Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 43

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн *******д холбогдох 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Ж.*******ын нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын Асгат багт суух өндөр настан Ж.******* /81 настай/ миний бие 2009 оны 05 сарын 31-ний өдрийн Асгат багийн иргэдийн Нийтийн Хурлаар өргөдлөө хэлэлцүүлээд олонхийн саналаар Бүрдийн арын Нурамт гэдэг өвөлжөөг эзэмших болсон юм. 2010 оны 05 сарын 28-ны өдрийн ******* С.ийн захирамжийн дагуу газрын албаны даамал Ч.тай газрын гэрээ хийж, гэрчилгээгээ авсан. Ингээд хүү С.доо өвлүүлэн нутаглуулж байсан. Миний хүү С. тохижуулан нутаглаж байгаа. Гэтэл 2016 оны 03 сарын 09-ны өдөр тухайн үеийн *******ар ажиллаж байсан Ж. гэгч өвөлжөөний гэрчилгээг давхардуулан олгосон байна гэж ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байна. Уг 2016 оны 03 сарын 09-ны өдрийн А/43 дугаар тушаал гэдгийг ******* сумын Тамгын дарга Ч.*******т хандаж бичиг хэргийн эрхлэгч *******гаар ирсэн бичгийг бүртгэл, ирсэн бичигт шүүлгээд сумын Тамгын газарт ирээгүй байдаг. 2. Уг өвөлжөөг эзэмшигч гээд байгаа Г.******* нь /Тэс сумын харьяат/ 2000 онд Асгат багаас шилжихдээ ******* овогтой *******д 2 эр хонь, 1 уут гурилаар зарсан байдаг. Энэ үед пүнз бүхээг 2 байсан. 3. 2012 онд П.******* гэгч нас барсан. Нас барахаасаа өмнө миний хүү С.ыг дуудаж гэртээ аваачаад пүнз, бүхээг 2 миний мэдлийн юм. Чамайг нэг талд нь багтааж өгье. Чи надад даага эсвэл дааганы үнэ 250000 төгрөг өгөөрэй. Энэ мөнгийг охин *******дээ өгөөрэй гэсэн байдаг. 2013 онд 250000 төгрөгийг П.*******д өгсөн байдаг. /Пүнз бүхээг 2-ын үнэ/ 4. Уг өвөлжөөн дээр үхэр хонины бүхээг тус бүр нэг нэг, тугалын пүнз 2, цагаан хашаа, өвсний хашаа зэргийг мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу авч тохижуулан миний хүү С. нутаглаж байдаг. 5. Газрын татвараа 2010-2017 онуудад жил бүр 4000 төгрөг төлж байсан. 6. Миний бие муу хэвтэрт, байнга хүний асрамжинд байдаг бөгөөд миний өмнөөс төлөөлөн хүү С. оролцох болно. 7. Завхан аймгийн Засаг даргын А/43 дугаар захирамжийг Тосонцэнгэлийн сум дундын шүүх дээр 2017 оны 02 сарын 21-ний өдөр очихдоо үзсэн. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 09-ны өдрийн А/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 3 сарын 30-нд тухайн үеийн аймгийн ******* ийн 2016 оны 03 сарын 09-ны өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл хариуцагч аймгийн ******* 2017 оны 07 сарын 03-ны өдрийн А/277 дугаар захирамжаараа тус шийдвэрийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Иймд миний нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/43 дугаар захирамжаар түүнд өвөлжөөний газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь түүний газар эзэмших эрхийг зөрчсөн хэмээн үзэж, уг А/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн ******* нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/277 дугаар захирамжаар өмнөх 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 30ны өдрийн итгэмжлэлээр С.од итгэмжлэл олгож, нэхэмжлэгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцохыг түүнд хариуцуулсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлөхөөр заасан байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчЖ.******* нь Завхан аймгийн *******д холбогдуулан гаргасан Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж Ж.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА