Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

2019           07          31                                   2019/ШЦТ/726       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,  

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сд холбогдох эрүүгийн 1909023970755 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар 08-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамж 263В тоотод оршин суух,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, автобусны буудлын хойд талд байрлах үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цайны газрын баруун талд Д.Жаргалсайханы өөрийгөө буудсан тайрч богиносгосон гол төмөр угсарч залгасан гар хийцийн ТОЗ-8 загварын 71 см урттай бууг 19 ширхэг сумны хамт нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би оройн 19 цагийн орчимд ганцаараа 200 грамм архи уусан. Нойр хүрэхгүй байхаар нь лааз түүхээр гарсан. Гарч яваад тухайн хүний хажууд байсан бууг нь авсан. Би тэр хүнийг хүнийг үхчихсэн байна гэж мэдээгүй. Тасраад унасан байна гэж бодсон. Бууг авч яваад 0.33 литрийн архиар сольсон...” гэв.

 

Эрүүгийн 1909023970755 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 25-наас 2019 оны 4 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 100 айл орчмоор лааз түүх санаатай Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг рүү алхаж байтал автобусны буудлын хойд талд нэг хүн газар явган сууж байгаа харагдсан. Тэр хүний хажуугаар өнгөрч явахад хоёр хөлөө атийгаад нугалчихсан, хагас суугаа байдалтай, хоёр гар нь доошоо сул унжчихсан байсан. Өвөр дээр нь модон иштэй буу харагдсан. Тухайн үед цаг нилээн шөнө үүрийн 3 цаг өнгөрч байсан болохоор хүн хөдөлгөөн байхгүй байсан. Тэр хүн бор өнгийн дээл өмсөж шар дурдан бүс бүсэлчихсэн байсан болохоор хөдөөнөөс ирсэн согтуу хүн тасраад унтаж байгаа юм байна гэж бодсон. Өвөр дээрээс нь бууг аваад барьж явсан торондоо хийгээд цааш явсан. Тэгээд уг газраас хойш алхаад 32 тойрог орчмоор явж байгаад хүнсний дэлгүүр онгорхой байхаар нь орсон чинь худалдагч нь гэж эрэгтэй хүн байсан. Тэр залууд би нөгөө бууг үзүүлээд зарах гэж байгаа юм манай ахаас үлдсэн эд зүйл байгаа юм гэж хэлсэн. Та хэдээр зарах юм гэж асуусан. Би нэг шил архиар зарна гэсэн чинь 0,33 литрийн Хараа архи өгөхөөр нь би тэрийг аваад гэр рүүгээ хариад уучихаад унтаж байхад манайд цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Жаргалсайханд тайрчихсан калебр буу 1 ширхэг байсан. Тэр буу нь ааваас нь өвлөгдсөн. Тухайн бууг нөхөр Жаргалсайхан нь авдарт хадгалж байсан. Түлхүүрийг нь нөхөр өөртөө авч явдаг. Одоо уг буу хаана байгааг нь мэдэхгүй. Би хараад таних эсэхээ мэдэхгүй, өмнө нь 1-2 удаа харж байсан. Уг бууны урт нь 50-60 см урттай байхаа. Бууны гэрчилгээ гэж байдаггүй. Анх хэдэн төгрөгөөр авч байсныг мэдэхгүй. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-35 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд “...Нийт 71 см урттай, гол төмөр 48.5 см урттай, мөрлөгч мод 49.5 см урттай 13219 замгийн дугаартай, гол төмрийн дугааргүй калибр /тайрсан Тоз-8/ маркийн буу 1 ширхэг, 19 сум дайзны хамт хураан авав....” гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-ийн 15-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны 105 тоотод байрлах гаднаа “караоке паб” гэсэн бичигтэй 3 давхар, үйл ажиллагаа явуулдаг караоке ажиллуулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны үүрийн 04 цаг 30 минутын орчим үед манайд ажилладаг Болдбаатар гэдэг залуу манай өрөөнд орж ирээд “энд нэг цүнхэнд буу хийчихсэн хүн явж байна, бууг нэг архиар солино гэж байна” гээд гартаа калибр маркийн буу барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би “ямар учиртай юун хүн, юун буу вэ наад хүнээ оруулаад ир” гэж хэлээд гаргасан. Удалгүй Болдбаатар 170 см орчим өндөртэй, 50 гаран насны шороо болсон хар бараан өнгийн хувцастай, ганц оосортой нэг мөрөндөө үүрдэг урт хоёр талаараа цацагтай даавуун цүнх үүрсэн эмэгтэй дагуулаад ороод ирсэн. Уг эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байх шиг санагдсан. Тэр эмэгтэй “манай хөгшин өнгөрөөд 3 жил болж байгаа юм, хөгшинөөс маань үлдсэн буу авдарын мухарт байж байдаг ба манай ах авч зарах гээд байхаар нь би аваад гараад явж байгаа юм, хэрэггүй болчихсон болохоор ганц шил архиар өгөх гээд байна” гэж яриад байсан. Тэгэхээр нь би тэр бууг нь авч үзэхэд тайрчихсан калибр маркийн буу замагтайгаа, бор өнгийн иштэй, бариул хэсэгт дайзтай 19 ширхэг сум зүүчихсэн буу байсан. Тэр эмэгтэйд Ерөөл 0.33 литр савлагаатай архи нэг шилийг өгөөд явуулсан. Би бууг нь дотроо сумтай байж магадгүй гэж бодоод замагийг нь татахад дотроос нь буудчихсан сумны хонгио гарч ирсэн. Тухайн үедээ нэг их тоохгүй бууг нь өөрийнхөө унадаг 70-05 УНЭ улсын дугаартай тоёота кроун 210 маркийн машиныхаа багажинд хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Гэрэлцогт мөрдөг байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Улаанбаатар хотод ирж Жаргалсайхан ахын гэрт 7-8 хоноод Ховд аймаг руу явах дөхөж байхад Жаргалсайхан ах “туулайн зүрх зүрхэнд сайн гэсэн, 2улаа туулайнд явах уу” гээд цаад унтлагын өрөөнөөс 80-90 см урттай, бор өнгийн мебель модон хүрээтэй калибр буу гаргаж ирсэн. Тухайн үед уг бууны магазинд 10 хэдэн сум байгаа харагдсан. Харин бууны замаг байхгүй байсан. Тухайн замгаа зуслангийн байшиндаа байгаа гэж хэлсэн. Надад харуулж байгаа калибр маркийн галт зэвсэг нь талийгаач Жаргалсайхан ахын буу мөн байна. урд овоо харааны хэсгийн голд нь ногоон өнгийн хуванцар нарийн овоотой. Хойд хэсэгтээ гагнуур хийсэн сэвтэй харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2374 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн MHK Digital Video Recorder гэсэн бичиглэлтэй, N10120, 20170800000348 дугаартай, дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн, мөрдөгчийн заасан дүрс бичлэг нь тоо болон чанарын шаардлага хангаж, эх хувиар ирүүлсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.
  2.  Шинжилгээнд ирүүлсэн MHK Digital Video Recorder гэсэн бичиглэлтэй, N10120, 20170800000348 дугаартай, дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 13:08:23 цагт орж ирж буй эмэгтэй хүний дүр төрх, галт зэвсгийг тодруулан дүгнэлтэд хавсаргав.
  3.  Шинжилгээнд ирүүлсэн MHK Digital Video Recorder гэсэн бичиглэлтэй, N10120, 20170800000348 дугаартай, дүрс бичлэгийн төхөерөмжид хадгалагдсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаар камерийн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 13:08:23 цагт хаалгаар саарал ноосон малгайтай, зах, ханцуй хэсэгтээ үслэг эдлэлийн оруулгатай, хар бараан өнгийн урт хүрэм, хар бараан хагас турийтэй гуталтай, баруун мөрөндөө улбар шар өнгөтэй, өнгө өнгийн оруулгатай дервөлжин хээтэй цүнх үүрсэн, биеийн гаднах харагдах байдал, үйл хөдлөлийн шинжээр 60 орчим насны эмэгтэй хүн байна. Мөн уг бичлэгт бор хүрэн онгоц модтой, гол төмрийг тайрч. зориулалтыг өөрчилсөн ТОЗ-8 загварын гар хийцийн галт зэвсэг дүрслэгдсэн байна.
  4. Шинжилгээнд ирүүлсэн MHK Digital Video Recorder гэсэн бичиглэлтэй, N10120, 20170800000348 дугаартай, дүрс бичлэгийн төхөөрөмжиийг биет бай^лаар ирүүлж, төхөөрөмжид хадгалагдсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7, 8-р камераар бичигдсэн дүрс бичлэгт эвлүүлэг, засварын шинж илрэхгүй байна.
  5. Шинжилгээнд ирүүлсэн, мөрдөгчийн заасан MHK Digital Video Recorder гэсэн бичиглэлтэй, N10120, 20170800000348 дугаартай, дүрс оичлэгийй төхөөрөмжид хадгалагдсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7, 8 дугаар каМерт бичигдсэн үйл явдлыг “үзлэг ба шинжилгээ’’ хэсгээс үзнэ үү.
  6. Шинжилгээнд ирүүлсэн, мөрдөгчийн заасан MHK Digital Video Recorder гэсэн бичиглэлтэй, N10120, 20170800000348 дугаартай, дүрс бичлэгийн төхөерөмжид хадгалагдсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7, 8 дугаар камерт бичигдсэн дүрс бичлэгт дуу авиа бичигдээгүй байна...." гэжээ /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2371 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн Ноолойхүүгийн Сарантуяа /ШГ64031063/-ын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэх гарын хээни дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэжээ /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь тайрч богиносгосон гол төмөр угсарч залгасан гар хийцийн буу, 5,6*14 мм хэмжээтэй сум болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 893.200 /найман зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 94-96 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, автобусны буудлын хойд талд байрлах үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цайны газрын баруун талд Д.Жаргалсайханы өөрийгөө буудсан тайрч богиносгосон гол төмөр угсарч залгасан гар хийцийн ТОЗ-8 загварын 71 см урттай бууг 19 ширхэг сумны хамт нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхжаргалын мэдүүлэг, гэрч Д.Энх-Амгалан, гэрч Д.Гэрэлцогт нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2374 дугаартай дүгнэлт, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Сгийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Сг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 34/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид Н.Сг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сд хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

          Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 71 см урттай, гол төмөр 48.5 см урттай, мөрлөгч мод 49.5 см урттай 13219 замгийн дугаартай, гол төмрийн дугааргүй калибр /тайрсан Тоз-8/ маркийн буу 1 ширхэг, 19 сум дайзны хамт зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

           Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Б.Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Н.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 71 см урттай, гол төмөр 48.5 см урттай, мөрлөгч мод 49.5 см урттай 13219 замгийн дугаартай, гол төмрийн дугааргүй калибр /тайрсан Тоз-8/ маркийн буу 1 ширхэг, 19 сум дайзны хамт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН