Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 5120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 11 гудамж, 56 тоотод оршин суух, Боржигон овогт Хувьтын Шаравдорж /РД:ЧО61081016/

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шаравдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.       

                                                                                                                                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Шаравдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад автобусны жолоочоор 1984 оноос орж ажилласан.

Тухайн үед би ПАЗ-672 маркийн УБГ 26-86 дугаартай автобус барьдаг байсан бөгөөд Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн ажилчдыг тээвэрлэдэг, үйлчилгээний автобусыг барьдаг байсан. Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинат нь 1991 оны 07 дугаар сараас Хайрхан компани болгон өөрчлөгдөж, 1992 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Өмч хувьчлалын комиссын тогтоолоор Хайрхан компанийн нийт 19 автобусыг жолоочтой нь Автобус 3 компанид шилжүүлэн ажиллуулсан. Тэр үед миний бие автобустайгаа Хайрхан компаниас Автобус 3 компанид очиж ажилласан. Одоо хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд томилогдсон тушаал архивт байхгүйгээс тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

 Иймд намайг 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад автобусны жолоочоор, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Хайрхан компанид автобусны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Шаравдорж нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Х.Шаравдорж нь 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад автобусны жолоочоор, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Хайрхан компанид автобусны жолоочоор ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар,

1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны боловсон хүчний газраас Ёндонсамбуу овогтой Шаравдоржид нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны даргын 1984 оны 09 дүгээр 10-ны 335 тоот тушаалаар “1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс Автотээврийн комбинатад жолоочоор авч ажиллуулав” гэсэн бичилт,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04931 дугаар Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн “Хувьтын Шаравдоржийг 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ёндонсамбуу овогтой Шаравдоржийн” хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай” гэсэн заалт,

Авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний Хайрхан компанийн ерөнхий захирлын 1991 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 173 тоот тушаалаар “1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 178 тоот тогтоолоор Хайрхан компани болгон өөрчилсөн тул жолоочоор ажиллуулав” гэсэн бичилт,

Авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний Хайрхан компанийн ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 167 тоот тушаалаар “1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 11 дүгээр сарын 03-ны 110 тоот тогтоолын 4 дэх заалтыг үндэслэн Автобус-3 компанид автобусны хамт шилжүүлэв” гэсэн бичилт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Мөн Х.Шаравдоржтой Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд хамт ажиллаж байсан гэрч Ш.Сүхтөмөрийн “Би 1980 онд Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад жолоочоор ажиллаж эхэлсэн. Х.Шаравдорж нь 1984 онд Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад жолоочоор ажиллах болсоноос эхлэн Х.Шаравдоржийг таних болсон. Тухайн үед би ЛАЗ-697 маркийн УБГ 27-79 дугаартай автобус барьдаг байсан. Х.Шаравдорж нь ПАЗ-672 маркийн УБГ 26-86 дугаартай автобус барьдаг байсан. Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатын автобуснууд нь тухайн барилгын 2 дугаар трестийн ажилчдыг тээвэрлэдэг, үйлчилгээний автобуснууд байсан. Манай Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинат нь 1991 оны 07 дугаар сараас оросуудыг буцааснаар Хайрхан компани болон өөрчлөгдсөн. 1992 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Өмч хувьчлалын комиссын тогтоолоор Хайрхан компанийн нийт 19 автобусыг жолоочтой нь хамт Автобус 3 компанид шилжүүлэн ажиллуулсан. Тэр үед мөн Х.Шаравдорж бид Хайрхан компаниас Автобус 3 компанид автобусны жолоочоор шилжин очиж ажилласан. Миний бие Автобус 3 компанид 1999 он хүртэл автобусны жолоочоор ажилласан ба харин Х.Шаравдорж нь Автобус 3 компанид жолоочоор ажиллаад үлдсэн. Х.Шаравдоржийн жолоодож байсан автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобус байсан бөгөөд дунджаар 70-80 хүн тээвэрлэдэг байсан”,

гэрч Г.Пүрэвжавын “Би 1979 онд Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад жолоочоор ажилд орж, 1982 оноос автобусны жолоочоор ажиллаж эхэлсэн. Х.Шаравдорж нь 1984 онд Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад жолоочоор  ажиллах болсоноос эхлэн Х.Шаравдоржийг таних болсон. Тухайн үед би ЛАЗ-695 маркийн УБГ 34-00 дугаартай автобус барьдаг байсан. Х.Шаравдорж нь ПАЗ-672 маркийн УБГ 26-86 дугаартай автобус барьдаг байсан. Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатын автобуснууд нь тухайн барилгын 2 дугаар трестийн ажилчдыг тээвэрлэдэг, үйлчилгээний автобуснууд байсан ба ажилчдыг өглөө гэрээс нь авч, өдрийн цайгаар гэрт хүргээд буцааж авч, орой гэрт нь хүргэх мөн оройн ажилчдыг авах буюу гэрт нь хүргэж өгдөг. 1991 оны 07 дугаар сараас оросуудыг буцааснаар Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинат нь Хайрхан компани болгон өөрчлөгдсөн. 1992 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Өмч хувьчлалын комиссын тогтоолоор Хайрхан компанийн нийт 19 автобусыг жолоочтой нь хамт Автобус 3 компанид шилжүүлэн ажиллуулсан. Тэр үед миний бие, Х.Шаравдорж болон нийт 19 жолоочийн хамтаар автобустайгаа Хайрхан компаниас шинээр байгуулагдсан Автобус 3 компанид автобусны жолоочоор шилжин очиж ажилласан. Миний бие Автобус 3 компанидаа 2008 он хүртэл автобусны жолоочоор ажилласан ба харин Х.Шаравдорж нь Автобус 3 компанид 2006 он хүртэл автобусны жолоочоор ажиллаж байсан. Миний бие Х.Шаравдоржтой 1984 оноос 2006 он хүртэл автобусны жолоочоор хамт ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Х.Шаравдоржийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хүсэлт гаргагч Х.Шаравдоржийг 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад автобусны жолоочоор, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Хайрхан компанид автобусны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигон овогт Хувьтын Шаравдорж /РД:ЧО61081016/-ийг 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Автотээврийн комбинатад автобусны жолоочоор, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Хайрхан компанид автобусны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Шаравдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА