол гаргах 10 хоногийн хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана гэж зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шинээр тоолно.
5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус тус өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасантай нийцнэ. /2.х.х-ийн 64-72/
Гэвч нэхэмжлэгч ******* *******-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийг буцаасан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн захирамжийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан боловч шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргажээ. /2.х.х-ийн 47-50, 1.х.х-ийн 1-2/
Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...бие маань муу, сэтгэлийн хөдөлгөөнтэй, ухаан алдаж унаад, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. 2020 оны 5 дугаар сард бие гайгүй болоод нэхэмжлэл гаргасан гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.
6. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаан арилсан 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 6 сарын дотор буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
Тиймээс нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 3 сар 7 хоногоор хэтрүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
7. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ******* нь дээрх хуульд зааснаар хуулийн этгээд болохын хувьд өөрийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцах учиртай бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргах боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсныг үүгээр нэмж дурдана.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгч ******* *******-аас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүхээс хуулийн энэ хугацааг анхаараагүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй... гэх гомдлыг хүлээн авна.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00299 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******-ийн гаргасан хариуцагч *******т холбогдох ******* *******-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18-04/Ш тоот үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР