| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0076/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0076/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1. дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох 1939003340213 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Хангал 10 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагнал үгүй, М /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4 А тоотод оршин суух иргэн Г-ын гэрийн цоожны цүүг эвдэж нууцаар хууль бусаар нэвтэрч хонь, ямааны мах зэргийг хулгайлж 77.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4 А тоотод Гын гэрт нэвтэрч хонь, ямааны мах хулгайлж 77.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4А тоотод эхнэрийн хамт амьдардаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө эхнэр 9 цаг 40 минутын үед ажилруугаа явсан. Тэгээд эхнэрийг явсаны дараа би гэртээ хэсэг байж байгаад 10 цаг 50 минутын үед гэрээсээ гараад хүүхдийн баяр үзэхээр талбай руу явсан юм. Тэгээд талбай дээр ирж хамаатныхаа дүү нартай уулзах гэсэн боловч талбай дээр хүүхдүүд бужигналдаад нөгөө хэдтэйгээ ч уулзаж чадаагүй. Тэгээд харих замдаа эхнэрийн ажлаар дамжаад эхнэрийг аваад харъя гээд Миний дэлгүүрээр орж эхнэрийг аваад бид хоёр гэрлүүгээ алхаад очиход 12 цаг 58 минут болж байсан. Тэгээд гэрийнхээ цоожийг онгойлгох гэсэн чинь гэрийн цоож цүүнээсээ мултараад шууд газар унасан. Тэгээд цоожоо харахад гэрийн цоожийг хөшөж онгойлгоод зүгээр зүүгээд орхичихсон байсан юм байна лээ. Тэгээд гэрт хулгай орчих ч гэж бодоод гэрийнхээ үүднээс буцаж гараад цагдаад дуудлага өгсөн...Цагдаа нар ирсэний дараа гэрлүүгээ ороход гэрийн зүүн хойд буланд багаа хувцасны шүүгээний шургуулгыг онгойлгоод дотор нь байсан ууттай хувцасыг зухайлгаад хаячихсан. Мөн хөргөгчинд байсан хойд айлын 2 ууттай мах, мөн манай нэг ууттай мах алга болсон байсан. Тэгээд цагдаа нартай гэрийнхээ ойр орчмоор харахад баруун талын хашааны цаана нэг ууттай махыг нь унагаачихсан байсан. Мөн гэрийн цоожийг хөшөөд эвдчихсэн байсан. Өөр алга болсон зүйл байхгүй...1 ууттай мах нь хонь билүү ямааны 2 гуя байсан. Нөгөө хоёр ууттай мах нь нийт 4 килаграмм орчим мах байсан...Би өглөө гэрээсээ гарахдаа хойд талынхаа хамаатан Ариунаагийн гэрээр ороод гарахад нилээн согтуу хэдэн хүн сууж байсан. Харин урьд нь огт харж байгаагүй нэг согтуу нөхөр сууж байсан. Ариунаагийнд ер нь нилээн архичин нөхдүүд цугладаг. Би ер нь тэднийд цугалдаг нөхдүүдийг зүс мэднэ. Би өглөө тэднийхээр ороод гарахдаа талбай орж дүү нартайгаа зургаа авахуулчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгэхэд тэр нөхөр намайг гэрээсээ гараад явлаа гэдгийг мэдээд миний араас манай гэр лүү орж мах хулгайлсан байх гэж бодож байна. Махаа хашааны дор унагаасныг бодоход согтуу л нөхөр явсан гэж бодсон...Бор царайтай нөхөр байсан. Тэр нөхрийг саяхан баривчилгаанаас гарсан гэж Ариунаагийн нөхөр Түвшээ хэлж байсан...гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 15-16 тал/
2. Хохирогч Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед нөхөртэйгөө гэртээ байж байхад манай хойд хашааны Идэрзориг манайд орж ирсэн. Тэгээд Идэрзоригийн дараах нь манай урд хашаанд байдаг Г гэрийн маань цоожийг эвдчихсэн байна гэсээр манайд орж ирэхээр нь Идэрзориг бид хоёр цагдаа дуудаж шалгуулаа гэж хэлэхэд шууд цагдаа дуудсан байх. Гын гэр нь ердөө манай урд талын хашаанд байдаг юм. Г манай аавын ахынх нь хүүхэд байгаа юм...Хэд хоногийн өмнө манай ах дүү нар манайхныг махгүй гээд Борлонгийн хагас мах өгөхөөр нь махыг нь жижиглээд хоёр уутанд хийгээд Гын хөлдөөгчинд хийчихсэн байсан юм. Нэг уутанд хоёр гуя нь бүтнээрээ явж байгаа, харин нөгөө уутанд нь нэг хааг нь жижиглээд хийчихсэн байсан юм. Өөрсдөө хайрлаад идэж чадахгүй байж байгаад хулгайд алдчихлаа...гэсэн мэдүүлэг /Хх-ийн 18 тал/
3. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт: ”...хонь, ямааны мах зэргийг 77.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г, хохирогч Т нарт нийт 77.000 /далан долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нар нь хохирол бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 38 см урттай махир төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ