Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 16

 

М.Сур-Амгаа нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, шүүгдэгч М.Сур-Амгаагийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаар шүүгчийн захирамжтай М.Сур-Амгаа нарт холбогдох эрүүгийн 201621000195 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан Тугтан овогт Мягмарсүрэнгийн Сур-Амгаа,

Монгол улсын иргэн, 1980 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр 131.2-т зааснаар  1 жилийн хугацааны хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

2001 оны 03 дугаар 20-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 117 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдож Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 21дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан Зуутраг овогт Дэвээжаргалын Эрдэнэжаргал, М.Сур-Амгаа нар нь бүлэглэн Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Элсэн худаг гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Х.Уламбаярын 3 тооны үхэр хулгайлж 1050000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Баяраагийн 6 тооны үхэр хулгайлж 3750000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “хэргийг мөрдөн байцаалтанд буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хэм хэмжээнд бүрэн нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Яллагдагч М.Сур-Амгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу өөрийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Энхжаргалыг сонгон авсан бөгөөд түүний өмгөөлөгч нь байцаан шийтгэх ажиллагааны бүх шатанд буюу мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шат хүртэлх бүх ажиллагаанд тухай бүр оролцож түүний хууль ёсны эрх, ашгийг хамгаалан өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаагч нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган яллагдагч М.Сур-Амгаа, Д.Эрдэнэжаргал нарт болон тэдний өмгөөлөгч Ж.Энхжаргалд эрүүгийн хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг танилцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас дахь шинжилгээг шинжилгээний бус байгууллагаас гадуур хийлгэх тогтоол, мөн хэргийн 25, 27 дугаар хуудас дахь үнэлгээ тогтоосон баримтыг яллагдагч М.Сур-Амгаад танилцуулж, яллагдагч нь хохирогч нарт учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан ба шинжээч томилсон тогтоол, үнэлгээ тогтоосон баримт болон хохирлын талаар мөрдөн байцаалтын болон прокурор шүүхийн шатанд яллагдагч М.Сур-Амгаа болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч нар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Сур-Амгаа нь хэргийн улмаас хохирогч нарт учруулсан 9 тооны үхэрний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нь шүүгдэгч М.Сур-Амгаа нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, учирсан хохирлоо төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж удаа дараа хэлсээр байхад үнэлгээ болон тогтоолыг танилцуулаагүй гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй заалт болсон байна.

Мөн хэргийн 89 дүгээр хуудаст Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгчийн тамга байхгүй байна гэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.  Хэргийн 82 дугаар хуудаст 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Х.Баяраагаас мэдүүлэг авсан атлаа мэдүүлэг өгсөн хохирогч Х.Уламбаяр гэж бичсэн байх тул хохирогч Х.Баяраа, Х.Уламбаяр нарын алинаас нь мэдүүлэг авсныг дахин тодруулах гэсэн нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүхэлд нь үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьсан байна гэж үзэхээр байна.

Захирамжийн 3, 4 дэх заалтад дурдсан яллагдагч нарт хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял сонсгоогүй гэсэн нь мөн хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл хэмжээнд нөлөөлөхгүй хавтаст хэрэгт шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд авагдсан.

Мөрдөн байцаалтын шатанд хэдэн тооны үхэр хулгайлсан талаар шалгаж тогтоосон, мөн яллах дүгнэлтэнд хулгайн гэмт хэргийн улмаас хэдэн тооны мал хулгайлсан, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн талаар тодорхой дурьдаж яллагдагч М.Сурам-Амгаа, Д.Эрдэнэжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ялласан байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт  хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх, буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал, хэргийн заримыг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл, зэргийг дурдана гэсний дагуу шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр олон тооны мал хулгайлах хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дээрх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хэргийн оролцогч нарыг чирэгдүүлсэн, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Сур-Амгаагийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэжаргалыг улсын яллагч “ялтай байдалтай байхдаа” гэж яллах дүгнэлтэд бичсэн. Өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “”Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгчийн захирамжаар өршөөгдсөн байдаг. Гэтэл шүүх нь  “давтан” гэж үзэж хэргийг буцаах нь үндэслэлтэй эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаар шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.                                                                                             

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна. Учир нь:

Анхан шатны шүүх М.Сур-Амгаа, Д.Эрдэнэжаргал нарын бүлэглэн Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн “ Элсэн худаг “ гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Х.Уламбаярын 3 тооны үхэр, хохирогч Х.Баяраагийн 6 тооны үхэр хулгайлж  4800000 төгрөгийн  буюу бага  бус хэмжээний  хохирол  учруулсан үйлдэлд нь прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг  шүүх  хуралдаанаар хянан  хэлэлцээд  М.Сур-Амгаа нь Д.Эрдэнэжаргалтай бүлэглэн бусдын 9 тооны буюу олон тооны мал хулгайлсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Олон тооны мал хулгайлсан “ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тус тус ял сонсгоогүй нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасныг зөрчсөн  болон бусад захирамжид заасан үндэслэлүүдээр М.Сур-Амгаа, Д.Эрдэнэжаргал нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр Ховд аймгийн прокурорт буцаасан нь хууль-зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Хэргийг прокурорт очтол М.Сур-Амгаа, Д.Эрдэнэжаргал нарыг урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр байлгасугай.

3.Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

                      ШҮҮГЧИД                                Д.МӨНХӨӨ

                 Б.ДАМБА