Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0176

 

                                                       “О ө х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “О ө х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О ө х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тус компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт, Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн 04 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113-р зүйлийн 113.2-д зааснаар, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тус компани нь Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх /Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтад оролцсон билээ.

Захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/1937 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан үндэслэлээр манай тендерээс татгалзсан байсан.

Бид тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтын хүрээнд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгосон эсэх, мөн хамгийн сайн үнэлэгдсэн “Х г” ХХК-ийн тендер захиалагчийн баталж зарласан тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 6.2(е) дахь заалтыг хангасан эсэх, техникийн тодорхойлолт, ажлын болон зургийн даалгаврын шаардлагад нийцсэн эсэхэд эргэлзэж байгаагаа баталгаажуулах зорилгоор хууль журмын хүрээнд олгогдсон эрхийн дагуу Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ын 2.1, 2.4-т заасны дагуу тендер шалгаруулалтын материалтай танилцах, мөн журмын 2.8-д заасны хүрээнд тендерт шалгарсан “Х г” ХХК-ийн тендерийн материалтай танилцахтай холбогдсон нууц хадгалах тухай баталгааг бичгээр гарган, нотариатаар баталгаажуулан захиалагчид 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 19/85 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тус компанид тендерийн материалтай танилцах тухай мэдэгдлээ 2/1979 тоот албан бичгээр 2019 оны 08 дугаар сарын 02- ны өдөр 14:56 минутад манай b.mn цахим шуудангаар ирүүлсэн. Бид албан хариу хүлээж байсан хэдий ч хуулиар олгосон гомдол гаргах ажлын 5 хоногийн хугацаа дуусах дөхсөн байсан учир Сангийн яаманд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19/98 тоот албан бичгээр “захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай” гомдлоо нотлох баримтын хамт хүргүүлсэн.

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс /тухайн хэлтсийн эрх бүхий улсын байцаагч/ гомдлыг хянан үзээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэн, “Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Х г” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4в-д заасан ЗТ-З.4, ЗТ-З.5-ын тусгай зөвшөөрөл ирүүлээгүй, тендерийн үе шатны хуваарь дээр үнэ 4,778,42,870 төгрөг, тендерийн маягт дээрх үнэ 2,386,855,000 төгрөг гэж зөрүүтэй санал болгосон...” зэрэг зөрчилтэй байсныг зөрчлийг арилгаж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 6-1/5608 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тендерийн материалд дахин үнэлгээ хийж, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2/2105 тоот албан бичгээр тус компанид мөн л “Хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй” тухай мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд “санал болгож буй барилгын нийт хэмжээ болон хэдэн орон сууц нийлүүлэх талаарх мэдээлэл ирүүлээгүй, ажлын даалгавар дахь нэг орон сууцны хэмжээ 50 м.кв-аас ихгүй байна гэснийг хангахгүй 59 м.кв байр төлөвлөсөн нь шаардлага хангахгүй байна” гэсэн байсан. Тус тендерт оролцсон “Х г” ХХК-ийн урд өмнө гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ мөн хүчингүй болгож, тус компанийн тендерээс татгалзсан байсан.

Захиалагч тус компанийн тендерээс хуулийн үндэслэлгүйгээр татгалзаад байсан учир бид шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 19/112 тоот албан бичгээр Захиалагчид, мөн өдөр 19/113 тоот албан бичгээр Сангийн яаманд дахин нэгэн зэрэг гомдол гаргасан.

Гомдолд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нийтийн орон сууцны хотхон барьж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар”-ын 7(Хийгдэх ажлууд)-гийн 2-рт “Иж бүрэн зураг төсөлд төлөвлөсөн нийтийн орон сууцны барилга байгууламжуудаас 1800 м.кв орон сууцыг барьж, ашиглалтад оруулан, хүлээлгэн өгнө” гэж зааснаас бус яг хэдэн орон сууц төлөвлөх ёстойг заагаагүй тул уг ажлын даалгаварт заасны дагуу “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендерийн саналын маягт ба үнийн хуваарийн дагуу тендерийн материалын 5 дугаар хуудаст үнийн санал;

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нийтийн орон сууцны хотхон барих ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар”-ын 4 (Архитектур төлөвлөлтийн объектын бүрэлдэхүүн шаардлага, хүчин чадал)-т “Нийтийн орон сууцны нэг барилга нь 50 м.кв-иас ихгүй талбайтай сууц нийт орон сууцны 60 хувиас багагүй байна” гэж заасны дагуу тус компанийн илгээсэн тендерийн материалын 16-р хуудсанд 1-р давхрын байгуулалт, 17-р хуудасны 2, 3-р давхрын байгуулалтын эскиз зургийн дагуу 1800 м.кв талбай дахь нийт 42 орон сууцны 39 орон сууц буюу 92.86% нь 50 м.кв-иас ихгуй талбайтай байхаар санал, тендерийн хүчинтэй хугацаа сунгуулах тухай хүсэлт тус тус хүргүүлсэн.

Тус гомдлын хариуд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/2189 тоот албан бичгээр гомдлыг захиалагч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Харин Сангийн яам тус компанийн гомдол үндэслэлтэй тул дахин үнэлгээ хийх, мөн тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/6051 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас дахин үнэлгээ хийж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2426 тоот албан бичгээр тус компанид “Гэрээ байгуулах тухай” мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд “Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирж гэрээ байгуулна уу” гэсний дагуу бид гэрээ байгуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн ба тус компаниас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.М-ийн [email protected] цахим хаягт гэрээ байгуулахад бэлэн байгаа тухай мэдэгдлээ илгээсэн.

Өмнөговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.С бидэнд “гэрээгээ бэлдээд хэлье” гэсэн боловч 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлын цаг дуусах хүртэл хүлээлгээд хариу өгөөгүй учир Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Н-тай 18 цаг 00 минутад холбогдоход “Тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул Танай компанитай гэрээ байгуулах боломжгүй” тухай мэдэгдсэн.

Иймд тус компани 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 09 цаг 00 минутад Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх/ Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер”-т шалгарсан тул гэрээ байгуулж өгөхийг хүссэн албан хүсэлтээ хүргүүлсэн болно. Тус хүсэлтийн хариуд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаарын сарын 03-ны өдрийн 2-2539 тоот албан бичгээр тендерийн шалгаруулалтад оролцсон “Х г” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн.

Дараа нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2-2665 тоот албан бичгээр тус компанид Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 тоот албан бичгийн дагуу Өмнөговь аймгийн “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих ажил”-ын тус тендерийн үнэлгээний хороо хуралдаж тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдэл ирүүлсэн.

Тус компани нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд:

Тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

Гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэх гаргасан билээ. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 120/ШЗ2019/0129 дүгээр захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул тус компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Мөн тус компаниас Сангийн яаманд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №19/161 тоот албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг хуулийн дагуу 15 хоног сунгасан эсэх талаар хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийн хариуд Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/6970 тоот албан бичгээр “Захиалагч тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан тухай тендерт оролцогч нарт мэдэгдээгүй нь Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.4-т заасныг зөрчсөн, тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусч байх тул дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах” тухай мэдэгдсэн ба бид уг мэдэгдлийг шуудангаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан билээ.

Иймд тус компани нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин дээрх асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, хэрэг үүсгэсэн. Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер нь шүүхийн маргаантай байгаа гэдгийг мэдсээр байж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин тендер зарласан байсан тул тус компаниас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 19/199 тоот албан бичгээр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх/ Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс эгүүлэн татуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”, хэргийг эцэслэн шийдвэрлэтэл тухайн тендертэй холбогдох ажиллагаа хийхгүй байхыг эрх бүхий албан тушаалтанд “даалгах”-аар Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Гэвч тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь: “ ... хуульд заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг Сангийн яамнаас мэдэгдсэний дагуух захиалагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн маргаж буй нь үндэслэлгүй. Нэгэнт Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 дугаар албан бичгээр тендерийг хүчингүй болгосон, уг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэртэй тухайн тендерт шалгарсан нэхэмжлэгч .... маргаагүй байгаа тохиолдолд дахин зарласан тендерт оролцож шалгарсан “Х г” ХХК-д холбогдох шийдвэрүүдийг шүүхээс

 
 


хүчингүй болгох хууль зүйн боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь өөрөө ойлгомжгүй, үндэслэлгүй, тодорхойгүй шийдвэр болжээ.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, “О ө х” ХХК-ийн  “...Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/2665 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох, “О ө х” ХХК-ийг гэрээ байгуулахыг даалгах, дахин тендер явуулж "Х г" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэг. Нэхэмжлэлийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/2665 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар албан бичгээр “... Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 дугаар албан бичгийн дагуу Өмнөговь аймгийн “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих ажил”-ын тендерийн Үнэлгээний хороо хуралдаж тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зохион байгуулахыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад заасныг үндэслэн мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж тус тендерийг хүчингүй болгосныг мэдэгдэж байна” гэжээ.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “энэ мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэнд хамаарахгүй, захиргааны акт биш юм” гэх дүгнэлтийг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагчаас хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/6783 дугаар “... тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон...” шийдвэрийг дамжуулан мэдэгдсэнээс бус тендерийг хүчингүй болгосон зохицуулалт агуулаагүй, эрх зүйн үр дагаваргүй, мэдээллийн шинжтэй баримт байна.

Хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээж, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/1937 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна" гэж заасан үндэслэлээр “О ө х” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.

Нэхэмжлэгчээс шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан байх тул Сангийн яам 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/5608 дугаар албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасны дагуу дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагч дахин тендер шалгаруулсан байх боловч нэхэмжлэгчийн тендерээс мөн татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс дахин Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/6051 дүгээр албан бичгээр дахин үнэлгээ хийхийг даалгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусч байгааг мэдэгдэж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “О ө х” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2-2426 дугаар албан бичгээр “ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирж гэрээ байгуулах”-ыг мэдэгдсэн байна.

Гэвч 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Х г" ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зохион байгуулахыг ...” хариуцагчид даалгасан байна.

Улмаар Үнэлгээний хороо хуралдаж, Сангийн яамны даалгасны дагуу тендерийг хүчингүй болгосныг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх захиргааны акт биш гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь уг мэдэгдэл нь Сангийн яамны 6-1/6783 дугаар албан бичгийг дамжуулан мэдэгдсэнээс бус тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гарсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт биш байна.

Түүнчлэн “О ө х” ХХК Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2-2426 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүлээн аваад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэнд хандсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тендерийн хугацаа дуусах байсныг тооцоолох боломжтой байсныг, мөн нэгэнт Сангийн  яамнаас тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгасны дагуу тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн “О ө х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, дахин тендер явуулж "Х г" ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж тус тус заажээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2-2426 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсний дараа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Х г" ХХК-иас Сангийн яаманд “... шаардлага нийцсэн тендер ирүүлээгүй компанид эрх олгосон, мөн тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байхад “О ө х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1-д тус тус заасны дагуу тендерээс татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол гаргасан, Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 дугаар албан бичгээр “тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дахин нээлттэй тендер зохион байгуулах”-ыг хариуцагчид мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдлийн дагуу хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар албан бичгээр “тендерийг хүчингүй болгосныг” “О ө х” ХХК-д мэдэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин нээлттэй тендер зарлаж, зарыг өөрийн сайтад нээлттэй байрлуулсан байх боловч уг тендерт “О ө х” ХХК оролцоогүй байх тул тендерт оролцоогүй этгээдийн гомдлыг шүүх хүлээн авч тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Сангийн яамны 6-1/6783 дугаар албан бичгээр тендерийг хүчингүй болгож, дахин тендер нээлттэй зохион байгуулахыг даалгасан, уг даалгасан шийдвэртэй “О ө х” ХХК маргаагүй тохиолдолд дахин зарласан тендерт шалгарсан "Х г" ХХК-д холбогдох шийдвэрүүдийг дахин тендерт оролцоогүй этгээдийн гомдлоор хүчингүй болгож, тус тендер шалгаруулалтад оролцоогүй “О ө х” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй.  

Түүнчлэн нэхэмжлэгчийн “маргаантай байхад дахин тендер зарласан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ... 61.1, 65.1, ... шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “О ө х” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан байх боловч тухайн хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй байна.

Хэдийгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ захирамжийн 2 дахь заалтад гомдол гаргах эрхгүй гэж заасан байх боловч хүсэлт гаргагч захирамжийн энэ хэсэгт, мөн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид тус тус гомдол гаргах боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл, “О ө х” ХХК тухайн хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно” гэж заасны дагуу өөрсдийн гаргасан хүсэлт шаардлагын үндэслэлийг тайлбарлан мэтгэлцэх боломжтой байсан буюу хариуцагчийн актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй талаар тайлбарыг үгүйсгэж мэтгэлцэх боломжтой байснаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах боломжтой байжээ.

Иймд анхан шатны шүүхийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох, “О ө х” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах, дахин тендер явуулж "Х г" ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                  ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ