| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06824/И |
| Дугаар | 5092 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 5092
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатар гудамж, 19 байр, 100 тоотод оршин суух, Боржигон овогт Наянтайн Батзаяа /РД:ХА68011006/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 10 гудамж, 7 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатар гудамж, 19 байр, 100 тоотод оршин суух, Чонос овогт Энхбаярын Оюунбилэг /РД:ЧР72080807/
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь Н.Батзаяа нь өөрийн эзэмшдэг орон сууцыг хөлслүүлэхээр Э.Оюунбилэгтэй тохирч гэрээ байгуулсан болно. Мөн байрны түлхүүрийг нотариат баталгаажуулсан өдөр хүлээлгэн өгсөн боловч суусан өдрөөсөө худал ярьж, удаа дараа өгнө өгнө гэсээр өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөхгүй утсаа авахгүй худал ярьсаар өнөөг хүрлээ. Би настай ээжийгээ асарч тойлохоос эхлүүлээд эмнэлэгт хэвтэж эмчилгээний зардал мөнгө дутмаг байгаагаас үүдэн хөлслөгч Э.Оюунбилэгээс сууж байгаа хугацааны бүх төлбөр нийт 3 сарын 1.200.000 дээр нь байрны үндсэн төлбөр болох 200.000 төгрөг нийт 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Э.Оюунбилэгээс нийт 1.400.000 төгөрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Батзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Э.Оюунбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 1.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Э.Оюунбилэг нь Н.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлага буюу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөрт 1.200.000 төгрөг, хэрэглээний зардал 200.000 төгрөг нийт 1.400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 1.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батзаяа нь хариуцагч Э.Оюунбилэгт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Оюунбилэг нь Н.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлага 1.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Оюунбилэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Э.Оюунбилэгээс 18675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Оюунбилэг нь Н.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлага 1.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37350 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18675 төгрөг, хариуцагч Э.Оюунбилэгээс 18675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Батзаяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА