Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 24

 

          Э.Ш, Ж.Н нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

өмгөөлөгч О.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 447А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 815 дугаар магадлалтай, Э.Ш, Ж.Н нарт холбогдох 201424001210 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалангийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ч овогт Э-ын Ш нь Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан “Төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт,

 2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ж-ны Н нь Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан “Төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Ш, Ж.Н нарыг төмөр замын байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр Э.Ш-т 1 жил 6 сарын хорих, Ж.Н-т 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Ш-т оногдуулсан 1 жил 6 сар, Ж.Н-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар Э.Ш-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих, Ж.Н-т оногдуулсан 1 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй”, “Хохирогч У.М нь гэм хорын хохирлоо Улаанбаатар Төмөр замын газраас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж, тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч О.Баясгалан, прокурор Д.Булганцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.40 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийтгэх тогтоол таамаглалд үндэслэсэн гарсан. Яллах дүгнэлтэд дурдсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.1-д “Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал галт тэрэгний хөдөлгөөний зуурмагийн биелэлтийг хариуцах үүрэг бүхий галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч удирдана. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалыг хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтан үг дуугүй биелүүлнэ. Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас бусад ажилтан галт тэрэгний хөдөлгөөний талаар шуурхай үүрэг даалгавар өгөхийг хориглоно." гэж заасан бол 17.40-д “Найруулагчийн бригад буюу суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон журмаар олгосон зөвшөөрөл бүхий 3-аас илүүгүй ажилтан зүтгүүрийн бүхээгт сууж явахыг зөвшөөрнө. Зүтгүүрийн бригадын бүрэлдэхүүнд ороогүй бусад хүн зүтгүүрийн бүхээгт зорчихыг хориглоно” гэж заасан. Зүтгүүрийн бригадын аюулгүй ажиллагааны технологийн горимын 2.2.7-д “Галт тэрэг болон зүтгүүрийг бүрэн зогсоогүй байхад буух, суух” гэж заасан. Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад “буулгасан” гэсэн ямар ч үг байхгүй бөгөөд хохирогч У.М-г зүтгүүрийн бүхээгээс буулгасан ямар нэг үйлдэл хийгээгүй 2 хүнд шүүх ял оноосон. Монгол хэлний шууд утгаар нь авч үзвэл буух, суух үйлдэл хийж байгаа этгээд өөрийн хүсэл зоригоор бие дааж хийх үйлдлийн тухай ойлголт байхад буулгасан гэж үзэж ял оноосон. Өөрөөр хэлбэл хэсэглэх газар буюу галт тэрэгний сөрөг хөдөлгөөн, хүн амын оршин суугаа газар, ачаа барааны бөөгнөрөл байгаа өртөө зөрлөгт ямар ч тохиолдолд машинч болон туслах машинч зүтгүүрийн бүхээгийг орхих ёсгүй.

Энэ талаар Техник ашиглалтын дүрмийн 17.36-д “Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг” энэ зүйлийн “а”-д “Зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх” 17.38 дахь заалтын в-д “Хэсэглэх газарт ойртон ирэх үед түрүүчийн секцийн бүхээгийг туслах машинч орхин явах” мөн заалтын г-д “Сонор сэрэмж шалгах, аюулгүй байдлыг хангуулах зориулалттай хэвийн ажиллаж байгаа төхөөрөмжийг салгах, унтраах" гэсэн заалтуудыг удирдлага болгох талаар тодорхой заасан байхад шүүх анхаарсангүй. Хэсэглэх газарт яваа зүтгүүрийн  бригад галт тэрэгний цувааны хойно юу ч болж байсан зүтгүүрийн бүхээгийг орхих ёсгүй бөгөөд ямар ч осол сүйрлээс зүтгүүрийг зайлуулах үүрэгтэй бөгөөд хэсэглэх газарт яваа зүтгүүрийн бүхээгээс машинч туслах машинч ямар ч үед гарах эрхгүй энэ заалт аль ч улсын төмөр замын тээврийн дүрэмд байдаг. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйл “Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас...” гэж заасан бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь санаатай ба болгоомжгүй гэсэн үйлдэл байх ёстой. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...улмаар УБТЗ-ын Дархан татах хэсгийн ерөнхий инженер Н.Б-ын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан Зүтгүүрийн бригадын аюулгүй ажиллагааны технологийн горимын 2.2.7 -д “Галт тэрэг болон зүтгүүрийг бүрэн зогсоогүй байхад буух, суух” гэсэн заалтыг зөрчин Дархан өртөөнд ойртон галт тэрэг бүрэн зогсоогүй 28 км/цагийн хурдтай явах үед У.М-г буулгаснаас …төмөр замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Учир нь зүтгүүрийн бригадын аюулгүй ажиллагааны технологийн горим нь энэ галт тэрэгний зүтгүүрийн бригад болох машинч Э.Ш, туслах машинч Ж.Н нарт хамаатай тэдэнд зориулсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар нь болохоос өөр бусад этгээдэд хамаатай заалт бишийг прокурор шүүх нь ойлгосонгүй. Прокурор өмгөөлөгч хоёрын хооронд болж буй мэтгэлцээний явцад эрүүгийн хуулийг хэрэглэх үед эргэлзээ төрвөл түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт хэрэгжсэнгүй. Мөн шүүх хурал дээр Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны зам тээврийн хяналтын бүртгэлийн газрын улсын байцаагч Х.И нь түүнийг гаргасан дүгнэлтэд уг осол нь “галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулаагүй, хөдлөх бүрэлдэхүүн болон суурь бүтцэд гэмтэл учраагүй тул зөвхөн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан асуудал болохыг нотолсон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б шинжээчийн дүгнэлт гаргахдаа “галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг хүн /өртөөний жижүүр/ удирдана...” гэсэн заалтыг машинчид хамааруулан буруу дүгнэлт гаргасан болохоо тодорхой тайлбарласан байхад ямар учраас яллах нотлох баримт болсон нь ойлгомжгүй байна. Мөн галт тэрэгний биечилсэн хуудсыг шүүх анхааран үзсэнгүй тухайн хуудсаар галт тэрэг Дархан-2 өртөөнд заавал зогсолт хийх ёстой байсан бөгөөд хохирогч нь Дархан-1 өртөөнд гэрийн ойролцоо буух гэснээс болж осол гарсан болохыг шүүх анхаарсангүй. Энэ тухайгаа хохирогч У.М нь өмнөх шүүх хурал дээр болон мөрдөн байцаалтад “...уг галт тэрэг Дархан-2 өртөөнд очих байсан. Манай гэр Дархан өртөөн дээр байдаг тул би Дархан-2 өртөөн дээр очоод бууя гэж бодоод суусан. Ингээд галт тэрэг Дархан-1 өртөөн дээр очих үед өртөөний жижүүрийн станцаар шарын голын галт тэрэг Дархан-2 өртөөн дээр хоцорч очно Дархан-1 өртөөн дээр түр зогсолт ав гэж хэлсэн. Би түүнийг ойлгохдоо 706 дугаар галт тэрэг хүрчихлээ шууд яваарай гэж хэлж байсан, мөн гарах дохиог нээсэн байна гэж ойлгосон. Тэгээд галт тэргийг зогсоогоод яах вэ гэж бодоод орох гарах дохио хооронд явж байх үед галт тэрэгнээс буусан ...” гэж мэдүүлсэн байхад шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн нь илт буруу байна. Мөн энэ хэргийг Нийслэлийн шүүхээс мөрдөн байцаалтад буцаахдаа иргэний хариуцагчаар байгууллагыг тат гэж заасан гэтэл Д.М гэсэн хувь хүнийг татсан зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх ноцтой алдааг гаргасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...хохирогч У.М нь гэм хорын хохирлоо Улаанбаатар төмөр замын газраас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай" гэсэн нэмэлт оруулсан байна. Ийм нэртэй хуулийн этгээд байхгүй. УБТЗ ХНН иргэний хариуцагчаар татсан ямар баримт хавтаст хэрэгт байхгүй болно. УБТЗ ХНН нь хариуцагч юм бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан иргэний хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй энэ зөрчил нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил.

Э.Ш, Ж.Н галт тэргийг зогсоогоод хүн буулгах үйлдэл хийгээгүй учир гэм буруугүй болохыг шүүх анхаарсангүй. Харин хохирогч У.М нь Дархан-2 өртөөн дээр зогсох байсан галт тэрэг радио холбоогоор галт тэрэг Дархан-1 өртөөн дээр зогсох тушаал авч байгаа болон Дархан-1 өртөөн дээр зогсолт хийх тушаал цуцлагдаж байгаа үйл явцыг сонсож өөрийн ухамсраар галт тэрэгний хурд хасагдсан байдлыг ашиглан гэрийнхээ харалдаа бууж чадна гэж хохирогч хөнгөмсгөөр найдсан тэр үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаад прокурор болон шүүх зөв дүгнэж чадсангүй. Хохирогч “Төмөр замын тээврийн аюултай бүсийн дэлэм"-ийн 2.1,-т “Аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хэлнэ" мөн дүрмийн 2.3.-т “Аюултай  бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно" мөн дүрмийн 3.1.2,-т “галт тэрэг бүрэн зогссоны дараа зорчигчийн галт тэргэнд суух, буух” мөн дүрмийн 3.2.10. “согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх” мөн дүрмийн 4.1-т “Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэхдээ аюултай бүсэд нэвтэрч ажиллана" мөн дүрмийн 4.2-т "Энэ дэглэмийн 4.1-т заасан ажилтан аюултай бүсэд нэвтрэхдээ тухайн суурь бүтэц, тээвэрлэгчийн хүрээнд баримтлах технологийн горим, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана" гэсэн заалтыг зөрчиж галт тэрэг бүрэн зогсоогүй үед зүтгүүрээс буух гэж өөрөө үсэрсэн үйлдлээс шууд хамааралтай. Иймд Эрүүгийн хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, уг хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан эсэх, хэрэв байгаа бол Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заагдсан, энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх буруу дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Ж.Н Э.Ш нарыг цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Э.Ш, Ж.Н нарт ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй зөв байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

            Шүүгдэгч Э.Ш нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дархан татах хэсгийн Сүхбаатар депод илчит тэрэгний машинчаар, шүүгдэгч Ж.Н нь мөн байгууллагад илчит тэрэгний туслах машинчаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар өртөөнөөс 2506 дугаар ачааны галт тэргийг жолоодон Зүүн хараа чиглэлд аялахдаа Mонгол Улсын Зам тээвэр аялал жуулчлалын сайдын 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 63 дугаар тоот тушаалаар батлагдсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.40-ийг зөрчиж зүтгүүрийн бригадын бүрэлдэхүүнд ороогүй хохирогч У.М-г зүтгүүрийн бүхээгт зорчихыг зөвшөөрсөн, Дархан татах хэсгийн ерөнхий инженерийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Зүтгүүрийн бригадын аюулгүй ажиллагааны технологийн горим"-ын 2.2.7-ийг зөрчиж хохирогч У.М-г галт тэрэгнээс буухыг зөвшөөрснөөс тэрээр буух үедээ халтирч унан бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч У.М, гэрч Д.Г, О.Г, Б.Б, Г.У, шинжээч Х.И нарын мэдүүлэг, шинжээчийн 54 тоот дүгнэлт, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шүүх бүрэн тодруулж, шүүгдэгч Э.Ш, Ж.Н нарыг “Төмөр замын байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ш, Ж.Н нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалангийн гомдолд дурдснаар хохирогч У.М нь Төмөр замын тээврийн аюултай бүсийн дэглэмийн дүрмийн 3.1.2-т  “Галт тэрэг бүрэн зогссоны дараа зорчигчийн галт тэргэнд суух, буух” мөн дүрмийн 3.2.10-т “согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байхыг хориглох” гэсэн болон бусад заалтуудыг зөрчиж галт тэрэг бүрэн зогсоогүй үед зүтгүүрээс буух гэж үсэрсэн буруутай байх боловч 2506 дугаар ачааны галт тэргийг жолоодон явсан зүтгүүрийн бригадын бүрэлдэхүүн болох машинч Э.Ш, туслах машинч Ж.Н нар нь хохирогч У.М-д ажил үүргийн хувиаргүй атлаа зүтгүүрийн кабинд зорчин явуулж аяллын явцад пиво уух, галт тэргийн хөдөлгөөний явцад буухыг зөвшөөрч, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, машинч Э.Ш хөдөлгөөний явцад болгоомжтой буухыг У.М-д сануулан, туслах машинч Ж.Н нь буухад нь биечлэн тусалж Улаанбаатар төмөр замын даргын 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А-202 тушаалаар батлагдсан “Зүтгүүрийн бригадын ажлыг зохион байгуулах журам”, “Зүтгүүрийн бригадын аюулгүй ажиллагааны технологийн горим"-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, галт тэргийг тогтоосон жолоодлогын дэглэмийн дагуу жолоодох, машинч нь туслах машинчийг удирдах, үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг даалгавар өгөх хууль тогтоомж, журмаар хүлээсэн үүргээ эс биелүүлж, үүний улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан талаарх үйл баримт тогтоогдсон байна.

            Зүтгүүрийн бригадын гишүүдийн хайхрамжгүй хандлагаар илэрсэн эс үйлдэл нь хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн шүүгдэгч Э.Ш, Ж.Н нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалангийн “...Э.Ш, Ж.Н нарыг цагаатгаж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 447А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 815 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, өмгөөлөгч О.Баясгалангийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                      Б.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                             Ч.ХОСБАЯР