| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0727/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 725
2019 07 31 2019/ШЦТ/725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Г.Сундуй /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Э,
Шүүгдэгч Б.Б тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн 1909015500650 дугаартай хэргийг 2019 оны 7 дугар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ees” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайт 17 дугаар гудамж 253 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Саруул Тэнгэр” хотхон 45 дугаар байрны 139 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31ы байрны 22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Эшиглэн” гэх караокед үйлчлүүлж байх үедээ иргэн Д.Есөн-Эрдэнийн эзэмшлийн Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 332.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” гэх караокед Б.Эын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг авч 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бусдад зарж борлуулж иргэн Д.Есөн-Эрдэнэд 332.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909015500650 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...: Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 00 цагийн үед хувиараа такси үйлчилгээнд явж байсан. Манай найз Пүрэвбаяр над руу залгаад “манай эхнэрийн төрсөн өдөр болж байгаа юм, жаахан сууя хүрээд ир” гэхээр нь би өөрийнхөө машиныг тавьчихаад найз Бат-Эрдэнээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Эгшиглэн” караокед хүргүүлсэн. Намайг караокед ороход Пүрэвбаяр, эхнэр Давкатай өөр нэг залуу эхнэртэйгээ бас нэг танихгүй залуу байсан. Би Пүрэвбаяр, Давка хоёроос бусдыг нь танихгүй. Тэгээд уугаад дуулаад сууж байх үед нөгөө танихгүй хүмүүс нь яваад Пүрэвбаяр, Давка бид гурав хамт байж байгаад 3 залуутай танилцаад нийтийн караокед нь сууж байгаад 2 номерын караоке руу орсон. Тэнд сууж байгаад явах дөхөөд Бат-Эрдэнийг дуудчихаад гараад тамхи татчихаад эргээд өрөөндөө ороод ирсэн чинь Пүрэвбаяр гурван залуутай маргалдаж байсан. Намайг ороход яг Пүрэвбаярыг түлхэж байсан тэгэхээр нь би тэд нартай барьцалдаж аваад бага зэрэг муудалцаад салцгаагаад зогсож байсан чинь нэг залуу нь “хүн дуудна” гээд гар утсаа гаргаж ирсэн. Тэгэхээр нь би түүнийг элдэв янзын хүмүүс дуудах гэж байна гэж бодоод гар утсыг нь булааж авсан. Яг тэр үед Бат-Эрдэнэ гаднаас ороод ирсэн. Би нөгөө залуугаас булааж авсан гар утсаа Бат-Эрдэнэ өгсөн. Бат-Эрдэнэ ирэхдээ “эхнэр дуудаад байна, чамайг гялс хүргэж өгчихөөд явах хэрэгтэй байна” гэж байсан. Тэнд маргалдаад хамгаалагч нар ирээд удаад байсан болохоор Бат-Эрдэнэ явчихсан байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 00 цагийн үед найз Эрхэмбаяртай хамт өөрийнхөө автомашинтай хувиараа таксинд явж байсан. Пүрэвбаяр Эрхэмбаярыг хүрээд ир гэж дуудаад би Эрхэмбаярыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эгшиглэн” караокед буулгаж өгсөн. Тэгээд үргэлжпүүлээд таксиндаа явж байсан. Тэгсэн чинь Эрхэмбаяр дуудсан. Би “Эгшиглэн” караокед 3 цагийн үед очсон. Очоод 2 номерын өрөөнд ороход Пүрэвбаяр, түүний эхнэр Давка, Эрхэмбаяр нар 2 залуутай маргалдаж байсан. Нэг залуу нь хүн дуудна гээд гар утсаа гаргаж ирсэн. Эрхэмбаяр гар утсыг нь булаагаад авчихсан. Надад гар утсыг нь өгсөн. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад явчихсан. Тэгээд маргааш нь надад мөнгөний хэрэг гарахаар нь гар утсыг “Монтел” худалдааны төв дээр танихгүй хүнд 200,000 төгрөгөөр зарчихсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Хохирогч Д.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 4 дүгээр сарын 13-ны үүрээр 03 цагийн орчим Сухбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол “Эгшиглэн” караокед найз Баасансүрэн, Бат-Оргил хоёрын хамт үйлчлүүлж байхад үл тапих хоёр залуу нэг хүүхэн ирээд “хамт сууя, хамт дуулж өрсөлдье” гээд хүрээд ирсэн. Тэгээд бид хэд хамт сууж байгаад 1 шил архи хувааж уугаад кароекений өрөө сулраад найзуудын хамт ороход араас тухайн залуучууд орж ирсэн. Тэгээд хамт сууж байтал үг сөрөөд маргалдаад эхэлсэн. Тэгээд аль болох маргахгүй гээд байж байтал цэнхэр цамцтай залуу зодолдох гээд агсараад эхэлсэн. Манай найз Бат-Оргил гараад явсан байсан ба би Баасансүрэнтэй сууж байтал гаднаас гэнэт үл таних нэг залуу ороод ирсэн. Би гараад өлгүүрээс гадуур хувцасаа авч орж ирээд гар утсаараа найз Бат-Оргил руу залгах гэтэл цэнхэр цамцтай залуу миний гар утсыг булаагаад авсан...миний гар утсыг авах гэж надад хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэж зодсон зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...хар өнгийн Самсунг галакси жи-7 358800084765396 имей дугаартай гар утас ширхэгийг хураан авав...жд зүйл хураалгасан Б.Э...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч , хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...хар өнгийн Самсунг галакси жи-7 358800084765396 имей дугаартай гар утас ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эгшиглэн” караоке болох ажил дээрээ 17 цагийн орчимд ирсэн. Би тухайн караокед хамгаалагч хийдэг. Тэр орой 8 номерт зодоон болоод би 2 хамгаалагчийн хамт орж салгасан. Цэнхэр цамцтай залуу нь хүмүүстэй муудалцаж агсараад байсан. Тэгээд зодсон хүмүүсийг нь гаргаад явуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Х.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр текэн дээр байж байхад бармен Марлаа камер харж байгаад 8 номерийн өрөөнд зодоон гарлаа гэж хэлсэн. Би тухайн өрөө рүү 2 хамгаалагч явуулсан. Цэнхэр өнгийн цамцтай бүдүүн залуу шил барьсан угаалгын өрөөний хажууд байж байсан. Манай 2 хамгаалагч зодоон хийсэн залуучуудыг зохицуулаад гаргах гэтэл заал хэсэгт байсан хүмүүстэй муудалцах гээд агсараад байсан. Би 2 хамгаалагчдаа туслаад тухайн хүмүүсийг гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ч.Пүрэвбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай эхнэр Даваасамбуугийн төрсөн өдөр болоод орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эгшиглэн” караокед эхнэр болон эхнэрийн найз нөхөртэйгээ сууж байхад манай найз Эрхэмбаяр залгаад “хаана байна” гэхээр нь би байсан газраа дуудаад төрсөн өдрийн эзэн 1 цаг үнэгүй гэхээр нь эхнэрийн бичиг баримт авч ирсэн. Тэгээд бид хэд хамт сууж байхад эхнэрийн найз нөхөртэйгээ яваад эхнэр бид хоёр Эрхэмбаяр, Бат-Эрдэнэ хамт үлдсэн. Би Эрхэмээгийн хамт гадаа тамхи татаад байж байхад гадаа үл таних 3 залуу ирээд “хамт дуулья хэн нь гоё дуулахаа үзье” гээд байсан. Тэгэхээр бид хэд тэд нарын өрөөн рүү орсон. Хамт сууж байтал нэг залуу нь манай эхнэрийг “бүдүүн янхан минь” гэсэн тэгээд бид хэд маргалдаад эхэлсэн. Тэгээд байж байхад гаднаас Эрхэмээ орж ирээд нэг залууг цохиод авсан. Тэгээд хэрүүл үүсээд хамгаалагч нар орж ирж гаргасан. Би гар утасны талаар юу ч мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Д.Даваасамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Төрсөн өдрөө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Эгшиглэн” караокед тэмдэглэсэн. Бид хэд гадаа тамхи татаж байхад Эрхэмээ үл таних 2 залуутай танилцаад нэг өрөөнд орохоор болсон. Бид хэд хамт ороод сууж байгаад нэг нь намайг “янхан минь” гээд хараагаад эхэлсэн. Миний уур хүрээд хэрэлдсэн. Манай нөхөр намайг өмөөрөөд хэрэлдээд байж байтал Эрхэмээ гаднаас орж ирээд уурлаад нэг залууг цохиод эхэлсэн. Тэгээд хамгаалагч орж ирээд салгасан. Би гар утасны талаар юу ч мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг Жи-7 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 332.000 /гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуулас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Эшиглэн” нэртэй караокед үйлчлүүлж байх үедээ иргэн Д.Есөн-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 332.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Есөн-Эрдэний мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” нэртэй караокед Б.Эын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг авч 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бусдад зарж борлуулж иргэн Д.Есөн-Эрдэнэд 332.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Б, Б.Э нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Есөн-Эрдэний мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаар шүүгдэгч Б.Эаас хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булаан авч буй үйлдэл, шүүгдэгч Б.Бэс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Эыг бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, гомдол, саналгүй талаарх хохирогч хүсэлтээ мэдүүлсэн /хх-ийн 15, 54 дүгээр хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус бүрийг тэнсэж, тэдгээрт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар,
Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Эг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Бг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Шүүгдэгч Б.Э, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН