| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00520/и |
| Дугаар | 224/МА2025/00011 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 224/МА2025/00011
Д.Д-ийн нэхэмжлэлтэй,
Б.О, Ц.Д нарыг эрэн
сурвалжлуулах иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00021 дүгээр шийдвэртэй,
Д.Д-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Б-ын О гэх хүнтэй фейсбүүкээр танилцаж байсан. Б.О надад манайх А ХХК гэдэг компанитай. Танд приус-30 маркийн автомашин компаниасаа гаргаж өгнө гэсэн болохоор нь би машинтай болно гэж бодоод зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ хийсэн. Ингээд Б.О-ыг мөнгө шилжүүл гэж ярих бүрт нь мөнгө шилжүүлдэг байсан. Би өөрийн Хаан банкны х тоот данснаас А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны х данс руу нийт 6,000,000 төгрөг, Б.О надад өгсөн данс болох Ц.Д гэх хүний хаан банкны х тоот данс руу 26,979,000 төгрөг, нийт 32,979,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.О нь удахгүй танд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй байх, холбогдохоор мөнгийг тань өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.
Миний бие Б.О-той хийсэн Автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.О, Ц.Д нараас 32,979,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн хариуг ирүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Ц.Д, Б.О нар нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00021 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ц.Д, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар Ц.Д нь Улаанбаатар хот, х тоотод оршин сууж байгаа болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага дээрх хорооны хаяг нь өөр байсан.
Нэхэмжлэгч нь Б.О, Ц.Д нарыг хоёуланг нь эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн Ц.Д-ийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул Б.О-ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Ц.Д-т холбогдуулан тусад нь нэхэмжлэл гаргана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.О-ыг эрэн сурвалжлуулж, Ц.Д-т холбогдох хэсгийг нь хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00021 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Б.О гэх хүнтэй фэйсбүүкээр танилцаж, түүнээс автомашин худалдан авахаар хэлцэл хийж түүний данс болон Б.О-ын өгсөн Ц.Д гэх хүний данс руу нийт 32,979,000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл машинаа өгөөгүй тул түүнтэй хийсэн гэрээнээс татгалзаж, Б.О, Ц.Д нараас 32,979,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан” гэж тайлбарласан байна.
3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “Ц.Д нь Улаанбаатар хот, х тоотод оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул Д.Д-ийн Ц.Д, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ц.Д, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээр нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан, мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа үндэслэх хэсэгтээ дүгнээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Тодруулбал:
5.1. Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулахаар тайлбар гарган оролцжээ.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн Ц.Д-ийн хаяг тодорхой байна гэх дүгнэлт хийсэн байх бөгөөд харин нэхэмжлэгчийн Б.О-ыг эрэн сурвалжлуулах шаардлагын талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Шүүх нэхэмжлэлийн дээрх хоёр шаардлагын үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх байжээ.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/ нь тогтоолгохыг хүсэж буй үйл явдал, үйл баримтаа зөвхөн өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах үүргийг дангаар хүлээхгүй бөгөөд шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Б.О, Ц.Д нарын хаягийн лавлагааг ирүүлэхээр 707 дугаар албан тоот хүргүүлсний дагуу тус хэлтсээс Ц.Д-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа ирүүлж, харин Б.О-ын регистрийн дугаар буруу тул лавлагаа гаргах боломжгүй гэх албан тоот /хх-ийн 26-28-р тал/-ыг ирүүлсэн байна.
Гэтэл шүүхээс уг албан бичгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай ажиллагааг хийгээгүй, тодруулбал, Б.О-ын регистрийн дугаарыг тодруулах, ирсэн албан тоотыг нэхэмжлэгчид танилцуулах зэрэг шаардлагатай ажиллагаа явуулаагүй, мөн уг баримтын талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх болон хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулах агуулга, зарчимд тус тус нийцээгүй байна.
5.3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ын “анхан шатны шүүх Б.О-ыг эрэн сурвалжлах шаардлагыг шийдээгүй орхигдуулсан” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулж, эрх зүйн бүрэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН