Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 22 тоот, “Stable” үйлдвэрт оршин байгаа, “Их Биндэр Хайрхан” ХХК/РД-2612259/-ийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон Ойн бирж, 578-3518 тоотод оршин байх “Винсконкрейт” ХХК/РД5783518/-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103.124.138 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо Алтай хотхоны 21 дүгээр байрны 100 тоотод оршин суух Дарьзагд овогт Аварзэдийн Сундуй/РД-ФВ78110711/-д холбогдох

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч “Винсконкрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагч А.Сундуйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, гэрч С.Ганхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Их биндэр хайрхан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их Биндэр Хайрхан" ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Винсконкрейт" ХХК-тай 14/06 тоот "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, манай компани нь РС-2 нэртэй хүнд бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнэ болох 1 тонныг 2.403.500 төгрөгөөр худалдан авагч талын захиалгыг үндэслэн нийлүүлэх, "Винсконкрейт" ХХК нь 15 хоног тутам тооцоо нийлж, төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний дагуу "Винсконкрейт" ХХК нь нийт 7 удаагийн захиалга хийж, нийт 193.875.500 төгрөгийн бетоны нэмэлт бүтээгдэхүүн авсан ба үүнээс 8.300.000 төгрөгийн төлбөрийг төгрөгөөр, 101.911.075 төгрөгийг бартерийн хэлбэрээр төлсөн. Өнөөдрийн байдлаар "Винсконкрейт" ХХК нь 83.664.425 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Бидний хооронд 2014 оны 4 сарын 15-ны өдөр байгуулагдсан 14/06 тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.6-д "Хэрэв Б тал гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги тооцно" гэж заасан байдаг. "Винсконкрейт" ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул бид санхүүгийн тооцооллоор алдангийн тооцоог хийж гаргаад байна. Энэхүү хугацаа хэтэрсэн өдрийг гэрээний 2.6-д зааснаар нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцвол 2014 онд 159.379.892 төгрөг, 2015 онд 69.489.125 төгрөг нийт 228.869.017 төгрөгийн алданги болж байна. Гэвч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д "...Анзын нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн болох 83.664.425 төгрөгийн 50 хувь болох 41.832.212,5 төгрөгийн алдангийг нэмж гаргуулах нь хуулийн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Винсконкрейт" ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 14/06 тоот "Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хүнд бетоны нэмэлтийн үлдэгдэл төлбөр болох 83.664.425 төгрөг, үүнийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид 41.832.212,5 төгрөг, нийт 125.496.637.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Их биндэр хайрхан” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Винсконкрет” ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулсан байгаа. Энэхүү гэрээний зүйл нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн болох РС-2 хүнд металл бэхжүүлэгч материалыг нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 7 удаагийн ачилтаар нийт 193.875.500 төгрөгийн борлуулалт хийсэн. Уг худалдан авсан барааны үнээс 101.911.075 төгрөгийг бартерийн хэлбэрээр төлбөр тооцоог хаасан байгаа, үлдэгдэл  79.199.425 төгрөгийг төлөөгүй бид авах байсан боловч “Их биндэр хайрхан” ХХК–д менежер ажилтай Аварзэд овогтой Сундуйд хүлээлгэж өгсөн баримтыг бидэнд үзүүлсэн байгаа. Тиймээс бид А.Сундуйгаас 10.450.000 төгрөгийг баримтаар авсан болох нь нотлогдож байгаа учраас авах ёстой мөнгө болох 79.199.425 төгрөгөөс “Их биндэр хайрхан” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзээд 10.450.000 төгрөгийг хасаж тооцоод 68.749.425 төгрөг болж байгаа. Шүүх хуралд дээр хариуцагч “Винсконкрейт” ХХК нь тооцоо нийлсэн баримтаар 68.749.425 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбар гаргасан, маргахгүй байгаа. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 34.374.712 төгрөгийн алдангийг нэмж тооцоод 103.124.137 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу “Их Биндэр Хайрхан” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч А.Сундуйгийн хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3.450.000 төгрөг, нийт 10.450.000 төгрөгийг төлөөгүй уг барааг авсан болох нь тогтоогддог бөгөөд А.Сундуй тооцоо нийлэх үед уг мөнгийг авсан байх ба өөрийн гарын үсгийг зурсан байдаг. Иймд хариуцагч А.Сундуйг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж  үзэж 10.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Винсконкрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжилж байгаа үнийн дүн болох 34.374.712 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн шалтгаан байна. Үүнд “Их Биндэр Хайрхан” ХХК-тай өр авлагын тооцоо гаргахад ихээхэн бэрхшээл тулгарсан байдаг, нэгдүгээрт, бүтээгдэхүүн авсан үнийн дүн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тохирохгүй байсан, өөрөөр хэлбэл “Их Биндэр Хайрхан” 193.450.750 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагад тусгаж, шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн гэж тайлбарлах боловч уг шүүхэд цугларсан нотлох баримтыг үнийн дүнгээр нь нэг бүрчлэн тооцон шүүж үзвэл 187.464.250 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тухай нотлох баримтыг цуглуулж өгсөн байдаг. Хоёрдугаарт, хүлээн авсан тухай нотлох баримтуудад бүтээгдэхүүнийг хүлээн авсан болон хүлээн авсан хүний гарын үсэг тодорхойгүй, “Винсконкрейт” ХХК-ийн хэн гэдэг, ямар албан тушаалтан барааг хүлээж авсан нь тодорхойгүй, гарын үсэг тодорхойгүй, зурагдаагүй, Гуравдугаарт, хэн авсан нь тодорхойгүй, гарын үсгээ гаргацгүй татгалзаж зурсан байсан учраас хэн гэдэг ямар албан тушаалтан хүлээж авсан тодорхойгүй баримтууд цугларсан байсан. Давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаар дээрх байдлыг тусгаж өгсөн байгаа. Дөрөвдүгээрт,  “Винсконкрейт” ХХК-ний бараа хүлээж авсан гэж байгаа боловч н.Батсайхан болон тухайн байгууллагад ажиллаж байсан гэх янз бүрийн хүмүүсийн нэр бичигдэн гарын үсэг зурагдсан байдаг. “Винсконкрейт” ХХК авсан гэж үзэх авсан эсэх нь үүнээс үзвэл эргэлзээтэй байдаг. Ийм 4 төрлийн байдал бий болсон нь харагддаг. Баримтаас үзвэл энэ байдлын улмаас 8.000.000 төгрөгийн өглөг авлагын тооцоо гарсан байсан. Энэ хүндрэлийг хоёр тал тохиролцон даван туулж, алданги тооцохгүйгээр 68.749.424 төгрөгийг л өгч авцгаая гэж тооцоо нийлсэн акт үйлдээд тэрийгээ баталгаажуулах эрх бүхий хүмүүс гарын үсэг зурсан. Хэдийгээр хамааралгүй Н.Отгондорж гарын үсэг зурж тооцоо нийлсэн, тооцоо нийлэх эрхгүй этгээд боловч Н.Отгондоржийн тооцоо нийлсэн актыг эрх бүхий этгээд дэмжсэн учраас би хүчин төгөлдөр акт гэж үзэж байгаа. Ингээд бид харилцан тохирсон. Үүний дараагаар уг тохирооноосоо буцаж 68.749.424 төгрөг дээр алданги тооцож 103.124.137 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Талууд харилцан буулт хийж тооцоо нийлсэн акт үйлдсэн учраас 68.749.424 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг тооцох үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний алданги тооцсон заалтыг судалж үзэхэд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэсэн байдаг. Нийт үнийн дүн гэдэг ойлголтод хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу хүлээсэн үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй байх тухай ойлголт бүхий заалт гэж ойлгогдож байгаа. Бид тодорхой хэмжээгээр гэрээнд зааснаар төлбөрөө төлж байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал алдангийг хариуцна гэж заасан байгаа. Хуульд зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцно гэсэн заалт гэрээнд байхгүй. Зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх 68.000.000 төгрөг үлдсэн байгаа, ийм мөнгөн дүн дээр анз тооцох тухай заалт гэрээнд байхгүй. Нийт үнийн дүн гэдгийг юу гэж үзэх вэ гэхээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлээгүй бол алданги тооцно, харин хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол алданги тооцохгүй гэж ойлгогдож байна. Тийм учраас гэрээний энэ заалт дээр алданги тооцох боломж нэхэмжлэгч талд байхгүй. Гэрээний заалтыг хуульд нийцээгүй, хуулийн ойлголт, үг утгын үндэслэл бүхий заалт биш гэж үзвэл алданги тооцох заалт биш гэж үзэх үндэстэй байна. Тийм учраас алдангийг төлөхөөс татгалзаж байна. Алдангийн тал дээр гэрээний заалт тодорхой бус байна гэв.

Хариуцагч А.Сундуй шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд “Их Биндэр Хайрхан” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан билээ. “Их Биндэр Хайрхан” ХХК-ийг төлөөлж О.Батжаргал 10.450.000 төгрөг нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжилж байгаа мөнгөний 6.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Винсконкрейт” ХХК-иас хүлээн авч нягтлан С.Аймд хүлээлгэн өгсөн. Энэ мөнгийг хүлээлгэн өгөхөд туслах нягтлан бодогч н.Баттулга хамт байсан. 2014 оны 9 дүгээр сард “Их Биндэр Хайрхан” ХХК нь түүхий эдгүй байсан бөгөөд үйлдвэрийн дарга н.Энхтөрөөр дамжуулан “ckemistar” ХХК-иас түүхий эд авч “Винсконкрейт” ХХК-д хүргэж өгсөн. Хүргэлтийг жолооч н.Ганхүү хийсэн бөгөөд гэрчлэх байх. Энэ 3.450.000 төгрөгөөр “ckemistar” ХХК-иас худалдан авалт хийсэн төлбөр болно. Уг “Их биндэр Хайрхан” ХХК нь миний аавын төрсөн дүүгийн компани, дээр нь аавын минь ах дүү нар энэ компаниас ажил амьдралаа залгуулдаг билээ. Тийм учраас би хэзээ ч ах дүү нараасаа дээрх мөнгийг хувьдаа завшиж ашиглаагүйг дахин дахин хэлмээр байна. Мөн миний аав, ээж 2 минь тус компанид ажиллаж, амьдралаа залгуулдаг билээ. Уг 10.450.000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй  байна гэжээ. Хариуцагч А.Сундуйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний үүргээс үүдэлтэй энэ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А.Сундуйг хариуцагчаар татсан байна. Анх татсан хариуцагчаар “Винсконкрейт” ХХК байсан ба явцын дундад А.Сундуйг хамтран хариуцагчаар татсан. Ингэхдээ иргэн А.Сундуйгаас 10.450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Бид уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь А.Сундуй 2014 оны 7 сараас эхлээд “Винсконкрейт” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа “Их Биндэр Хайрхан” ХХК-ийн бетон бэхжүүлэгч материалыг “Винсконкрейт” ХХК-д нийлүүлдэг байсан. Үүний төлбөрүүдийг бэлнээр авч “Винсконкрейт” ХХК-д хүлээлгэж өгдөг байсан. 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөгийг “Их Биндэр Хайрхан” ХХК-иас хүлээж аваад нягтлан бодогч Айм гэх казак хүнд хүлээлгэж өгсөн, мөн 1.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Мөнгийг хүлээлгэж өгөхдөө туслах нягтлан бодогч н.Баттулгын хамт, ерөнхий нягтлан Аймд хүлээлгэж өгсөн. 3.450.000 төгрөгийг 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан энэ мөнгийг тэр дор нь буцаагаад “Скрим Стар” гэдэг ХХК-иас бэхжүүлэгч худалдаж авахаар бэлнээр өгсөн. Яагаад гэвэл тухайн үед нөөцөлсөн бэхжүүлэгч дууссан учраас энэ байгууллагаас худалдан авч “Винсконкрейт” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг нь “Винсконкрейт” ХХК өөрөө бэхжүүлэгч борлуулдаг компани байсан ба тус компани гаднаас барааг аваад нийлүүлэх эрхтэй компани юм. Тухайн үед өөрсдийнх нь бэхжүүлэгч дууссан байсан учраас шууд “Скрим Стар” ХХК-д бэлнээр мөнгө тушааж тэндээс бэхжүүлэгч авч нийлүүлсэн. А.Сундуй нь өөртөө мөнгийг хувьдаа ашиглах гэсэн ашиг сонирхол байгаагүй. Уг нэхэмжилж байгаа мөнгө нь тус компанийн үйл ажиллагаа болон компанид зарцуулсан мөнгө юм. Мөнгөнүүдийг тушаах үед туслах нягтлан н.Баттулга байнга хамт байсан. Ялангуяа 3.450.000 төгрөгийг тухайн үед бэхжүүлэгчийг авч шууд материалд зарцуулсан. Гэтэл А.Сундуйг хариуцна гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тэгэхээр үндсэн хариуцагч болох “Винсконкрейт” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Иймд А.Сундуй нь хариуцах үндэслэлгүй. Энэ худалдан авах гэрээ нь албаны гэрээний дагуу л хийгдсэн байх тул уг мөнгийг үндсэн хариуцагчаас л нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.         

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК нь хариуцагч “Винсконкрейт” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 103.124.137 төгрөг гаргуулах, иргэн А.Сундуйгаас бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүрэгт холбогдуулан 10.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК нь анх шүүхэд “Винсконкрейт” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 125.496.637 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар А.Сундуйг татаж, түүнээс 10.450.000 төгрөг гаргуулахаар, харин  хариуцагч “Винсконкрейт” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 103.124.137 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.   

            Их Биндэр Хайрхан” ХХК болон “Винсконкрейт” ХХК-иудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүнд бетоны нэмэлт РС2 бүтээгдэхүүнийг 1 тонн бүрийн үнийг 5 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 2.403.500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон худалдах, худалдан авах тухай 14/06 дугаартай гэрээг байгуулсан байна.

Уг гэрээний үүрэгт “Их Биндэр Хайрхан” ХХК нь хариуцагч “Винсконкрейт” ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн ачилтаар 193.875.500 төгрөгийн борлуулалт хийж, төлбөрийг бэлнээр 12.765.000 төгрөгийг, бартераар 101.911.075 төгрөгийг төлсөн гэж үзэж, үлдэгдэл 79.199.425 төгрөгийг хариуцагч тал төлөөгүй гэж тайлбарладаг.

Уг төлөгдөөгүй гэх үлдэгдэл 79.199.425 төгрөгнөөс 10.450.000 төгрөгийг хариуцагч А.Сундуй нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3.450.000 төгрөгийн тус тус худалдан авалтын мөнгийг “Их Биндэр Хайрхан” ХХК-д хүлээлгэн өгөөгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 10.450.000 төгрөгийг А.Сундуйгаас гаргуулна гэж харин хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас төлөгдөөгүй үнийн дүн 79.199.425 төгрөгөөс А.Сундуйд холбогдох хэсгийг хасаж тооцон 68.749.424 төгрөгийг гэрээний үндсэн үүрэгт, уг үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги 34.374.712 төгрөгийн хамт нийт 103.124.137 төгрөг гаргуулна гэж мэтгэлцдэг.

Хариуцагч “Винсконкрейт” ХХК нь шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй байдаг бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бид худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт төлөгдөх 68.749.425 төгрөгийг тооцооны үлдэгдлийн баталгааг хүлээн зөвшөөрч байгаа харин төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон алданги болох 34.374.712 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцсон байх бөгөөд энэ нь үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд хамаарна, манай байгууллага үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан тул алданги тооцох үндэслэлгүй, мөн түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэхэд алданги тооцохоор тохиролцоогүй тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргадаг.

Хариуцагч А.Сундуйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Их Биндэр Хайрхан” ХХК болон “Винсконкрейт” ХХК-иудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэгтэйгээр холбогдуулан иргэн А.Сундуйг хамтран хариуцагчаар татсан, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр хариуцагч А.Сундуй нь нэхэмжлэгч байгууллагад менежерийн ажил хийж эдгээр мөнгийг хувьдаа завшаагүй, холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн, компанийн хэвийн үйл ажиллагаанд зарцуулсан тул хариуцахгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төдийгүй тооцоо нийлсэн баримт болох тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт болон А.Сундуйгийн бүтээгдэхүүн хүлээн авсан гэх баримтанд үндэслэн шаардаж байна, хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт үүргээ хариуцлагажуулах үүднээс алданги тооцох нь үндэслэлтэй гэж, харин хариуцагч А.Сундуй нь бүтээгдэхүүний үнийг ажиллаж байсан байгууллагад хүлээлгэн өгөөгүй нь баримтаар тогтоогддог гэж мэтгэлцдэг. /ХХ-ийн 5,6,199,88,89 дүгээр хуудас/

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах тухай гэрээг хийсэн талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд энэ гэрээ ёсоор худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна. Гэрээ ёсоор “Их Биндэр Хайрхан” ХХК нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг “Винсконкрейт” ХХК-д шилжүүлж, “Винсконкрейт” ХХК нь уг бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. Иймд “Их Биндэр Хайрхан” ХХК болон “Винсконкрейт” ХХК-иудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх ба харин хариуцагч “Винсконкрейт” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК нь шүүхэд “Винсконкрейт” ХХК-тай бүтээгдэхүүн хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн зарлагын баримтуудыг үнэлүүлэхээр шүүхэд ирүүлсэн боловч уг баримтуудаас үзвэл 193.875.250 төгрөгийн худалдан авалтыг хийсэн болох нь тогтоогддог. Үүнээс бэлнээр болон бартераар төлсөн болон хамтран хариуцагч А.Сундуйгаас төлөгдөөгүй гэх үнийн дүнгүүдийг хасаж тооцоод 68.749.425 төгрөгний үлдэгдэлтэй гэж тайлбарладаг. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Их Биндэр Хайрхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар болон “Винсконкрейт” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нар 2 талаас харилцан тохиролцон тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байдаг. Уг тооцоог хариуцагч “Винсконкрейт” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргадаггүй. Иймд хавтаст хэргийн 7 дугаар хуудаснаас 31 дүгээр хуудсан дахь бүтээгдэхүүн хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн зарлагын баримтыг шүүх үнэлэх ач холбогдолгүй гэж үзэж, үнэлэхээс татгалзлаа.

Тооцооны үлдэгдлийн баталгааг хариуцагч “Винсконкрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн ч эрх бүхий этгээд дэмжсэн тул хүлээн зөвшөөрч байна гээд гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн үнийн дүн дээр маргадаггүй. 

Иймд хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 68.749.425 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин алдангийн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаг хэдий ч уг худалдах худалдан авах 14/06 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “Винсконкрейт” ХХК нь гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан боловч талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнээс тооцохоор заагаагүй, нийт үнийн дүнгийн хэмжээнээс тооцно гэж заасан нь хууль зөрчөөгүй байна.

Монгол улсын иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар заасан тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д заасан төлбөрийг 15 хоног тутамд тооцоо нийлж төлбөрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцохоор тохиролцсон болох нь тогтоогдож байна. Харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэж гэрээнд тусгаагүй хэдий ч нийт үнийн дүн гэдгийг гүйцэтгээгүй үүргийн дүн гэж шууд утгаар бус хүсэл зоригийн илэрхийллээр тайлбарлаж болохоор байх тул алдангийг 68.749.425 төгрөгөөс тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх алдангийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход хариуцагч “Винсконкрейт” ХХК нь 639 хоногоор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба хоногт 343.747,125 төгрөгний алданги төлөх тооцоо гарч байгаа хэдий ч нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 34.374.712 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, түүнээс үүсэх үр дагаврыг хариуцахаар заасан нь алдангид мөн хамаарч болох юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар “Винсконкрейт” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 103.124.137 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

Хариуцагч А.Сундуйгаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй хэдий ч хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудаар А.Сундуй 10.450.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Учир нь хавтаст хэргийн 88, 89 дүгээр хуудсанд авагдсан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6.000.000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1.000.000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3.450.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтанд зурагдсан гарын үсэг хариуцагч А.Сундуйгийнх мөн болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ гэрч С.Ганхүү уг мөнгийг хариуцагч А.Сундуй авсан болох эх сурвалжийг зааж нотолж чадаагүй, мөн зарлагын олон баримтад А.Сундуйгийн гэх гарын үсэг зурагдсан хэдий ч эдгээр 3 баримтыг чухам түүнд холбогдуулан шаардаж байгаагаа нэхэмжлэгч тал нотолж чадсангүй гэж үзлээ.

Иймд А.Сундуйд холбогдох 10.450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас 673.571 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний х эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103.124.137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК-д олгосугай.

2.Хариуцагч А.Сундуйд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэх үүрэгт 10.450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас 673.571 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Их Биндэр Хайрхан” ХХК-д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРМАА