| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0508/Э |
| Дугаар | 498 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч Б.Мөнхбат,
Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Мөнхөөгийн Түмэнбаатарт холбогдох эрүүгийн 1903001870165 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М.Т,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн “Эхбулаг” авто угаалгын газрын зүүн замд “Mitsubishi Challenger” маркийн 23-35 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Yamaha” маркийн мотоциклийг унаж явсан Б.Мөнхбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр найзуудтайгаа амралт руу очих замд мотоцикль жолоодон явж байхад хар өнгийн машин хажуунаас орж ирсэн. Би мөргөлдсөний дараа уг машиныг даваад газар унасан. Баруун гарын чигчий хурууны савхан яс хугарсан байсан” гэв.
2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн"...миний зүүн гар талаас цагаан өнгийн жижиг ачааны автомашин ороод ирэхээр нь би хурдаа хасаад, уг машиныг урдаа оруулаад араас нь дагаад явж байтал миний урд явсан жижиг ачааны машин нь М.Чейлленжер маркийн 23-35 УБУ дугаарын автомашины хажуугаар гараад урагшаа явчихсан. ...Би араас нь дагаад Чейлленжер маркийн автомашины зүүн талаар гарах гэтэл уг машин гэнэт миний урдуур зүүн гар тийшээ дараад ороод ирсэн. Би тулчихсан байсан учир зогсож амжилгүй уг машины зүүн хажуу урд хаалга болон карло хэсэг рүү нь уг машины урд копутан дээгүүр даваад замын урд талд нилээн зайтай мотоцикльтойгоо онхолдсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Б.Хүрэл-Эрдэнийн өгсөн "...би М.Т гэх зам тээврийн осол гаргасан хүнд автомашиныг зараагүй, танихгүй учраас энэ хүмүүс өөрсдөө бусдад учирсан хохирлоо төлж барагдуулах байх гэж бодож байна. Ер нь бол Жаргалсайхан гэдэг хүн надад ямар нэгэн өр төлбөр байхгүй учир одоо би энэ Түмэнбаатар гэдэг хүнд автомашины нэрийг шилжүүлэх бодолтой байна... " гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Ц.Алтангадасын "...Энэ хоёр автомашины мөргөлдөх агшинг хараагүй, дуу чимээ гарсан. Би гарч иртэл мотоцикль, хар өнгийн жип маркийн автомашин хоорондоо мөргөлдсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2743 дугаартай шинжилгээний "1. Б.Мөнхбатын баруун гарын алганы 5 дугаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,
“Ухаа Шүрт Консалтинг" автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт №15229 "Эзэмшигчийн нэр: Б.Мөнхбат... Үйлдвэр загвар: Yamaha WR450... Улсын дугаар: УБ2992... Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3.394.800" /хх-ийн 45-48 дугаар хуудас/,
2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай мөрдөгчийн магадлагаа "...1.М.Чейлленжер маркийн 23-35 УБУ дугаартай автомашиныг жолоодож явсан М.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна" гэх магадлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 85 дугаар хуудас/ оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 108 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн “Эхбулаг” авто угаалгын газрын зүүн замд “Mitsubishi Challenger” маркийн 2335 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Yamaha” маркийн мотоциклийг унаж явсан Б.Мөнхбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч М.Т-ын гэмт үйлдлийг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Мөнхбат гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 1000000 төгрөгийг шүүгдэгч М.Т-аас нэхэмжилж, энэ талаар гэрээ байгуулсан гэж мэдүүлж байх /хх-ийн 117 дугаар хуудас/ тул 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Мөнхбатад олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй
нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Т-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар М.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.Т-аас 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбатад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч М.Т-ын 487497 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ