Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 204/МА2025/000011     

 

 

  2025 оны 4  сарын   22                                                 204/МА2025/00011                       

С.Г-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2025/00037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Г-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.О , Х.Я  нарт холбогдох,

22,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээ, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хүйтэн булаг багийн төвийн 202 тоотод оршин суугч М.О, Х.Я нарт Б сумын ... багийн иргэн С.Г миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай бэлнээр 20,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлсэн юм. Гэтэл хугацаа дууссан боловч миний зээлүүлсэн 20,000,000 төгрөгийг хүү болох 2,700,000 төгрөгийн хамт төлөхгүй байна. Иймд миний 22,700,000 төгрөгийг М.О , Х.Я нараас гаргуулж өгнө үү... гэсэн ба анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагаа 22,100,000 төгрөг болгон багасгасан.

           2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М.О , Х.Я  нар нь өөрсдөө нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Тэгэхэд нь байсан 20,000,000 төгрөгөө зээлүүлсэн. Та нар ноолуур авдаг юм чинь тушаасан мөнгөнөөсөө өгчхөөрэй гэсэн. Сарын хүү тооцно шүү гэхэд өөрсдөө санал болгоод ав гэж хэлсэн. Сарын 2 хувийн хүү авч байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сараас хүүгээ 400,000 төгрөгөөр төлж явж байгаад 2023 оны 12 дугаар сард хүүгээ 300,000 төгрөг болгоё гэдэг санал Х.Я аас гаргасан. С.Г, Х.О нараас дүү нь машин авах гэж байна. Мөнгөө авъя гэхээр нь хариуцагч нарт хэлэхэд өгөх боломжгүй байна. Тэгээд сарын хүүг 300,000 төгрөг болгоод өмнө хийсэн байсан гэрээн дээр бичээд гарын үсэг зурсан. Үүнээс үүдэн С.Г  , Х.О  2 малчны зээл авч дүүдээ мөнгийг нь авч өгөөд өөрсдөө одоо зээлээ төлөөд явж байгаа. Хариуцагч нараас мөнгөө авч чадахгүй явж байтал Х.О ийн биеийн байдал муудаж Улаанбаатар хот руу зүрхний нээлттэй хагалгаанд орохоор болсон. Ингээд мөнгөө авъя. Мөнгө маш их хэрэгтэй байна гэж нэг удаа хэлсэн, нэг удаа утсаар ярьсан. Нэг удаа Х.Я  утсаа аваад ямар ч боломжгүй байна. Эгч нь өгөлгүй яах вэ дээ гэж хэлээд тэрнээс хойш утсаа авахаа байсан. 2024 оны 06 дугаар сарыг дуустал ямар ч асуудалгүйгээр хүү 400,000 төгрөг, 600,000 төгрөг болсон ч өгсөн. Гэхдээ бэлэн мөнгө өгч чадахгүй үедээ дэлгүүр, эмийн сангаасаа үнийн дүнд тохирсон бараа, материал ав гэж санал болгосны үндсэн дээр 2024 оны 06 дугаар сар хүртэл асуудалгүйгээр хүү нь төлөгдөөд явсан. 2024 оны 07 дугаар сараас хойш хүү төлөгдөөгүй. Тэгээд 2024 оны 10 дугаар сард Х.Я, Х.О рүү манай хүү нь 3,000,000 төгрөг болчихсон юм шиг байна. Уулзъя, яриа хөөрөө байна гэсэн. Хөдөөнөөс орж ирээд С.Г  , Х.О нар очиж уулзахад хүү 3,000,000 төгрөг болсон байна. 1,000,000 төгрөгт нь бараа аваад, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг цувуулаад өгье гэхээр нь хурдалмаар байна гэхэд хугацаа бичээд өгчих гээд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж дуусна гээд гэрээн дээрээ тусгаж өгөөд 1,000,000 төгрөгтөө бараагаа аваад 500,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Х.Я-ын бодсоноор 3,000,000 төгрөгийн хүү байгаа юм байна гээд өөрсдөө тооцоод үзэхэд 2,400,000 төгрөг байсан. Нэхэмжлэл гаргасны дараа хүү 2,700,000 төгрөг гэж бичсэн нь 2,100,000 төгрөг байсан байна. Ингээд 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл нийт 23 сарын 400,000 төгрөгөөр тооцоод нийт 9,200,000 хүү болж мөнгө болон бараа авсан. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл 7 сарын хугацаанд өөрсдийнх нь санал болгосон 600,000 төгрөгийн хүүгээр 4,200,000 төгрөг болж бараа болон мөнгө авсан. 2024 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сар гээд нийт 6 сарын хүүг 600,000 төгрөгөөр тооцохоор 3,600,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн авсан. 1,000,000 төгрөгийг бараагаар, 500,000 төгрөгийг дансаар авсан. 3,600,000 төгрөгийн хүүгээс 1,500,000 төгрөгийг хасахаар 2,100,000 төгрөг гарсан. Нийт 6,923,300 төгрөгийг бэлнээр, 7,976,700 төгрөгийг бараагаар авсан байна. Иймд хариуцагч нараас 22,100,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

            3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөшийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бол зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хариуцагчаар оролцож байгаа М.О , Х.Я  нараас хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл хийлгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатнаас эхлээд оролцож байгаа. С.Г нь хариуцагч нараас үндсэн зээл болон түүний хүү 22,100,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг Х.Я  нь Х.О , С.Г нараас зээлсэн нь үнэн. Үүнтэй маргах зүйл байхгүй. Энэ тухайгаа баримт үйлдээд өгсөн байдаг. Гэхдээ М.О  бол ямар нэгэн байдлаар мөн хүлээж авсан талаас зээлсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт байдаггүй. Х.Я  л хүлээж авсан талаар баримт байдаг. Хоёрдугаарт нь тухайн 20,000,000 төгрөгийг Х.Я д шилжүүлсэн талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас бол хоёуланг нь хариуцагчаар татаж хоёуланд нь мөнгө зээлсэн гэж оруулж ирж байгаа нь ойлгомжгүй байна гэж үзэж байна. Х.Я ын хувьд нэгэнт мөнгө зээлсэн асуудал дээрээ маргадаггүй учраас дараах байдлаар мөнгийг төлсөн байдаг. 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл нийт 24 сарын хугацаанд 2 хувийн хүү тооцож өгч байгаа гэж сарын 400,000 төгрөгийг өгч нийт 9,600,000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Заримд нь мөнгө, заримд нь бараа өгсөн. Яагаад 9,600,000 төгрөг гэж яах вэ гэхээр 24 сараа шууд 400,000 төгрөгөөр үржээд гаргаад ирж байна. Нэхэмжлэгч талаас 6 сар хүртэл ямар ч асуудалгүй тооцоо байхгүй гэж давхар ярилаа. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг дуустал нийт 07 сарын хугацаанд нийт 13,800,000 төгрөгийг өгсөн. Үүн дээр 1,500,000 төгрөгийг өгсөн гэж нэхэмжлэгч талаас ярилаа. 1,000,000 төгрөгийн бараа өгсөн. 500,000 төгрөг өгсөн. Бас нэг ойлгомжгүй 800,000 төгрөгийг өгсөн гэж ярьдаг боловч энэ талаар манай талд гаргаж өгөх баримт байхгүй байгаад байна. Нөгөө тал ч гэсэн энэ талаар сайн мэдэхгүй байна гээд байгаа учраас энийг орхиё. Нийтдээ 15,300,000 төгрөгийг өгсөн юм. Манай хариуцагч Х.Я-ын зүгээс зарим бэлэн мөнгийг шилжүүлэхдээ гэрчээр орж ирэх гэж байгаа Х.О ийн дансны хуулган дээрээс Янжаа гээд шилжүүлсэн нь харагдаж байгаа. 2, 3 хуваагаад шилжүүлсэн 100,000 төгрөг, 200,000 төгрөг, 500,000 төгрөг гээд олон янзын гүйлгээ байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлээд 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хэд хэдэн удаагийн гүйлгээ байгаа. Нэхэмжлэгч тал үүнийг зөвшөөрч байх шиг байна. 6,923,300 төгрөгийг би бэлнээр, үлдсэн 7,976,700 төгрөгийг бараагаар авсан гэж байна. Тэгэхээр миний хувьд яг ямар тайлбар гаргах гээд байгаа вэ гэхээр зээлийн гэрээний хүүг Иргэний хуульд зааснаас зохицуулсан байдаг. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. Гэтэл хэргийн материалтай танилцаад үзэхээр зээлдүүлэгч гээд яваад С.Г гэх этгээд нь мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд гэдгээ нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Ийм баримт хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээ гэх баримт нь хуульд заасан гэрээний хэлбэрийн шаардлага хангасан гэрээ гэж үзэх боломжгүй баримт байгаа юм л даа. Гэрээний хугацаа байх ёстой хүү гэрээг сунгасан эсэх хэнээс хэнд зээлээд байгаа юм энэ бүх юм нь тодорхойгүй. Х.О  гээд доор нь гарын үсэг зурсан. С.Г гээд гарын үсэг зурчихсан. Хүлээн авсан Х.Я  гээд зурсан баримт байгаа юм. Хэрвээ хүү тооцож гэрээ байгуулж зээл олгож байгаа бол гэрээний хугацаа тодорхой байх ёстой. 6 сарын хугацаатай гэж өөрсдөө яриад байгаа юм. 6 сарын хугацаатай гэж үзэж байгаа бол 6 сарынхаа хүүг аль хэдийнээ төлчихсөн шүү дээ. Энэнээс хойших мөнгийг нь яах юм бэ. Үндсэн зээл гэж үзэх юм уу. Ийм ойлгомжгүй тодорхойгүй баримтаар нэхэмжилж байгаа учраас манайх бол хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Дараагийн дугаарт нь энэ дээрх энэ баримтыг гэрээ гэж үзэхэд зээлийн гэрээ гэж үзэх ямар ч боломжгүй. Х.Я д С.Г  оос юм уу, Х.О ээс ч юм уу 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баталгаа баримт л гэж үзэж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал өөрийнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч тал хүү тохирч гэрээ байгуулж мөнгө зээлсэн гэж байгаа боловч Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд биш гэдэг нь тодорхой байгаа. Гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах шаардлага гэрээний гол нөхцөлүүд, хугацаа зэрэг нь тодорхойлох шаардлагад нийцээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа бүрэн нотлоогүй гэж харагдаж байгаа учраас нэгэнт авсан мөнгөн дээрээ маргахгүй байгаа. С.Г  оос хийсэн 20,000,000 төгрөгөөс бол маргахгүй байгаа. 20,000,000 төгрөгөөс 15,300,000 төгрөгийг нь төлжээ. Ийм учраас 5,100,000 төгрөгийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг хэлж байна. 15,300,000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч тал тайлбараараа давхар нотоллоо. Гэрчээс мөн асууж тодруулж нотолно гэж үзэж байна. Тэгэхээр нийт 22,100,000 төгрөгөөс нэхэмжилж байгаагаас 5,100,000 төгрөгийг манайх зөвшөөрч байна. Үүнийг гаргуулахаар шийдвэр гаргаж өгөх үндэслэлтэй байх гэж үзэж байна. Дараагийн дугаарт нь нэг ийм асуудал байгаад байгаа юм. Зээлийн гэрээ гэж яриад байгаа энэ баримттай холбоотой асуудал дээр нэмээд нэг зүйлийг яръя. Нэгэнт нэхэмжлэгч нь С.Г мөн гээд нэхэмжлэлээ гаргаад явж байгаа. Гэхдээ мөнгийг шилжүүлэхдээ Х.О ийн дансаар шилжүүлээд байдаг. Х.О  гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргачихсан юм шиг зүйл харагдаад байгаа юм. Үүнийг шүүхээс анхаарч үзэж шийдээсэй гэж хүсэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдох юм бол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхэлж явуулдаг хуулийн зохицуулалттай. Тэгэхээр нэхэмжлэгч гээд байгаа С.Г нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү, биш үү гэдгийг яриад байгаа юм уу. Нөгөө талдаа 400,000 төгрөгийн зөрүү гарч магадгүй. Нөгөө талын тайлбартай 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал 24 сарын хугацаанд 9,600,000 төгрөг төлжээ. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг дуустал 4,200,000 төгрөгийг төлжээ. Нийт 13,800,000 төгрөгийг төлж үүнээс хойш 1,000,000 төгрөгийн бараа өгч, 500,000 төгрөг өгч нийт 15,300,000 төгрөг байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч тал авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн авсан нь энэ хэрэгт авагдсан С.Г-ийн  талаас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн дансны хуулга байгаа. Хүрэлбаатар овогтой Оюунбилэг гээд гэр бүлийнх нь хүн юм байна лээ. Энэ хүний дансны хуулгыг тайлбартаа гаргаж өгсөн. Дэлгүүрийн бүртгэлийн дэвтэр зэрэг бараа хүлээлцсэн дэвтэр зэргээр бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна... гэжээ.

            4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Я аас 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г-т олгож, үлдсэн 14,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээ миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2025/00037 дугаартай шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.Г нь Х.Я тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд сарын 2 хувийн хүү тооцож сар бүрийн 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Ингээд 2023 оны 12 дугаар сараас хариуцагчийн өөрсдийн санал болгосноор сарын хүүг 3 хувь болгон нэмэгдүүлж үндсэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үндсэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан хэсгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2023 оны 12 дугаар сард үндсэн зээлийн гэрээний хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан бөгөөд үндсэн зээлийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулахдаа хүү тооцохоор тохиролцсон байсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй..." гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх зээлийн хүүг үндсэн мөнгөнөөс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлсөн хүүг үндсэн мөнгөнөөс хасахдаа хууль хүчин төгөлдөр болсноос хойшх хугацааны хүүг хасвал хуульд нийцэх боломжтой байна.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсны дараа үндсэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан хугацаа буюу 2023 оны 12 дугаар сараас хойш хүүнд тооцож авсан 5.700.000 /2023 оны 12 дугаар сар, 2024 оны 1,2,3,4,5,6 саруудын хүү 4.2 сая төгрөг үүн дээр 2024 оны 10 дугаар сард 1 сая төгрөгийн бараа болон дансаар авсан 500.000 төгрөг нийт 5.700.000 “таван сая долоон зуун мянган”/ төгрөгийг үндсэн зээл болох 20.000.000 /хорин сая/ төгрөгөөс хасуулж шийдвэрлүүлэх нь хуулийн үйлчлэлд нийцэхээр байна.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ202500037 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Х.Я тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд сарын 2 хувийн хүү тооцож сар бүрийн 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Анхнаасаа Х.Я  мөнгө зээлье гэж ирсэн. Зээлийн хүүг өөрсдөө тохиролцсон байдаг. Үүний дараа хуулийн мэдлэггүй нь далимдуулж Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гарснаас хойш 2023 оны 12 дугаар сард үндсэн зээлийн гэрээний хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулж заль ашигласан. Ингээд гэрээнд өөрчлөлт оруулж бага багаар бараа материал, эм тариа өгөхөөр болсон байдаг. С.Г болон өөр хүмүүс Бат-Өлзий сумандаа иймэрхүү байдлаар энэ хүнээс мөнгөө авч чадахгүй байгаа юм билээ. Цаашид ийм байдлаар олон хүнийг битгий залилаасай гэж хүсэж байна.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ202500037 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч С.Г хариуцагч М.О , Х.Я  нарт холбогдуулан 22,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 22,100,000 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээг шаардлагын үндэслэл болгожээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба татгалзлын үндэслэлээ 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл 24 сарын хугацаанд 2 хувийн хүү тооцож нийтдээ 15,300,000 төгрөгийг өгсөн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. С.Г  нь мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд гэдгээ нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй 22,100,000 төгрөгөөс зээлийн хүүд төлсөн 15,300,000 төгрөгийг хасаж тооцоод 5,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарласан.

9. Анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.6-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.” заасан...нэхэмжлэгч С.Г нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Х.Я аас хүү шаардах эрхгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 14,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Х.Я  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас  шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тухайн үед мөрдөгдөж байсан эсвэл 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Иргэний хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зүйл, заалтын алийг нь хэрэглэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

10. С.Г  , Х.Я  нар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20, 000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүү төрөхөөр тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282. 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгахдаа зээлийн хүүг 3 хувь болгон өөрчилж энэ тохиролцоог хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

Зээлийн гэрээний талууд өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй.

10. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.”, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй.” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д зааснаар С.Г  , Х.Я  нарын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний харилцаанд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.2,  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зээлийн үйлчилгээ эрхэлдэг иргэнд холбогдох заалтуудыг хэрэглэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний  талаар хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

  11. Зохигч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний үндсэн үүрэг 20,000,000 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа тул үүнд үндэслэн хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн үүргийг дараах байдлаар тооцов:

   11.1 .2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 24 сарын хүү 9,600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 03-аас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 10 сар 15 хоногийн хүү /хүү 3 хувь болж өөрчилсөн/ 6,300,000 төгрөг, нийт 15,900,000 төгрөг төлөх байсан. Үүнээс үүрэг гүйцэтгэгчээс зээлийн хүүнд төлсөн 15,300,000 төгрөгийг хасаж тооцвол 600,000 төгрөгийн хүү төлөхөөр байна.

  Нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон эрхээ Д.Пүрвээд бүрэн шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаа буюу хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг “5.700.000 “таван сая долоон зуун мянган”/ төгрөг багасгахыг зөвшөөрсөн байх тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 16,400,000 төгрөгийг /22,100,000-5,700,000=16,400,000/ гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,450+42 000=271,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2025/00037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар хариуцагч Х.Я аас 16,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г-т олгож, үлдсэн 5,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 239,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрвээгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271, 450  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.НЯМДОРЖ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Б.ЦЭРЭНПҮРЭВ