| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/01200/и |
| Дугаар | 209/МА2025/00021 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 209/МА2025/00021
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 307/ШШ2025/00210 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “махны төлбөр 21,000,000 төгрөг, өөрийн олох байсан орлого буюу хохирол 2,100,000 төгрөг, нийт 23,100,000 төгрөг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...Иргэн ******* нь Дархан зах худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг. 2021 оноос эхлэн “*******” ХХК, түүний захирал *******, ******* нар Ихэр могой зоогийн газартаа надаас мах худалдан авдаг болсон. Мах авсан үедээ миний орлого, зарлага бичдэг дэвтэрт махны хэмжээ болон үнийг бичүүлж, төлбөрийг боломжоороо цувуулаад надад өгдөг байсан.
Анхандаа төлбөрийг дараагийн мах авах үедээ өгчихдөг төлбөрийн хуримтлал бага үүсгэдэг байсан. Сүүлдээ төлбөрөө их хэмжээгээр хуримтлуулдаг болсон, би өмнө нь энэ хүмүүсийг шүүхэд өгч, төлбөрөө гаргуулан авч байсан. Үүний дараа дахиад хуримтлал үүссэн тул 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “*******” ХХК, түүний захирал *******, ******* нарын авсан махны тооцоог *******тай хамт тулгалт хийж надад 21,000,000 төгрөгийн төлбөртэй гэдэг тооцоо нийлж, миний дэвтэрт бичиж , бид хоёр гарын үсэг зурсан. Мөн энэ өдрөөс эхлэн тооцоо хийхээс нааш дахиж мах нийлүүлэхгүй гэдгээ хэлсэн. Би мөнгөө авахаар удаа дараа нэхэж байгаа боловч өнөөдөр маргааш гэж явсаар бүтэн 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Би махны жижиглэн худалдаа эрхэлдэг учир 21,000,000 төгрөг бол надад их хэмжээний мөнгө юм.
Мөн энэ мөнгөний хэмжээгээр миний мах худалдан авч, ашиг олох боломж минь багасаж надад их хохирол учруулж байна. Надаас анх мах авдаг байх үедээ ******* нь “*******” ХХК-ийн захирал байж байгаад компаниа охин *******ынхаа нэр дээр шилжүүлсэн гэж ойлгосон. Иймээс хариуцагч нараас махны төлбөр 21,000,000 төгрөг дээр, өөрийн олох байсан орлого буюу хохирлыг 2,100,000 төгрөгөөр тооцож нийт 23,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. / х.х 1 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
...*******ийн гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцсан боловч нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь бичиг баримт бүрэн бус, хэнээс хэн гэдэг хүний гарт ямар албан тушаалтанд өгч авсан нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. / хх 43 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “*******” ХХК-иас 21,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,100,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 262,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олго ж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрч ******* нь мэдүүлэгтээ 21,000,000 төгрөгийг төлбөр мөнгө болсон байна гэдгийг захирал *******д хэлж байсан, мөн тооцоо нийлсэн дэвтрүүд “*******” ХХК-д байхгүй олдохгүй байж байтал гэрч ******* нь гаргаж өгсөн, 2020 оны шүүгчийн захирамжаар 13,000,000 төгрөгийг төлөх төлбөрийг ******* болон ******* нарын хооронд эвлэрлийн гэрээ хийгдсэн нь хуулийн этгээдээр хийгдээгүйг шүүх анхаараагүй мөн ******* нь бууз, хуушуурын цайны газраас өөр цайны газар өөрөө хувиараа ажиллуулж байсан гэдэг дээр анхаарал хандуулж нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан бодитой дүгнэлт хийж чадаагүй. Нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүйгээс болж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Тус махны төлбөр 21,000,000 төгрөг нь нотлох баримтуудаас дүгнэхэд ******* гэх гэрчтэй шууд шалтгаант холбоотой байхад “*******” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 108 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигч талуудын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан махны үнэ 21,000,000 төгрөг, олох байсан орлого 2,100,000 төгрөг бүгд 23,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.
9. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-ийн хариуцан ажиллуулдаг цайны газарт 2016 оноос эхлэн мах нийлүүлдэг байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан гэрч *******, , , нарын мэдүүлэг, тооцооны дэвтэр зэрэг баримтаар тогтоогдсон байна. / х.х 1, 70-71, 74-75, 62, 60-61 /
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д нийлүүлсэн махны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж,
Харин нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд мах худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй, *******ыг хариуцагчаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
10. Хэрэгт авагдсан ...он сар өдрийг 2023.12.16 гэж, тооцооны дүнг 21,000,000 төгрөг гэж, тулгасан , гэх бичвэр бүхий гар бичмэл эх хувь баримт, уг тооцоог нийлсэн гэх гэрч *******ын мэдүүлгээр “*******” ХХК нь өөрийн ажиллуулдаг байсан зоогийн газарт *******ээс 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар худалдан авсан махны үнэ 21,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч “*******” ХХК-иас махны үнэ 21,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
11. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн олох байсан орлого 2,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж үзэж, нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
12. Гэвч нэхэмжлэгч нь уг хохирлоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж орох байсан орлого 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг засаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүйгээс болж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтуудаас дүгнэхэд махны төлбөр 21,000,000 төгрөг нь ******* гэх гэрчтэй шууд шалтгаант холбоотой байхад “*******” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 307/ШШ2025/00210 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т” заасныг баримтлан гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Г.МЯГМАРСҮРЭН