| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0693/Э |
| Дугаар | 709 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 709
2019 07 26 2019/ШЦТ/709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Хохирогч О.Бямбадорж,
Шүүгдэгч Ш.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Тд холбогдох эрүүгийн 1809020780602 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1950 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 байр 98 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ш.Т нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Ногоон нуурын 7а-404 тоотод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож О.Бямбадоржоос 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч Бямбадорж бид хоёр хүнээр зуучлуулж уулзсан. Би бичиг баримтаа танилцуулаад тендерийн ажил байна гэж хэлсэн. Тэгээд 10.000.000 сая төгрөгөөр тохирсон. Би Санзайд байдаг газраа үзүүлсэн. Эхлээд надад 5.000.000 сая төгрөг өгсөн. Дараа нь 5.000.000 сая төгрөг чинь хүрэхгүй байна гээд хохирогч над руу дахин 5.000.000 сая төгрөг шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тендер зарлагдсан. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тендер нээгдсэн. Тэгэхэд хохирогч “та тендерийн үеэр байсангүй. Би танд итгэхгүй байна. Тохиролцсон ажлаа буцаалаа” гэж хэлсэн. Тэрнээс болж маргаан болсон. Тендерийн асуудал 21-45 хоногийн хугацаанд шийдэгддэг. Хуулийн хугацаа эхэлж байхад буцаасан. Тэгээд би гэнэт 10.000.000 сая төгрөгийн өрөнд орсон. Би 10.000.000 сая төгрөгнөөс 2.000.000 сая төгрөгийг нь төлсөн. 8.000.000 сая төгрөгийг нь төлөөгүй байгаа...” гэв.
Хохирогч О.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Төрийн удирдлагын аккедемийн захирлын эхнэр Зулаа намайг Тангадтай танилцуулсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гэрээтэй гээд Хандгайтад “ЗБИ” ХХК дээр байгаа га газар дээр орон сууцны төлөвлөлт хийх гээд байна. Энийг барьмаар байна. Захиалагч нь байгаа. Өөрөө материалаа барьж ирээд ах нь хүмүүстэй хоол унд идэх гэсэн юм гээд 3 дугаар сард 5.000.000 сая төгрөг авсан. Би гэрээгээр хийж байгаа ажил юм чинь гэж бодоод 5.000.000 сая төгрөгийг өгсөн. Мөнгө авснаасаа хойш утсаа авахгүй байж байгаад 3 дугаар сарын сүүлээр манай ажил дээр ирсэн. Тэгээд манай ажил гэрт ирээд дахиад мөнгө өгөөч гээд залгаад байсан учраас мөнгө өгсөн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр банк бусаас санхүүгийн байгууллагаас 5.000.000 сая төгрөгийн зээл авч өгөөд цахим үнэмлэхийг нь хуулбарлаж аваад данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би шүүгдэгчид итгээд Хандгайтын зусланд хотхон барих зорилгоор очиж үзсэн. 10.000.000 төгрөгийн 2.000.000 сая төгрөгийг нь миний дансанд хийсэн. Үлдэгдэл 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 1809020780602 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ш.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 онд Бямбадорж гэдэг хүнд тендер авч өгнө гэж хэлээд 10 сая төгрөг авсан. Би хувьдаа зарцуулаад дуусгачихсан. Одоо 8 сая төгрөг төлөх дутуу байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Хохирогч О.Бямбадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сард Улс төрийн академын захирал Уламбаярын эхнэр Мөнхзул надад “хэд хэдэн барилгын ажилтай хүн байна, чи уулзаад үз” гэж анх танилцуулж байсан. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын эхээр Тангадтай уулзсан. Тухайн үед Тангад өөрөө манай ажил дээр ирсэн. Тангад өөрийгөө танилцуулахдаа “манай нэг хамаатны хүн засгийн газрын ордон ажилдаг, Хандгайтад засгийн газрын ажилчидын хороолол барих гэж байгаа бас компаний танилцуулгаа өгчих юм бол таарах ажил санал болгож болно” гэсэн. Тэгээд би компаний танилцуулгаа өгөхөд Тангад 7 хоногийн дараа буцаж манай ажил дээр ирээд бид 2 хамт Хандгайт явж барилга барих гэж байгаа гэх газрыг нь үзсэн. Тэр үед Тангад надад “Хан-Уул дүүрэгт нэг тендэр байна авчих боломж байна” гэж хэлээд надад нэг эмэгтэй хүний дугаар өгч яриулсан. Би Тангадын өгсөн дугаар руу ярьж үзэхэд “Тангадад мөнгө материалаа өгөөд явуулчих тэгээд надтай холбогдож байгаарай” гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 3 дугаар сард 5 сая төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 5 сая төгрөг тус тус өгч нийт 10 сая төгрөгийг Тангадын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш Тангад болон Тангадын яриулсан хүн нь утсаа авахгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,
Гэрч Д.Дулмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би уг хэргийн талаар огт мэдэхгүй байна. Нэг өдөр манай нөхөр Тангад “чам руу хүн ярина, чи тэгэхээр нь “чи хүлээж бай, би ажилтай байна” гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн. Тэгээд би Тангадаас “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад Тангад “чамд хамаагүй, би хүнтэй ажил ярьж байгаа” гэж хэлсэн. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагаас Тангадыг дуудсанаас хойш Тангад надад үнэнээ хэлсэн. Тангад надад “би хүнтэй ажил ярьж байгаа, би мөнгө авчихсан юм, гэхдээ энэ чамд хамаагүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “чи юу гэж хэлээд, ямар хүнээс хэдэн төгрөг авсан юм бэ” гэж хэлэхэд Тангад “чамд хамаагүй миний ажил” гэж уурлаад юу ч хэлээгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 75 дугаар хуудас/,
Гэрч Э.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний найз Эрдэнэбаатар гэх хүн 90106010 гэсэн дугаараас миний 99996064 дугаар руу залган “барилгын ажил гүйцэтгэдэг зөвшөөрөлтэй байгууллага байна уу” гэхээр нь би “байгаа ямар учраас асууж байгаа юм бэ” гэж асуухад Эрдэнэбаатар нь “саяхан хүнтэй танилцсан юм тэр хүн барилгын ажил олж өгч чадна гэнээ тийм болохоор чамд барилга барих зөвшөөрөлтэй байгууллага байна уу” гэж асуусан. Тэгээд би Эрдэнэбаатарт хэлэхдээ “манай сургуулийн шинэ жил дээр ирсэн Бямбадорж барилга барьдаг би тэрэнд хэлье” гэж хэлсэн. Би Бямбадорж руу залгаад “барилга барих зөвшөөрөлтэй байгууллагад барилгын ажил олж өгөх хүн байна гэнээ чи нэг холбогдоод уулзаач” гэхэд “тэгье” гэж хэлээд Эрэнэбаатар руу залган “Бямбадорж уулзаж үзье гэнэ чи нөгөө хүнийхээ утасны дугаарыг өгчих гэж хэлэн дугаарыг нь авч залгаад” тэр хүнтэй ярьсан. Би ярихдаа Эрдэнэбаатарын ярьсан хүн байна. Барилгын зөвшөөрөлтэй хүн байна таньтай уулзья гэнэ гэхэд. Уг хүн нь настай бээрийн хүн байсан бөгөөд манай ажил дээр уулзахаар тохирсон. Удалгүй Тангад гэх нэртэй өвгөн ирээд мөн араас нь Бямбадорж ирсэн. Тэгээд би тэр 2-т кофе цай уулгачихаад байж байхад тэр дараа нь уулзахаар болоод манай ажлаас гараад явсан. Бусад асуудлыг би мэдэхгүй.Над руу Бямбадорж нь утсаар залгаад “Тангад гэх хүн нь хэр найдвартай хүн бэ” гэж асуухаар нь би хэлэхдээ " Би мэдэхгүй надаас Эрдэнэбаатар асуусан. Тэгээд чамайг барилга барьдаг болохоор тус болох санаатай” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрч Н.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Цагаан сарын үеэр аав маань бөөрний дутагдалд ороод Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр төвийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Намайг нэг өдөр сахиж байхад аавтай хамт хэвтэж байсан Тангад гэх өвгөн “хамт тамхилъя” гэж надад хэлээд бид 2 гарч тамхилан танилцсан. Надад хэлэхдээ “ах нь танил тал гайгүй ажил төрөл хөөцөлдөөд бүтчихнэ. Барилгын ажил гүйцэтгэл хийх хүн байвал ахтайгаа холбоод өгөөрэй” гэсэн. Тухайн үед надад ямар нэгэн таньдаг барилгын хүн байхгүй байсан учир би хайгаачгүй. Эмнэлэгээс гарсны дараа 3 дугаар сарын 17-ны өдөр над руу Тангад нь залгаад “Хөвсгөлөөс төхөмийн хужир ирсэн аавдаа ав” гэж хэлэхээр нь би манай аав 3 дугаар сарын 10-ны өдөр нас барсан учир би “надад одоо хэрэггүй” гэж хэлсэн. Уг явдлаас хойш би Мөнхзул найзтайгаа уулзаж суухдаа Тангадыг гэнэт санаад барилгын ажил гүйцэтгэх байгууллага байна уу гэж асуухад. Надад байж магадгүй гэж хэлээд тухайн үедээ гар утасны дугаарыг нь өгчихөөд салсан. Хэсэг хугацааны дараа над руу Мөнхзул залгаад “одоо манай найз Тангадтай уулзах гэж байна” Тангад гэх хүн хэр найдвартай хүн бэ” гэж асуухаар нь би сайн танихгүй аавыг бурхан болохоос өмнө эмнэлэгт хальт танилцаж байсан гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Ш.Т болон Д.Дулмаа нарт бичсэн мессежний хариунууд /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Харилцагчийн дансны хуулга /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
“Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ш.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт хх-ийн 49 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Ногоон нуурын 7а-404 тоотод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож О.Бямбадоржоос 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
хохирогч О.Бямбадоржийн “...Тангад өөрийгөө танилцуулахдаа “манай нэг хамаатны хүн засгийн газрын ордон ажилдаг, Хандгайтад засгийн газрын ажилчидын хороолол барих гэж байгаа бас компаний танилцуулгаа өгчих юм бол таарах ажил санал болгож болно” гэсэн. Тэгээд би компаний танилцуулгаа өгөхөд Тангад 7 хоногийн дараа буцаж манай ажил дээр ирээд бид 2 хамт Хандгайт явж барилга барих гэж байгаа гэх газрыг нь үзсэн. Би 2018 оны 3 дугаар сард 5 сая төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 5 сая төгрөг тус тус өгч нийт 10 сая төгрөгийг Тангадын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш Тангад болон Тангадын яриулсан хүн нь утсаа авахгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Дулмаагийн “...Тангад надад “би хүнтэй ажил ярьж байгаа, би мөнгө авчихсан юм, гэхдээ энэ чамд хамаагүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “чи юу гэж хэлээд, ямар хүнээс хэдэн төгрөг авсан юм бэ” гэж хэлэхэд Тангад “чамд хамаагүй миний ажил” гэж уурлаад юу ч хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ш.Тын “...Би бичиг баримтаа танилцуулаад тендерийн ажил байна гэж хэлсэн. Тэгээд 10.000.000 сая төгрөгөөр тохирсон. Би Санзайд байдаг газраа үзүүлсэн. Эхлээд надад 5.000.000 сая төгрөг өгсөн. Дараа нь 5.000.000 сая төгрөг чинь хүрэхгүй байна гээд хохирогч над руу дахин 5.000.000 сая төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Мөнхзул, гэрч Н.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, харилцагчийн дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Ш.Т нь “Барилгын тендэр авч өгнө” гэж О.Бямбадоржийг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Ш.Тын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, барилгын ажилтай болох гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас Ш.Тыг шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, хохирогч нараас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүгдэгч Ш.Тыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Таас хохирогч О.Бямбадоржид 2.000.000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон байх ба шүүгдэгч Ш.Таас үлдэгдэл хохирол 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бямбадоржид олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Ш.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /өндөр настай/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ш.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Т нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш.Тг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тад оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Таас 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Бямбадоржид олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Тад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН