Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 5108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 9 дүгээр байр 66 тоотод оршин суух, эмэгтэй, 1950 онд төрсөн 66 настай, Бодонгууд овогт Жамцын Долгорханд /РД: ЖЭ50042301/

            Садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Долгорханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Долгорханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний өвөө Шагдарын Сэрээтэрийг 1930-аад онд улс төрийн хэрэгт хэлмэгдсэнд тооцож Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/02 дугаар прокурорын тогтоолоор цагаатгасан юм. Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн харъяат улс төрийн хэрэгт холбогдож сураггүй болсон Ш.Сэрээтэрийн зээ охин болох Ж.Долгорханд би талийгаач Ш.Сэрээтэртэй садан төрлийн холбоогоо тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Миний ээж Сэрээтэрийн Рэгзэдмаа нь багадаа Долгор гэдэг нэртэй байсан бөгөөд Сэрээтэрт үрчлэгдэн нэрээ сольж Рэгзэдмаа гэдэг нэртэй болсон гэдэг. Түүнээс хойш бичиг баримт нь бүгд Сэрээтэрийн Рэгзэдмаа гэж бичигдсэн. Энэ байдлыг мэдэх нутгийн өндөр настан Б.Шийрэв, Х.Лхамжав, А.Данзан нарын Цагаатгалын ажлын комисст бичиж өгсөн тодорхойлолтод дурьдагдсан байдаг. Эдгээр хүмүүс нас барсан тул гэрчээр асуулгах боломжгүй болсон юм. Иймд Ж.Долгорханд  намайг хэлмэгдэгч Ш.Сэрээтэрийн зээ охин бөгөөд түүнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Долгорханд нь хэлмэгдэгч Шагдарын Сэрээтэрийн зээ охин бөгөөд түүнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Долгорхандын ээж Сэрээтэрийн Рэгзэдмаа нь хэлмэгдэгч Шагдарын Сэрээтэрийн охин болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Иргэний баримтын архивын хэлтэсийн лавлагаа, Үндэсний төв архивын 03-2/112 дугаартай лавлагаанд “Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Барадайгийн Цэрээтэр 46 настай эрэгтэй, эхнэр Жамбалын Донгоо 40 настай, охин Цэрээтэрийн Долгор 14 настай гэж бүртгэгдсэн”, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 02/799 дугаартай архивын лавлагаанд “1930 онд хэлмэгдсэн Шагдарын Сэрээтэр нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн харъяат ам бүл 3 эхнэр Ж.Донгоо, охин Долгор /Рагзэдмаа/, хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан”, Дорнод аймгийн Цагаатгах ажлын комист гаргасан Б.Шийрэв, Х.Лхамжав, А.Данзан нарын тодорхойлолтод “Ш.Сэрээтэр ам бүл 3, эхнэр Ж.Догоо, охин Долгор /Рэгзэдмаа/ нарын хамт амьдардаг байсан” гэсэн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хэлмэгдэгч Шагдарын Сэрээтэр нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан сураггүй болж түүнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгасан болох нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/02 дугаартай прокурорын тогтоол, 410 дугаартай Цагаатгалын үнэмлэх зэргээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ж.Долгорханд нь хэлмэгдэгч Шагдарын Сэрээтэрийн охин Рэгзэдмаагийн охин болох нь Үндсэний төв архивын 03-2/123 дугаартай лавлагаа “Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 53 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Ц.Жамц 44 настай, эхнэр Сэрээтэрийн Эрэгжидмаа 38 настай, хүү Ж.Цэрэнжав 8 настай, хүү Ж.Цэдэниш 5 настай, хүү Ж.Ишдорж 2 настай, охин Ж.Долгорханд 6 настай гэж бүртгэгдсэн” бүртгэл, Иргэний баримтын архивын хэлтсийн 357/007306 дугаартай лавлагаанд Ж.Долгорханд түүний эцэг Ц.Жамц, эх Сэрээтэрийн Рэгзэдмаа гэсэн бүртгэлээр тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Долгорхандыг хэлмэгдэгч Шагдарын Сэрээтэрийн зээ охин бөгөөд түүнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.1-д дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                       

ТОГТООХ нь:

           

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1–д зааснаар Бодонгууд овогт Жамцын Долгорханд /РД: ЖЭ50042301/-ыг хэлмэгдэгч Шагдарын Сэрээтэрийн зээ охин бөгөөд түүнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч   шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.КУЛЬДАНА