| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/02065/и |
| Дугаар | 209/МА2025/00018 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 209/МА2025/00018
*******, *******т нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дагалдах индекс: 209/2025/00014
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/00260 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
*******т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,200,000 төгрөг гаргуулах" тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
3. Нэхэмжлэгч *******, *******т нар ******* нь *******тээс 1,200,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А52 маркийн гар утас зээлээр аваад мөнгийг нь өгөөгүй, мөн *******оос 6,000,000 төгрөг зээлж аваад буцаан өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч *******ын өмгөөлөгч болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолын хуулбар болон хэрэг бүртгэлтийн дугаар хэргийн материалаас хуулбарлан авсан баримтууд, зохигчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэж үзвэл ******* нь *******оос 6,000,000 төгрөгийг зээлж буцаан төлөөгүй гэх үйл баримт тогтоогдсон.
4.2. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн дугаар хэргийн материалаас хуулбарлан ирүүлсэн 2023 оны 03 сарын 29-ний өдөр, 2024 оны 02 сарын 29-ний өдөр *******аас тус тус авсан нэхэмжлэгч талын Самсунг А52 маркийн гар утсыг 1,200,000 төгрөгөөр тохирч, зээлээр худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******, нэхэмжлэгч *******т нар гар утасны үнийг 500,000 төгрөгөөр тохирсон, уг мөнгийг ******* төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 3-11, 35-55/
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч М. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч *******т, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, тэдний шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.
6. Нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагчаар *******ийг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд үндэслэлээ дээрх өр төлбөрийг төлөх барьцаа болгон тавьсан автомашиныг авч явснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.
Хариуцагч ******* болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, дээр дурдсан зээлийн болон худалдах, худалдан авах хэлцэлд ******* оролцоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх үндэслэлээр хамтран хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
7. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч *******ын шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нотлох баримтанд үндэслэн зөв тогтоогоогүй, ...прокурорын тогтоол нь эрх зүйн харилцааны фактыг баталсан, хэргийн нөхцөл байдлыг нотолсон нотлох баримт биш, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/00260 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН