Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00367

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17 210/МА2025/00367

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/05557 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 256,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Тавцант чиргүүлийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, гуравдагч этгээд *******, өмгөөлөгч Ш.Базаррагчаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн компанийн өмчлөлийн Hyundai ******* маркийн, ******* арлын дугаартай экскаваторыг 556,000,000 төгрөгөөр худалдахаар иргэн *******, ******* нартай харилцан тохиролцсон. ******* ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******** ББСБ ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээл авч, мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж уг экскаваторыг 250,000,000 төгрөгт тооцож барьцаанд тавьсан. Уг экскаватор нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул *******, ******* нар нь төлбөрийг ******** ББСБ ХХК-д төлж экскаваторыг чөлөөлж аваад, үлдэгдэл төлбөр 394,521,000 төгрөгийг 7 хоногийн дотор 2 хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нар нь 161,479,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлж уг экскаваторыг ачуулан авч явж өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн. Түүний дараа 94,521,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал *******ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 300,000,000 төгрөгийг давхар шилжүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан экскаватор худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 300,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч компанид олгож өгнө үү. Хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

2. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: Талууд харилцан тохиролцож 250,000,000 төгрөгөөр экскаваторыг худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй. Нэхэмжлэгч компанийн захирал ******* 9911-тэй дугаараа алдах гээд байна гэсэн тул 6,000,000 төгрөгийг нэмж төлөхөөр нийт 256,000,000 төгрөгөөр тохиролцож худалдан авсан. Тухайн үедээ чиргүүлт тавцанг хариуцагчид бэлэг болгож буюу 6,000,000 төгрөг аваад өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед экскаватор нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан учир зээлийн төлбөр 161,489,423 төгрөг төлж барьцаанаас суллаж авсан. Үлдэх мөнгийг *******ийн дансанд шилжүүлсэн. Талууд экскаваторыг 556,000,000 төгрөг бус 256,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь *******ийн дансны хуулгаар нийт 94,525,000 төгрөг хариуцагч *******гийн 5035037276 тоот Хаан банкны данснаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн мөн *******гийн данснаас ******** ББСБ ХХК-ийн дансанд экскаваторын төлбөр гэх утгатай мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдоно. Мөн Авто тээврийн үндэсний төвд 21 дугаартай *******гийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтээр худалдах худалдан авах гэрээний үйлчлэл дуусаж төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг худалдах, худалдан авах гэрээгээр амаар тохиролцоод, үнийг хариуцагч мөнгөн хэлбэрээр төлөөд, нэхэмжлэгч зөрүүд нь тухайн эд хөрөнгийг шилжүүлэх тухай бичгийг гаргаж өгснөөр худалдах, худалдан авах гэрээ дууссан нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* болон ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үнийг зохиомлоор 556,000,000 төгрөг болгож, өндөр үнийн дүнгээр тохирсон мэтээр цагдаа болон шүүхийн байгууллагад хандаж өнөөдрийг хүрсэн. Бид өөрсдийн шударгаар худалдаж авсан хөдлөх хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Аман байдлаар худалдах, худалдан авах гэрээ хийж, тухайн хөрөнгүүдийн үнийг төлөөд шилжүүлэн авсан. Харин худалдагч хөдлөх хөрөнгүүдээ шилжүүлэн өгч, худалдах, худалдан авах гэрээний үндсэн зарчмыг бүрэн биелүүлсэн атал гэнэт маргаан үүсгэж, өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг шударгаар худалдаж авсан хөрөнгүүдээ ашиглах боломжгүй байдалд оруулж байгаа нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж талуудыг анх ямар хэлбэрээр хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авсан тэр байдалдаа эргүүлэн өгөхөөс өөр аргагүй болгож байна. Иймд амаар байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч ******* ХХК, түүний захирал хувьцаа эзэмшигч ******* нараас нийт 256,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэгч нь анх тухайн хөдлөх эд хөрөнгүүдийг ямар хэлбэр, шинжтэй хүлээн авсан тэр байдалд нь оруулж худалдагчид буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Чиргүүлийн дугуйнаас эхлэн тавцанг өргөсгөж, Монгол Улсын стандартад нийцүүлсэн. Тухайн үед тавцанг ашиглах боломжгүй, зэвд идэгдсэн байсан ба авч ирээд бүх зүйлийг шинээр хийсэн сэлбэгээ тайлж авна. Хоёрдугаарт экскаватор анх *******ББСБ ХХК-ийн хашаанаас ирэхдээ насосны асуудалтай байсан. Үүнийг механикч *******, ******* нар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Экскаваторыг анхны байдалд нь буцаан оруулж өгөх ёстой.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь тодорхой бус бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсанд хариуцагч тал анхнаасаа маргаагүй. Гэрээ байгуулснаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсний дараа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тавцант чиргүүлийг худалдаж авсан, бэлэг болгосон гэж зөрүүтэй тайлбар гаргадаг. ******* цагдаагийн байгууллагад хандахдаа чиргүүлийг алдчихлаа гэж хандсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч нар авч явсан үйл баримт тогтоогддог. Прокурорын байгууллагаас экскаватортай холбоотой иргэний хэрэг маргаан явагдаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тавцант чиргүүлийн өмчлөгчөөр хариуцагч нарыг тогтоогоогүй. ******* худалдаж авсан, энэ чиргүүлийн зах зээлийн үнэ нь 60,000,000 төгрөг байсан тогтоогдсон. Хариуцагч нар хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш чиргүүлийг ашиглаж байсан. Энэ талаар хүсэлт гаргаж үзлэг хийлгэх явцад ******* унаж байснаа илэрхийлдэг. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлд зааснаар гомдлын шаардлага гарах хугацаа заагаагүй бол өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэ эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Нэхэмжлэл гаргасантай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага анхнаасаа гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тавцант чиргүүлд нэмэлт дугуй хийж, засаж сайжруулан, сэлбэг захиалж чиргүүл болгосон гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Хариуцагч нар экскаватор болон чиргүүлийг авсны дараа ямар засвар үйлчилгээ хийгээд, өөрчлөх нь тэдний өөрсдийнх нь асуудал юм. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөвшөөрөөд засвар хийж байгаа үйл баримт байна. Энэ нь чиргүүлтэй холбоотой асуудал биш бөгөөд чиргүүлийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж нэхэмжлэгч талаас харж байна. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээгээр тавцант чиргүүл худалдахаар тохироогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч нар айлын хашааны гадаа байсан чиргүүлийг авч яваад, дугуй хийгээд чиргүүл болгосон гэдэг. Гаалийн бүрдүүлэлт дээр бүтэн чиргүүл гэж бүртгэгдсэнийг чиргүүл биш байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нар чиргүүлийг олон удаа ашиглаж, ашиг олсон. Миний хувьд хулгайд алдсан зүйлээ олох зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд 6 сарын дараа миний алдсан чиргүүл ******* ХХК-ийн хашаанд байгааг цагдаагийн байгууллага олж тогтоосон. Хариуцагч нар 4 жил ашиглачихаад буцааж өгнө гэж байгаа нь үндэслэлгүй. Миний бие ******* арлын дугаартай, 1970 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүлийг өмчилж, эзэмшдэг байсан. Гэвч 2020 оны 10 дугаар сард хариуцагч *******, ******* нар нь манай эмээгийн хашаанаас миний чиргүүлт тавцанг хулгай хийж авч явсан. Энэ байдлаа миний хариуцан үйл ажиллагааг нь явуулдаг ******* ХХК-аас худалдаж авсан *******УБ улсын дугаартай экскаваторыг үнэгүй дагалдаж ирсэн хэмээн худал тайлбар хэлдэг. Миний бие уг чиргүүлт тавцанг хариуцагч нарт худалдаагүй, ямар нэгэн эд хөрөнгөд дагуулж шилжүүлээгүй тул хууль бусаар эзэмшиж байгаа хэрэг бөгөөд эзэмшиж ашиглан их хэмжээний үр шимийг нь хүртсээр байна. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн чиргүүлт тавцанг албадан гаргуулж өгнө үү. Мөн олох ёстой байсан орлогыг нэг сарын 40,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээ нь тухайн чиргүүлээр тээвэрлэлтийн ажил хийж гүйцэтгэхэд олдог нэг сарын бодит үнэлгээ юм. Иймд хариуцагч *******, *******, ******* нараас чиргүүлт тавцанг гаргуулж, 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг хүртэл нийт 45 сарын хугацаанд олох ёстой байсан орлого нийт 1,800,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

6. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: Гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн гэх 1970 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн тавцант чиргүүл гэж хэлж байгаа нь өөрөө үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу анх хариуцагч нарыг өөрийн өмчлөлийн засварын газар зөөвөрлөж авчрахад чиргүүлийн шинж чанарыг хангаагүй байдалтай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул тавцангаар ямар нэгэн орлого олох үндэслэлгүй, боломжгүй зүйл юм. Мөн хариуцагч нар нь чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй тавцанг харин чиргүүл болгож засаж сэлбэсний дараа гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн яриад байгаа чиргүүл болсон юм. Иймд гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 88,171,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 211,829,000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч *******, ******* нарын 256,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас ******* арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцанг гаргуулж гуравдагч этгээд *******эд олгож, гуравдагч этгээдийн шаардлагаас 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 1,728,150 төгрөг, хариуцагч *******, ******* нарын төлсөн 4,262,007 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 9,228,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас нийт 669,009 төгрөг гаргуулж, үүнээс 598,009 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д, 70,200 төгрөгийг гуравдагч этгээд *******эд тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх 300,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж, талууд Hyundai******* маркийн ******* арлын дугаартай ******* УБ улсын дугаартай экскаваторын үнийг 344,171,800 төгрөгөөр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх байдлаар экскаваторын үнийг 344,171,800 төгрөгөөр үнэлэхдээ ******* ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаар дүгнэлтийг үндэслэсэн. Тус дүгнэлтийн 27 дахь талд Зардлын товчоо гэх хэсэгт экскаваторт хийгдсэн засвар 70,717,200 төгрөг, хийгдэх засвар 66,111,100 төгрөг, нийт 136,828,300 төгрөгийг хийгдсэн болон цаашид хийгдэх завсар гэж тооцсон бөгөөд Hyundai******* экскаваторын үнэлгээг 481,000,000 төгрөгөөр үнэлсэн атлаа дээрх засварын үнэлгээ болох 136,828,300 төгрөгийг хасч тооцоод экскаваторыг 334,171,800 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй хэмээн дүгнэсэн болно.

Тус шүүхийн шүүгчийн шинжээч томилсон захирамжаар Hyundai******* маркийн ******* УБ улсын дугаартай, ******* арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг худалдах, худалдан авах үеийн буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үнэлэхийг даалгасан. Гэтэл шинжээч ******* ХХК нь шүүгчийн захирамжаар шаардаагүй буюу тухайн экскаваторт хийсэн засварын зардал болон цаашид хийгдэх засварын зардлыг тооцоолж, зах зээлийн үнэлгээ болох 481,000,000 төгрөгөөс хасч үнэлсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч талаас экскаваторт хийсэн зардлын хуурамч баримт гаргаж өгсөн гэх, мөн тухайн баримтаар шинжээч Р.Зоригт нь хариуцагчийн зориуд нэмсэн 100,000,000 орчим төгрөгийг хассан гэх асуудлуудад шүүх огт дүгнэлт хийлгүйгээр шинжээчийн тус дүгнэлтийг 100 хувь үнэн зөв гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01461 дугаар магадлалд зааснаар шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо хэт зөрүүтэй, аль нэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгуулах, дахин шинжээч томилуулах хүсэл зориг талуудад байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн хэргийг буцаасан үндэслэлийг арилгалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхээргүй шийдвэрийг гаргалаа. Анхан шатны шүүх тус дүгнэлтийг үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдийн 184/Ш32023/21950 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар *******ХХК-ийг шинжээчээр томилсон.

Дээрх захирамжийн үндэслэх хэсэгт Талууд нэхэмжлэлийн зүйл экскаваторын үнийн талаар харилцан өөр тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд тухайн цаг хугацаанд ямар үнэлгээтэй байсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаас гадна урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй байдлыг арилгах, хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлоход ач холбогдолтой байх тул гэжээ. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох экскаваторын зах зээлийн үнийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ямар байх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх агуулгаар үндэслэсэн.

Улмаар *******ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/059 дугаар дүгнэлт гарч, Hyundai брэндийн *******маркийн ******* арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн экскаваторын зах зээлийн үнэлгээг 504,776,000 төгрөгөөр үнэлжээ. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн өмнөх хоёр шинжээчийн дүгнэлтийн зөрүү арилж, хөрөнгийг бодитой, үндэслэлтэйгээр шинжилсэн атал анхан шатны шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтэд огт үнэлэлт, дүгнэлтийг хийхгүйгээр үндэслэлгүй буюу өмнөх шинжээч ******* ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв *******ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байсан.

 

Хариуцагч тал 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ экскаваторыг 256,000,000 төгрөгөөр худалдаж авсан, харин тавцант чиргүүл үнэгүй дагалдаж ирсэн гэж маргадаг. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч сайн дураар татгалзсан. Харин хариу тайлбартаа 250,000,000 төгрөгөөр экскаваторыг, тавцант чиргүүлийг экскаваторын урамшуулал болгон 2,000,000 төгрөгт өгсөн болно гэж тусгасан. Улмаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дахин шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Hyundai брэндийн *******маркийн ******* арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн экскаваторыг 250,000,000 төгрөгөөр, чиргүүлт тавцанг 6,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон гэж шаардлагаа тодорхойлсон.

Дээрх байдлаар хэд хэдэн өөр агуулгаар экскаватор болон чиргүүлт тавцанг тайлбарладаг ба эдгээр нь бүхэлдээ үндэслэлгүй буюу баримтгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлээгүй орхигдуулсан.

Иймд, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 300,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн тул гомдлыг хангаж, 300,000,000 төгрөгийг хариуцагч *******. ******* нараас гаргуулж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хэрэгт гуравдагч этгээд *******ийн гарын үсэгтэй *******гийн нэр дээр тухайн экскаваторын гэрчилгээг гаргуулахаар Автотээврийн үндэсний төвд хандсан албан тоот, мөн гэрчийн мэдүүлэг баримтаар авагдсан. Энэ баримтуудаар экскаваторыг 256,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх баримтаа гаргаж өгч мэтгэлцсэн. *******ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрсөн. Учир нь экскаваторыг харьцуулалтын аргаар дүгнэсэн хэр нь тухайн экскаваторыг марк, он залуу экскаватортой харьцуулан 600,000,0000 төгрөгөөр үнэлсэн учир хариуцагчийн зүгээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбар, хамтран хариуцагчаар татагдсан ******* гэх хүн тухайн экскаваторыг очиж авсан, чиргүүлийг очиж авчирсан. Гарсан зардлыг хассан нь хууль зүйн үндэслэлтэй. Хүн өөрийнхөө эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлэх эсэх асуудал нь тухайн хүний эрхийн асуудал. Нэхэмжлэгч мөнгөө дутуу авсан бол тухайн албан бичгийг гаргаж өгөх шаардлагагүй байсан. Экскаватораа нэр дээрээ шилжүүлээд, хариуцагч нарын үйл ажиллагаа явуулж байгаа хашаанд байлгаж, тавцант чиргүүлийг 6,000,000 төгрөг буюу бэлэглэлийн журмаар бэлэг болгоод авчих гэсэн үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Талууд гэрээ байгуулаагүй, гэрээний зүйл нь 556,000,000 төгрөг үү, эсвэл 256,000,000 төгрөг үү гэдэгт маргасан. Хоёрдахь шинжээчийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж дүгнэсэн. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх бодит байдалд илүү дүйцэхүйц дүгнэлтийг баримтаар үнэлсэн.

 

10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******ХХК-ийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас 300,000,000 төгрөг гаргуулах ёстой байсан.

 

11. Хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талууд анх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* УБ улсын дугаартай Hyundai ******* маркийн экскаватор болон ******* арлын дугаартай 1970 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн чиргүүлт тавцанг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж байсан бөгөөд талууд тухайн гэрээг бүрэн биелүүлж дуусгавар болсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь тухайн экскаваторын үнийг 556,000,000 төгрөг байсан, мөн бид анх тохиролцохдоо тухайн чиргүүлийн тавцанг 6,000,000 төгрөгөөр өгсөн зүйл байхгүй гэсэн зүйлийг ярьж нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх экскаваторын үнийг 344,171,800 төгрөг гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг.

******* ХХК-аас Авто тээврийн үндэсний төвд хандаж тухайн HYUNDAI ******* маркийн экскаваторыг хариуцагч *******гийн нэр дээр гаргаж өгөхийг хүссэн албан бичиг нь хавтаст хэрэг авагдсан байдаг.

Тэгвэл талуудыг анх гэрээ байгуулахдаа Hyundai ******* маркийн экскаватор болон ******* арлын дугаартай 1970 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн чиргүүлт тавцанг хамтад нь худалдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс тухайн чиргүүлийг худалдсан талаар баримт байхгүй гэж дүгнэн, *******эд буцааж олгохоор шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 184/ШШ2024/05557 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

12. Давж заадах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд экскаватор худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохоос биш тавцант чиргүүлийн хувьд гэрээний харилцаа үүсээгүй. Хариуцагч тал 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Автотээврийн үндэсний төвд хандсан албан бичгээр гэрээ дуусгавар болсон гэж тайлбарладаг боловч энэ тайлбар үндэслэлгүй. Нэгэнт талууд гэрээ байгуулаад амаар тохирч, үнийн дүнгийн тодорхой хэмжээг төлж, үлдэгдлээ төлнө гэж тохиролцсон тохиолдолд нэхэмжлэгч талаас Автотээврийн үндэсний төвд бичиг хийлгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өг гэдэг нь талуудын хоорондын итгэлцэл дээр тогтсон тохиролцооны асуудал. Тухайн бичгийг хийж өгснөөрөө төлбөрөө бүхэлд нь авсан, гэрээний харилцаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт.

Чиргүүлт тавцангийн хувьд хариуцагч тал нэхэмжлэгч талаас Автотээврийн үндэсний төвд бичиг хийлгүүлж авсан бол тавцант чиргүүлийн гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэх бичиг хийлгэх байсан. Чиргүүлт тавцан гэрээний зүйл биш. Хариуцагч нарын өмчлөлийн эд хөрөнгө мөн гэж тогтоосон зүйл байхгүй. Мөн хариуцагчаас иргэний маргаантай байгаа гэж иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг өгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаалгасан. Эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн хүмүүсийн мэдүүлгийн үндсэн дээр тавцант чиргүүлийг худалдаж авсан гэх зүйл байхгүй. Иймд, анхан шатны шүүх гуравдагч этгээдийн шаардлагыг зөв шийдсэн.

 

13. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчид чиргүүлийг өгөөгүй, мөн зараагүй. Энэ бол хулгай. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгагдаж байх явцад иргэний хэргийн шүүхээс бичиг авч прокурорт өгч хэргийг хаалгасан. Хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тус хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 256,000,000 төгрөг гаргуулах, гэрээний зүйлийг буцаан шилжүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд ******* нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс тавцант чиргүүлийг албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг хариуцагч нар мөн эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

4. Зохигч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь Hyundai******* маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг худалдах, хариуцагч *******, ******* нар нь уг экскаваторын үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 1, 17, 23/

 

5. Хариуцагч нар нь ******** ББСБ ХХК-д 161,479,453 төгрөг төлж, худалдан авч буй экскаваторыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн, нэхэмжлэгч компанийн захирал *******ийн дансанд 94,521,000 төгрөгийг шилжүүлж, нийт 256,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, Hyundai******* маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банк дахь ******* болон ******* нарын дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-ийн 1, 5, 6-8, 29, /

 

6. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч *******, ******* нарт Hyundai******* маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг 556,000,000 төгрөгөөр худалдахаар 2020 оны 10 дугаар сард тохиролцсон боловч хариуцагч нар нь 256,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 300,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа маргаан бүхий экскаваторыг нэхэмжлэгч ******* ХХК-иас 256,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдаг.

 

Зохигч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд тэдгээрийн тайлбараас үзэхэд талууд гэрээний үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж маргасан байна.

Худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба гэрээний үнийг талууд шууд тодорхой тохиролцож тогтоох эсхүл Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар үнэ тодорхойлох арга, хэрэгслийн талаар хэлэлцэн тогтоох буюу эдгээр хоёр замаар үнэ тодорхойлогдох учиртай.

 

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын байгуулсан гэрээний зүйл болох экскаваторын гэрээ байгуулах үеийн зах зээлийн үнийг тодорхойлуулахаар шинжээч томилоход шинжээч ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-122/000941 дугаар дүгнэлтээр 608,988,695 төгрөг, шинжээч ******* ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаар дүгнэлтээр 344,171,800 төгрөг, шинжээч ******* ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/059 дугаар дүгнэлтээр 504,776,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1-р хх-ийн 237-245, 2-р хх-ийн 148-169, 3-р хх-ийн 61-64-р тал/

 

7.2. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн гаргасан 608,988,695 төгрөгийн, ******* ХХК-ийн гаргасан 344,171,800 төгрөгийн үнэлгээний зөрүүтэй байдлыг арилгах, бодит үнэ цэнийг тогтоох зорилгоор нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар *******ХХК-ийг шижээчээр томилсон. Шинжээч нь Hyundai******* маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторын үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгөд үзлэг хийгээгүй, зарын сайтуудад байршсан ойролцоо төрлийн 5 тоног төхөөрөмжтэй харьцуулан жиших замаар тооцож 504,776,000 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээтэй байна.

 

7.3. ******* ХХК нь үнэлгээ тогтоохдоо сүүлийн 6 сарын дотор худалдаалагдсан, үнэлэгдэж буй эд хөрөнгөтэй ижил маркийн гурван өөр тоног төхөөрөмжтэй зах зээлийн хандлагын аргыг ашиглан харьцуулан жиших замаар уг экскаваторыг 481,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс, өмнө хийгдсэн засвар болон цаашид хийгдэх засварын үнэлгээг 136,828,300 төгрөгөөр тооцон, 481,000,000 төгрөгийн үнэлгээнээс хасаж, маргаан бүхий экскаваторын үнэлгээг 344,171,800 төгрөгөөр тодорхойлсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан бодитой байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх маргаан бүхий экскаваторын бодит байдал, шинж чанар, засвар үйлчилгээ хийсэн байдал, зардал гаргасан тооцоо зэргийг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг ашиглан үнийг 344,171,800 төгрөгөөр тогтоосон шинжээч ******* ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

7.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01461 дугаар магадлалаар шинжээчийн дүгнэлтүүдийн үнийн дүн хэт зөрүүтэй байгаа талаар дүгнэсэн хэдий ч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******** ББСБ ХХК-тай байгуулсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/, гэрч *******гийн мэдүүлэг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж гэрээний зүйл болох Hyundai******* маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторын үнийг 344,171,800 төгрөгөөр тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

7.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна талуудын хооронд 2020 оны 10 дугаар сард байгуулагдсан гэрээний үнэ 556,000,000 төгрөг байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

8. Хариуцагч *******, ******* нар нь талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан гэрээний дагуу шилжүүлсэн 256,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг анхны байдлаар нь буцаан өгөх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээгээр худалдан авсан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон гэж тайлбарлах боловч энэ нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Түүнчлэн, зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах шаардлага гаргасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй бөгөөд улмаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй талаар дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй болно.

 

Иймд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 88,171,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211,829,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

9. Гуравдагч этгээд ******* нь хариуцагч *******, *******, ******* нараас чиргүүлт тавцанг гаргуулж, 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг хүртэл нийт 45 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 1,800,000,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан.

Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа 2020 оны 10 дугаар сард экскаваторын хамт худалдан авсан тул хууль бусаар эзэмшээгүй, ашиглах боломжгүй тавцан байсныг чиргүүл болгож засварласан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч талуудын хооронд тавцант чиргүүл худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч нар чиргүүлт тавцанг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс тавцант чиргүүлийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Чиргүүлийг зориулалтын дагуу ашиглаж, ашиг орлого олж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд олох байсан орлого 1,800,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт гуравдагч этгээд гомдол гаргаагүй тул шүүхэд гаргасан гомдлын хүрээнд дүгнэлт хийх нь талуудын зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/05557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,217,100 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ