Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч С.Номинзул,

            Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

            Шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ө, А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, эрхэлсэн ажилгүй гэх, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-д зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 29 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө сулласан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О.Ө,

       Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 сарын хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэмж бүгд 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, А.Г,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Яллагдагч О.Ө, А.Г нар машин механизм ашиглаж үргэлжилсэн үйлдлээр:

-2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 01 дүгээр гудамж 02 тоотод байрлах байнга амьдрах Д.Батдэлгэрийн байшинд нэвтэрч бурхан, хонх, судар, бумба, зүүлт, хөрөө, тасдагч, өрөм зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 10.367.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Өвөр согоот”-ын задгайд амьдрах С.Номинзулын зуслангийн байшинд нэвтэрч майхан, плитка, индүү, гутал, куртик, ДВД зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.112.992 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 11 дүгээр гудамж 234 тоотод байнга амьдрах Н.Эрдэнэцогтын зуслангийн байшинд нэвтэрч тасдагч, гагнуурын хөөрөг, мөнгө зэрэг эд зүйл хулгайлан авч 261.700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ганзоригтой бүлэглэн хохирогч Номинзулын гэрт орж эд зүйл авсан. Би хохирогчийн гэрээс авсан газан плитка, индүү зэрэг эд зүйлийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Майханг шүүх хуралдаан дээр авч ирсэн гэв.

     Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би гурван удаагийн үйлдлээр хулгай хийхдээ машин механизм ашиглаагүй. Хулгай хийсэн айлаас авсан зүйлээ өөрөө бариад гарч ирсэн “ гэв.

 

Хохирогч С.Номинзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хамгийн сүүлд лагерь дээрээ очсон байсан. 12 дугаар сарын 16-ны өдөр очиход хамаг эд зүйл бусниулсан байсан. 1.500.000 төгрөгөөр авсан майхан, гал тогооны өрөөнд байсан газан плитка, индүү, Манжуураас авч ирсэн шинэ куртик мөн гутал алга болсон. Цагдаагийн байгууллагаас над руу залгаад хулгайд алдсан эд зүйлээ ав гэж хэлсэн. Би очиж чадаагүй. Би эд зүйл өгвөл авахгүй гэж ярьсан зүйл байхгүй. Одоо майханаа хүлээж авна...” гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 10-15 дугаар хуудас/,

Хохирогч Д.Батдэлгэрийн "...Миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн үед хотын төвд байдаг гэррүүгээ яваад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутын үед гэртээ ирээд гал тогооны өрөөнд байж байсан чинь шүүгээн дээр байсан орчин үеийн бурхан газар унасан байхаар нь авч тавиад гурван давхар руу гарч бурханаа үзэхэд 80x120 хэмжээтэй зурмал "ногоон дарь эх" бурхан, 27x30 хэмжээтэй хоёр зурмал "бурхан багш бурхантай зураг, мөнгөөр бүрсэн жижиг шавар бурхан хоёр, шаргал өнгийн шавар жижиг бурхан нэг, хуучин цагийн бурхад. Мөн хуучин цагийн алтан гэрэл судар эх хувиараа улаан хүрэн даалин, шинэ цагийн замбаалай бурхан алтаар бүрсэн эдгээрийг хулгайч авсан байсан..." гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 22-25, 26-27, 28 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярын "...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А.Г, О.Ө хоёр надад хулгай хийсэн Алтангэрэл судар, Зурмал ногоон дарь эх бурхан зэргийг худал хэлж 1.000.000 сая төгрөгөөр надад худалдсан тул 1.000.000 сая төгрөгөө нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-32 дугаар хуудас/,

Гэрч Л.Баттуяагийн "...зэс бумбын хамт 165000 төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35,36-37 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 170-175 дугаар хуудас/,

Хохирогч С.Номинзулын "...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөрсогоотын задгай тоотод байрлах
зуслангийн байшиндаа очиход байшингийн баруун талын жижиг цонх онгорхой,
том өрөөг эмх замбараагүй болгосон байсан. ...Манай гэрээс 4 хүний майхан,
Монел брендын индукцин плитка, газан плитка, СД, ДВД тоглуулагч, эрэгтэй хар
бор арьсан гутал алдагдсан байна. ...Манайх ямар нэгэн дохиолол, хамгаалалт
байхгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 181-184, 185 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн "...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн Зураг №14, зураг №16-д харуулсан шинжилж буй гутлын мөрүүд ойролцоогоор 41 өмсгөлтэй, зураг №15-д харуулсан шинжилж буй гутлын мөр ойролцоогоор 27 өмсгөлтэй гутлын мөр байна..." гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 200-205 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 178-180 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Эрдэнэцогтын "...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
зуслангийн байшингаа эргэж ирэхэд хашааны гадна талын хаалга онгорхой байсан
юм. Байшингийн гадаа хаалгыг хөшсөн, онгорхой, байшинруу ороход цоожин
хэсгийг хөшсөн гацаасан байдалтай байсан, байшингийн зүүн талын салхивчийг
хагалсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 20, 2 дугаар хх-ийн 15-17 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Яллагдагч О.Ө-ын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 35-36 дүгээр хуудас/,

Яллагдагч А.Г-ийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч О.Ө-ын иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч А.Г, О.Ө нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г, О.Ө нар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 01 дүгээр гудамж 02 тоотод байрлах байнга амьдрах Д.Батдэлгэрийн байшинд нэвтэрч бурхан, хонх, судар, бумба, зүүлт, хөрөө, тасдагч, өрөм зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 10.367.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Өвөр согоот”-ын задгай тоотод амьдрах С.Номинзулын зуслангийн байшинд нэвтэрч майхан, плитка, индүү, гутал, куртик, ДВД зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.112.992 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 11 дүгээр гудамж 234 тоотод байнга амьдрах Н.Эрдэнэцогтын зуслангийн байшинд нэвтэрч тасдагч, гагнуурын хөөрөг, мөнгө зэрэг эд зүйл хулгайлан авч 261.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, А.Г, О.Ө нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах,  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нараас нийт 5761100 /таван сая долоон зуун жаран нэгэн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 Үүнд: хохирогч Д.Батдэлгэрт 10367000 төгрөгийн хохирол учирснаас /1 дүгээр хх-ийн 63-66 дугаар хуудас/, хохирогч 7767000 төгрөгийн эд зүйл биетээр хүлээн авсан /1 дүгээр хх-ийн 20/ байх тул шүүгдэгч нараас 2 ширхэг 27х30 хэмжээтэй зурмал бурхан багшийн үнэ болох 2600000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Батдэлгэрт,  хохирогч С.Номинзулд 3112992 төгрөгийн хохирол учирснаас /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/, 1107992 төгрөгийн эд зүйл хүлээн авсан /1 дүгээр хх-ийн 178-180 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нараас 64000 төгрөгийн үнэ бүхий “Монел” брендийн индукц, 96000 төгрөгийн СД тоглуулагч, 1560000 төгрөгийн үнэ бүхий гутал, 285000 төгрөгийн үнэ бүхий куртка зэргийн үнэ нийт 2005000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Номинзулд, хохирогч Н.Эрдэнэцогтод 261700 төгрөгийн хохирол учирснаас /2 дугаар хх-ийн 31-32 дугаар хуудас/, 105600 төгрөгийн эд зүйл хүлээн авсан /1 дүгээр хх-ийн 20, 2 дугаар хх-ийн 15-17 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нараас 108000 төгрөгийн үнэ бүхий боорын машин, 48100 төгрөгийн үнэ бүхий 37,5 грамм буюу 1 лан мөнгөний үнэ нийт 156100 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эрдэнэцогтод, иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярт 1000000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Г, О.Ө нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний үйлдсэн хэргийн хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3328 УБН улсын дугаартай Хонда аксент маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч О.Ө, А.Г нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Г, О.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Г, О.Ө нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Г, О.Ө нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 3328 УБН улсын дугаартай “Хонда аксент” маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигчид олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө, А.Г нараас тус тус 2880550 /хоёр сая найман зуун наян мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж, 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Батдэлгэрт,1002500 /нэг сая хоёр мянга таван зуун/ төгрөгийг хохирогч С.Номинзулд, 78050 /далан найман мянга тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эрдэнэцогтод, 500000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаяр нарт тус тус олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Г, О.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ