| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0684/Э |
| Дугаар | 710 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 710
2019 07 26 2019/ШЦТ/710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1809055660460 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Голден вилл” хотхоны СӨХ-д харуул ажилтай, ам бүл 9, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол, Хангай хотхоны 515 дугаар байрны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 53 дугаар байрны орцон дотор иргэн Н.Даваахүү рүү эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэн довтолж түүний өмчлөлийн “Скай вега А-910” маркын гар утсыг дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар байрны 2 давхарт иргэн Т.Батчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн түүний ам, анус үтрээ зэрэгт бэлэг эрхтнээ хийх замаар хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 1809055660460 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад би нэг охинтой 100-н айлын автобусны хойд буудал дээр уулзсан. Тэр охиныг унаанд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд би ганцаараа алхаад 100-н айлын “Жоби” худалдааны төвийн арын туслах замаар алхаж явсан. Тэгэхэд миний урд 30-40 орчим насны нэг эгч ганцаараа алхаж явсан. Тэгэхээр нь би тэр эгчийн араас нь дагаад алхсан. Тэр эгч “Жоби” төвийн туслах замаар явж байгаад нэг байр руу орсон. Би араас нь орсон. Орцоор ороод 1 дүгээр давхраас 2 дугаар давхар руу гарах хооронд нь би тэр эгчийн араас очоод куртикных нь баруун талын мөрнөөс нь бариад зулгаагаад, араас нь гараараа боосон. Тэгсэн чинь тэр эгч гартаа барьж байсан түлхүүрээрээ миний зүүн гарын алганы арын хэсгийг бага зэрэг урчихсан. Тэгээд тэр эгч бид хоёр шатан дээр ноцолдсон чинь тэр эгчийн хар өнгөтэй гар утас шатан дээр уначихсан байсан. Би гар утсыг аваад зугтаасан… 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед манай найз Хэрлэн гэрт ирсэн. Хэрлэн бид хоёр манайхаас гараад “Сандэй” плаза орж Хэрлэнгийн таньдаг эгчид туслаад байж байтал найзууд болох Отгондэлгэр Энхжаргал хоёр Хэрлэн рүү залгаж дуудсан. Тэгээд Хэрлэн бид хоёр “Сандэй” худалдааны төвөөс гараад нөгөө хоёрын байгаа 100-н айлын автобусны буудлын урд талын Смайл гэдэг нэртэй бааранд очсон. Уг бааранд ороход Отгондэлгэр Энхжаргал хоёрын өөдөөс хараад 30 гаран насны танихгүй нэг эгч сууж байсан. Бид дөрөв 1 шил 0,75 литрийн архи, 2 шил пиво нэмж захиалж уусан. Тэгээд уг баарыг хаатал тэндээ бүжиглэж байцгаасан. Тэр 30 гаран насны эгч бааранд байхдаа өөр өөр ширээн дээр дамжиж суугаад байсан. Тэгээд яг бид нарын сууж байсны арын ширээн дээр бас очиж суусан. Тэгээд шөнийн 01 цаг 30 минут өнгөрч байхад баар хаахаар болж Энхжаргал, Хэрлэн бид гурав цуг гарсан. Би баарнаас гарангуутаа гэр рүүгээ явахаар ганцаараа салж алхсан. Тэгээд явж байтал миний урдхан талд нөгөө 30 гаран насны эгч, нэг танихгүй ахтай маргалдаж байсан. Тэр ах нөгөө эгчийг авч явах гээд байгаа бололтой байхаар нь би тэр хоёр дээр явж очоод “Ахаа наад эгч чинь таньтай явахгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлээд цаашаа алхсан чинь нөгөө эгч намайг сугадаад авсан. Тэгээд би тэр ахаас холдох гэж байгаа юм байна гэж ойлгоод сугадалцаж алхсаар 100-н айлын Жоби худалдааны төвийн хойд талын зам руу орсон. Тэгээд чигээрээ явсаар байтал нэг балгас болсон 2 давхар цагаан барилгын гадаа ирсэн. Тэгсэн тэр эгч “бие засмаар байна” гээд уг балгас болсон барилга руу орсон. Тэгээд би зогсож байсан чинь тэр эгч надаас “Буудлын мөнгө байгаа юм уу” гэж асуухаар нь “Байхгүй, өөрт чинь байхгүй юм уу” гэж асуутал байхгүй гэж хариулсан. Тэгээд тэр эгч намайг “хоёулаа дээшээ гаръя” гэхээр нь би хамт балгас болсон барилга руу орж цуг дээшээ 2 давхар руу гарсан. Тэгээд шатаар гараад баруун тийшээ алхтал нэг харанхуй өрөө байсан. Тэр өрөөнд цуг орсон чинь газраар нэг матрас шиг гудас байсан. Би тэр эгчийн өмд, дотоожийг нь өвдөг хүртэл нь шувтлаад тэр эгчтэй бэлгийн харьцаанд орсон. Би бэлгийн ажил хийж байх явцдаа “Минийх босохгүй байна ” гэж хэлсэн чинь тэр эгч “хайрт минь би хөхөөд өгье” гэж хэлэхээр нь би ам руу нь бэлэг эрхтнээ хийж хөхүүлсэн. Тэгээд дахиж тэр эгчтэй бэлгийн харьцаанд орж би гадуур нь дур тавьсан. Тэгээд бэлгийн ажил хийгээд дууссан чинь миний цүнхэнд ОО-ийн цаас байгаа гэхээр нь би уг 00-ийн цаасыг авч өгсөн. Тэгээд тэр эгч хувцасаа өмсөөд, би тэр харанхуй өрөөнөөс ганцаараа гараад явсан. Би гарч яваад гэр рүүгээ алхаж явснаа буцаад эмэгтэй хүнийг ганцааранг нь үлдээгээд муухай зүйл болчихлоо гэж бодоод буцаад алхтал “тэр эгч харанхуй өрөөнөөс гарч ирж байсан” тэгэхээр нь би очоод “зүгээр үү” гэж хэлсэн чинь намайг эхлээд сугадсан. Тэгээд цуг гарах санаатай алхтал тэр эгч багананы цаагуур ороод нөгөө харанхуй өрөөний цонхоор үсрэх гээд хөлөө унжуулсан. Тэгэхээр нь би унаад үхчихэж магадгүй гэж бодоод айгаад ганцаараа гараад явсан. Тэр шөнө би гэртээ очиж хоносон. Гэрт ороод цаг харахад шөнийн 02 цаг 30 орчим минут болж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 112-113 дугаар хуудас/,
Хохирогч Н.Даваахүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 04 цаг 40 минутаас 05 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 53 дугаар байр руу орсон. Араас нэг эрэгтэй хүн орж ирж байсан ба шатаар өгсөөд хоёрдугаар давхарт гарах үед миний араас нэг хүн боож унагаагаад надтай ноцолдсон. Миний толгой руу цохисон энэ үед гадуур өмсөж явсан хувцасны халаасанд байсан гар утас газарт унасан. Нөгөө залуу миний гар утсыг аваад зугтаасан. Скай вега А-910 маркийн гар утас байсан. Гар утсаа 230.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утасны 180.000 төгрөг утасны үнэлгээ хийлгэхээр өөрөөсөө гаргасан 18.000 төгрөгийн зардлаа бүрэн барагдуулж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 19-20 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Скай вега 910 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд “...Хар өнгийн Скай-910 маркийн дэлгэц нь баруун хэсгээрээ хагарсан гар утсыг түр хураан авав...” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-54 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Батчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....Би 2019 оны 02-р сарын 03-ны 20 цагийн үед 100 айлийн буудал дээр байдаг нэг бааранд ганцаараа пиво уух гэж орсон. Тэгээд тэнд 3 шил “Сэнгүр” пиво уучихаад хажуу талынх нь “Smile” нэртэй бааранд ороод 1 пиво авч уугаад сууж байхад үл таних 20 гаран насны 4 залуу над дээр ирж миний сууж байсан ширээн дээр надтай хамт суусан. Тэгэхээр нь би өөрөө босч яваад өөр ширээн дээр очиж суусан. Нэг танихгүй залуу надад нэг пиво авч өгсөн. Тэгээд тэр залуутай юм ярьж сууж байгаад шөнө 23 цагийн үед гэртээ харихаар баарнаас гарсан. Миний сууж байсан ширээн дээр ирж суусан 4 залуугийн нэг нь над дээр ирээд надад пиво авч өгсөн ганцаараа явж байсан залууг цохиж унагаад намайг шууд чирээд дагуулаад гарсан. Би эсэргүүцсэн боловч намайг чирээд аваад явсан. Нэг барилгын нурсан балгас дотор орсон. Би их согтсон байсан учир яг хаана гэдгийг нь сайн иэдэхгүй байна. Тэр залуу намайг нурсан балгас руу чирч ороод “чамайг дуугарах юм бол ална шүү” гээд байсан. Мөн “Би тавьж чадахгүй бол чамайг ална шүү” гээд байсан. Тэр залуу миний өмдийг тайлж намайг 1 цаг гаран хүчиндсэн. Миний бэлэг эрхтэн болон анус руу бэлэг эрхтнээ хийсэн. Надаар бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Миний толгой руу олон удаа цохисон. “Бэлэг эрхтэндээ юм шахуулсан 3 залуу авчраад чамайг хүчиндвэл чи тэсэх үү” гээд хоолой боогоод байсан. Намайг хүчиндсэн залуу надаас бага зэрэг намхан нуруутай, туранхай, гөлийсөн цагаан царайтай, хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн цамцтай байсан. Би өмд гутлыг нь анзаарагүй. Тэр залуу намайг хүчиндэж дуусаад намайг балгас дотор хаяаад явсан. Би гарч ирээд харсан чинь 100 айлын 2 давхар цагаан байрны балгас байсан. Би маш их гомдолтой байна. Надад бие махбод болон сэтгэл санааны хохирол учирсан. Энэ явдлаас хойш юмыг мартаж санадаг болж даралтны эм байнга уудаг болсон. Урагдсан хувцасныхаа мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-64 дүгээр хуудас/,
Гэрч Л.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Худгийн зүүн талд байсан балгас болчихсон 2 давхар цагаан байшингийн 2 давхарын цонхоор нэг эмэгтэй хүн орилоод уйлж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би худгийн цаагуур эргээд хартал миний уулзах гэж байсан ах, нэг найзтайгаа цуг нөгөө балгас болсон байрны доор гадаа нь зогсож байсан. Тэгээд очоод “юу болов” гээд асуутал таньдаг ах маань надад хэлэхдээ “Энэ хүүхэн хүнд хүчиндүүлчихсэн гээд орилоод байна” гэж хэлсэн. Намайг очиход тэр эмэгтэй балгас болсон цагаан байрны 2 давхрын цонхоор хөлөө унжуулчихсан “хөлдлөө, цагдаа дуудаад өгөөч, би хүнд хүчиндүүлчихлээ” гээд орилоод уйлж байсан. Тэгээд 2 таньдаг ахад маань утас байхгүй байсан тул би өөрийн 8869-2585 дугаарын утаснаас 102 дугаарын утас руу залгаж “энд нэг эмэгтэй хүнд хүчиндүүлсэн гээд уйлаад байна” гэж дуудлага өгсөн. Ахын найз орж туслах уу гээд байсан. Би явъя гэж хэлсэн. Тэгээд ямартай ч цагдаа ирэхийг хүлээж байтал удалгүй машинтай 2 цагдаагийн алба хаагч ирсэн. Тэгээд гар чийдэн тусгаад тэр цагаан байр руу орсон. Бид гурвыг явж бай гээд явуулсан. Тэр эмэгтэй уйлаад их удсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч П.Номтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 4 дүгээр байрны 10 тоот гэртээ байж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз Өлзий манай гэрийн хаалгыг тогшоод “Усанд явъя, карт чинь байна уу” гэхээр нь би картаа аваад Өлзийтэй цуг худаг руу явсан. Манай худаг байрнаас гараад 10 метр яваад байдаг. Өлзий бид хоёр усаа авчихаад зогсож байтал манай хажуу талын 3 дугаар байрны 2 давхарын хамгийн мухрын цонхноос нэг эмэгтэй нэг хөлөө гадагшаа унжуулчихсан “Туслаарай, цагдаа дуудаад өгөөч” гэж орилж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь дөхөж очоод 3 дугаар байрны гадна доод талаас “Чи юу хийж байгаа юм бэ, юу болсон юм бэ" гэж асуутал “Намайг хүн хүчиндээд зугтаачихсан, орж ирээд намайг авраач эсхүл цагдаа дуудаад өгөөч” гээд нэлээд согтсон бололтой орилоод байсан. Тэр эмэгтэй ойролцоогоор 30 орчим насны хүн байх шиг байсан. Тухайн үед цаг шөнийн 01 цаг болж байсан. Тэгэхээр нь “Чи юу хийж наадах руугаа орсон юм бэ, ямар хүн юм бэ” гэж асуутал “намайг “Смайл” гэдэг баарнаас дагуулж гарч ирсэн, намайг хүчиндсэн хүн энд доороос харж байж магадгүй юм шиг байна” гэхээр нь тэгвэл бид хэд орохгүй ээ, харин цагдаа дуудаад өгье гэж хэлсэн. Тэгж байтал манай хуурай дүү Тэмүүжин араас хүрээд ирсэн. Таныг яачихваа гээд эгч асуугаад байна гээд ирэхээр нь “Энд нэг хүүхэн туслаач, цагдаа дуудаад өгөөч гээд байна, эсхүл орж туслах уу” гэтэл Тэмүүжин болохоор “яах юм бэ, орж яах гээд байгаа юм бэ” гээд бид гурав ороогүй. Тэгээд Тэмүүжингийн гар утаснаас цагдаад “Энд нэг эмэгтэй хүчиндүүлсэн гээд цонхоор орилоод байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд гадаа нь хараад зогсож байтал эргүүлийн машинтай 2 цагдаа ирээд бид хэдийг “та нар яв” гээд явуулсан. Бид хэд тэр эмэгтэйн байгаа газар руу дотогш ороогүй учир яг юу болсон талаар нүдээр хараагүй. Тусламж гуйгаад орилоод байхаар нь цагдаа дуудаж өгч тусалсан. Энэ явдлын талаар өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Гэрч Г.Өлзий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 03-наас 2019 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө миний санаж байгаагаар 00 цаг өнгөрч байхад ус авах гээд 100-н айлын 10 дугаар байранд байдаг гэрээсээ гарсан. Тэгээд усны картгүй байсан тул 100-н айлын 4 дүгээр байранд байдаг найз Номтөгсийн гэрт очсон. Номтөгсийн усны картыг авхуулаад цуг бид хоёр худаг дээр очсон. Очоод усаа авчихаад зогсож байтал худагны хажууханд байдаг балгас болсон 3 дугаар цагаан байрны 2 давхарын цонхоор нэг эмэгтэй хүн өрөөсөн хөлөө унжуулчихсан согтуу болоптсй “Би хүчиндүүлчихлээ, цагдаа дуудаад өгөөч” гэж орилж байсан. Тэгэхээр нь Номтөгс бид хоёр дөхөж очоод “юу болсон талаар асуухад” тэр эмэгтэй өөдөөс “баарнаас гарч ирсэн, нэг залуу намайг энд хүчиндчихлээ” гээд орилоод байсан. Тэр үед манай хуурай дүү Тэмүүжин ирээд түүний утаснаас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд бид нарыг яв гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнхтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 03-ны 08:30 цагаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08:30 цаг хүртэл Бэлх-111 чиглэлд машинт эргүүлийн цагдаа дэд ахлагч Отгонбаярын хамт Сүхбаатар дуүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03 цаг енгөрч байхад хэлтсийн жижүүр болох Бэлх-10-аас “СБД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 2 давхараас эмэгтэй хүн бусдад хүчиндүүлсэн туслаарай гээд орилоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу жолооч цагдаа Отгонбаярын хамт очиж шалгахад 3 дугаар байрны 2 давхарын хамгийн урд талын цонхон дээр 30 гаран насны согтуу эмэгтэй хүн 2 хөлөө урагш унжуулчихсан уйлаад сууж байсан. Тэгээд гадаа нь жолооч цагдаагаа үлдээгээд би өөрөө байр руу дотогш орсон. Очоод уг эмэгтэйг цонхноос эвтэйхэн буулгаж юу болсон талаар асуухад “Би хүчиндүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ямар хүн байсан бэ” гэж асуухад 100-н айлын замын урд талын “Смайл” гэдэг бааран дотор байсан залуу намайг хүчиндсэн, тэгээд зугтаагаад явчихлаа. Тэр залуу намайг баарны гаднаас дагаж явж байгаад энэ байр руу чирч авчираад хүчиндсэн. Миний хамаг хувцасыг тайлаад “намайг тавиулж чадахгүй бол ална шүү” гэж айлгасан. Намайг багалзуурдсан цохисон гэж яриад байсан. Тэр эмэгтэйн биеийн байдлыг харахад үс нь арзайсан, ил харагдах гэмтэлгүй харагдсан. Тухайн газарт нь хэргийн газрын үзлэг хийлгэхээр жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Хохирогчийн өөрийнх нь цүнх гээд нэг жижиг үүргэвч газраар хаягдчихсан, бас нэг эрэгтэй хүний хар өнгийн бугуйн цаг байсныг хохирогчоос асуухад минийх биш, нөгөө хүчиндсэн залуугийн эд зүйл гэж хэлсэн. Мөн тэр хэрэг гарсан гэх газарт матрас байсан ба ойр орчимд нь базчихсан ОО-ийн цаас харагдаж байсан. Мөн матрасан дээр шингэн зүйлээр бохирлогдсон байсныг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Гэрч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 03-ны 08.30 цагаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08.30 цаг хүртэл Бэлх-111 чиглэлд машинт эргүүлийн офицер дэслэгч Г.Мөнхтулгын хамт Сүхбаатар дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03 цаг өнгөрч байхад Бэлх-10-аас “СБД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 2 давхраас эмэгтэй хүн бусдад хүчиндүүлсэн туслаарай гээд орилоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу офицер Мөнхтулгын хамт очиж шалгахад 3 дугаар байрны 2 давхарын хамгийн урд талын цонхны тавцан дээр 30 гаран насны согтуу эмэгтэй хүн 2 хөлөө унжуулчихсан уйлаад сууж байсан. Ороод уг эмэгтэйг цонхноос буулгаж юу болсон талаар асуухад “би хүчиндүүлчихлээ” гэж хэлсэн. 100-н айлын замын урд талын “Смайл” гэдэг бааранд сууж байгаад гараад явж байтал “чамайг хүн дагаад байна 2-уулаа ийшээ орж нуугдая” гэж хэлээд дагуулж яваад энд авчирч зодож хүчиндсэн. Тэгээд зугтаачихсан гэж ярьсан. ‘'Миний хамаг хувцасыг тайлаад “намайг тавиулж чадахгуй бол ална шуү” гэж айлгасан, тэгээд намайг багалзуурдсан цохисон гэж яриад байсан. Тэр эмэгтэйн биеийн байдлыг харахад үс нь арзайсан байсан. Нүүр нүдний гэмтлийг нарийн сайн хараагүй. Тухайн газарт нь хэргийн газрын үзлэг хийлгэхээр жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Хохирогчийн өөрийнх нь цүнх гээд нэг жижиг үүргэвч газраар хаягдчихсан, бас нэг эрэгтэй хүний хар бугуйн цаг байсныг хохирогчоос асуухад минийх биш, нөгөө хүчиндсэн залуугийн эд зүйл гэж хэлсэн. Мөн тэр хэрэг гарсан гэх газарт матрас байсан ба ойр орчимд нь базчихсан оо-ийн цаас харагдаж байсан. Ингээд уг газрыг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэрч Н.Отгондэлгэрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Гэрч Ц.Энхжаргалын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Гэрч М.Хэрлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Сандэй” худалдааны төв рүү явж таньдаг эгчийнхээ барааг янзлаж өгөх ёстой байсан тул Болорхуяг надруу өдрийн 15 цагийн үед залгасан. Би Болорхуягийн гэрийн гадаа 16 цагийн үед очсон. Тэгээд цуг “Сандэй” худалдааны төвд очиж хүний бараа янзлаж өгсөн. Оройны 20 цагийн үед Отгондэлгэр манай найз Болорхуяг руу залгаад “100-н айлын Смайл гэдэг бааранд сууж байна хүрээд ир” гэхээр нь уг бааранд 21 цаг өнгөрч байхад очсон. Очсон чинь Смайл гэх бааран дотор Отгондэлгэр, Энхжаргал хоёр дундаа 1 шил архи, 2 шил пиво ундаа, самартай авчихсан сууж байсан. Тэгээд бид дөрөв тэр архи пивийг ууж дуусгачихаад дахиад 1 шил архи, 2 пиво мөн ундаа самарны багц авсан. Болорхуяг бид хоёрыг бааранд ороход Энхжаргал, Отгондэлгэр хоёрын өөдөөс хараад 30 гаран насны нэг эгч пиво уучихсан сууж байсан. Тэгээд Болорхуяг бид хоёр яваад ороход тэр эгч босоод хажуугийн ширээн дээр 2 эмэгтэйтэй очиж суусан. Тэгээд нэг их удалгүй арын ширээний залуучуудтай тэр 3 эмэггэй нийлээд суучихсан юм ярьж байсан. Тэгээд тэр эгч босож ирээд Болорхуягтай бүжиглэсэн, бас Энхжаргалтай бүжиглэсэн, арын ширээний залуучуудтай бас бүжиглэж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1158 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1598 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2587 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шинжээч Ш.Пүрэвдулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ариун цэврийн цааснаас холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь 1158 дугаар дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. 1598 дугаартай шинжилгээгээр дээрх ариун цэврийн цааснаас илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь Болорхуяг Батчимэг нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа нь тогтоогдсон байна. Дүгнэлт гаргахдаа эр бэлгийн эсийн болон хучуур эсийн буюу эрэгтэй эмэгтэй хүний холимог ДНХ-н тогтоц тогтоц нь Болорхуяг, Батчимэг нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хучуур эс гэдэг нь хүний биеийн хучуур эдийн эсүүдийг хэлдэг. Энэ нь арьс салст эд эрхтнүүдийн гадуур хучиж байдаг эс бөгөөд хүний биеэс өдөр тутамд ялгарч байдаг. Мөн үрэлцэх, шүргэлцэх үед гадаргууд наалдаж үлддэг ба биеийн шингэнүүд болох шүлс, үтрээний шүүрэл зэрэгт агуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл салстны хамт ялгарч байдаг. Хохирогчийн үтрээний шүүрэлд агуулагдаж байсан хучуур эсийн ДНХ нь ариун цэврийн цаасан дээр илэрсэн гэж хэлж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 116-117 дугаар хуудас/,
Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-120 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд “...нарийн мөртэй хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, нарийн мөртэй цайвар шаргал өнгийн гэдэсний даруулга 1 ширхэг зэргийг хохирогч Т.Батчимэгээс хураан авав...” гэжээ /хх-ийн 122 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан цэнхэр өнгийн 2 тасалгаатай урд хэсэгтээ дардаг товчтой дотроо олон тооны эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэлтэй 2 салаа үүргэвтэй цүнхийг хохирогчид хүлээлгэн өгөв....” гэжээ /хх-ийн 123 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хар өнгийн резинэн оосортой элэгдэж хуучирсан эрэгтэй хүний бугуйн цаг нэг ширхэгийг хүлээлгэн өгөв...рүлээн авсан Б.Б...” гэжээ /хх-ийн 124 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хөхний даруулга, гэдэсний даруулга болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 26.400 /хорин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 184-185 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 139, 142 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт хх-ийн 145 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 дүгээр хуудас/, “Голден вилл” СӨХ-ны тодорхойлолт /хх-ийн 146 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 147-151 дүгээр хуудас/, гэрч М.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/, гэрч Э.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/, гэрч А.Ануужингийн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/, гэрч Ц.Хумбаны мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/, хохирогч Н.Даваахүүгийн хүсэлт /хх-ийн 171 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь:
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 53 дугаар байрны орцон дотор иргэн Н.Даваахүүгийн эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэн түүний өмчлөлийн “Скай вега А-910” маркын гар утсыг дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Даваахүүгийн мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
2019 оны 02 дугаар сарын 03-наас 2019 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар байрны 2 давхарт иргэн Т.Батчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн түүний ам, анус, үтрээ зэрэгт бэлэг эрхтнээ хийх замаар хурьцал үйлдэж хүчиндсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Т.Батчимэгийн мэдүүлэг,
Гэрч Л.Тэмүүжин, П.Номтөгс, Г.Өлзий, Г.Мөнхтулга, Б.Отгонбаяр нарын мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
Шинжээч Ш.Пүрэвдуламын мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1158, №1598, №2587 дугаартай дүгнэлтүүд,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь “Хүчиндсэн”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэсэн хэд хэдэн нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчидөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,” “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Даваахүүгээс “...бүх хохирлоо төлүүлж авсан тул гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн171/ илэрхийлсэн байх тул түүнийг уг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд хохирогч Т.Батчимэгийн нэхэмжилсэн 45.000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь тогтоогдсон тул түүнийг уг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.
Б.Б нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Мөн шүүх шүүгдэгч Б.Бт хүчиндэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бийн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялуудыг хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Скай вега А-910 маркийн гар утас 1 ширхэг, хар хөх өнгийн нойлын цаас 1 ширхэг, хөвөн даавууны хэсэг 1 ширхэг, үс 1 ширхэг, хар хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, шаргал өнгийн гэдэсний даруулга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Б.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Скай вега А-910 маркийн гар утас 1 ширхэг, хар хөх өнгийн нойлын цаас 1 ширхэг, хөвөн даавууны хэсэг 1 ширхэг, үс 1 ширхэг, хар хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, шаргал өнгийн гэдэсний даруулга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН