Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0103/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                    Б.Бямбасүрэн,

Хохирогч                                                               Ц,

Хохирогчийн өмгөөлөгч                                     Б.Жавхлан 

Иргэний хариуцагч                                             Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                            А нарыг оролцуулан

 

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д  холбогдох 1939002030207  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1981 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын 22 дугаар баг, “Толгод” 28 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй А /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Хаялага” гэх газар зүүн аймгаас хот хоорондын засмал зам дээр 38-32 ОРО улсын дугаартай “/Sinotruck/ хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж зогсооно. 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурийн газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 00-84 ХЭҮ улсын дугаартай Lexus Hs-250 маркийн автомашины жолооч Д нь араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 00-84 ХЭҮ улсын дугаартай Lexus Hs-250 маркийн автомашины жолооч Дгийн амь нас хохирч, хохирогч Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Цгийн эзэмшлийн “Lexus Hs-250” маркийн тээврийн хэрэгсэлд 20.861.000, Бийн эзэмшлийн “/Sinotruck/ хово”  маркийн тээврийн хэрэгсэлд 525.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А нь  2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Хаялага” гэх газар засмал зам дээр 38-32 ОРО улсын дугаартай “/Sinotruck/ хово” маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 9.5 дэх заалтуудыг зөрчиж хохирогч Дгийн амь насыг хохироосон, хохирогч Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг явсан. Би тухайн үед байгаагүй Улаанбаатар хотод байсан.Талийгаач нэг найзыгаа Сүхбаатар аймаг хүргэж өгөхөөр явсан байсан. Талийгаач надад Сүхбаатар явлаа гэж хэлээгүй...би болсон хэргийн талаар бол мэдэхгүй...2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой талийгаачийн дүү Мөнхбат над руу залгаж осол гарсан талаар хэлсэн...Би оршуулгын зардал нэхэмжлэхгүй санал хүсэлт байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/   

2. Иргэний нэхэмжлэгч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:” ... Манай нөхөр Д 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний эзэмшлийн 00-84 ХЭҮ улсын дугаартай машинтай Сүхбаатар аймгаас Хэнтий аймгийн чиглэлд явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Би зам тээврийн ослын дүгнэлттэй танилцлаа хоёр жолооч хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд тээврийн хэрэгслийн тал мөнгийг буруутай этгээд болох А гэх хүнээс нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

3. Хохирогч Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал зүгээр болсон...би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

4. Гэрч Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Талийгаач Д бид хоёр явсан өөр хүн байгааүй би осол болсон талаар мэдэхгүй байна. Ухаан алдсан. Нэг мэдэхэд би хүний машинд сууж явж байсан...талийгаач Д өөрөө машин барьж явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 тал /

5. Гэрч Г.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн эзэмшлийн 55-08 УБУ улсын дугаартай ачааны машинтай Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд айлд өвс буулгаж өгчихөөд буцаж явсан тухайн үед би Баянхутаг сумын 1 дүгээр багийн төв өнгөрөөд явж байхад 00-84 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин аваарын гэрэл асаагаад зам чөлөөлөөгүй зогсож байсан. Би хажуугаар нь гараад явж байтал удалгүй миний чиргүүлийн орчимд ирчихсэн эсрэг урсгалд ороод зэрэгцэж яваад байсан...тэр машин миний урд явсан портер маркийн тээврийн хэрэгслийг гүйцээд түрүүлээд гүвээн дээгүүр даваад явчихсан...портер маркийн тээврийн хэрэгслийг дагаад зогссон портер маркийн тээврийн хэрэгслийн урд талд том ачааны машин зогсож байгаа харагдсан. Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр нэг залуу гүйж ирж байгаа харагдсан. Тэгээд тэр залуу надруу гүйж ирээд Хэнтий аймгийн цагдаа, түргэнийг яаж дууддаг юм бэ араас машин орчихлоо гэж хэлсэн тэгээд би цагдаа , эмнэлэгт түргэн тусламжийн дуудлага өгсөн. Би тэгээд дуудлага өгчихөөд явахад нөгөө  00-84 ХЭҮ улсын дугаартай машин ачааны автомашины араас мөргөж зам тээврийн осол гарсан замын эсрэг урсгалд хөндлөн хараад зогсож байсан. Машин их эвдрэлтэй машин гэж харагдахгүй байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

6. Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би хувьдаа хово маркийн улаан өнгийн 98-32 ОРО улсын дугаартай автомашинтай. Мөн 13-47 АЧ гэсэн чиргүүлтэй юм. Би А гэх найздаа цалин өгч тээврийн хэрэгслээ бариулдаг юм. Бид хоёрын дунд бол бичгэн гэрээ байхгүй амаар тохиролцсон...Хэнтий аймгийн Бэрх тосгоноос мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас жонштой шороог тээвэрлэж Говьсүмбэр аймгийн Даланжаргалан гэх газарт хүргэх ажил олоод амаар тохиролцоод өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тээвэрт явуулсан. Манай найз А миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой манай найз А утсаар залгаад миний дугуй хагарч засаж байхад араас машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаартай.... Хын биед цээжний баруун талын 3, 5 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, бүсэлхүйн L5/S1  нугаламын цүлхийлт, хамар ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, толгойн баруун чамархайн хэсэг, нүд, шанаа хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх цээжний баруун талын 3, 5 дугаар хавирганы далд хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

- Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэсэн дүгнэлт /хх-ийн 77 тал/

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаын шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай .... Талийгаачийн цогцост гавлын ясны орой яс, баруун, зүүн чамархай яс, зулай яс, дагз яснуудын бяцарсан хугарал, гавлын суурь ясны бяцарсан хугарал/ баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг дайрсан/, духны яс, баруун, зүүн нүдний ухархай, хамарын яснуудын цөмөрсөн, бяцарсан хугарлууд. Дээд эрүүний ясны хугарал. Зүүн бугалга ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал. Өвчүү ясны хугарал.  Баруун дунд чөмөг доод 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал. Духны баруун, зүүн хэсэг, баруун нүдний гадна хэсгүүдийн болон баруун хацарын төвгөр хэсгүүдийн хамарсан салмарч урагдсан шарх. Баруун чихний дэлбэнгийн доод хэсэг, баруун гарын шууны гадна дээд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн язарсан шарх. Баруун нүдний гадна хажуу хэсгээс баруун хацар, шанаа, доод эрүү, хүзүүний баруун хажуу хэсэг, баруун эгэмний дээд, дунд, доод хэсгүүд, баруун мөрний дотор хэсэг зүүн мөрний дээд хэсэг, баруун гарын бугалганы гадна хэсэг, баруун гарын 2 дугаар хурууны дотор доод хэсгүүд, баруун гуяны гадна дунд хэсгүүд, баруун өвдөгний гадна хажуу хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсгүүдийн зулгаралт. Баруун мөрний дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсгүүдийн цус хуралт, урагдсан шарх. Баруун гарын 3 дугаар хурууны хумсны бүрэн хуулралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гавлын ясны орой яс, баруун, зүүн чамархай яс, зулай яс, дагз яснуудын бяцарсан хугарал, гавлын суурь ясны бяцарсан хугарал/ баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг дайрсан/, духны яс, баруун, зүүн нүдний ухархай, хамарын яснуудын цөмөрсөн, бяцарсан хугарлууд. Дээд эрүүний ясны хугарал. Зүүн бугалга ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал. Өвчүү ясны хугарал.  Баруун дунд чөмөг доод 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал бүхий гэмтлүүд нь хүнд зэргийн, дээд эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

- Талийгаачийн цусанд 2.6 промилли спиртийн промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно.

- Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.... гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57 тал/

9. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Золжаргалын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №10 дугаартай .... 98-32 ОРО улсын дугаартай Sinotruck /Хово/ маркын ачааны автомашины жолооч А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбай ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж .... зогсооно. 9.5 Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгсэлээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-98-32 ОРО улсын дугаартай Sinotruck /Хово/ маркын ачааны автомашины жолооч А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн /1 дүгээр асуултанд хариулсан/ дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

- 00-84 ХЭҮ улсын дугаартай Lexus hs-250 маркын автомашины жолооч Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох / Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн лабораторид Дгийн цус болон ходоодны шингэнд шинжилгээ хийлгэхэд цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно/ гэсэн дүгнэлт гарчээ. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

- 00-84 ХЭҮ улсын дугаартай Lexus hs-250 маркын автомашины жолооч Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн /3 дугаар асуултанд хариулсан/ дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 тал/

11. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 15-16 тал/

12. Жолооч согтуурах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 114 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Агийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Харин шүүгдэгч А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж Цгийн эзэмшлийн “Lexus Hs-250” маркийн тээврийн хэрэгсэлд 20.861.000 төгрөгийн, Бийн эзэмшлийн “/Sinotruck/ хово”  маркийн тээврийн хэрэгсэлд 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг үйлдэл нь хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байх тул дээрх үйлдэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д-гийн амь нас хохирч,  хохирогч Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ц нь тус шүүхэд нийт 37.800.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийхээ 25.800.000 төгрөгөөс татгалзаж, 12.000.000 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч А 6.000.000 /зургаан сая/ төгрөг, иргэний хариуцагч Б 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг  тус тус төлөхөөр сайн дураараа тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул  тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Б нар нь хохирол зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Б нарт төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс шүүгдэгч А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хохирогч Ц-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 20.861.000 төгрөгийн хохирол, Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5, 3.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж дуусгах талаар арга хэмжээ авах үүргийг тус тус хүлээлгэж тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А-д анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч А-гийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж  ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-гаас 6.000.000 төгрөг, иргэний хариуцагч Б-ээс 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Б нарт төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                     Д.ГАНЗОРИГ