Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

2019           08          02                                   2019/ШЦТ/731       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,  

Шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Од холбогдох эрүүгийн 1809039851095 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МН группт фейсбүүк хөгжүүлэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг Бэлэндалайд оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 51 дүгээр байрны 2-5 тоотод түр оршин суух, урьд:

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Транскапитал” ББСБ-ын цахим хуудсан хууль бусаар халдаж мэдээллийг нь өөрчилж засварлан цахим хуудсыг нь ажиллагаагүй болгож байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан,

 

2018 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 42-519 тоотод оршин суух иргэн Б.Дэлгэрцэцэгийн “Б.Дэлгэрцэцэг” гэх нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж мэдээллийг нь өөрчилж засварлан бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулан цахим мэдээлэлд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809039851095 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 8-р сарын 21-ний өдөр Z-Shadow.info гэх сайтыг ашиглан интернэт орчинд линкийг пэйж группуудээр цацсан. Жишээ нь /мэдэхгүй зүйлээ асуу, бидэнд тохиолдсон хөгжилтэй явдал, гар утасны хар зах, приус эзэмшигчдийн групп / гэх мэт группуудэд линкийг тараасан. Тэгтэл 10-аад хүний нэвтрэх нэр нууц үг орж ирсэн. Тэр дунд Eldevochir.Baasanjav гэх эрэгтэй хүний хаяг байсан. Уг хаягаар нь нэвтэрч ортол Транскапитал ББСБ-ийн пэйж хуудасны админ байсан. Тэгэхээр нь би тэр хүний өөрийнх нууц үгийг солилгүй Админ байсан нөгөө 3 хүнийг хасаж оронд нь Дэлгэрцэцэг гэдэг хэрэглэгчийг админаар аваад өөрийг нь сүүлд нь хассан. Үүнээс хойш сарын дараа  пэйж хуудас авна зарна гэх фэйсбүүкийн группт уг пэйжийг зарна гээд тавьсан. Уг пэйж хуудасны нэрийг нь 2018 оны 09-р сарын 07-ны өдөр Transcapital Shopping болгож өөрчилсөн. 2018 оны 09-р сарын 20-ны өдөр би Отгонбаяр гэх хүнд уг пэйж хуудсыг 420.000 төгрөгөөр худалдсан. 2018 оны 08 дугаар сард Z-Shadow.info гэх сайтыг ашиглан интернэт орчинд линкийг пэйж группуудээр цацсан. Жишээ нь мэдэхгүй зүйлээ асуу, бидэнд тохиолдсон хөгжилтэй явдал, гар утасны хар зах, приус эзэмшигчдийн групп гэх мэт группуудэд линкийг тараасан. Тухайн үед Б.Дэлгэрцэцэг гэдэг хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авсан ба Транскапитал ББСБ-н пэйж хуудасны админ болгосон. Ингээд сарын дараа Transcapital ББСБ нэртэй пэйж хуудасны нэрийг Transcapital Shopping болгон өөрчилж, фэйсбүүкийн “Пэйж хуудас авна зарна” гэсэн групд зар тавьсан.  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Отгонбаяр гэгч хүнд уг пэйж хуудсыг зарсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-51, 2 дугаар хх-ийн 102-110 дугаар хуудас/,

Цахим шуудангийн хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 8-15 дугаар хуудас/,

 

Хохирогч В.Санжаасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би анх Транскапитал ББСБ-д 2011 оны 04-р сараас сүлжээний инженерээр ажилд орсон. 2015 онд Транскапитал ББСБ гэсэн нэртэй цахим хуудсыг анх би өөрөө нээгээд түүнээс хойш админаар нь ажиллаж байгаад 2015 оны сүүлээр 2016 оны эхээр санагдаж байна Элдэв-Очирыг манай байгууллагад ажилд орсны дараахан би админ эрхээ өгсөн. Түүнээс хойш Элдэв-Очир нь тогтмол энэ фэйсбүүк пэйж хуудсанд мэдээлэл оруулах болсон. Тэгтэл саяхан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Элдэв-Очир нь фэйсбүүк пэйж хуудасныхаа админ эрхийг алдаад оронд нь Д.Дэлгэрцэцэг гэсэн хаягтай хүн админ болсон байсан. Тэгээд бид хэд Д.Дэлгэрцэцэгтэй холбогдож асуухад би өөрийн фэйсбүүк хаягаа алдаад сар гаран болж байна. Би наад пэйж хуудсыг чинь мэдэргүй ээ өөрийнхөө хаяг руу өөрөө нэвтэрч чадахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би Д.Дэлгэрцэцэгийн фэйсбүүк хаягийг сэргээх гэж анх үүсгэсэн утасны дугаарыг нь ашиглаж үзсэн боловч болоогүй ээ. Фэйсбүүк нээсэн дугаарыг нь устгасан байж магадгүй гэж би бодож байгаа. Одоо манай Транскапитал ББСБ-ийн фэйсбүүк хуудас хайлт хийхэд гарч ирэхээ больсон идэвхгүй төлөвтэй болгосон юм шиг байна лээ. Одоо уг манай компаны зүгээс ашиглах аргагүй болсон. Манай алдагдсан пэйж хуудас 2018 оны 10-р сарын 05-ны өдөр Koalabi Australia & Mongolia Shopping /www.koalabi.com/ гэсэн нэрээр солигдож уг пэйж хуудсанд байрлах дугаар луу залгаж үзэхэд манайх энэ пэйж хуудсыг саяхан хүнээс худалдаж авсан гэсэн тайлбар хэлсэн. Уг пэйж хуудасны Page history хэсэгт манай Транскапитал ББСБ-ийн анх 2013 оны 12-р сарын 06-ны өдөр уг пэйж хуудсыг нээсэн нь харагдаж байгаа /Page Created – Transcapital NBFI December 06, 2013/. Иймд дээр дурьдсан манай алдагдсан пэйж хуудсыг буцаан авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-22 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Koalabi Australia & Mongolia Shopping гэсэн нэртэй пейж хуудасны нэвтрэх нэр болон нууц үгийг нь Н.Отгонбаяраар өөрөөр нь хийлгэж уг пейж хуудсны админаар В.Санжаасүрэнд /Sanjaasuren Volodya/ гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу шилжүүлэн хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Элдэв-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Транскапитал ББСБ-д 2016 оны 05-р сарын 11-ний өдөр ажилд орсон. Намайг орох үед манай байгууллагын албан ёсны пэйж хуудас гэж ямар нэгэн хөгжүүлэлт байхгүй зүгээр л нээгээд орхичихсон пэйж хуудас байсан. Би 2016 оны  07-р сараас уг пэйж хуудсыг хариуцаж хөгжүүлэлтийг нь хийж явсаар 2018 оны 08-р сарын 21-ний өдөр уг хуудасны админ эрхээ элдаж тус хуудсыг ажиллуулах боломжгүй болсон. Манай пэйж хуудасны админаар надаас гадна 3 хүн байсан. Манай захирал З.Алтанзул, Гадаад харилцааны менежер  М.Солонго , Ай ти инженер В.Санжаасүрэн нар уг пэйж хуудсанд админ эрхтэй байсан боловч одоо аль ч тус пэйж хуудсанд хандах эрх байхгүй. Яг нарийн сайн юунаас болсоныг нь бол мэдэхгүй байгаа Фэйсбүүкээр яваад байсан хүний царай өөрчилдөг программ руу өөрийн пэйж хуудсанд нэвтэрдэг фэйсбүүк хаягаараа хандалт хийсэн. Тэрнээс болж өөрийн фэйсбүүкийнхээ нууц үг, нэвтрэх нэрийг алдсан байж магадгүй гэж бодож байна. Манай нөгөө 3 админ эрхтэй хүнээс Гадаад харилцааны менежер М.Солонго уг пэйж хуудасны төлбөрийг төлөх, заримдаа ганц нэг мэдээ оруулдаг. Нөгөө хоёр нь бол уг хуудсанд хандаад нэвтрээд байдаггүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....Би Австрали улсаас Koalabi брэндийн өвлийн гутал оруулж ирээд уг гуталаа борлуулалт нэмэгдүүлэхийн тулд олон дагагчтай, олог лайктай фэйсбүүкийн пэйж хуудас хэрэгтэй болоод фэйсбүүкийн пэйж худалдаж авна зарна гэсэн групд зар тавьсан. Зарын дагуу Nyamkhuu Nyamkhuu гэсэн фэйсбүүк хэрэглэгч надруу мэссэнжэр чатаар ийм фэйж байна гээд үзүүлэлтийг нь явуулаад 420мянган төгрөгөнд  уг пэйжийг авахаар болоод 80600210 гэсэн дугаар өгсөн. Би тэр өдрөө нөгөө хүний Хаан банкны данс руу 420 мянган төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр Одхүү гэдэг залуу манай гэрт ирээд пэйж хуудасныхаа админ эрх кодыг нь өгсөн. Би тэр админ эрхээ шилжүүлж авсаны дараа мөнгийг нь өгсөн. Манайд ирэхдээ ганцаараа ирсэн. Тухайн өдөр 2018 оны 9-р сарын 20-ны өдөр байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 68-76 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би анх 2013 оны 10 дугаар сард өөрийнхөө нэрээр Б.Дэлгэрцэцэг гэх фэйсбүүк хаяг нээж түүнээс хойш идэвхитэй ашиглаж байсан. Тэгээд 2018 оны 07-р сарын эхээр миний фэйсбүүк чатанд “та азтан боллооь, та ялагч боллоо” гэсэн утгатай чат ирсэн. Тэр линк рүү нэвтрэхийн тулд өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх нэр нууц кодоо дахин хийх хэрэгтэй байсан учир фэйсбүүкийнхээ нууц нэр нэвтрэх кодыг дахин хийж уг линк руу орход юу ч байхгүй байсан. Тэгээд тэр үедээ ажилтай байсан учраас дахин дахин бол оролдоогүй. Маргааш өглөө нь манай найз надруу залгаад “чи фэйсбүүкдээ ямар сонин зураг оруулаад байгаа юм бэ” гэхээр нь өөрийн фэйсбүүк рүүгээ орж үзэх гэтэл болохгүй байсан. Тэгээд найзаасаа ямар зураг орсон байна, яачихсан байна гэж асуутал ”Зугаатай залуус” гэсэн группд нэгдчихсэн сонин сонин зураг орчихсон байсан. Тэр үедээ би өөрөө фэйсбүүкийнхээ кодыг эргэж сэргээх гэж нилээн оролдсон боловч чадаагүй. Өөрийн анх фэйсбүүк нээхдээ ашигласан утасны дугаараар сэргээх гэхээр би тэр утсыг барихаа больчихсон байсан учир дугаар нь ашиглалтанд байхгүй болчихсон байсан. Тэгээд тухайн үедээ Цагдаагийн  байгууллагад хандах гэж байснаа юу гэж хэлэхээ мэдэхгүй ер нь фэйсбүүк хаяг орохгүй болчихсон асуудал цагдаад хамаагүй шдээ гэж бодоод өнгөрсөн.  Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Транскапитал гэдэг ББСБ-аас над руу 2018 оны 09-р сард залгаад таны нэртэй фэйсбүүк хаяг манай пэйж хуудасны админ болчихсон байна гэж хэлэхээр нь би хариуд нь би энэ хэрэгт ямар ч хамаагүй би өөрөө фэйсбүүк хаягаа алдчихсан орж болохгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ би ч бас хохирсон хүн би бас цагдаад өргөдөл өгнө гэж хэлсэн. Саяхан нэг өөрийн фэйсбүүк хаягаа харахад миний фэйсбүүк нэрийг Nyamka Nyamka гэж сольсон байсан....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 86-87, 112-115 дугаар хуудас/,

 

            Цахим хаяг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Ө.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 104, 2 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/, гэрч П.Отгондаваагийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 115-118 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 82-92 дугаар хуудас/, “Эм Эн групп” ХХК-ийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч нарын хүсэлт болох 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Транскапитал” ББСБ-ын цахим хуудсан хууль бусаар халдаж мэдээллийг нь өөрчилж засварлан цахим хуудсыг нь ажиллагаагүй болгож байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ө.Огийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэг, хохирогч В.Санжаасүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.Элдэв-Очир, гэрч Н.Отгонбаяр нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, цахим шуудангийн хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөн шүүгдэгч Ө.О нь 2018 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 42-519 тоотод оршин суух иргэн Б.Дэлгэрцэцэгийн “Б.Дэлгэрцэцэг” гэх нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж мэдээллийг нь өөрчилж засварлан бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулан цахим мэдээлэлд халдсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг, цахим хаяг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Огийн үйлдэл нь “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ө.Ог цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, засварласны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хохирогч В.Санжаасүрэн, Б.Дэлгэрцэцэг, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаяр нарт учирсан хохирлыг бүрэн төлсөн байдал тогтоогдсон байх тул тэдгээрт төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Ө.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ө.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ө.О нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээг авсан байх ба ийнхүү тэнссэн хугацаанд дахин Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.О тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Ог хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэд хэдэн төрлийн ял оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Огийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.О нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 167 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

 

           Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, цахим мэдээллийн сүлжээ хяналт, хязгаарлалт сул зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Ө.Ог цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж завсарласны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Ө.Ог 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т заасан “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай” гэснийг, 3-т заасан “ Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд Ө.Од зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг тус тус хүчингүй болгож Ө.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Ө.Од хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            7. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Огийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

           

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН