Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2025/00020

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын
 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/00257 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 62,885,505 төгрөг гаргуулах" тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:   

            ...Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн нутагт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК нь 4 даатгуулагчтай нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд байх бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, 20,961,835 төгрөгийн алданги, нийт 62,885,505 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн хүсэлтдээ ...Дархан-Уул аймагт Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд болох “*******” ХХК нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн өр үүсгэж, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж, даатгуулагчдаа хохироож байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй “*******” ХХК-аас дээрх шимтгэлийн өрийг гаргуулж, төрд учирсан хохирлыг барагдуулах талаар хамтран ажиллаж бидэнд туслалцаа үзүүлнэ үү... гэжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ...Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч нь даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр уг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, үнэн зөв тодорхойлж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээжээ.

Нийгмийн даатгал нь даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэгт тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах зорилготой байдаг бөгөөд ажил олгогч аж ахуйн нэгжид хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах аль ч гэрээгээр ажиллаж байгаа ажилтан албан журмын даатгалд заавал даатгуулахыг хуульд тодорхойлон заасан байх бөгөөд “*******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд атал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрийн болон даатгуулагчдынхаа эрх ашгийг хохироож байна гэж үзэхээр байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээд төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Прокурор Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Иймд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад ******* ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж төрийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ. / х.х 1-3 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Нэхэмжлэлд ******* ХХК-ийн 2019 оны 07 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 20,961,835 төгрөгийн алданги, нийт 62,885,505 төгрөгийн дүнгээр төрийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэжээ.

Хариуцагч талаас нийгмийн даатгалын шимтгэлийн 41,923,670 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан талаар маргахгүй ба төлж барагдуулах үүрэгтэй боловч энэхүү өрийг төрд болон нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн ямар үндэслэлээр 20,961,835 төгрөгийн алданги нэхэмжил байгаа нь тодорхойгүй байх тул алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  / хх 43 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн /2023.07.07 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 62,885,505 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн орлогод буюу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 472,377 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. ... "*******” ХХК-ийн 2019-2023 оны 12 сарын 31-ны хооронд төлбөл зохих нийгмийн даатгалын өр төлбөрөөс алданги тооцож нэхэмжлэхийн тулд урьдчилсан ажиллагаа хийгдэж, улсын байцаагчийн акт үйлдэгдсэн байх эсвэл Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар алданги торгууль тавигдсан байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад нэхэмжлэлийг бүх шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын хуулийг хэрэглэлгүй, сүүлд хүчин төгөлдөр болсон Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний болон захиргааны эрх зүйн хуулийг буцааж хэрэглэх ойлголт байхгүй.

Иймд алданги тооцож нэхэмжлэхийн тулд урьдчилсан ажиллагаа хийгдэж, улсын байцаагчийн акт үйлдэгдсэн байх ёстой байхад мэдэгдэл, шаардлага гэх баримтыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй. ...”

...хэрэгт цугларсан нотлох баримтад ******* ХХК-ийн 2024.01.01- 2024.11.31-ний нийгмийн даатгалын өр төлбөрт нийгмийн даатгалын байцаагч нь алданги тогтоохдоо акт үйлдээгүй, шийтгэл оногдуулаагүй нөхцөл байдал тогтоогддог. Хуульд заасны дагуу заавал тогтоох актыг тогтоолгүйгээр алгасуулан буюу хуульд дарааллыг зөрчиж алданги нэхэмжилснийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэв улсын байцаагчийн акт тавигдаад, энэ актыг Ургац Хүнс ХХК зөвшөөрөхгүй байсан бол энэ иргэний хэргийн шүүхийн маргаан биш захиргааны хэргийн шүүхээр явах байсан. Гэтэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй. байцаагчийн акт байхгүй байхад алдангийг төлөх мөн л үндэслэлгүй байна.

б.Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2019-2024 оны хооронд хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч талаас 2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болох 13,400,000 төгрөгийг төлөхөөр сонгож төлсөн тул 2024 онд төлөх өр төлбөргүй болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ч дээрх өр төлбөрийг төлж барагдуулсан болохыг нэхэмжлэл гаргах үедээ мэдээгүй ч хариуцагчийн эрхийг хязгаарлан дээрх төлбөрийг 2019 оны буюу эхний өр төлбөрөөс нь хасна гэж үзсэн нь үндэслэлгүй тайлбар байдаг. Гэвч энэ талаар шүүхээс ч хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр алдангийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 20,961,835 төгрөгийн алданги гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 63-65 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй,  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

8. Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь “*******” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийн хамт бүгд 62,885,505 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “*******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 41,923,670 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, алданги 20,961,835 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

            9. “*******” ХХК нь 4 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч хуулийн этгээд байх ба ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд 2019 оны 7 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны  өдөр хүртэл хугацааны байдлаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах гэрээ, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024.6.11-ний өдрийн 19/31 дугаартай зөрчил барагдуулж, шимтгэл төлүүлэх тухай албан шаардлага, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

10. Хариуцагч тал дээрх хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, харин нийгмийн даатгалын өр төлбөрөөс алданги тооцохдоо улсын байцаагчийн акт үйлдэж, урьдчилсан ажиллагаа хийгдээгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

            Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т  “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алданги тооцно” гэж, “30.1.2-т “улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль”-ийг нийгмийн даатгалын шимтгэлийн өрд тооцно” гэж тус тус заасан.

Дээрх хуульд зааснаар алданги тооцох үндэслэл, түүнийг хэрхэн тооцох, уг алдангийг хэн ногдуулах талаар зохицуулсан байх ба Монгол улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрмийг баталжээ.

Уг  дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Нийгмийн даатгалын улсын байцаагчаас нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр тогтоолт, олголтод хяналт тавих, шимтгэлийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, хяналт шалгалт хийсэн тухай нэгдсэн танилцуулга, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, албан шаардлага, харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, нээх зөвшөөрөл, дүгнэлт, шийтгэлийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах тухай уулзалтын тэмдэглэл, гэрээ (цаашид “акт, нэгдсэн танилцуулга, албан шаардлага, мэдэгдэл, зөвшөөрөл, дүгнэлт, шийтгэлийн хуудас, тэмдэглэл, гэрээ” гэх)-г үйлдэнэ” гэж,

3.5.-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн буруутай ажил олгогч, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх шимтгэл, алданги, торгууль, үндэслэлгүй илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, зардлын төлбөрийг шийдвэрлэхээр акт үйлдэнэ.” гэж тус тус заасан.

Дээрх хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэмд зааснаар алданги, торгуулийг нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар ногдуулж, уг актыг хүлээн зөвшөөрөх болон биелүүлэх эсэхэд эрх зүйн үр дагавар үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагчийн акт үйлдэх, үйлдсэн актад алданги, шимтгэлийн хэмжээг тодорхой заасан байх, уг алдангийг төлөх хугацааг зааж өгөх, тогтоосон хугацаандаа алдангийг төлөөгүй, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй  тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагааг хийгээгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй болно. Тодруулбал хуулиар тогтоосон алданги шаардахын тулд хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдах ёстой юм.

11.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “*******” ХХК нь 2024 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс 2024-06-26-ны өдөр 6,500,000 төгрөг, 2024-06-27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024-07-22-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024-7-23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024-7-24-ний өдөр 1,100,000 төгрөг, 2024-11-29-ний өдөр 1,000,000 бүгд 13,400,000 төгрөгийг төлж, үлдэх 40,915,670 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн нийт өрнөөс 2024-11-29-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасч 40,915,670 төгрөгийг гаргуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч “*******” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 40,915,670 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын санд оруулж, алданги 20,961,835 төгрөг, илүү нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,000,000 төгрөг бүгд 21,961,835 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12. Нэхэмжлэгч нь 2019 оноос 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрийг хариуцагч “*******” ХХК-иас шаардсан, хариуцагч нь дээрх хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул 2023 оны Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж тус тус заасан.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “*******” ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгэж, даатгуулагчаа хохироож байгаа тул өр барагдуулах ажлын хамтран хийж өгнө үү” гэх хүсэлтийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь дээрх хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцсоныг буруутгах боломжгүй байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/00257 дугаар шийдвэрийг ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн /2023.07.07 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 40,915,670 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн орлогод буюу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт олгож, 21,961,835 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,528 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА                     

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН