| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00238/И |
| Дугаар | 210/МА2025/00663 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00663
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/04708 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Гэм хорын хохиролд 173,088,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсангийн тойруу, Блюскай хотхон, ******* байрны *******, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаартай, 179 кв.м гэж тэмдэглэгдсэн орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,800.00 ам.доллароор тооцож 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, нийт 322,200.00 ам.доллароор худалдан авахаар иргэн *******тэй тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 122,200.00 ам.долларыг бэлнээр, үлдэгдэл 200,000.00 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкнаас жилийн 15,6 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зээл авч худалдан авсан. Тус хотхоны оршин суугчдын дунд, тухайн хотхоны орон сууцны кв.м илүү бичилттэй тухай яриа байдаг учир 05 дугаар сарын 10-ны өдөр *******, Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор *******ийн баталсан, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсангийн тойруу, Блюскай хотхон, *******-******* орон сууцтай холбогдох барилгын зургийн хуулбарыг гаргуулж авсан билээ. Уг зурагт орон сууцны нийт талбайг 151,2 кв.м гэж тодорхойлсон байна.
******* анх бүртгэл хийхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох гэснийг зөрчиж, маргаан бүхий объектын талбайн хэмжээг бодит байдлаас зөрүүтэйгээр буюу 27,8 м.кв-аар илүү бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж, иргэн ******* нь 151.2 м.кв орон сууцыг, 179 м.кв гэж бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд итгэн 27,8 м.кв талбайн үнэ 50,040 ам.долларыг иргэн *******т илүү төлж хохирсон юм. Өөрөөр хэлбэл, биет байдлын доголдолтой эд хөрөнгийг хянаж шалгаагүй бүртгэл хийсэн улсын бүртгэлийн байгууллагын ажиллагсдын хэнэггүй, хайхрамжгүй, хууль зөрчсөн үйлдлээс болж 151.2 м.кв орон сууцыг, 179 м.кв гэж бичигдсэн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн, бодит байдалд байхгүй 27.8 м.кв-д 50,040 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 173,088,360 төгрөгийг илүү төлж хохирсон. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасны дагуу ******* дарга д хандан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/6451 тоот албан бичгээрээ өөрийнхөө ажилтнуудын алдааг хамгаалж, хохирлыг барагдуулахаас татгалзсан. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан, маргаан бүхий объектын улсын бүртгэл нь хууль бус байсан болохыг тогтоолгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад тус шүүхээс, хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу нэхэмжлэлд заасан улсын бүртгэлийн алдааг залруулж өөрчлөлтийг хийсэн болох нь тогтоогдож байна гээд хохирлоо иргэний шүүхэд хандан гаргуулахыг зөвлөж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8052 тоот захирамж гаргасан ба уг захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу ******* алдааны улмаас иргэн *******д учруулсан гэм хорын хохиролд бодит байдал байхгүй 27,8 м.кв-д илүү төлсөн 50,040 ам.доллар буюу 173,088,360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх анх 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн өмчлөлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн ******* дугаарын гэрчилгээг олгосон байна.
*******-ийн өмчлөлд уг хөрөнгийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо *******д хандан *******-аас гаргасан 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг түүнд хавсарган өгсөн албан бичиг, төлбөрийн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, иргэн *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, барилгын фото зураг, план зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 179 м.кв гэж бүртгэсэн байна.
Улмаар иргэн *******ийн гаргасан орон сууцны болон автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасныг хүлээн авч хянаад эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, орон сууц захиалгаар бариулах гэрээ /10196/ зэрэг нотлох баримтыг үндэслэн Хан-Уул дүүрэг ******* хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ******* байрны ******* аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн *******ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бөгөөд *******ээс 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн *******гийн өмчлөлд, шилжиж өмчлөх эрхийн 000215008 дугаартай гэрчилгээ олгосон байна.
Улсын бүртгэлийн хэлтэст хандан иргэн ******* 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлд дурдагдаж буй хэмжээг залруулахаар мэдүүлэг гаргасан бөгөөд уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Үндэсний төв архивын газраас хуулбарлан авсан барилгын давхрын байгуулалтын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх орон сууцны талбайн хэмжээг 151.2 м.кв гэж өөрчлөн өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ.
Дээр дурдсан 2010 оны анхны бүртгэл болох *******-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3-д заасан нотлох баримтад үндэслэн хийгдсэн бүртгэл байна. Тухайн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой улсын бүртгэгчийг болон улсын бүртгэлийн байгууллагыг гэм буруутай болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Дээрх бүртгэлийг хийсэн улсын бүртгэгчийн гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй байх тул иргэн *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу гэм хорын хохирлыг *******ас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, төөрөгдүүлэх зорилгоор, зөрүүтэй нотлох баримт гаргаж улсын бүртгэлд бүртгүүлсэн *******-аас хохирлоо нэхэмжлэх шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар иргэн *******гийн ******* гэм хорын хохирлын төлбөрт 50.040 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ******* тухайн үед *******ээс худалдан авахдаа сайн нягтлаагүй, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль тогтоомжийнхоо дагуу бүртгэсэн учраас миний бие хариуцагч талын зөв гэж үзэж байна. *******-аас хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* гэм хорын хохиролд 173,088,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,023,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх маргаан бүхий объектыг CAD-07-02-01 дугаартай зураг төслөөр барьж дуусгасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа, план зураг гэдгийг яагаад уг зураг төслөөс тусдаа авч үзсэн бэ гэдэг нь ойлгомжгүй байна.
5.2. Барилга байгууламжийн зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг маш олон баримт бичгийн иж бүрдэл байх ба, үүнээс барилга байгууламжийн план зураг-ийг заавал хавсаргах ёстой гэж хуульд зааснаас гадна барилга байгууламжийн зураг төсөл-ийг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу боловсруулагдаж, магадлал хийгдсэн байх ёстой гэж хуульд заажээ.
5.3. Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам-ын Хоёр дахь хэсгийн 8.12-т нотлох баримтад эд хөрөнгийн план зургийг заавал хавсаргах бөгөөд план зурагт эд хөрөнгийн талбайг өмчлөгчөөр нь тодорхойлуулж, бичүүлсэн байх гэж заасан байна. Уг журмын тухайн заалт нь, барилга байгууламжийн план зургийг барилга байгууламжийн зураг төсөл гаргах эрх олгогдоогүй мэдүүлэг гаргагч өөрөө план зураг зураад авчирч өгөх тухай ойлголт биш байх мэдүүлэг гаргагч нь экспертээр, магадлалаар баталгаажсан план зураг дээр, эд хөрөнгийн талбайг тодорхой болгож тодорхойлж бичиж өгөхийг заасан зохицуулалт гэж ойлгогдохоор байхад шүүх барилга барьсан компани буюу өмчлөх эрх авахыг хүссэн, барилга байгууламжийн зураг төсөл зохиох, зурах эрхгүй этгээдийн өөрийнх нь зурж авчирсан зургийг, мэдүүлэгт хавсаргавал зохих баримт мөн гэж тодорхойлон хуулийн ийм энгийн ойлгомжтой заалтыг зориуд мушгин гуйвуулж хариуцагч талд илт тал зассан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
План зураг гэдэг нь барилгын хаалга цонхны хөндийг дайруулж хэвтээ байрлалтай хавтгайгаар зүсэлт хийхэд үүссэн дүрслэлийг барилгын план гэнэ. Өрөөний хуваарилалт, хэвтээ чиглэлийн бүх хэмжээ, өрөөнд байгаа тавилга тоног төхөөрөмжийг харуулна гэсэн тодорхой шаардлагуудыг хангасан байх шаардлагатай бөгөөд хавтаст хэрэгт авагдсан план зураг гээд байгаа зураг нь, дээрх шаардлагуудын алийг нь ч хангаагүй байна.
Иймд, шүүх эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь хуулийн шаардлагыг хангасан бөгөөд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд улсын бүртгэгч нь эрхийн улсын бүртгэлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн дугаар олгосон үйлдэл нь зөрчлийн шинж агуулаагүй байх бөгөөд төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнээд, хариуцагч ******* гэм хорын хохиролд 173,088,360 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 173,088,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.
2.1. *******-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн, Хан-Уул дүүргийн ******* хороо Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу ******* байрны *******ын аялал жуулчлалын зориулалттай, 179 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ******* дугаартай гэрчилгээг олгосон. /хх40-47/
2.2. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1040 дугаартай зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар дээрх ******* орон сууцыг *******-аас *******ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн./хх52-54/
2.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/7544 дугаартай албан тоотоор, тухайн ******* үл хөдлөх хөрөнгийг *******ийн өмчлөлд шилжүүлэх талаар ******* Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг үндэслэн, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хх51, 63/
2.4. Нэхэмжлэгч ******* нь *******ээс 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр дээрх Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /17021/ Зайсангийн тойруу ******* байрны ******* хаягт байрлах 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 322,200 ам.доллараар худалдан авахаар талууд тохиролцож, улмаар 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр *******гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, ******* гэрчилгээ олгогджээ. /хх66, 69/
2.5. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаснаар дээрх хаягт байрлах 4 өрөө орон сууцны талбайг 151.28 м.кв болгон өөрчилж, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, ******* гэрчилгээ олгогдсон. /хх71-78/
3. Нэхэмжлэгч нь дээрх худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ нь зөрүүтэй, Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн 179 м.кв-аас бага бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх м.кв-ын талаарх бичилтэд итгэж худалдан авсан учраас орон сууцны м.кв-ын хэмжээг үнэн зөв бүртгээгүй бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас 27.8 м.кв-ын үнэ 173,088,360 төгрөгийг *******т илүү төлж хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Мөн орон сууцны барилгын зургийг ******* гаргуулж авснаар уг орон сууцны м.кв-ын зөрүүтэй байдлыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж байна.
3.1. Хариуцагч талаас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнэн зөвийг өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй этгээд тодорхойлдог тул бүртгэлийн байгууллагын буруу байхгүй, хохирол учруулаагүй гэж маргасан байна.
4. Дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 13 дугаар зүйлийн 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг-ийг хавсаргахаар заасан байна.
4.1. Мөн, Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам-ын Хоёр дахь хэсгийн 8.12/-д нотлох баримтад эд хөрөнгийн план зургийг заавал хавсаргах бөгөөд план зурагт эд хөрөнгийн талбайг өмчлөгчөөр нь тодорхойлуулж бичүүлэхээр заажээ.
4.2. *******-аас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэгтээ 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 221 дугаар албан бичиг болон барилга байгууламжийн гадна 2 талын зураг, ******* байрны 2 дугаар орц, 4 дүгээр давхрын ******* 4 өрөө, нийт 179 м.кв гэсэн баримтуудыг хавсаргасныг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгийг *******-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд анх бүртгэсэн байна.
4.3. Тодруулбал, *******-ийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 221 дугаар албан бичгээр тус компанийн Хан-Уул дүүргийн ******* хороон дахь Хөх тэнгэр аялал жуулчлалын зориулалттай цогцолборын 179 м.кв талбайтай 931,300 /1м.кв талбайн үнэ/ төгрөгийн өртөгтэй, 4 өрөө, Зайсангийн гудамж *******-******* дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******-ийн нэр дээр гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг гаргаж, барилга байгууламжийн цонх урд талаас, ард талаас гэсэн 2 зураг, ******* байрны 2 дугаар орц, 4 дүгээр давхрын ******* 4 өрөө, нийт 179 м.кв гэсэн зургийн баримтыг хавсаргасан байна./хх 40/
4.4. Дээр дурдсан баримтуудыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль журмуудтай харьцуулан дүгнэвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа ******* нь барилга байгууламжийн план зураг болон, 4 талаас авсан зургийг мэдүүлэгтээ хавсарган өгсөн гэж үзэхээргүй байх боловч хариуцагч талаас тухайн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж тодорхойлсон этгээдийн дээр дурдсан баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа, энэ хуульд бүртгэхээр заасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэл бүртгэж баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршдог.
Харин, бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн шинж чанар, тоо хэмжээ зэргийн үнэн зөв эсэхийг бүртгэлийн байгууллага хариуцахгүй бөгөөд бүртгэл хийлгэхээр мэдүүлэг гаргасан тал нь тухайн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ, тоо, чанарын талаар гаргасан тодорхойлолтынхоо үнэн зөвийг хариуцах нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасантай нийцнэ.
4.5. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн 2012 онд худалдан авч, 2023 онд талбайн зөрүүтэй байдлын талаар мэдсэнээр гаргасан хүсэлтийг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийн талбайн м.кв-ын хэмжээг зөвтгөн зохих бүртгэлийг хийсэн болох нь тогтоогдож байна.
4.6. Иймд, нэхэмжлэгчийг м.кв-ын зөрүүтэй орон сууц худалдан авч хохирсон гэх үйлдэлд хариуцагчийн гэм буруу шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд нь хариуцагч ******* гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Харин, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг анх тодорхойлж *******д мэдүүлэг, тодорхойлолтыг үнэн зөв гаргаагүй буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/04708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,024,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ