Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/0137

 

З а х д т-ын

гомдолтой, Оюуны өмчийн газрын Хяналт,

шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

   Шүүгчид:                                    М.Батсуурь

                                                         П.Соёл-Эрдэнэ

                                                         Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:                           Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0683 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2024/0679 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/0482 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн төлөөлөгч Г.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ч.Э нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0079875 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч “уртын дууны бичлэгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дуулалт жүжигт бусдаар ам барин дуулуулж ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж З а х д т-т 5000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан.

3.Гомдол гаргагчаас “ ... зөрчил үйлдсэн этгээдийг Б.О гэж үзсэн атлаа З а х д т-ын дарга Г.С-д шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, театрын даргын ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэмд дуулалт жүжгийн дүрийг сонгох эрх театрын даргад бус Уран сайхны зөвлөлд олгогдсон, хариуцагч нь Г.С биш, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг хувь хүнд ногдуулсан” гэж,

хариуцагчаас “ ... театрыг төлөөлөх эрх бүхий этгээд нь театрын дарга тул шийтгэлийн хуудаст театрын даргын нэрийг бичсэн, бичлэг VOO үйлчилгээнд тавигдсан, үйлдсэн зөрчил одоо хүртэл үргэлжилж байгаа, тоглолтод уран бүтээлчийн нэрээ дурдуулах эрхийг зөрчсөн, дууг бусдаар дуулуулах гэрээ, зөвшөөрөл байхгүй байхад дуулуулсан” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... ажиллагааны явцад театрыг зөрчил гаргасан холбогдогч этгээдээр тогтоосон, шийтгэлийн хуудаст театрын даргын нэрийг бичсэн буруу биш, шүүхийн өмнөх шийдвэрийг биелүүлж холбогдогчийн зөв тогтоосон” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “ ... “маргаантай харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглээгүй, театрын даргын саналыг хүлээн авч бичлэг хийлгэсэн нь Иргэний хуульд заасан хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна, театр нь хэлцэл хийн харилцан тохиролцсоны үндсэн дээр уртын дууг уран бүтээлчээр дуулуулж бичлэг хийлгэн, жүжигтээ фонограмм хэлбэрээр туслах дүрд дуу оруулж ашигласан нь 2006 оны Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18.2, Монгол Улсын Олон улсын гэрээ /2002 он/ “Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн (е)-д заасантай нийцсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч Ч.Э гомдолдоо:

6.1.Дуулалт жүжиг анх тайзанд тоглогдсон 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг зөрчил үйлдсэн гэж авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгахаас татгалзах байсан.

6.2.Тайзанд тоглосон бичлэгийг З а х д т VOO үйлчилгээнд нийтэд дамжуулах боломжтой байдлаар байршуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу зөрчил үргэлжилж байна гэж үзэж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Зохиогчийн эрхийн тухай хуульд үндэслэн шалгасан.

6.3.Бичлэгийг нийтэд дамжуулах боломжтой байдлаар байршуулсан үйлдэл нь зөрчлийн хэрэг нээсэн 2022 оны 12 зугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилсэн тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл талсан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу 2006 оны бус 2021 оны Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28.2.2-т “тоглолтыг шууд өргөн нэвтрүүлэх, эсхүл бусад аргаар нийтэд дамжуулах” эрхийг зөрчсөн гэж үзсэн.

6.4.Театртай ямар нэгэн гэрээ байгуулаагүй Н.Т-ын нэрийг огт дурдаагүй нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах”, 12.1.4-д “бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “тоглолтондоо нэрээ дурдуулах” гэж заасныг зөрчсөн үйлдэл болно.

6.5.Иймд миний гаргасан шийдвэр хуулийн үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/0482 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Гомдол гаргагчаас хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10.Гомдол гаргагч З а х д т-аас “Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0079875 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “зөрчилд холбогдогчоор өөр иргэнийг татсан атлаа театрын даргад шийтгэл ногдуулсан, театрын даргад дуулалт жүжгийн дүрийг сонгох эрх олгогдоогүй, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэлийг театрын даргад ногдуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж тодорхойлсон.

11.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “тоглогч уран бүтээлч” гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин, уран уншигч зэрэг бусад хувь хүнийг”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ: 28.1.1.тоглолтондоо нэрээ дурдуулах;”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ: ... 28.2.2.тоглолтыг шууд өргөн нэвтрүүлэх, эсхүл бусад аргаар нийтэд дамжуулах; Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан “дамжуулах” гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй. ... 28.2.4.тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх;” гэж тус тус заасан.

12.З а х д т-т тоглогдсон “Өндөр гэгээн” дуулалт жүжгийн “наймаачин”-ы дүрд дуулагдсан “Дуртмал сайхан” уртын дууны хоолойн бичлэгийг дуучин Н.Т хийлгэсэн, түүний бичлэгийг дуулалт жүжгийг тоглоход ашигласан нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

13.Мөн баримтаар дуулалт жүжигт дуулагдсан тухайн уртын дууны хоолойн бичлэгийг Н.Тамир, З а х д т-ын дарга Г.С-той харилцан тохиролцож хийлгэсэн боловч тухайн дууг дуулсан “наймаачин”-ы дүрд Н.Т тоглоогүй, өөр хүнийг “наймаачин”-ы дүрд дуулуулж, дуу хоолойг ашиглахдаа түүний нэрийг дурдаагүй нь тогтоогдсон байна.

14.Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу З а х д т-т шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудас хуулийн үндэслэлтэй.

15.Тодруулбал, дуулалт жүжигт дуулагдах уртын дууны бичлэгийг “наймаачны дүрд тоглох зорилгоор хийлгэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар өөр баримтаар няцаагдаагүй байхад дан ганц бичлэг хийлгэхийг зөвшөөрсөн үйл баримтыг “захиалгаар бүтээл туурвисан” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

16.Иргэн Н.Т-аас гомдол гаргасны дагуу зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа “эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй” болон бусад шалтгааны улмаас “гаргасан шийтгэлийн хуудсыг шүүхээс удаа дараа түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан”-тай холбогдуулан хариуцагч албан тушаалтан холбогдогчоор 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр З а х ж т-ын эрх бүхий албан тушаалтан болох даргыг төлөөлүүлж тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд нийцжээ.

17.Хэрэгт авагдсан баримтуудаар З а х д т “дуулалт жүжгийн тоглолтын бичлэгийг олон нийтэд дамжуулах боломжтойгоор байршуулсан”-ыг дуучин Н.Т 2022 оны 09 дүгээр сард мэдсэн, улмаар түүний гомдлын дагуу зөрчлийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-нд нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, “2021 оны Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн” гэж хариуцагч дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасанд нийцсэн, энэ талаар давж заалдах шүүх “анхан шатны шүүх маргаантай харилцааг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар шийдвэрлээгүй” гэж буруу дүгнэжээ.

18.Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2024/0679 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                      М.БАТСУУРЬ

                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                   Ц.ЦОГТ

                                                                                                   Д.БАТБААТАР