Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 492

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч О.Булган,

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зохион бүтээгч мэргэжилтэй, “Мөнх Бум” кашмерын үйлдвэрт оёдолчин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх  С.М,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч  С.М нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тээврийн Цагдаагийн албаны зүүн урд замд “Тоёота Приус” маркийн 9658 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Булганыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Мөрдөн шалгах

ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч О.Булган шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 11 цагийн орчим ажилдаа явж байх үед замын цагдаагийн урд талын гурван эгнээтэй  замын гэрлэн дохиогоор зам гарч яваад машинд дайруулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хөл хугарсан байсан. Сарын дараа дахин үзүүлэхэд эдгээгүй байсан. Одоогийн байдлаар ажил эрхлэх боломжгүй, таяг тулж явж байгаа. Би шүүгдэгчээс 6121274 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: "Зам
тээврийн осол хэрэг гарсан газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг
дэвсгэр, Тээврийн Цагдаагийн албаны зүүн урд замд, "замын нөхцөл байдал нь
асфальтан, шулуун тэгш, хальтаргаатай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай,
суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй,
тусгаарлах зурвастай, явган хүний замтай, 5 эгнээ, хашлагатай, хайсгүй зам
байв" гэжээ /хх-н 3-4 дүгээр хуудас/,

 

Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-6, 7-8 дугаар хуудас/,

 

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 7570 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-49 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Булганы " 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 20
минутын үед би Замын цагдаагийн зүүн урд талын замын замынхаа урд талаас хойд талруу зам хөндлөн гарч байгаад замын 3 дугаар эгнээнд ортол замын зүүн гар талаас “Приус” маркийн машин гэнэт гарч ирээд намайг мөргөснөөс болж би хойшоо унахдаа замын 2 дугаар эгнээнд зогсож байсан машины хойд буферийг мөргөж зам дээр унасан. Тэгтэл намайг мөргөсөн машины жолооч эмэгтэй машинаасаа гарч ирээд намайг газраас татаж босгоод өөрийнхөө машинд оруулаад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Намайг зам руу орох үед замын 1 болон 2 дугаар эгнээнд машинууд дүүрэн түгжрээд зогсож байсан, би зам руу ороод замын 1 болон 2 дугаар эгнээнд зогсож байсан машинууд дундуур гараад замын 3 дугаар эгнээ рүү орохоосоо өмнө замын зүүн гар тийш машин харахад машин байхгүй зам чөлөөтэй байхаар нь замын 3 дугаар эгнээ рүү ортол гэнэт замын зүүн гар талаас машин гарч ирээд миний зүүн хөлийг дайрснаас болж газар унасан. Би ганцаараа, явган гарцаар зам хөндлөн гарч байсан. Миний зүүн хөлийн шагайны яс хугарсан. Миний зам хөдөлнө гарч байсан замын 1 болон 2 дугаар эгнээнд машин дүүрэн зам түгжээтэй байсан. Үзэгдэх орчин сайн харагдаж байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. Жолоочоос хохирлоо нэхэмжилж байна "гэх мэдүүлэг /хх-н 16-17 дугаар хуудас/,

 

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүx эмнэлгийн 2477 дугаартай дүгнэлтэд:

              О.Булганы биед зүүн хөлийн шагайн дотор хашлага ясны зөрөөтэй далд хугарал, уруулын дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх зүүн хөлийн шагайн дотор хашлага ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 38 хуудас/,

 

              Мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 838 дугаартай магадлагаанд: Тоёота Приус маркийн” 96-58 УНД улсын дугаартай автомашины жолооч С.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-н 50 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  С.М нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тээврийн Цагдаагийн албаны зүүн урд замд “Тоёота Приус” маркийн 9658 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Булганыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.М-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэнийг хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй болон түүний хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө

битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Булган “...1 жилийн дараа дахин хагалгаанд орох төлбөрт 500000 төгрөг, рентген зураг авхуулах 50000 төгрөг, шагайн хатуулгатай бэхэлгээний үнэ 60000 төгрөг, гар таяг худалдаж авсаны 50000 төгрөг, эмчилгээний зардалд 461274 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсан тул 2019 оны 2, 3, 4, 5 дугаар сарын цалин 5000000 төгрөг нийт 6121274 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгчийн өгсөн 450300 төгрөгийг хасч тооцохгүй” гэж нэхэмжилж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд зарцуулсан гэх 461274 төгрөг, рентген зураг авхуулах 50000 төгрөг, шагайн хатуулгатай бэхэлгээний үнэ 60000 төгрөг, гар таяг худалдаж авсаны 50000 төгрөгийг буюу нийт 621274 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, цаашид дахин хагалгаанд орох 500000 төгрөг, 2019 оны 2, 3, 4, 5 дугаар сарын цалин 5000000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгт авагдсан “Пальм Дейра” ХХК-ний тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хх-ийн 26, 27/ өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлаас үзэхэд эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан энэхүү хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгчээр татагдсан Б.Насанжаргал “энэ ослоос болж миний эзэмшлийн машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй, шүүгдэгч С.М хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэсэн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. С.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.М-ээс 621274 /зургаан зуун хорин нэгэн мянга хоёр зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Булган олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.М-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ