| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2024/00554/И |
| Дугаар | 204/МА2025/00008 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 204/МА2025/00008
2025 3 31 204/МА2025/00008
Х.Ц-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Х.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч С /S /-д холбогдох,
Гэм хорын хохирол нийт 153,188,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад явган хүний гарцаар гарч байхад машинд мөргүүлэн аарцаг, умдаг ясны гэмтэл авсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт цагаан сар хүртэл 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Ер нь хэвтрийн байдалтай байсан. Бие засахдаа хэвтээгээр бие засдаг, өмсдөг памперс өмсөж хүний гарт л орсон гэсэн үг. Тэгээд сэрээд хартал шал өөр газар байсан болохоор нэлээн хүчтэй мөргүүлж хол газар шийдэгдсэн гэсэн үг. Тийм болохоор байнга тархи толгой өвдөнө, даралт ихэснэ, нойргүйднэ, цаг агаар муудахаар бүх яс янгинаад хэцүү байдаг. Тэгээд өвчин намдаах эм ууж байж л дээрддэг. Би чинь эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх бодол байдаг. Гэхдээ ийм байдалтай төрнө гэдэг үнэхээр хэцүү. Эмчийн өгсөн заавар бол уламжлалт эмчилгээ хийлгэх, шавар эмчилгээнд явах, өөрт таарсан дасгал хөдөлгөөн хийх, 2 кг-аас хүнд зүйл огт өргөж болохгүй гэсэн. Миний нэхэмжилж байгаа үнийн дүн 153,188,290 төгрөг бөгөөд үүнд эмчилгээний зардал 6,291,000 төгрөг, эмнэлгээс гадуур хэрэглэсэн эмийн зардал 1,366,910 төгрөг, уламжлалт эмчилгээний зардал 1,270,000 төгрөг, эмчийн үзлэгт орсон төлбөр 340,000 төгрөг, рашаан сувиллын төлбөр 2,630,000 төгрөг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн 36,986,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл авах байсан цалин 29,656,000 төгрөг, мөн хугацаанд хувиараа давхар ажил эрхэлж олдог байсан орлого 22,000,000 төгрөг, Улаанбаатар хотод байр түрээслэн эмчилгээ хийлгэж байсан түрээсийн зардал 10,800,000 төгрөг, бусдаар асруулж байсан асрамжийн зардал 14,550,000 төгрөг, такси үйлчилгээний үнэ 1,307,630 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хүү 2,946,700 төгрөг, хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү 3,800,000 төгрөг, осол болох үед өмсөж явсан күртикны үнэ 850,000 төгрөг, машинд хэрэглэсэн бензин 2,743,150 төгрөг, Улаанбаатар хотод эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, шилжин нүүдэл хийсэн зардал 650,000 төгрөг, эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нарт төлсөн 15,000,000 төгрөг. Би осолд орохоос өмнө Улаанбаатар хотод Зайсанд эгчийнхээ гэрт амьдардаг байсан. Тэгээд осолд ороод шууд хүний гарт орсон учраас хүргэн ахынхаа дэргэд асрагчтайгаа хамт хүргэн ахынхаа хажууд байх хэцүү байсан учраас байр түрээсэлсэн. Тийм болохоор байрны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Тэгээд асрагчдаа цалин хөлс өгөх хэрэгтэй болно. Өмнөх эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд асрагчийнхаа цалинг нэхэмжилсэн боловч хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй байна гэсэн болохоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулж цалинг нь шилжүүлсэн учир асрагчийн цалинг нэхэмжилж байгаа. Би 2023 оны 5 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын шавар эмчилгээнд эмчилгээ хийлгэж байхдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд 2 удаа өөрийн биеэр оролцож байсан. Тухайн үед эмчилгээгээ таслаад шүүх хуралдаанд оролцчихоод буцаж ирж эмчилгээгээ үргэлжлүүлж байсан. Мөн асрагчийнхаа цалинг өгөхийн тулд өөрийн бүх үнэт эдлэлүүдээ ломбардад тавьж 11,000,000 төгрөг өгсөн. Бас хувиараа юм зардаг байсан. Үүнийхээ орлогыг нэхэмжилж байгаа. Давхар ажилгүй байх хугацааны цалин, хот хооронд явсан бензиний зардал зэргийг нэхэмжлээд нийт 153,188,290 төгрөгийг нэхэмжилж байна. Ер нь бол эмчийн зөвлөсөн эм, кальци, гэмтэлд сайн гэсэн бүхнийг ууж, хэрэглэж байна гэв.
2. Хариуцагч С шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С миний бие нэхэмжлэгч Х.Ц ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний зүгээс гэм буруугаа хүлээж, ямар ч баримтгүй байхад эмчилгээний зардал төлж байсан нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоос тодорхой харагдана. Мөн шүүх хуралдаан дуусаж, шийтгэх тогтоол гарсан хэдий ч мөнгө өгсөн байдаг. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа нэхэмжлэлийн шаардлага 153,188,290 төгрөг нь ямар ч үндэслэлгүй гэж ойлгож байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад хариуцагч гэчихээд Э групп гээд хуулийн этгээдийн регистрийн дугаарыг нь бичээд Э групп-ийн гүйцэтгэх захирал ажилтай, .... S /С / гэж хариуцагчаар татсан байдаг юм байна лээ. Үүнээс харахад хариуцагч нь хуулийн этгээд юм уу? иргэн юм уу? гэдэг нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэгт хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн учраас шүүх хангах боломжгүйд хүрсэн. Гэсэн хэдий ч миний үйлчлүүлэгч өгье гэдэг байдлаар хохирлыг барагдуулсан. Хохирогч Х.Ц руу 4,600,000 төгрөгийг шилжүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Хариуцагчийн зүгээс анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, эрүүл мэндээрээ хохирсон гэж нэхэж байгаа зүйл чинь үндэслэлтэй, нотлох баримттай, хэмжээ хязгаартай нэхэмжлэх ёстой гэж шүүх хуралдааны эхэнд дурдсан. Ингээд осолд орсноос хойш хүртэл хийлгэж байгаа эмчилгээний зардал 6,291,000 төгрөг гэж байгаа юм. Энэнтэй холбоотой эмчилгээний зардал бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бол төлөгдсөн тухай хэрэгт авагдсан гэдгийг бас энэ дээр хэлэх нь зөв байх. Мөн тэр яг ямар эмчилгээ хийх гээд байгаа гэдэгтэй холбоотой эмчлүүлэгчийн карт дээр байхгүй гэдгийг дурдах нь зөв байх. Дараачийнх нь эмнэлгээс гадуур хэрэглэсэн эмийн үнэ гэж байгаа юм. Эмнэлгээс гадуур хэрэглэсэн эм гэдэг яг ямар учиртай нь бас мөн тодорхойгүй. Хэний заавар, зөвлөгөөг дагаж авсан, үйлчлүүлэгчийн карт дээр дурдагдсан байна уу? Үгүй юу? гэдэг тодорхойгүй. Өөрөөр хэлэх юм бол зайлшгүй хийх ёстой юм гэсэн баримт бол хэрэгт байхгүй. Дараачийнх нь уламжлалт эмчилгээний зардал 1,270,00 төгрөг гэж байгаа. Мөн урдах тайлбартай бол ижил. Эмчийн үзлэгт орсны төлбөр 340,000 төгрөг гэж байна. Энэ мөн нөгөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныхаа дагуу хохирол төлбөрт төлөгдчихсөн. Рашаан сувиллын төлбөр 2,630,000 төгрөг гээд байна. Мөн рашаан сувилал зайлшгүй явах ёстой, өөрөөр хэлэх юм бол энэ гэмт хэргийн улмаас гэмтэл авсантай холбоотойгоор зайлшгүйгээр сувилуулах ёстой гэсэн бас ийм нотлох баримт бол хэрэгт байхгүй. Дараагийнх нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн 36,986,000 төгрөг гэж байгаа байхгүй юу. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг зүйл энэ гэм хорын хохиролтой ямар ч холбоо сүлбээ байхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бол авах ёстой цалин 29,000,000 төгрөг гэж байгаа. Хавтаст хэргийн дөчин дөрөвдүгээр хуудаст бол С компанийн тодорхойлолтод ажилтны санаачилгаар энэ хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн байсан. Түрүүн нэхэмжлэгч өөрөө хэлсэн шүү дээ. Би том хүүхэдтэй учраас хүүхдийнхээ алс ирээдүйг бодож Улаанбаатар хотод оршин суухаар шилжих гэж байгаа учраас ажлаасаа гарсан юм аа гэдэг зүйлийг хэлсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалчихаад би ажиллаж байсан бол энэ цалинг авна аа гэж ярьж байгааг миний ухаан ерөөсөө хүрэхгүй байна. Дараагийнх дээр В гээд компанийн гүйцэтгэх захирлын тушаал байгаа. Энэ тушаал гурван сарын хугацаатай хийгдсэн хөдөлмөрийн гэрээ юм. Гурван сарын туршилтын хугацаатай энэ гэрээ цаашид сунгагдах байсан уу, үгүй юу гэдгийг өнөөдөр бид нар таамгаар сунгагдаад ажиллах байсан юм аа гэдэг байдлаар бид нар цалин хөлсийг гаргах боломжгүй шүү дээ. Мөн хувиараа давхар ажил эрхэлж олдог байсан орлого 22,000,000 төгрөг гэж байгаа юм. Энэ хувиараа давхар ажил эрхэлж олдог байсан орлогыг бид нар бас тодорхойлох боломжгүй. Улаанбаатар хотод байр түрээсэлсэн түрээсийн зардал 10,800,000 төгрөг гэж байгаа. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг байр хөлсөлж амьдарчхаад би энэнээс гаргуулна аа гэдэг асуудал байж болохгүй. Хүн наад захынхаа хэрэгцээг хангах гэж орох оронтой байдаг байхгүй юу. Тийм учраас энэ байр түрээслэх асуудал бол байж болохгүй. Өөрөө Улаанбаатар руу зорилготой явчхаад гэмт хэргээс болоод би байр хөлсөлье өө гэдэг асуудлыг бид нар шийдэх боломж байхгүй гэж би харж байна. Мэдээж гэмтэл авчихсан гэмтлийн дэглэм захиж байгаа тохиолдолд асруулахыг үгүйсгэхгүй. Энийг би ойлгож байна. Гэхдээ энэ асруулсныгаа нотолсон нотлох баримт маань хуулийн шаардлага хангаад хэрэг дээр орчихсон бол нэг өөр. Анх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр гэрээ чинь алга аа гэхээр нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хийчихсэн юм аа гэдэг тайлбар хэлж байсан. Тэгэхээр энэ асаргаатай холбоотой 14,550,000 төгрөгийг бас хангах боломжгүй болчхож байгаа юм. Нийтийн тээвэр ашиглах боломжгүй байсан тул такси үйлчилгээ авсны зардал гэж байгаа юм. 1,307,000 төгрөгөөр такси барьсан гэж энийг бид нар тогтоох боломжгүй. Тийм учраас энийг бас хангах боломжгүй юм байна гэж ойлгож байгаа. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хүү 2,946,000 төгрөг, хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү 3,800,000 төгрөг гэж байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан чинь осол болохоос өмнө огноотой байна. Өөрөөр хэлэх юм бол гэмт хэргийн хохирогч болохоос өмнө авсан зээл гэдэг бол Иргэний хуульд заасан сайн дурын хүсэл зоригийн илэрхийллээр хийгддэг зүйл байхгүй юу. Тэр гэрээнийхээ үүргийг өөрөөр хэлэх юм бол тэр талуудын хооронд хүлээсэн гэрээнийхээ үүргийг зээлдэгч өөрөө л хүлээх ёстой гэдгийг хэлмээр байна. Дараагийнх нь осол болох үед өмсөж явсан куртик урагдсан тул үнэ нь 850,000 төгрөгийг гаргуулна гэдэг зүйл байгаа. Энэ хэрэгт куртикний зураг байгаа. Нэг дэлгүүрийн юм уу гэмээр 850,000 төгрөгтэй холбоотой баримт хийсэн байна лээ. Магадгүй куртик нь урагдсан байж болно. Гэхдээ яг тэр үед тэр энэ куртик өмсөж яваад урагдсан юм аа гэдэг баримт байхгүй. Машинд хэрэглэсэн бензин 2,743,100 төгрөгөөр ямар машинаар хаашаа бензин хийгээд яваад байгаа нь тодорхойгүй. Нөгөө 1,000,000 гаран төгрөгөөр чинь таксидчихсан шүү дээ. Тэгснээ 2,743,100 төгрөгөөр ингээд бензин хийгээд яваад байгаа юм. Хаашаа яваад байгаа, юу хийх гээд яваад байгаа, Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг хоёрын хооронд хэдэн төгрөгийн бензинээр явдаг билээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд хэд ирж очсон байх нь вэ? Нийтийн тээвэрт яваад байгаа юм уу? хувийн таксинд яваад байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй. Юунд зарцуулсан гэдэг нь ч тодорхойгүй байна. Улаанбаатар хотод эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шилжин нүүдэл хийсэн зардал 650,000 төгрөг гэж байна. Гэмт хэргийн улмаас болж нүүчхээгүй байхгүй юу. Өнөөдөр үндсэн хуульд заасан эрхээ эдэлж энэ зардлаа энэ хүнээс авна аа гэдэг ийм байдлаар хандаж болохгүй шүү дээ. Тэгээд эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нарт төлсөн 15,000,000 төгрөг гэж байгаа. Гэхдээ ямар тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг хангаж шийдвэрлэдэг юм бэ? гэдгийг тусгай зохицуулчихсан ийм байр суурьтай байна гэв.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С эс 22,234,100 /хорин хоёр сая хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130,954,190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч С эс улсын тэмдэгтийн хураамж 269,120 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Х.Ц-ын давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00029 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Э группийн гүйцэтгэх захирал ажилтай, ... тоотод оршин суух S /С / нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Х.Ц намайг авто машинаар дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор, Э групп группийн гүйцэтгэх захирал S /С / гэх хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож 800 нэгжтэй тэнцэх буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Х.Ц намайг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээ сувиллын зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу, өөрт учраад байгаа гэм хорын хохирол 153,188,290 /Нэг зуун тавин гурван сая нэг зуун наян найман мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг S /С / гэх хүнээс гаргуулахаар нэхэмжилсэн.
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Ц миний нэхэмжлэлийн шаардлагын багахан хэсэг буюу 22,234,100 төгрөгийг хариуцагч С эс гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэргийн хохирогч болох өрх толгойлсон эмэгтэй миний эрхийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хохирогч Х.Ц би авто осолд орсноос болж баруун, зүүн талын умдаг ясны доод, дээд хэсэг зүүн талын ууцны ясны хугарал цууралт, гарын тохой, нүдний ухархай зэрэг олон эрхтэндээ гэмтэл авч одоо хүртэл буюу жил шахам хугацаанд эдгэрч чадахгүй, эрүүл мэнд сэтгэл санаагаар зовж шаналсаар байна. Иймд осолд орсноос хойш одоо хүртэл хийлгэж буй эмчилгээний зардал 6,291,000 төгрөг, эмнэлгээс гадуур хэрэглэсэн эмийн үнэ 1,366,910 төгрөг, уламжлалт эмчилгээний зардал 1,270,000 төгрөг, эмчийн үзлэгт орсны төлбөр 340,000 төгрөг, рашаан сувиллын төлбөр 2,630,000 төгрөг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн 36,986,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31 хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бол авах ёстой цалин 29,656,000 төгрөг, мөн хугацаанд хувиараа давхар ажил эрхэлж олдог байсан орлого 22,000,000 төгрөг, Улаанбаатар хотод байр түрээслэн эмчилгээ хийлгэж байсан түрээсийн зардал 10,800,000 төгрөг, бусдаар асруулж байсан асрамжийн зардал 14,550,000 төгрөг, нийтийн тээвэр ашиглах боломжгүй байсан тул такси үйлчилгээ авсны зардал 1,307,630 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хүү 2,946,700, хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү 3,800,000 төгрөг, осол болох үед өмсөж явсан куртик урагдсан тул түүний үнэ 850,000 төгрөг, машинд хэрэглэсэн бензин 2,743,150 төгрөг, Улаанбаатар хотод эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шилжин нүүдэл хийсэн зардал 650.000 төгрөг, Эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нарт төлсөн 15,000,000 төлбөр төгрөг, бүгд 153.188.290 /Нэг зуун тавин гурван сая нэг зуун наян найман мянга хоёр зуун ерэн төгрөгийн бодит хохирол надад учраад байна.
Авто осолд орсны дараа гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтээд гарсан ч сууж бие засаж чадахгүй, байнга памперстай, удаан хугацаанд хүний асрамжид байсан. Осолд өртсөн тэр цаг мөчөөс хойш одоо хүртэл тархи, толгой өвдөнө. даралт байнга ихсэж, нойргүйдэж, цаг агаараас шалтгаалж гэмтсэн яснууд өвдөнө. Өвчин намдаах эмнээс эхлээд гэмтэлд тус нэмэртэй гэсэн бүхнийг хэрэглэж байгаа боловч одоо хүртэл хэвийн ажиллаж амьдрах боломжгүй байна. Би чинь эмэгтэй хүн. Арай өтөл настай болоогүй, хүний орчлонгийн жамыг дагаж, хань ижил, үр хүүхэдтэй болмоор байгаа тул эмч нарын зөвлөгөөний дагуу уламжлалт эмчилгээ хийлгэхээр рашаан сувилал, бариа засал гээд байнга эмчилгээ хийлгэж байна. Аливаа эмчилгээний үнэ хөлс, хоног хоногоор нэмэгдэж, өнөөдөр би өвдөж зовохын хажуугаар өр зээлд орж, эдийн засгийн хувьд үнэхээр хүнд, наад захын ахуйн хэрэглээний зүйлээ авч чадахгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Ц намайг Иргэний хуулийн тусгай ангийн 497.1, 499.1, 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй гэдгийг тэмдэглэсэн боловч бодит байдал дээрээ хийсэн дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эмчийн заавраар хэрэглэсэн, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зардал 36,986,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалин 29,650,000 төгрөг, хувиараа давхар ажил эрхэлж олдог байсан орлого 22,000,000 төгрөг, Улаанбаатар хотод байр түрээсэлж байсны хөлс 10,800,000 төгрөг, өөрөө өндийж босох чадалгүй байхдаа хүн хөлсөлж сувилуулж байсан зардал 14,550,000 төгрөг, үйлчилгээний үнэ 1,307,630 төгрөг, барьцаат зээлийн хүү 3.800.000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсны хөлс 15,000,000 төгрөг зэрэг бүгд 130,954,190 төгрөгийн шилжүүлэг тодорхойгүй, таксины билетгүй, өмгөөлөгч сайн дураараа авсан байна гэх зэрэг шалтгаан зааж хэрэгсэхгүй болгож байгаа нь эрүүл мэндээрээ хохирч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэний миний хуулиар зөвшөөрөгдсөн төлбөрийг гэм буруутай нь тогтоогдсон хариуцагчаас гаргуулахгүй хохироож байна.
Гэмт хэргийн хохирогч болсон миний бие эмч мэргэжилтний зөвлөгөө дагаж хийлгэсэн бүхий л эмчилгээ хийлгэх гэж өр төлбөрт орж байна. Арга буюу ажилд орсон ч бүтэн цагаар ажиллаж хөлс мөнгөө бүрэн авч чадахгүй байна. Энэ хэргийн иргэний хариуцагчаас эхлээд анхан шатны шүүх хүртэл эрэмдэг зэрэмдэг болсон миний үгийг сонсохгүй байхад би арга буюу өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа хүсэж ажлын хөлсийг нь төлж байна. Хэрэв би осол эндэл ороогүй байсан бол эмнэлэг бараадан байр түрээсэлж, нийтийн тээвэр байсаар байхад такси хөлсөлж, рашаан сувилал, эмчилгээ сувилал гэж эд эрхтнийхээ гэмтэлд сайн гэсэн бүхнийг хэрэглэх гэж аргаа барж явна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00029 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэний хэргийн хариуцагч С эс гэм хорын хохирол 153,188,290 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ц надад учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00029 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Уг шийдвэрээс эмчилгээний зардал 1,011,100 төгрөг, рашаан сувилалд эмчлүүлсний төлбөр 1,331,000 төгрөг, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зардал 1.482.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрнө. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 7,560,000 төгрөг гэж шийдвэрлэснээс нэхэмжлэгч Х.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс “В чейн” ХХК-тай 3 хүртэлх сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба түүний сарын цалин 1,300,000 төгрөгөөр тогтоосон ба энэ нь “В чейн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар 23-ны өдрийн Б/04/472 дугаартай тушаалаар нотлогдож байгаа тул хоёр сарын цалин 2,600,000 төгрөгийг зөвшөөрнө. Харин шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасныг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд 3,960,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хариуцагчийн зүгээс эрүүгийн хэрэг дууссан буюу шүүхээр шийдвэрлэсний дараа эмчилгээний зардал гэж 4,600,000 төгрөгийг /нотлох баримт хэрэгт хавсаргасан/ нэхэмжлэгчид өгсөн байдаг. Иймд хүлээн зөвшөөрч байгаа төлбөр буюу 6,424,100 төгрөгөөс эмчилгээний зардалд зориулан шилжүүлсэн 4,600,000 төгрөгийг хасаж нэхэмжлэгч талд 1,824,100 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй.
Анхан шатны шүүх асаргааны хөлс 9,000,000 төгрөг, байрны түрээсийн зардал 1,000,000 төгрөг куртикний үнэ 850,000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч байгаад хүүхдийнхээ алс ирээдүйг бодож Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар шилжсэн тухайгаа хэлдэг. Нэгэнтээ оршин суух газраа сонгож нүүдэл хийсэн бол амьдралын наад захын хэрэгцээ болох амьдрах орчноо өөрөө бий болгох ёстой. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж Улаанбаатар хотод аваачин орох оронгүй болгоогүй. Орон сууц хөлслөх шаардлага бий болгоогүй юм. Асаргааны хөлсний хувьд нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр асаргаатай холбоотой баримт байхгүй гэж байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нөхөж хийсэн гэрээг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Олон сараар асруулах шаардлага байгаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч нь өөрөө рашаан сувилалд бусдын асаргаа шаардлагагүй явж байснаас тодорхой харагдана.
Куртикний үнэ 850,000 төгрөгийн хувьд эрүүгийн хэрэгт урагдсан куртиктэй холбоотой нотлох баримт байхгүй. Иргэний хэрэгт хэнийх нь мэдэгдэхгүй куртикний зураг оруулаад хэзээ яаж олж авсан мэдэгдэхгүй баримт оруулсныг шүүх үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Уг куртикийг тухайн үед өмсөж явсан тухай нотлох баримт байхгүй юм.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00029 дугаар шийдвэрийн үндэслэх нь болон тогтоох нь хэсгийн зарим хэсэгт хариуцагч С эс 1,824,100 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга нэг зуун төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Х.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 146,764,190 /нэг дөчин зургаан сая долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун ерэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу шилжиж ажиллаад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Яармагт осолд орсон. Намайг Вэлл мартын цалингаар тогтоож байгааг нь гайхаад байгаа юм. Вэлл мартын салбар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын урд байдаг. Гэтэл осол болсон газар Яармагт болсон. Би тухайн үед Яармагийн “Оргил” худалдааны төвд эрхлэгчээр ажилд ороод дагалдан 15 хоног хийж хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад нэг хоноод явган хүний гарцаар ажлаа тараад гарч яваад осолд орсон. Намайг хурдтай явсан машин ирж мөргөж гэмтээсэн. Машинд 21,538,000 төгрөгийн хохирол гарсан байдаг. Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хэвтэрт байсан. Тэгээд 2024 оны 3 дугаар сард анхан шатны шүүх хуралдаанд ороход шүүгчээс байрны түрээсийн чинь гэрээ байна уу, Хөдөлмөрийн гэрээ байна уу, асрагч авсан хүнтэйгээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан уу гэж асууж байсан. Би тухайн үед хэвтэрт байсан болохоор гэрээ байгуулж чадаагүй байсан. Намайг харж байсан охин гадагшаа сургуульд явсан. Намайг асарч байсан охиныг 8 дугаар сард амралтаараа ирэхэд нь нөхөн гэрээ хийсэн. Тэгээд асрагч охиндоо 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үлдэгдэл мөнгөө бүгдийг нь шилжүүлж дуусгасан. Би Улаанбаатар хотод Зайсанд эгчийндээ байдаг байсан. Би эгчийндээ тог усны мөнгөнд нь нэмэрлээд л гэрт нь байсан. Би ослын улмаас хэвтэрт орж асрагчтай болсон болохоор айлд байх боломжгүй болсон учраас байр түрээсэлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байрны түрээсийн мөнгө 1,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Хүн 1,000,000 төгрөг барьчхаад хоёр өрөө байранд 10-н сар амьдаръя гэхэд ямар ч хүн тэг гэж хэлэхгүй учраас дансны хуулгаа шүүгээд нийт хэдэн төгрөг гарснаа бас баримтаар гаргаж өгсөн. Би байрны түрээс, цалин, нөхөн сэргээх эмчилгээ гээд л мөнгө төгрөг их орсон. Сая Өвөрхангай аймгийн Гандангийн уламжлалын эмнэлэгт 5-н өдөр эмчилгээ хийлгэж хэвтээд гарсан. Одоо шавар эмчилгээнд Хужирт рашаан сувилал руу явах гээд захиалга өгөхөд 5-н сараас нааш ор олдохгүй гэсэн. Би 5-н сард эмчилгээнд явна гэсэн бодолтой байгаа. Би хувийн компанид ажилд орж менежер хийгээд явсан чинь ажлын ачааллыг нь дийлэхгүй, чөлөө завгүй ажиллаад бие дийлэхгүй байсан. Би 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хаяад шууд эмнэлэг хэвтсэн. 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “zangia” сайтаар ороход миний ажлын байранд шинэ ажлын байр зарласан байсан. Намайг ажлаа хаяад явсан учраас ажилгүй болсон гэсэн тайлбар хэлсэн. Миний эрүүл мэнд номер нэг гэж бодоод ажил хийж чадахгүй ийм л байдалтай байна. Удаан хугацаанд зогсох, хүнд юм өргөх, олон давхрын шатаар дахин дахин бууж авирах, өндөр өсгийтэй гутал өмсөж чадахгүй, модон 00-д суух боломжгүй гээд олон зүйл хийж чадахгүй хэцүү байгаа. Сая ажил хийж байхдаа 2 дугаар сард хөдөө томилолтоор хэд хоног явахад хүнд юм өргөх ямар ч боломжгүй хөл чирэгдээд л хэцүү байсан. Одоогоороо нөхөн сэргээх эмчилгээгээ хийлгээд л явж байна. Иймд бодит зардал ийм гарч байгаа болохоор мөнгө нэхэмжилж байгаа юм. Мөн аваарт орсон хүний куртик урагдахгүй байна гэж байхгүй. Үүнийг S /С / өөрөө мэдэж байгаа. Би өөрт нь хэлж үзүүлж байсан. Мөн намайг байр түрээсэлж байхад ирж эргэсэн байдаг. Шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2022 оны 11 дүгээр 14-ний өдөр нэхэмжлэгч осолд орсон. 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор хариуцагчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасны дагуу өөрийнхөө гэм хорын хохирлыг шүүхийн тогтоолд хэрэглүүлснээр нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа үйл баримтуудыг бүгдийг нэхэмжлэлдээ хавсаргасан баримт нь байгаа. Мөн энд учир дутагдалтай юм байгааг хүлээн зөвшөөрч байна. Баримт материалууд байсан эрүүгийн хэрэгт өгөхгүй яасан юм бэ? гэж ярьж байна. Мөн нэхэмжлэгч 2 өмгөөлөгчтэй байсан гэж хариуцагч ярьж байна. Хариуцагчийн талын тайлбарууд ихэнх нь худлаа байна. Эрүүгийн хэрэгт оролцоогүй өмгөөлөгчийг оролдсон баримтаа гаргаж өгөхгүй яасан юм бэ? гэж ярьж байгаа явдлыг бодит байдалд нийцэхгүй гэж бодож байна. Хариуцагч нэхэмжлэгчийг сайн дураараа Улаанбаатар хот шилжсэн ажлаасаа сайн дураараа гарсан, байр түрээслэх ямар шаардлагатай юм гэж байна. Ганц бие эмэгтэй хүн өөрөө эрэмдэг зэрэмдэг болчхоод босож бие засах ч боломжгүй хүний гарт орсон байдалтай хүнээр асруулах шаардлага байгааг ингэж хэлж байгааг ойлгохгүй байна. Эмнэлэг 14 хоногоос илүү хэвтэж эмчлүүлдэггүй. Хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх эрхгүй гэж ингэж байгаатай санал нэгдэхгүй байна. Нэхэмжлэгч хуучин эрүүл саруул байсан шигээ ажиллаж амьдрах нь хүнд байгаа. Энэ хүн одоо хэдэн настай билээ, Үүнийг хариуцагч хамгийн түрүүнд бодох ёстой. Ямар над шиг үхэхээ хүлээж байгаа хүн биш юм. Залуу хүн чинь эрүүл саруул болох гэж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ. Бид бүх зардлуудыг нэг бүрчилж нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Нэгэнт нэхэмжилж бичсэн зүйлийг нэг бүрчлэн уншиж давтаж цаг хугацааг дэмий үрмээргүй байна. Хамгийн гол нь хариуцагчийн төлөхгүй гэдэг маань хэд хэдэн тайлбарууд байгаа. Таксины зардал гарсан юм бол билет өгдөг такси үйлчилгээ хаана ч байдаггүй. Гэтэл энэ хүн нийтийн тээврээр ганцаараа явах боломжгүй учраас таксинд явсан. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх зүйлээ өгөх боломж тухайн хүнд байгаагүй учраас анхан шатны шүүх дүгнэлт хийж зардлуудаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдэг эрх олгосон байгаа. Нэхэмжлэгч унтаж босоод нэг өглөө Хятадын харьяат хүнээс мөнгө нэхье гэж бодсон юм байхгүй. Монгол улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн хүн ослын улмаас эрэмдэг болчхоод энд тэнд ажиллах гэж оролдоод чадахгүй байр түрээсэлж байсан. Байраа яагаад сольсон бэ гэвэл шатаар гарч чадахгүй байсан учраас арга буюу байраа сольсон байдаг. Сайн дураараа солиод байсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Осол болсноос хойш хоёр ч байгууллагад ажиллах гэж оролдож хөдөлмөрийн бүтээмж муугаас ажлаасаа гарсан. Өнөөдөр хувийн хэвшил хүний хөдөлмөрийг зохих ёсоор үнэлдэг хууль тогтоомжтой боловч хувийн хэвшлийн үйлдвэрлэгч гэж хуруу дарам цөөхөн зүйл байгаа учраас 1,000,000 төгрөгийн хохирол нэг нэгээр нь дурдаад баримтуудаа нэрлээд дансныхаа гүйлгээг хавсаргасан. Нэхэмжлэгч Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч эрүүл мэндээ хамгаалах гэж тэмцэж байгаа. Хүнийг эрүүл мэндээ хамгаалсны төлөө буруутгаж болохгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч асаргааны гэрээгээ нөхөж гэрээ хийсэн гэж үнэнээ л хэлж байна. Түүнээс мөнгө авахын тулд нэг гэрээ олоод ирээгүй. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг л нэхэж байгаа юм. Хариуцагчийн шүүмжилж байгаа нь эрүүл мэндийн нэмэгдэл юунд хэрэгтэй юм бэ гэж байна. Эрэмдэг зэрэмдэг болсон хүн хүн битгий хэл эрүүл саруул хүн элдэв юм авч хэрэглэж эрүүл мэндээ сахин хамгаалах гэж насаа уртасгах гэж хүнтэй адилхан бусадтай адилхан өнгөтэй өөдтэй байх гэж нэмэгдэл хэрэглэдэг болсон. Би хуульд заасан хэм хэмжээний дагуу ярьж байна. Түүнээс хуулиас давж юм нэхсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь Иргэний хуулиар зохицуулсан учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Иргэнд хуулиар нь боломж олгоод байхад нэхэмжлэх эрхгүй гэж асуудалд хандаж болохгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Анхан шатын шүүхээс тодорхой нэхэмжлэлийн үндсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээнийхээ хувьд буруу гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн эхний шаардлага 153,000,000 төгрөгийг гаргаж өгнө үү. Нэхэмжлэгчийнхээ гаргасан давж заалдсан гомдлыг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтыг шинжлэн судлахаар анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлээд байгаа түрээсийн гэрээний асуудалд бусдын данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Тэгэхээр энэ гэрээ нь нэхэмжлэгчийг амьдруулсан орон сууц мөн үү, биш үү гэдэг асуудал байгаа. Орон сууц хөлслөх гэрээ байгуулахад тухайн орон сууцын үл хөдлөхийн гэрчилгээг хавсаргах ёстой. Хэрэгт авагдсан хавтас хэргийн 52 дугаар хуудсанд байгаа гэрээг үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа цалин бодсон тухай нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Энэ захирлын тушаалд гэрээний 1-д нэхэмжлэгчийг 3 сараар томилсон байгаа. Нийгмийн даатгал төлөгддөг. Хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд Хөдөлмөрийн гэрээний 1.7-д зааснаар 1-2 сарын хугацаанд туршилтаар цалин бодогддог асуудал байгаа. Нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан сарын цалинг 2 сараар бодож 2,300,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс өгөх хууль зүйн үндэслэл байна гэж зөвшөөрсөн. Мөн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотойгоор бүсний үнэ 1,500,000 төгрөг гэж эмчлүүлэгчийн картад бичигдсэн байдаг. Үүнийг тулгуур эрхтэнд хэрэглэх ёстой гэдэг үүднээс хүлээн зөвшөөрсөн. Харин бусад нэхэмжлэгчийн зайлшгүй хэрэглэх ёстой осол аваартай холбоотой нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс манай зөвшөөрөөд байгаа мөнгийг хангаад, нэхэмжлэгчийн зөвшөөрөөд байгаа 4,600,000 төгрөгийг хасаж 1,824,100 төгрөгийг хариуцагч төлөхөд татгалзал байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Х.Ц нь С д холбогдуулан гэм хорын хохирол нийт 153,188,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг С эс зөвшөөрч маргажээ. /1-р хавтас, 01, 02, 229/
2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С эс 22,234,100 төгрөг гаргуулан Х.Ц д олгож, 130,954,190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С ... УНИ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Ц ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ДШМ/532 дугаар магадлалын хуулбар /1-р хавтас, 08-20/-аар нотлогдсон.
4. Дээрх зам тээврийн ослын улмаас Х.Ц ын биед хүндэвтэр хохирол учирсанд Силунггийн гэм буруутай үйлдэл шалтгаант холбоотой байх тул С нь Х.Ц д учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна.
5. “Э групп ” ХХК ... УНИ улсын дугаартай автомашины эзэмшигч болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоол /1-р хавтас, 09/-оор нотлогдсон боловч Х.Ц ын нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд бус зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээдүүдийн хувьд С эс гэм хорын хохирол шаардсан гэж хариуцагчаа тодорхойлон тайлбарласан учир С эс гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг баримталсан нь оновчтой болжээ.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эмчийн үзлэг 60,000 төгрөг, эмчийн жороор авсан эм 217,700 төгрөг, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт дээр бичсэн эмчийн зөвлөмжийн дагуу худалдан авсан Кальци Д3 49,400 төгрөг, 684,000 төгрөг, нийт 1,011,100 төгрөг; Амбулаториор эмчлүүлэгчдийн карт дээр бичсэн рашаан, сувилал, бүс хэрэглэх гэсэн эмчийн зөвлөгөөний дагуу “Т” ХХК буюу С рашаан сувиллын газарт эмчилгээ хийлгэсэн 1,331,000 төгрөг, эмчилгээний бүс худалдан авсан 1,482,000 төгрөг; 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Түрээсийн гэрээнд заасан .... тоот дансанд шилжүүлсэн түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг /1 дүгээр хавтас 170/, Х.Ц өрх толгойлон хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд биед нь хүндэвтэр гэмтэл тогтоогдсон /1 дүгээр хавтас, 241, 09/ учир түүнд асаргаа шаардлагатай гэж дүгнэн, “асаргааны цалин өгөв” гэх утгатай шилжүүлсэн 9,000,000 төгрөг /1 дүгээр хавтас, 173/ гээд гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн энэ хэсгээс нийт 13,824,100 төгрөг /1,011,100+1,331,000+1,482,000+1,000,000+9,000,000/-ийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд тус нэхэмжлэлүүдийг бүхэн хангуулах агуулгатай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, түрээсийн төлбөр болон асаргааны төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй байна.
7. Мөн анхан шатны шүүх такси үйлчилгээний төлбөр 1,307,630 төгрөг, бензин худалдан авсан 2,743,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ төлбөрүүдийг “баримтаар нотлогдоогүй” гэж буруу дүгнэсэн.
Учир нь “taxi, bayarlalaa” гэх гүйлгээний утгатай зарлага гарсан нь Хаан банк дахь Х.Ц ын .... тоот депозит дансны дэлгэнгүй хуулга /1 дүгээр хавтас, 171-198/-аар, мөн Аи-92 бензин худалдан авсан нь НӨАТ-ын сугалааны баримтууд /1 дүгээр хавтас, 27, 29, 30, 42/-аар тус тус нотлогдож байгаач энэ нь С-гийн учруулсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зарлагын баримтууд гэдгийг нотлоогүй байна.
Шилжин нүүдэл хийхэд 650,000 төгрөгийн төлбөр төлсөн гэдгийг баримтаар нотлогдоогүй, улмаар дээрх гэмтлийн улмаас нүүдэл хийх бодит шаардлага үүссэн эсэхийг нотлоогүй. Хувь хүнээс зээлсэн зээлийн хүү 3,800,000 төгрөг гэх боловч хувь хүнтэй бичгээр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, тухайн зээлийг хэнээс ямар зорилгоор хэдий хугацаатай хэзээ авч юунд зарцуулсан гэдгийг нотлоогүй, мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн зээлийн хүү 2,946,700 төгрөгийн хувьд Х.Ц барьцаат зээлийн газраас зээл авсан нь зээл болон барьцааны гэрээнүүд /1 дүгээр хавтас, 71, 73-78/-ээр нотлогдож байгаа боловч энэ зээлүүдийг С-гийн учруулсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдуулан зарцуулсан эсэхийг нотлоогүй байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөллийн хөлс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн /1 дүгээр хавтас, 13/ боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн болохыг тусгаагүй байх тул энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл үүсэхгүй бөгөөд тус нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин үндэслэлийн хувьд эрүүгийн болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нартай байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 дүгээр хавтас, 06, 57/ нотлох баримтаар авагдсан байх боловч Х.Ц тус өмгөөлөгч нарт дээрх гэрээнүүдийн дагуу өмгөөллийн хөлс нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгийг нотлоогүй тул дээрх нэхэмжлэлүүдийг бүхэн хангуулах агуулгатай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8. Анхан шатны шүүх куртик худалдан авсан нь нотлогдсон гэж С эс 850,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С эс “gadna kurtkanii tulbur Selengees” гэх гүйлгээний утгатай 850,000 төгрөгийг Х.Ц д шилжүүлсэн болох нь Хаан банк дахь Х.Ц ын 5099980044 тоот депозит дансны дэлгэнгүй хуулга /1 дүгээр хавтас, 118/-аар нотлогдсон тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
9. Х.Ц хүндэвтэр гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан гэдэг үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дутуу авсан цалин 29,656,000 төгрөг, хувиараа ажил хийж олох байсан орлого 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэжээ.
Нэг талаас Х.Ц “В” ХХК-д ажиллан цалин авч байсан, “М” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ажилд томилох тухай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтас, 44-50, 63, 64/-аар нотлогдох боловч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэдгийг нотлоогүй буюу “В” ХХК-ийн ажлаас чөлөөлсөн, “М” ХХК-ийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй байна.
Нөгөө талаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1215 дугаар дүгнэлтээр “гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ердийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /1 дүгээр хавтас, 08/ гэсэн. Мөн Х.Ц ын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг нь нотлогдож байгаа боловч хөдөлмөрийн чадвар хэдэн хувиар ямар хугацаанд алдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Дээрх байдлаар Х.Ц-ыг ямар хугацаанд хэдэн хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа учир 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл дутуу авсан цалин 29,656,000 төгрөг, хувиараа ажил хийж олох байсан орлого 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Тиймээс анхан шатны шүүх 7,560,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дутуу авсан цалин гаргуулах нэхэмжлэлээс 2,600,000 төгрөгийг зөвшөөрч байгаа талаар дурдсан /2 дугаар хавтас, 43/ байх тул 2,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.
10. Эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд С нийт 19,801,819 төгрөгийн хохирол Х.Ц д төлж /1 дүгээр хавтас, 12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байсан боловч 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 4,600,000 төгрөгийг Х.Ц д шилжүүлэн өгсөн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /1 дүгээр хавтас, 231/-аар нотлогдсон байна.
Гэтэл анхан шатны шүүх 4,600,000 төгрөг шилжүүлэн дээрх баримтыг үнэлгээгүйгээс Х.Ц ын нэхэмжлэлийн шаардлагаас 4,600,000 төгрөгийг хасаж тооцоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
Ингээд эмчийн үзлэгийн төлбөр, эм, Кальци Д3 худалдан авсан 1,011,100 төгрөг, рашаан сувиллын газарт эмчилгээ хийлгэсэн 1,331,000 төгрөг, эмчилгээний бүс худалдан авсан 1,482,000 төгрөг, орон сууны түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг, хүн хөлслөн асаргаа хийлгэсэн төлбөр 9,000,000 төгрөг, цалин гаргуулах нэхэмжлэлээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн 2,600,000 төгрөг, нийт 16,424,100 төгрөг болж байгаагаас С-гийн өмнө нь төлсөн 4,600,000 төгрөгийг хасаад 11,824,100 төгрөгийг С эс гаргуулан Х.Ц д олгож, нийт 153,187,390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үлдэх 141,364,190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулж дээрх дүгнэлтийг шүүхээс өгч буйг дурдав.
12. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00029 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “22,234,100” гэснийг “11,824,100” гэж, “130,954,190” гэснийг “141,364,190” гэж, 2 дахь заалтад “269,120” гэснийг “204,136” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг ханган, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 зугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад Х.Ц улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С /S /-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,120 төгрөгөөс 204,136 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 64,984 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ