Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2025/00022

 

 

“*******” ХХК
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00181 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах" тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            ...”Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь “*******” ХХК болон түүний хамаарал бүхий этгээд болох “” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-ЭИ-З 2018-182 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 сая ам.долларын зээлийг жилийн 9.24 хувийн хүүтэйгээр, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу зээлийн эхний олголт хийснээс хойш 7 жилийн хугацаатайгаар олгохоор болсон. Зээлийн гэрээнд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3,250,000.00 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,375,000.00 ам доллар, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,200,000.00 ам.доллар нийт 9,825,000.00 ам.долларыг олгосон байдаг.

Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-ЭИ-З 2019-128 зээлийн гэрээг шинэчлэн ам.долларын зээлийг монгол төгрөг рүү хөрвүүлээд шинэчилж байгуулсан. Ингэхдээ зээлийн үлдэгдэл 26,856,932,250.00 төгрөг болгон өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан “*******” ХХК болон “*******” ХХК-ийн барьцаалсан барьцаа хөрөнгө буюу барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нараас зээлийн төлбөрийг төлөхгүй удаа дараа зөрчсөн тул Хөгжлийн банкны зүгээс “*******” ХХК-ийг хариуцагчаар татан шүүхэд хандсан.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-иас 31,372,680,401.15 төгрөгийг гаргуулж, тус компанийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Барьцаа хөрөнгийн тухайд банкны барьцаалсан бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны нэг тал болох “*******” ХХК-ийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх үндэслэлгүй учраас “*******” ХХК-д холбогдох барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр нь “*******” ХХК-тай холбоотой барьцааны гэрээний маргаан шийдвэрлэхэд саад болохгүйг шүүхийн шийдвэрт дурдсан.

“*******” ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийн өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй учраас хамтран хариуцагчаас хамтран үүрэг хүлээх үүргийн хүрээнд төлбөр шалгах, хамтран хариуцагч “*******” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг Хөгжлийн банканд шилжүүлэн өгөх, зах зээлийн үнээр худалдан борлуулж төлбөрийг шилжүүлэх зэргээр тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч барьцаа хөрөнгийг худалдан борлуулаагүй, нэг ч төгрөг төлөөгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа хэдий ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа, тус хөрөнгүүд нь өр төлбөрийг төлж хүрэхгүй, хангалтгүй байгаатай холбоотой учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж тогтоолгох шаардлагатай болсон.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, мөн зүйлийн 242.6 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй. гэж тус тус заасан.

Хамтран зээлдэгч буюу “*******” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоолгож, 6 барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг гаргаж байна. Барьцаа хөрөнгүүдийн тухайд нэхэмжлэл дээрээ хүснэгтлээд өгсөн байгаа. Эхний шаардлагыг хамтран уу гэдгийг тогтоосон тохиолдолд гэж ойлгохгүй өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нөхцөлд гэдэг байдлаар тус тусад нь бичсэн. Иймд зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж оролцуулан, барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үүсэж байна гэжээ. / х.х 1-4 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлөх хүүгийн хэмжээнд маргаагүй. Иймд зээлийн үндсэн төлбөрт 26,856,932,250 төгрөг, хүү 5,115,748,151.15 төгрөг 31,972,680,401.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэл гаргаснаас хойш тооцогдсон хүү болох 1,815,764,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээг цуцлах шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд зээлийг хугацааны өмнө төлүүлэхээр зээл, зээлийн хүүгээ буцаан шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.

...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд дээрх заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй...” гэж зааж зээлийн өр төлбөрийн дүн болон үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгүүдийг тодорхой заасан болно.

...үүрэг гүйцэтгэгчээ сонгоод зээлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсэн, мөн “*******” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаад шүүхээс хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хэрэглэгдэх заалт биш бөгөөд шүүх шийдвэрлэхээс өмнө хэрэглэгдэх байсан заалт.

“*******” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуультай бөгөөд уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа, биелэгдэх боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын хөгжлийн банк ХХК нь үүрэг гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг сонгож шийдвэрлүүлсэн, “*******” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд түүний барагдуулах үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга зам, хөрөнгийг нэгэнт тогтоосон байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.6-т "... нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа..." гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  / х.х 97-99 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-ийг “*******” ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгуулах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК -ийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 24750 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар Э-2, НТД-, үйлдвэрлэлийн зориулалттай газар, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 552,300,000 төгрөгийн үнэ бүхий, гурилын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 111,580,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 16,100,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 303,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 291,060,000 төгрөгийн үнэ бүхий, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 931 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 508,340,000 төгрөгийн үнэ бүхий, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 274.92 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 96,040,000 төгрөгийн үнэ бүхий, спорт заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 60 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий, под станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 72 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 38,220,000 төгрөгийн үнэ бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлах, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3,640,000 төгрөгийн үнэ бүхий, гүний худагны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд “*******” ХХК-ийн хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэх хэмжээний хөрөнгөтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эд хөрөнгө нь хангалттай байгаа талаар холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгч байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйд гомдолтой байна.

...шүүхээр шийдвэрлэгдэж байх хугацаанд “*******” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулах эрх нь байсан боловч хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан.

...Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс тодорхой хэсгийг хамтран хариуцуулах болсон хуулийн зохицуулалт хэрэглээгүй.

 б. Анхан шатны шүүхээс “*******” ХХК-ийн барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна.

...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь “******* ХХК-ийн бүхэлд нь гүйцэтгэх үүрэг болсон. Анх төлөх үүрэгтэйгээ холбогдуулан барьцааны гэрээ байгуулсан байсан.

“*******” ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд ...нөхөх хариуцлагыг “*******” ХХК нь хүлээгээгүй. Батлан даалтын гэрээ буюу нөхөх хариуцлага хүлээхээр гэрээ байгуулаагүй.

Тиймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны үүргийг дангаар шийдвэрлэх боломжгүй юм.

б. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой

шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар тогтоосон бөгөөд талуудын хооронд 2018 онд байгуулагдсан зээлийн гэрээ, 2019 онд байгуулагдсан барьцааны гэрээнүүдийн улмаас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

в. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “*******” ХХК-ийн барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт банкны зүгээс гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хэргийг хэрэгсэхгүй болгох нь тус тусдаа өөр үр дагавартай гэдгийг мэдсээр байж анхан шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 177-181 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

8. ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 31,972,680,401.15 төгрөг олгуулах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-ийг ******* ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгуулах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-ийн барьцааны /нэр бүхий/ ... үл хөдлөх эд хөрөнгүүдийг  албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

10. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч “...Банктай байгуулсан зээлийн гэрээний харилцааг шүүх дүгнэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон, өмнө нь шүүхээр шийдвэрлэх явцад ******* ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргээс судлан үзвэл:

11. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-ЭИ-З 2018-182 дугаартай Зээлийн гэрээгээр Хөгжлийн банк нь “*******” ХХК, “*******” ХХК-тай гэрээ байгуулж, 10 сая ам.долларыг, жилийн 9.24 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтыг хийснээс хойш 7 жилийн хугацаанд экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр барих төслийн хэрэгжилтэд зориулж зээл олгосон байх ба зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185, 183, 186 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулж, “*******” ХХК, “*******” ХХК-ны үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх ба талууд зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохиролцжээ. /х.х 11-18, 36-39/

Улмаар дээрх зээлийн гэрээний талын хүсэлтээр талууд дахин гэрээ байгуулж 2019 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ-ЭИ-З 2019-128 дугаартай зээлийн гэрээгээр дээрх зээлийн гэрээгээр тохирсон зээлийн төлбөр 10 сая долларыг төгрөгт хөрвүүлж 26,856,932,250 төгрөгийг, жилийн 12.92 хувийн хүүтэйгээр, 2025 оны 10 сарын 16-ны өдөр төлж дуусгахаар, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн барьцаа хөрөнгө дээр нэмж барьцааны гэрээ байгуулж, зээлийг эргэн төлөлтийн дагуу төлж барагдуулахаар тохирсон байх ба уг зээлийн гэрээ, барьцааны гэрээнд 2020 оны 03 сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ. / х.х 19-34, 41-42/

12.Зээлдэгч нар зээлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Монгол Улсын Хөгжлийн банк нь “*******” ХХК-д холбогдуулан 33,788,444,479.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон хариуцагчийн бусад хөрөнгөөр хангуулах, барьцааны гэрээнд заагаагүй гурилын үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хийгдсэн ажлын үр дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрээр хариуцагч “*******” ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлээс 1,815,764,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “*******” ХХК-ийн өмчлөлийн барьцаалсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, “*******” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х 63-68/

13.Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 06 сарын 28-ны өдөр 22370685 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа явуулж байгаа боловч төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банкны хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна. / х.х-ийн 116-148/

14. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин 31,972,680,401.15 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлаар маргаж байна.

15. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-д заасны дагуу хамтран хүлээх үүрэг үүсэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгүүлэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүссэн харилцаа 242 дугаар зүйлийн 242.3-242.10, 242.14 дүгээр зүйлүүдээр  зохицуулагдсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран хүлээх үүрэг гэдэг нь үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь нийт үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргийн гүйцэтгэлийг нэг удаа шаардах эрхтэй гэж тодорхойлсон байна.

Хамтран хүлээх үүрэг нь дараах урьдчилсан нөхцөл байдал бүрдсэнээр үүсэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх хэд хэдэн үүрэг гүйцэтгэгчид чиглэсэн байх, үүрэг гүйцэтгэгчдийн үүргийн ашиг сонирхол нэг байх, хамтран хүлээх үүрэг хууль болон гэрээнд заасан байх, үл хуваагдах шинж чанартай үүрэг байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

16. Хэрэгт авагдсан баримтуудыг судалбал Монгол улсын хөгжлийн банк, “*******” ХХК, “*******” ХХК-иуд нь харилцан тохиролцож зээлийн  болон барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу зээлдүүлэгч /Монгол улсын хөгжлийн банк/ нь зээлдэгч /”*******” ХХК, “*******” ХХК/ нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн, зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн, уг үүрэг нь үл хуваагдах шинжтэй, тодруулбал үүргийн эцсийн зорилго нь зээлийг буцаан төлөхөд чиглэгдсэн шинжтэй байгаа нь зээлдэгч нарыг  зээлдүүлэгчийн өмнө хамтран үүрэг хүлээх этгээдүүд буюу хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

17. Хуульд зааснаар ******* ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох “*******” ХХК, “*******” ХХК-иудаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болох нь харагдаж байна.

 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаартай шийдвэрээс үзвэл ******* ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу  “*******” ХХК-ийг хариуцагчаар татаж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Улмаар дээрх шийдвэрээр хариуцагч “*******” ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлээс 1,815,764,078.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “*******” ХХК-ийн өмчлөлийн барьцаалсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

18. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д “Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй.” гэж зааснаар ХХК-ийг хамтран хүлээх үүргийн хүрээнд зээлийн өр төлбөрийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулна гэж тайлбарласан байна.

            Дээрх хуулийн зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрхийг олгосон заалт гэж ойлгогдохоор байх бөгөөд харин хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэгнийг сонгон маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа дахин бусад хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн Монгол улсын хөгжлийн банк ХХК нь “*******” ХХК-ийг хариуцагчаар татаж маргааныг хянан шийдвэрлэх явцад “*******” ХХК-ийг хариуцагчаар татах, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй явдалд “*******” ХХК-ийг буруутгах боломжгүй юм.

19. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон  байхад анхан шатны шүүх дахин дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн, улмаар Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

20. Иймд “*******” ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

21. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН