Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 5119

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

                                           хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжид байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтэс

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47-Б байр, 2 тоотод байрлах, “Сочихан” ХХК /РД:5600596/

Татварын өр төлбөрт 18.216.134,80 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Баянгол дүүргийн татварын хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, хариуцагч “Сочихан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Базаррагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр /шүүхэд төлөөлөх эрх 2143/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сочихан” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж 5600596 тоот регистрийн дугаартай элс хайрганы карер чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь өнөөдрийн байдлаар 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 11.721.561,90 төгрөг, 2013 оны суутган-1 тайлангаар 6.494.572,90 төгрөг нийт 18.216.134,80 төгрөгийн татварын өртэй байна. Бид дээрхи тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр удаа дараа хууль журмын дагуу шаардлага тавьж ажилласан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх гэхэд өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй байна.

Иймд хариуцагч “Сочихан” ХХК-иас татварын өр төлбөрт 18.216.134,80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Сочихан” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 18.216.134,80 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Сочихан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Базаррагчаа, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Сочихан” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилж буй 18.216.134,80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг татварын өр төлбөр буюу 18.216.134,80 төгрөгийг хариуцагч “Сочихан” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар эвлэрэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Сочихан” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 18.216.134,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч “Сочихан” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 18.216.134,80 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ.  

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, “Сочихан” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Сочихан” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 18.216.134,80 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сочихан” ХХК-иас 249.031 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

3. Хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА