Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 5103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-35, Макс центр 508 тоотод байрлах, Премиум конкрит ХХК /РД:5528534/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цогт овогт Эрдэнэцогтын Гэрэлбаатар /РД:ОЕ91082853/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанбат, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                                      

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Гэрэлбаатар нь 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан манай компанид цахилгаанчинаар ажилд орсон. Э.Гэрэлбаатарын хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлын байрыг 2013 оны 10  дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл Э.Гэрэлбаатар нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр компанийн нэр дээр “Юнител” ХХК-иас лизингийн нөхцөлтэйгээр авсан Самсунг S4 маркийн 1.299.000 төгрөгийн үнэтэй гар утасны үнийг төлөлгүй авч явсан байна. Энэ гар утасны төлбөрийг 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манай компани “Юнител” ХХК-д төлж барагдуулсан. Мөн ажиллаж байх хугацаандаа компанид төлөх ёстой төлбөр 105.880 төгрөгийг төлөлгүй гарч явсан. Иймд иргэн Э.Гэрэлбаатараас 1.404.880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Э.Гэрэлбаатар нь бүртгэлтэй хаягаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид Э.Гэрэлбаатарын хаягийг өөрсдөө олж тогтоох боломжгүй тул Э.Гэрэлбаатарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цогт овогт Эрдэнэцогтын Гэрэлбаатар /РД:ОЕ91082853/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2016/17390 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж авагдсан байна.

Уг захирамжаар Премиум конкрит ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Гэрэлбаатарт холбогдох 1.404.880 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цогт овогт Эрдэнэцогтын Гэрэлбаатар /РД:ОЕ91082853/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь Э.Гэрэлбаатарыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

         Хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК-тай холбоо барих утас: 70143311, 88098270 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цогт овогт Эрдэнэцогтын Гэрэлбаатар /РД:ОЕ91082853/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 107.650 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 37450 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Премиум конкрит ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Премиум конкрит ХХК-тай

холбоо барих утас: 70143311, 88098270 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА