| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/10198/И |
| Дугаар | 210/МА2025/00662 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00662
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00778 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******өд холбогдох,
Орон сууц, авто зогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, 185,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/, хүннү гудамж, 715 дугаар байрны *******од 90,62 м.кв 4 өрөө орон сууц, мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын *******, 17,25 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалсан бөгөөд барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Зээлдэгч ******* нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд түүний хүсэлтээр дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үл маргах журмаар зээлдэгч *******-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Гэтэл дээрх орон сууц болон авто зогсоолыг хариуцагч ******* нь өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөөр байна. ******* нь тусгай зөвшөөрөлтэй зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч *******ийн хууль бус эзэмшлийн улмаас зээлийн төлбөрт тооцон авсан орон сууц, авто зогсоолыг захиран зарцуулах боломжгүйн улмаас 70,304,006 төгрөгийн бодит хүүгийн хохирол учраад байна.
Орон сууцаа захиран зарцуулах боломжгүй болсноос хохирол учирсан. Өмчлөх эрх шилжсэнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл тухайн мөнгийг бусдад зээлсэн бол сарын 3.1 хувийн хүүгээр бодоход 70,304,006 төгрөгийн хүүгийн ашиг олох ёстой байсан. Гэтэл орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас хүүгийн хохирол учирсан. Өмнө нь гэрээ байгуулсан нь өмчлөх эрх үүсгэхгүй. Бид зээл болон барьцааны гэрээ байгуулахад урьдчилсан тэмдэглэгээ байгаагүй. Бид хуулийн дагуу гэрээ байгуулж шударгаар өмчлөх эрхийг олж авсан. Хариуцагч нь хохирлоо шаардах эрхтэй.
Иймд бусдын өмчлөх эрхийг зөрчиж байгаа хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/, хүннү гудамж, 715 дугаар байрны *******од 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын *******, 17,25 м.кв авто зогсоолыг албадан чөлөөлж, хохирол 70,304,006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан удаа байхгүй бөгөөд ******* орон сууц, ******* зогсоолыг *******гаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авах гэрээг байгуулж авсан ба тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж удаа дараа ярилцсан боловч миний нэр дээр шилжүүлэхгүй өдийг хүрсэн болно.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт би гомдол гаргасан бөгөөд түүний өөр хэрэгт *******г Хан-Уул дүүрэгт мөрдөж байсан тул тус хэргийг нэгтгэн шалгаж байгаа болно. Иймд ******* нь надад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Цаг хугацааны хувьд би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг худалдан авсан сүүлийн төлбөрөө хийсэн. Гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл 2023 он хүртэл зугтсаар ББСБ-д шилжүүлж өгсөн нь шударга биш бөгөөд залилангийн хэрэг гэж бодож байна. Би өөрийн авсан байрандаа баймаар байна. *******д холбогдох маш олон хэрэг Хан-Уул дүүрэгт нэгтгэгдсэн гэсэн. Уг орон сууцыг хэнд өгөх ёстойг харгалзаж үзэхийг хүсэж байна. Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байгаагүй. Зээл авч байгаагүй, огт мэдэхгүй. Орон сууцыг худалдаж авахдаа урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, үнийг төлж дуусаад нэрийг нь шилжүүлнэ гэж тохиролцсон. Би түүнд итгэсэн тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, мөн гэрчилгээг нь аваагүй юм.
Иймд миний эхэлж худалдаж авсан байрыг чөлөөл гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Хариуцагч нь үүргээ биелүүлсэн бөгөөд ******* үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгч нь *******тай зээлийн гэрээ байгуулаад хариуцагчийн худалдаж авсан байрыг шилжүүлж авсан байна. Эрүүгийн хэрэг шийдээгүй тохиолдолд энэ хэргийг шийдэхэд учир дутагдалтай гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/, Хүннү гудамж, 715 байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээрт бүртгэгдсэн, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, уг хаягт байрлах хотхоны 716 байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 17.25 м.кв талбайтай, авто зогсоолыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагчаас 70,304,006 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,706,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 1,197,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүгч нь шүүх хурлыг хэт нэг талыг баримталсан, зохигч нарын мэтгэлцэх эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан нь дараах зүйлүүдээр нотлогдож байна. Үүнд, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч *******ыг авах хүсэлт бичгээр гаргаж өгсөн. Гэтэл хэргийн материалтай өмгөөлөгчийг танилцуулалгүй шууд шүүх хурлыг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.8, 34.3.9-д заасныг зөрчсөн. Энэ нь миний хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан үйлдэл юм.
4.2. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст *******, нарт залилуулсан тухай гомдол гаргасан бөгөөд одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хэд хэдэн хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлээгүй байна. Гэтэл шүүхэд энэ тухай мэдэгдэж, хавтаст хэргээс нотлох баримтыг шүүхээр гаргуулах хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн боловч 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх дээр хүлээн авахгүй гээд буцаасан болно. Шүүгч чи өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй гэсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа үед нууцын зэрэгтэй материалыг хувь хүнд өгөх боломжгүй гэдгийг шүүгч мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4.3. Түүнчлэн, миний бие *******-д ямар нэгэн үүрэг хүлээгүй бөгөөд намайг шууд хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл манай байгууллагын өмчлөлд шилжсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг таслан зогсоох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхээс өөр хүсэлт гаргах талаар удаа дараа тодруулсан. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нотлох баримт гаргуулах хүсэлтээс өөр ямар нэгэн хүсэлт шүүхэд гаргаагүй. Тус хүсэлтийг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн. Хариуцагч орон сууцыг худалдан авах үедээ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласан ч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжээгүй.
Хариуцагчийн гаргасан гомдлоор *******г залилангийн гэмт хэрэгт шалгаж байгаа бол эрүүгийн журмаар хохирлоо барагдуулах бүрэн эрх хариуцагч талд байгаа гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан *******-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/, Хүннү гудамж, 715 байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээрт бүртгэгдсэн, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, уг хаягт байрлах хотхоны 716 байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 17.25 м.кв талбайтай, авто зогсоолыг албадан чөлөөлүүлж, учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Зээлийн гэрээний үүрэгт *******гаас манай компани тухайн орон сууц болон авто зогсоолыг шилжүүлж авсан учир манайх шударга өмч тул албадан чөлөөлүүлж, учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.
2.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тухайн орон сууц болон авто зогсоолыг *******гаас худалдаж авсан бөгөөд улсын бүртгэл дээр нэр шилжүүлээгүй байсан, одоо цагдаагийн байгууллагаас *******г эрүүгийн хэрэгт шалгаж байгаа учир хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж маргажээ.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэснийг үндэслэн талууд маргаж буй тохиолдолд хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай.
3.1. Хариуцагч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *******д холбогдуулан 23002571937 дугаартай эрүүгийн хэргээс Хан-Уул дүүргийн прокурорын газраас нотлох баримт авах талаар гаргасан хүсэлтийг, шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/05441 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх66, 77-78/
3.2. Тодруулбал, хариуцагч дээрх баримтыг авахаар гаргасан хүсэлтийг нь Прокурорын байгууллага хүлээн аваагүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан байна. Гэтэл шүүхээс тухайн хүсэлтийг энэ хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцээгүй байна.
3.3. Иймд хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байгаа талаар тайлбарласан байхад түүний хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
4. Түүнчлэн, хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр *******ыг оролцуулах хүсэлт гаргасан байх ба шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулсан талаар баримтгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг хангасан гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.
5. Иймд дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,197,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ