Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 203/МА2025/00021

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр Дугаар 203/МА2025/00021 *******

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 313/ШШ2025/00076 дугаар шийдвэртэй,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

262,412,330 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 400,921,960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлдээ: Коёо элеватор ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр MYTZT-23019Т дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр ******* ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа ******* төслийн барилгад /Өмнөговь аймаг, *******, *******, ******* тоот/ Коёо брэндийн 4 ширхэг цахилгааны шатыг нийлүүлж, угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон ба гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс нь бараа бүтээгдэхүүний үнэ, НӨАТ, гаалийн болон тээврийн зардал зэрэг ороод нийт 140,000 ам.доллар буюу нэг ам.долларыг 3,470.29 төгрөгөөр тооцож 485,840,600 төгрөг төлөхөөр тохирч, захиалагч талаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 42 012.11 ам.доллар, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 21,000 ам.доллар буюу нийт 218,628,270 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 267,212,330 төгрөгт тооцон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Коёо элеватор ХХК нь гэрээнд заасны дагуу Коёо брэндийн 4 ширхэг цахилгаан шатыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил, гаалиар оруулж ирсэн ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилга угсралтын талбайд буулган, 1 дүгээр блокны 2 ширхэг цахилгааны шатны угсралт, суурилуулалтын ажлыг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгасан бөгөөд Техникийн магадлалын акт гарсан. Харин 2 дугаар блокны 2 ширхэг цахилгаан шатны угсралтыг ажлыг гүйцэтгэхэд захиалагчийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлээс шууд хамаарч хүлээгдсээр байх хугацаанд захиалагч тал гэрээг цуцлах талаар мэдэгдэж улмаар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байна. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад захиалагч болох ******* ХХК-ийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MYTZT-23019T дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ болон мөн өдрийн 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцлах /2023.12.14-ний өдрийн 97 дугаар, 2023.12.17-ны өдрийн 101 дүгээр, 2023.12.27-ны өдрийн 109 дүгээр албан бичгүүд/, гүйцэтгэгч болох Коёо элеватор ХХК-ийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MYTZT-23019Т дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ-г амжилттай дуусгах, улмаар мөн өдрийн 120 дугаартай Орон сууц захилгын гэрээ-ний дагуу орон сууцыг хүлээн авах /2023.12.11-ний өдрийн 44 дүгээр, 2023.12.18-ны өдрийн 15 дугаар, 2023.12.26-ны өдрийн 16 дугаар, 2024.01.03-ны өдрийн 01 дүгээр албан бичгүүд/-р харилцаж, харилцан байр сууриа илэрхийлж байсан.

Захиалагч болох ******* ХХК-ийн хувьд 2 дугаар блокны цахилгаан шатны угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэхэд шаардлагатай БД 43-101-03 норм дүрмийн дагуу барилгын цонх, хаалганы угсралтын ажлыг дуусгаж, барилгыг 380В цахилгаан эрчим хүчээр хангаж, цахилгаан шат угсрах нөхцөл хангагдсан тохиолдолд гүйцэтгэгч Коёо элеватор ХХК-ийн зүгээс MYTZT-23019Т дугаартай гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хугацаанд ажлыг дуусгах бүрэн боломжтой болох байтал ийнхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн нь гүйцэтгэгч Коёо элеватор ХХК-ийн хувьд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүйн дээр 4 ширхэг цахилгаан шатны аюулгүй ажиллагаатай холбогдуулан баталгаа гаргах, засвар үйлчилгээг хариуцах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн бөгөөд гэрээгээр тохирсон ажлын хөлс болох 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ хэрэгжээгүй. Коёо элеватор ХХК-ийн хувьд эхний блокны 2 ширхэг цахилгаан шатны ажлыг 100 хувь буюу бүрэн дуусгасан, харин 2 дугаар блокны 2 ширхэг цахилгаан шатны ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байхад гэрээ цуцлагдсан нь тул гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг ******* ХХК-с шаардаж байна. Манай компанийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажил болох 4 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажлын хөлс нь 24 000 000 төгрөг бөгөөд үүнээс 2 ширхэг цахилгаан шатны ажлын гүйцэтгэл 60 хувийн гүйцэтгэлтэй байхад гэрээ цуцлагдсан тул ******* ХХК-с 262 412 330 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Коёо элеватор ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн дараах байдлаар тодорхойлсон. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилсан нөхцөл хангагдаагүйгээс 2-р блокны 2 ширхэг цахилгаан шатны ажил удааширч 60%-н гүйцэтгэлтэй ажиллаж байхад хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 4 ширхэг цахилгаан шатны үнэ болон угсралт, суурилуулалтын ажлын хөлс нийлээд 485 840 600 төгрөг байхаар талууд гэрээгээр тохиролцсон. Энэхүү үнийн дүнг нарийвчлан тооцвол 1 ширхэг цахилгаан шатны үнэ нь 109 460 150 төгрөг буюу нийт 437 840 600 төгрөг бөгөөд 4 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын нийт ажлын хөлс нь 24 000 000 төгрөг буюу 1 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажлын хөлс нь 6 000 000 төгрөг болно.

Хариуцагч нь гэрээний үнийн дүнгээс нийт 63 000 ам.доллар буюу 218 628 270 төгрөгийг л төлсөн нь 2 ширхэг цахилгаан шатны үнэ бөгөөд 2 ширхэг цахилгаан шатны үнийг болон 1-р блокны 2 ширхэг цахилгаан шатны ажлын хөлс болох 12 000 000 төгрөгийг 2-р блокны 2 ширхэг цахилгаан шатны ажлын хөлс болох 7 200 000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд хариуцагчаас 2 ширхэг цахилгаан шатны үнэ болох 218 920 300 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлс болох 19 200 000 төгрөгийн хамт нийт 238 120 300 төгрөг нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн төлөөлөгч А.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Коёо элеватор ХХК болон ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний болон өөр ямар нэгэн гэрээ болон хуулиар хүлээсэн үүрэг, өр төлбөр, хоорондын авлага, өглөг байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-н зүгээс цахилгаан шатны үнэ гүйцэтгэсэн ажлын хөлсөө 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №MYTZT223019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын зүгээс маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа нэгэн үйл баримт бол 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №MYTZT223019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-нд заагдсан ажил анх тохиролцсон ёсоор гүйцэтгэгдээгүй явдал. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан, тэр өдрийг хүртэлх гэрээний хэрэгжилтийн үнэлгээ хэдэн төгрөг болох тухай талууд саналын зөрүүтэйгээр маргаж байгаа. Цахилгаан шат угсрах ажил нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаартай тушаалын 1-р хавсралтаар баталсан Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм-ийн 28.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий иргэн хуулийн этгээдийн хийж гүйцэтгэдэг ажил юм. Бизнесийн үйл ажиллагааны явцад итгэлцэн гэрээ байгуулсан лифт угсрах тусгай зөвшөөрөлтэй гэх Коёо элеватор ХХК нь хүлээсэн үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацаанд лифт угсрах ажлыг дуусгаагүй. Гэрээний 12.1 дэх хэсэгт ...цахилгаан шатны угсралтын ажлыг 30 хоногт гүйцэтгэн МХЕГ-т хүлээлгэн өгсөн цахилгаан шатыг захиалагчид хүлээлгэн өгнө. Хэрвээ гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хожимдуулбал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө. Мөн захиалагчид учруулсан бусад эдийн засгийн хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлнө гэж заасан. Коёо элеватор ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргийн дагуу лифтийг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй байгаа. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 262,412,330 төгрөг гэж үзвэл түүний 0,1 хувь нь 262,412 төгрөг байна. Лифт угсрах ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх ёстой байсан сүүлийн хугацаа болох 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл 386 хоног байна. 386 хоногийг 262,412 төгрөгөөр үржүүлэн тооцож үзвэл 101,291,032 төгрөг болно. Коёо элеватор ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, ажилтнаа ирүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ шалгуулахгүй байсаар хүйтний улирал болгосон. Хүйтний улиралд лифт угсрах ажлыг хийдэггүй журамтай. Иймд лифтгүйн улмаас барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон. Арга буюу өөр гүйцэтгэгч хайж эхэлсэн. Өөр компанийг оруулж ирсэн, техникийн паспортгүй лифтийг угсрах ажлыг гүйцэтгэх компани олдохгүй, бүгд татгалзаж байсан. Ингээд 2024 оны 02 сарын 14-ний өдөр цахилгаан шат угсрах тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК ()-д удаа дараа хүсэлт тавьж үнийн саналыг нэмэгдүүлэн хэлэлцээр хийж тэднээр лифт угсрах ажлыг гүйцэтгүүлсэн. ******* ХХК-н зүгээс дутуу байгаа тог баригчийг шинээр авч суурилуулах, лифтнүүдийг угсрах, тохируулгуудыг хийж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд урсгал засвар, үйлчилгээг хийх, 3 жилийн хугацаанд гарсан аливаа гэмтлийг засварлах баталгаа гаргах ажлыг нийт 210,000,000 төгрөгөөр гүйцэтгэх санал гаргасан. ******* ХХК-н зүгээс саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.Манай ******* ХХК-н зүгээс анх Коёо элеватор ХХК-тай гэрээ байгуулахдаа барилгаа лифттэй болгох ажилд 485,840,600 төгрөг зарцуулахаар тооцоолж гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний хэрэгжилтийн явцад урьдчилгаа болгон 2023 оны 05 сарын 29-ний өдөр 145,740,000 төгрөг, 2023 оны 06 сарын 22-ны өдөр 72,156,000 төгрөг нийт 217 896 000 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-д шилжүүлсэн байна. Мөн ******* ХХК-аар ******* ХХК-н гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхэд 250,000,000 төгрөг зарцуулсан байна. Нийт 467,896,000 төгрөг зарцуулаад ч ******* ХХК-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн цахилгаан шатаа зохих журмын дагуу ажиллуулж чадахгүй байдалд хүрээд байна. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-аас гэрээний алданги нэхэмжилж байна.  

Өнгөрсөн хугацаанд Коёо элеватор ХХК нь Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-ний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гүйцэтгэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс үүдэн ******* ХХК болон Gobi residence орон сууцны оршин суугчдад их хэмжээний хохирол, хүндрэл учруулсан. Гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар 140,000 ам/долларыг 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 3,470.29 төгрөг гэх ханшаар хөрвүүлж тооцвол гэрээний нийт үнэ 485,840,600 төгрөг байна. Гэрээний 12.1 дэх хэсэгт ...хэрэв гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хожимдуулбал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож Захиалагчид төлнө гэж заасан. Гэрээний нийт үнэ 485,840,600 төгрөгийн 0,1 хувь нь 485,480 төгрөг байна. Гэрээний үүргийн дагуу цахилгаан шатыг угсарч хүлээлгэн өгөх ёстой байсан 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс энэхүү сөрөг нэхэмжлэл бичсэн 2024 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 377 хоног өнгөрсөн байна. Гүйцэтгэгч Коёо элеватор ХХК нь гэрээний үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн дүнг 485,840,600 төгрөгөөр тооцож түүний 0,1 хувь болох 485,480 төгрөгийг 377 хоногт үржүүлэн тооцож үзвэл хуримтлагдсан алданги 183,025,960 төгрөг болж байна.

Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хийж гүйцэтгэх үүргээ зөрчсөн бол захиалагч хөлсийг төлөхөөс Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзах эрхтэй. Харин тэрээр хөлсийг аль хэдийн төлсөн бол Иргэний хуулийн 355.1-н дагуу гэрээг цуцалж, хөлсийг Иргэний хуулийн 225, 205-н дагуу буцаан шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...гэрээг цуцалж урьд шилжүүлсэн 217,896,000 төгрөг, алданги 183,025,960 төгрөг нийт 400,921,960 төгрөгийг...шаардаж байна гэж тодорхойлсон.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХХК-аас 238,120,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-д олгож, ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 1,470,012 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,348,551.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,320,511 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч, хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Дээрх гэрээ нь бүхэлдээ ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтуудаар маргааныг шийдвэрлэх ёстой байсан. Учир нь: Гэрээний зохицуулалтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбарт Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-ий үр дүнд хүлээн авах цахилгаан шатны чанар үзүүлэлт, хийцлэл, өнгө үзэмж гээд бүх нөхцөлийг урьдчилан захиалагч тал тодорхойлж захиалсан. Захиалагчийн өгсөн захиалгын дагуу урьдчилгаа төлбөрийг хүлээн авсны дараа цахилгаан шатнуудыг үйлдвэрлүүлж байгаа, цахилгаан шат нь өөр барилгад шилжүүлэн суурилуулах боломжгүй нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл болохын хувьд гэрээний харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээ болох юм. Худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний агуулга, тухайн эрх зүйн харилцааг ялган дүгнэх асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн удаа дараагийн шийдвэр, зөвлөмжид дурдагдсан байдаг.

2017 оны 12 сарын 25-ны өдрийн 02 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практикт, анхаарах асуудал-н талаар Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид доорх байдлаар тодорхой тайлбарласан байдаг. Үүнд:

Эрх зүйн харилцааг тодорхойлоход анхаарах асуудал: Түүнчлэн шүүхийн практикт орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц худалдах, худалдан авах хоёр өөр гэрээг оновчтой тодорхойлж чадаагүй тохиолдол нэлээдгүй гарчээ. Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг худалдах- худалдан авах гэрээний харилцаанаас зааглан ялгахын тулд гэрээний гол нөхцөлүүдийг тодорхой анхаарах шаардлагатай. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаас гадна тухайн үр дүн бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Ажлын үр дүнг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог. Нэгэнт ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх учиртай.

Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болох ажиллагаа буюу хэрхэн яаж гүйцэтгэх зэрэг нь худалдах-худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийг бий болоход худалдан авагч талын ямар нэг оролцоо байдаггүй болно. Маргааны тохиолдолд лифтний хэмжээ, материал, техникийн үзүүлэлтийг захиалагч тодорхойлж, лифт үйлдвэрлэх зардлыг захиалагч тал урьдчилан төлж байгаа нөхцөл, үйл баримттайг анхаарч үзнэ үү.

2016 оны 05 сарын 10-ны өдрийн 02 дугаартай Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хууль холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа-ны талаарх Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэнэ!' гэж тайлбарласан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн байр суурь тайлбарыг нотолгоо үндэслэлгүйгээр үнэнд тооцож хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн нь энэ мэт олон алдааны эх үүсвэр болсон. "******* ХХК болон Коёо элеватор ХХК нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний зохицуулалт огтоос хэрэглэгдэх ёсгүй, хамааралгүй. Иймд Коёо элеватор ХХК болон ******* ХХК-н хооронд 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан №МҮТ2Т-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-г цуцалж урьд шилжүүлсэн ажлын хөлс 217,896,000 төгрөг, алданги 183,025,960 төгрөг нийт 400,921,960 төгрөгийг Коёо элеватор ХХК -аас шаардаж байгаа.

Үндэслэл нотолгоо бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 238,120,300 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 400,921,960 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийт 639,042,260 төгрөгийн үнийн дүнтэй шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MYTZT-23019T дугаар Бүтээгдэхүүн захиалах гэрээ-ний үнэ 485,840,600 төгрөгөөс төлөгдөөгүй үнийн дүн 262,412,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2 ширхэг цахилгаан шатны үнэ болох 218,920,300 төгрөг, 2 ширхэг цахилгаан шат суурилуулсан ажлын хөлс 12,000,000 төгрөг болон 2 ширхэг цахилгаан шат суурилуулах ажлыг 60%-тай гүйцэтгэсэн ажлын хөлс 7,200,000 төгрөг, нийт 238,120,300 төгрөг гаргуулах,

хариуцагч ******* ХХК нь гүйцэтгэгч Коёо элеватор ХХК-д холбогдуулан тус компани нь гэрээний үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн дүнг 485,840,600 төгрөгөөр тооцож түүний 0,1 хувь болох 485,480 төгрөгийг 377 хоногт үржүүлэн тооцож үзвэл хуримтлагдсан алданги 183,025,960 төгрөг, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 225, 205 дугаар зүйлд заасны дагуу буцаан шаардах эрхтэй тул гэрээг цуцалж, урьд шилжүүлсэн 217 896,000 төгрөг, алданги 183,025,960 төгрөг нийт 400,921,960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Коёо элеватор ХХК болон ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ болон хуулиар хүлээсэн үүрэг, өр төлбөр, хоорондын авлага, өглөг байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний болон ажил гүйцэтгэх гэрээний агуулга бүхий холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 238,120,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинж чанартай гэрээ гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх энэ гэрээг холимог буюу худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний шинж аль аль нь байна гэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Коёо элеватор ХХК цахилгаан шат буюу лифтнүүдийг угсрах ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан гэх боловч тухайн үед ямар нэгэн албан бичиг, мэдэгдэл ирүүлээгүй. Мөн үүргээ гүйцэтгээгүй шалтгаан нөхцөлөө нотлоогүй учраас Коёо элеватор ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан МҮТ2Т-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-г цуцалж урьд шилжүүлсэн ажлын хөлс 217,896,000 төгрөг, алданги 183,025,960 төгрөг, нийт 400,921,960 төгрөгийг Коёо элеватор ХХК-аас гаргуулахыг шаардаж байгаа. Үндэслэл нотолгоо бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 238,120,300 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 400,921,960 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийт 639,042,260 төгрөгийн үнийн дүнтэй шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд Коёо элеватор ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр MYTZT-23019Т дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ байгуулагдсан,

******* ХХК 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 42 012.11$x3 469.0=145,740,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 21 000$x3 436.0=72,156,000 төгрөг буюу нийт 63 012.11 ам.доллар буюу 218,628,270 төгрөгийг төлсөн,

Коёо элеватор ХХК нь Өмнөговь аймгийн *******, *******, Нисэх-2 204В тоот хаягт байрлах Gobi residence орон сууцны төсөлд шаардлагатай 450 кг-ийн даацтай 2 ширхэг, 800 кг-ийн даацтай 2 ширхэг нийт 4 ширхэг цахилгаан шатыг барилгын талбайд буулгасан /1-р хавтаст хэргийн 177-197 хуудас/,

1-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байх ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Бүтээгдэхүүн захиалах гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч тал нь гэрээний 1-р хавсралтад дурдсан цахилгаан шат болон түүний дагалдах тоног төхөөрөмжийг /цаашид Бараа гэх/ Монгол улс Өмнөговь аймаг, *******, ******* Их-Уулын нисэх-2 204в тоот GOBI RESIDENCE төслийн барилгажилтын талбайд хүргэж, угсрах, холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх,

Гэрээний 5.1-д Захиалагч нь тус гэрээний 5.1.1-д заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ.

Иймд нэхэмжлэгч Коёо элеватор ХХК өөрийн материал, хөдөлмөр, үйл ажиллагаа орсон ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд тогтоосон хугацаанд шилжүүлэх, хариуцагч ******* ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөхөөр тохиролцож харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №-MYTZT23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалах гэрээ байгуулагдсан байх ба худалдах худалдан авах гэрээний агуулга, ажил гүйцэтгэх гэрээний агуулга бүхий холимог гэрээ байгуулагдсан... байна гэж дүгнээд дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тогтоож, хэрэгт авагдсан баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгсөн байна. 

Тодруулбал, Зохигч ажил гүйцэтгэх гэрээнээс гэрээ болон хуульд заасан үндэслэлээр татгалзсан тохиолдолд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. Мөн ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх бус урт хугацааны явцад үр дүн бий болдог тул зохигч гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийн биелэлтийг тооцох үр дагавар үүснэ.

Иймд гэрээний үнийн дүн болох 485,840,600 төгрөгөөс захиалагч талын төлсөн дүн 218,628,270 хасаж, үлдэх 267,212,330 төгрөгийг гүйцэтгэгч тал болох Коёо элеватор ХХК нь хариуцагч компаниас шаардах эрхтэй байх ба гэрээ цуцалснаас үүсэх шаардах эрхийн талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь 2 ширхэг цахилгаан шатны угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байхад гэрээг цуцалсан тул тухайн ажлын хөлсийг 7 200 000 төгрөгөөр тооцсон тул зөрүү 4 800 000 төгрөгийг хасахад 262 412 330 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийг дүнг тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэжээ.

Гүйцэтгэгч тал 2-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны угсралтын ажлыг 60 хувь гүйцэтгэсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна үлдэгдэл 40 хувийн ажлын хөлс нь хэд болох нь нотлогдохгүй байхад хариуцагч тал нийт ажлын хөлсөнд алданги тооцсон нь үндэслэлгүй. Мөн хариуцагч тал нь 2-р блокийн 2 ширхэг цахилгаан шатыг угсрах ажлыг Би Ти Брос Теч ХХК-аар гүйцэтгүүлсэн талаарх үйл баримтын талаар гэрч М., Т. нар мэдүүлэг, хариуцагч тайлбар гаргадаг боловч 210 000 000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 238 120 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 292 030 төгрөгийг шийдвэрлээгүй орхисон байх тул энэ үнийн дүнг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үнийн дүнг бичилгүй орхигдуулсан байх тул үнийн дүн 400 921 960 төгрөг гэж тодруулан шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн шүүхийн шийдвэр танилцуулсан хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж давхар бичигдсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн зүйл заалтыг бичээгүй хууль хэрэглээний зөрүү байгаа боловч энэхүү зөрчил нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 313/ШШ2025/00076 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 238,120,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-д олгосугай гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 238,120,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Коёо элеватор ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,292,030 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 400,921,960 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,353,162 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Т.ДЭЛГЭРМАА