Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2025/00019

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/12 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах болон хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох" тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1 хороолол, *******, тоотод байрлах 23,1 мкв талбайтай, 2 өрөө орон сууц нь манай ээж , ах ,, дүү болон миний өмчлөлд бүртгэлтэй, 5 хүний дундын өмч юм.
          2018 оны 7 дугаар сард ээж нь эгч*******т хандаж, “******* намайг салхинд гаръя гэж гэрээс авч гараад, өвлийн хүйтэнд Холбооны цаад талд байдаг нотариат дээр дагуулж очоод гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй.” гэсэн. Улмаар эгч маань улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад ээж Г.гээс *******ийн нэр дээр гэрээслэл үйлдсэн байна гэсэн. Ээж маань бичиг үсэг огт мэдэхгүй, 80 гарсан өндөр настан бөгөөд гэрээслэл үйлдэх ямар ч боломжгүй юм.

Энэ талаар ээжээс лавлахад “Би юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, юутай ч би байраа *******т юу гэж өгөх вэ дээ” гээд байсан. Тэгэхээр нь ээж , эгч *******,******* нарын хамт би Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 12 байранд байрлах тойргийн нотариатч *******тай очиж уулзсан. Манай ээж “Би гэрээслэлээ авъя, хүүхдүүддээ харуулъя” гэхэд тойргийн нотариатч ******* нь “Үхсэн хойно чинь гэрээслэлийг задална” гээд 3 удаа хөөгөөд гаргасан.

Хүн өөрийн биеэр өөрийн гарын үсэгтэй гэрээслэлийг үзье гэхэд гэрчилсэн нотариатч нь үзүүлэхгүй, төрсөн үр хүүхдүүд нь амьд сэрүүн хамт амьдарсаар атал бидэнд огт мэдэлгүйгээр, нагац дүү ******* нь танил талаараа хууль зөрчиж уг гэрээслэлийг үйлдүүлсэн гэж үзэж байна.

Миний ээж нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Бид нотариатч ын хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд шүүхээр өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Иймд бичиг үсэг огт мэдэхгүй, өндөр настай ээжийн минь Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1 хороолол, *******, тоотод байрлах 23,1 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээ гэрээсэлсэн гэх нотариатч ын 2015.12.18-ны өдрийн тоот гэрээслэлийг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие ******* нь төрсөн цагаасаа ээжийгээ нас барах хүртэл ээжтэйгээ хамт амьдарсан бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар намайг Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1 хороолол, *******, тоотод байрлах 23,1 мкв талбайтай, 2 өрөө орон сууцнаас талийгаач ээж д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

Хариуцагч ******* миний бие 19 онд мэндэлснээсээ хойш өөрийн эмээ Ч.гийн хажууд өсөж торнисон бөгөөд амьдралынхаа бүхий л цаг хугацааг эмээгийнхээ дэргэд өнгөрөөсөн. Эмээгийн минь бие нь муудаж 2018 онд хэвтэрт ороход нь би асран хамгаалагч нь болж эмээгээ асарч, эм тариаг нь зөөж өгдөг ганц хүн нь байсаар эмээ минь 2019.07.24-ний өдөр нас барсан.

Эмээгийн минь бие муу хүндхэн он жилүүдийг өнгөрөөж байхад ээжийн минь дүү нэхэмжлэгч ******* ч бусад эгч, дүү нар нь ч надад огт тусалдаггүй байсан. Би эмээгээсээ гадна 2 хүү нь болох 72 настай , 69 настай нарыг ч мөн асран хамгаалж, халамжилсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд эдгээр хүмүүс нь өнөөдрийг хүртэл миний асаргаанд хамт амьдарч байна.

Нэхэмжлэгч нь өөрийн ээж г бичиг үсэг мэддэггүй гэж худлаа бичсэн байна. Эмээ минь өөрийн нэрээ бичиж чаддаг, ном сонин их унших дуртай, бичиг үсэг мэддэг хүн байсан.

Эмээ минь амьд сэрүүн байхад ээжийн минь эгч, дүү нар ирж үргэлж хэрүүл маргаан үүсгэж биднийг гэрээс минь хөөж туудаг байсан. Ингээд эмээ минь нас дээр гарах үедээ надад хандаж миний муу шар охин л намайг болон ах нараа харж хандсаар бүх амьдарлаа зориулж байна даа, миний охин л цаашдаа энэ хэдэн ах нараа харж хандах хүн шүү гэж үргэлж хэлдэг байсан. Гэвч би талийгаач эмээгээ амьдарч буй орон сууцныхаа өөрт ногдох хэсгийг надад өвлүүлсэн болохыг эмээгээ өнгөрснөөс жилийн дараа л гэрээслэлийг нь задлах үед л олж мэдсэн. Түүнээс би эмээгээ дагуулж явж нотариат орсон зүйл огт байхгүй. Тухайн үед өөрийнхөө зээ охин болох тэй хамт явж тухайн гэрээслэлийг үйлдсэн байсан.

Иймд талийгаач эмээ минь өөрийн хүсэлтээр, хуулийн дагуу -надад Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, *******, тоотод байрлах 23,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээ надад гэрээслэн үлдээсэн тул хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  / х.х 42 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 522 дугаар зүйлийн 522.1, 522.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 50 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...*******, ******* нар нь талийгаач ээжийг маань хуурч гэрээслэл хийлгэсэн. Миний ээж гэрээслэл хийлгэх хүсэлт гаргаж чадахгүй. Мөн гарын үсэг шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтийг дүү бид хоёрт харуулаагүй шууд шүүх хурал хийсэн.

******* нь гэрээслэлийн ээжийг нас барснаас хойш нэг жилийн дараа мэдсэн гэсэн нь худлаа. ...*******ийг өөрийг нь шүүх хуралдаанд суулгах хүсэлтэй байна.

...Анхан шатны шүүхийн шийдвэрт *******,******* нар нь Улаанбаатар хотоос ирээд ээж, хоёр ах, дүү нараа харж асарч эмнэлэгт үзүүлж, эмнэлэгт хэвтүүлж эм тариа, хоол цайг нь хийж, усанд оруулж, гэр орныг нь цэвэрлэж явдаг байсан. Энэ байдлыг анхан шатны шүүгч үгүйсгээд дурдаагүй байна. Бид маш их гомдолтой байна гэжээ. / х.х 140-149 /

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, талийгаач эх гийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х 1-2, 42/

Хэргээс үзэхэд:

8. Нэхэмжлэгч *******ын төрсөн эх нь Ү- дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, *******, тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү , , *******, нарын хамт бүртгэгдсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 12 дугаар сарын дугаартай гэрээслэлээр ...иргэн нь Ү- дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, *******, тоот, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өөрт ногдох хувийг зээ охин *******т гэрээсэлж, тус гэрээслэлийг нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /х.х 56-57, 87-101/

9. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч *******ын төрсөн эх нас барсан болохыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгэж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0099 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх гэрээслэлийн дагуу улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, *******, тоот, 23.1 м.кв талбайтай, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий , , *******, нарын хамтран өмчлөгчтэй орон сууцны өвлүүлэгч д оногдох 20 хувийг өвлөгч *******т өвлүүлжээ. /х.х 83, 85/

10. Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-д “иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно” гэж, 523 дугаар зүйлийн 523.1-д “гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ” гэж, 523.3-т “энэ хуулийн ...523.1-д заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус хуульчилсан.

Талийгаач нь өөрийн хүсэл зоригийн дагуу Ү- дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, *******, тоот, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өөрт ногдох хувийг зээ охин *******т гэрээслүүлэх хүсэлт гаргасныг тойргийн нотариатч хүлээн авч, Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ дараах баримт бичгийг үндэслэнэ: 40.1.1.гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаад 40.1.2 гэрээсэлж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт” гэж зааснаар нотариатч нь гэрээслэлийг гэрчлэхдээ дээрх байдлуудыг үндэслэсэн байх тул  маргаан бүхий гэрээслэл нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээслэл байна.

11. Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн сэтгэцийн эмч гийн ... нь сэтгэцийн эмчийн үзлэгээр эрүүл болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, нотариатчаас гэрээслэл гэрчлүүлж байгаа үеийн байдал, гэрээслэлийн зүйлийг гэрэл зургаар бэхжүүлж, гэрээслэл үйлдэх шалтгааны талаар холбогдох тэмдэглэлийг мөн үйлджээ.

2011 онд батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 6.14 дүгээр зүйлд “Нотариатч нь өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ” гэж зааснаар нотариатч нь гэрээслэлийг өв нээгдсэн үед буюу өвлүүлэгч нас барснаар задалж, гэрээслэлээр өв залгамжилсан этгээдэд танилцуулах үүрэгтэй, харин бусад этгээдэд танилцуулах үүрэггүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрээслэл гэх бичвэр, гэрээслэл дээр зурагдсан гарын үсэг зэрэг нь ээж гийнх биш, ээж маань бичиг үсэг огт мэдэхгүй гэж маргасан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр дээрх баримтууд дээрх бичвэр, гарын үсэг нь гэрээслэгч гийнх мөн эсэх дээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шинжээчээс шинжилгээний баримт дутуу үндэслэлээр дүгнэлт гаргахгүй буцаасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзжээ.

Нотариатч гэрээслэл үйлдэхдээ хууль зөрчөөгүй, хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

12. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хэрэв эдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар хариуцагч ******* нь нас барагчийн зээ охин байх бөгөөд гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгө нь хууль ёсны өвлөгч этгээдэд өвлүүлэгдсэн байх учир нэхэмжлэгч *******ыг д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/12 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                                      

                                                                                                         Я.ТУУЛ