Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00600

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01009 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* *******, ******* нарт холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 26,446,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2017 оны 08 сарын 04-нөөс 11-ний хооронд ын хотод зохион байгуулагдсан олон улсын хэмжээний шүхрийн цэг онолтын тэмцээнд улсаа төлөөлж оролцох үеэр зүүн хөлийн өвдөгний үендээ гэмтэл авсан, өвдөг хөндүүрлэж, бага зэргийн зовуурьтай байсан, гэхдээ алхаж явж болж байсан. Ажлын ачаалал авсны дараа өвдөлт, зовуурьтай, гүйцэт тэнийж, нугалж чадахгүй хэвээр байсан учраас эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахаар харьяа *******т хандсан. Амбулаторийн эмчид үзүүлэхэд намайг өвдөгний MRI зураг авхуулаад ир гэсний дагуу Интэрмед эмнэлэгт зураг авхуулаад, буцаж ирж үзүүлэхэд амбулаторийн эмч ******* зургийг үзээд, хагалгаанд орох шаардлагатай болсон байна гэсний дагуу ******* эмчтэй уулзаж хагалгаа хийх өдөр товлож, 2017 оны 10 сарын 16-ны өдөр өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаанд орсон. Хагалгаанд орсны маргаашаас наркоз гарсны дараа, босож явж чадахгүй 2 өдөр хэвтсэн. 3 дахь өдрөөс нь ******* эмч орж ирээд та босож ойр зуур явж болно гэж зааварчилгаа өгсөн боловч хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Маргаашаас нь би халуурч эхэлсэн ба сувилагч надад өвчин намдаах тариа хийж халуун буурч байсан. Миний бие хагалгаанд орсноос хойш хүндэрч, биеийн байдал муу байсан учир хагалгаанаас хойш *******т 3 сарын турш хэвтсэн. Ингэж хэвтэх үед хагалгаа хийлгэсэн өвдөгний шарх байнга үрэвсэж, идээ гардаг байсан. Эмнэлгээс надад боолт хийж, үрэвслийн эсрэг эм тариа хэрэглэж байснаас өвдөгний үеийн хүндрэлийн асуудалд анхаарч нэмэлт эмчилгээ хийгээгүй. Ингээд би бүр дордож, 2017 оны 12 сарын 19-ний өдөр ******* эмнэлэгт дахин MRI зураг авхуулсан. Шинээр авхуулсан зургаа ******* эмчид үзүүлэхэд чамайг дахин хагалгаанд оруулъя, үе хооронд чинь маш их үрэвсэл явагдсан байна гэж хэлээд, 2018 оны 01 дүгээр сард намайг дахин хагалгаанд оруулсан. Хагалгааны үеэр анх хагалгаагаар нөхсөн шөрмөсөө буцааж авсан. Үүнээс хойш 7 хоногийн дотор миний хагалгааны шарх эдгэсэн учир эмнэлгээс гарсан. Ингээд миний өвдөгний байдал дээрдээгүй, улаараа гишгэж, алхаж чадахгүй хүндрээд байсан тул Гэмтэл согог судлалын төвд хандахад энэ төрлийн хагалгаанд орсны дараа даруй хөл дээрээ гишгэх ёстой байсан, дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байдалтай байснаар богино хугацаанд өвдгөө бүрэн эдгээх ёстой байсан гэж зөвлөсөн. Гэтэл *******т хагалгааны дараа огт ийм зөвлөгөө өгөөгүй. Би ын эмнэлэгт 2018 оны 03 сарын 07-ны өдөр дахин хагалгаанд орсон. Хагалгаагаар миний өвдөгний үе дэх үрэвслийг угааж цэвэрлэж, хүчээр өвдөгний үеийг нугалж, хөдөлгөх арга хэмжээ авсан боловч үр дүнгээ өгөөгүй.

Улмаар 2018 оны 07 сарын 27-ны үеэр улсын  эмнэлэгт өвдөгний үе солиулах хагалгаанд орж, хагалгааны болон эмчилгээний төлбөрт 7,013 ам.доллар төлсөн. Мөн ийн хотод байх хугацаандаа эмнэлэгт 5 хоног, зочид буудалд 21 хоног байрласан төлбөрт 525 ам.доллар төлж, замын зардалтайгаа 21,340,532 төгрөг болсон. Мөн эхний хагалгаанаас хойш эмчилгээний зардалд 3,595,736 төгрөг, гадаадад хийгдсэн хагалгаанаас хойш Монголд ирээд хийлгэсэн эмчилгээний зардалд 2,170,430 төгрөг зарцуулж, өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд нийт 27,106,698 төгрөг зарцуулаад байна. гийн Гэмтэл согог судлалын тасгийн захирал ******* эмчийн мэргэжлийн алдаа, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас гуч гаруйхан насандаа өвдөгний үе солиулах хүртэл эрүүл мэндийн хохирол амсаад явж байгаадаа маш их гомдолтой байна.

...******* нь энэ хугацаанд өөрийн сайн дураар 2,000,000 төгрөгийг өгснийг хасаад 25,106,698 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хөлд эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлага гарсан тул эмнэлгийн байгууллагуудад эмчилгээ хийлгэж өнөөдрийг хүртэл 1,339,500 төгрөгийн зардал гаргасан тул миний эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал нийт 26,446,198 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тус эмнэлэгт ******* нь 2017 оны 10 сарын 13-ны өдөр хэвтэж 10 сарын 16-ны өдөр зүүн өвдөгний урд чагтан холбоос бүрэн тасарсныг сэргээн засах, нөхөх дурангийн хагалгаанд төлөвлөгөөний дагуу орсон. Хагалгааг Гэмтлийн клиникийн захирал мэс заслын их эмч, дэд хурандаа *******, мэс заслын эмч ******* нар гардан хийсэн. *******гийн MRI шинжилгээгээр зүүн өвдөгний үений урд чагтан холбоос тасарсан байсан, хагалгаа хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн учир харьяаллын дагуу цэргийн алба хаагчид хагалгааг хийсэн. Хагалгааны дараа эмчилгээний боолт, антибиотик, үрэвслийн эсрэг, шингэн нөхөх, витамин, шимэгдүүлэх, өвчин намдаах эмчилгээнүүдийг хийсэн. 2017 оны 10 сарын 27-ны өдөр *******гийн арьсан дээр цусархаг тууралт гарч хагалгааны шарх өвдөх зовуурь нэмэгдэж гуурсаар бохирдсон шингэн гарсан, зүүн өвдөгний үе хаван хавдар ихтэй, эмзэглэлтэй шарх бохир, тавьсан гуурсаар бохир шингэн гарсан байсныг арьсны эмч, зүрх судасны эмч нар үзэж Гемморрагический васкулит онош тавьж үүнд нь үрэвслийн эсрэг дааврын эмчилгээг схемээр хийж эмчилсэн. Гэмтлийн эмч нарын тойрон үзлэгээр нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлгөөн засал хийх шийдвэр гарсан бөгөөд хөлийн шарх эдгэрсэн ч зүүн өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдсан. *******д хагалгааны дараа Гемморрагический васкулит явагдаж өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдаж хүндрэл үүссэний улмаас 2018 оны 01 сарын 10-ны өдөр 2 дахь удаагаа мэс засал хийлгэсэн.

...*******гийн тухайд энэхүү Гемморрагический васкулит өвчнөөр өвчилсөн бөгөөд ямар шалтгаанаар өвчин үүссэнийг тогтоох боломжгүй байсан. Өвчний ангиллын тухайд холимог, явц нь цахилгаан, бөөрний дутагдлын хам шинж илэрсэн. Үүнд эмчилгээ үйлчилгээг хийж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч тусламж үйлчилгээг үзүүлсэн. Эмч эмчилгээ үйлчилгээг үзүүлээгүй ажилдаа хайхрамжгүй, болгоомжгүй хандсан бол тухайн өвчтөн маань бөөрний дутагдалд орж, хөлөө тайруулах хүртэлх нөхцөл байдал үүсэж болох байсан...

Хагалгааг стандартын дагуу хийсэн эмч эмчилгээний ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад заасны дагуу *******гийн харьяа дээд удирдлагын байгууллага болох мөнгөн тусламж өгсөн. ******* нь тэмцээнд оролцох үедээ өөрт үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлээгүй бөгөөд болгоомжгүй байдлаасаа болж өөртөө гэм хор учруулсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл шүхрээр буухдаа зөв техникээр буугаагүйн улмаас өөртөө хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-д заасны дагуу байгууллагыг хариуцлагаас чөлөөлж өгч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

...Хагалгааг зохих журам, стандарт, зааврын дагуу хийсэн. Хагалгааны дараа эмчилгээний боолт, антибиотик, үрэвслийн эсрэг, шингэн нөхөх, витамин, өвчин намдаах, дархлаа дэмжих эмчилгээнүүд хийж байсан ба бүрэн зөвлөгөө өгсөн. Хагалгаанаас хойш 8 хоногоос *******гийн бүх биеийн арьсан дээр цусархаг тууралт гарч хагалгааны шархаар өвдөх зовуурь нэмэгдэж гуурсаар шингэн гарч эхэлсэн. Холбогдох шаардлагатай шинжилгээнүүдийг хийсэн ба шээсээр уураг болон цусны улаан эс алдаж цаашлаад бөөрний хурц дутагдал, дотуур цус алдалт, тархины цусархаг харвалт зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд үүсэж болзошгүй байдал үүссэн. 2017 оны 10 сарын 30-ны өдөр нарийн мэргэжлийн арьсны эмч, зүрх судасны эмч нар өвчтөнийг үзэж Гемморрагический васкулит буюу цусархаг судасны үрэвсэл онош тавьж үүнд нь үрэвслийн эсрэг дааврын эмчилгээг схемээр хийж, хэвтрийн дэглэм сахиулан эмчилсэн. Өвчтөний амь насыг аврах, цаашид гарах хүндрэлээс сэргийлж чагтан холбоос сэргээх мэс заслын дараах эмчилгээний арга тактик өөрчлөгдсөн.

...Миний бие *******д эмчилгээ үйлчилгээний тусламжийг цаг алдалгүй үзүүлж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн. 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1315 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр судасны цусархаг үрэвсэл өвчнөөр ******* өвдсөн байх ба энэ нь шарх эдгээж үрэвсэхэд нөлөөлсөн гэж дүгнэсэн.

...гийн 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 632 тоотоор зөрчил гаргасан гэж байгаа, үүнд мэргэжлийн алдаа гаргасан гэдгийг тогтоогоогүй, зөвхөн мэдээлэл, тайлбарыг *******д өгөөгүй байна гэх асуудал байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харахад ******* гэх хүний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь хохирсон гэх баримт хэрэгт байхгүй. Ариун байдал алдагдсанаас халдвар ороод энэ хүн хохироод байгаа юм уу, эсхүл хөдөлгөх ёстой гэх зөвлөгөө өгөөгүйгээс энэ хүн хохирсон юм уу гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. 2018 оны 08 сарын 10-ны өдрийн гийн хурлын тэмдэглэлд эмчлэгч эмч , мэс засал хийсэн эмч ******* нарын асуудлыг хэлэлцэж энэ 2 хүнийг хоёулаа буруутай гэсэн. Хагалгааны эмч хагалгаагаа хийгээд л яваад өгнө, харин хагалгаа хийсний дараа хөдөлгөх ёстой гэх зүйлийг өдөр тутамд үзэж заавар, зөвлөгөө өгөх хүн нь эмчлэгч эмч юм. Мэс засал хийсэн эмч заавал орж ирж заавар, зөвлөгөө өгөх ёстой юм шиг ярьж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т ажил олгогч хариуцах заалттай, 498.2-т зааснаар төр хариуцна. *******аас нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас гэм хорын хохиролд 26,446,198 /хорин зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 320,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 290,181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх хариуцагч *******ыг мэргэжлийн алдаа гаргасныг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх үнэлэлт дүгнэлт хийсэн, энэ тохиолдолд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч *******гийн биед *******т хийсэн дурангийн мэс заслын ажиллагаа болон түүний биед илэрсэн хүндрэлийн талаар 3-н удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хариуцагч тал үзэж байна.

...******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хагалгаанд орсны маргаашаас наркоз гарсны дараа босож явж чадахгүй 2 өдөр хэвтсэн. 3 дахь өдрөөс нь Сүхбаатар эмч над дээр орж ирээд /та ойр зуур явж болно шүү/ гэж зааварчилгаа өгсөн гэсэн байдаг.

Мөн *******гийн өвчний түүхэнд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны эмчилгээ сувилгаа, заавар зөвлөгөө, биеийн байдлын талаар тодорхой бичигдсэн байдаг.

Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх зөвлөгөө өгөх болон хамтарсан үзлэг хийх журмын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ ******* хэрэгжүүлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

...2-р хавтаст хэргийн 79-р хуудсанд ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Эмчилгээнд зардал тусламж олгох тухай Б/1149 дугаартай тушаал авагдсан. Агуулга нь , сургагч ахлагч ийн д 10,431,136 төгрөгийн эмчилгээний зардал олгосугай гэжээ.

Хариуцагч ******* нь буюу төрийн байгууллага, *******д эмчилгээний зардал болох 10,431,136 төгрөг өгсөн этгээд нь мөн адил буюу төр.

Бодит байдал ийм байхад төрийн албан хаагчийн хувьд олгосон тусламж тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэнд гомдолтой байна.

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн.

Харин анхан шатны шүүх хамтран хариуцагч ******* буюу албан тушаалын дагуу үүргээ гүйцэтгэн хагалгаа хийсэн эмчийг зөв оношилсон, мэс засал болон эмийн эмчилгээ, арчилгаа, сувилгааг бүрэн хийсэн гэх үнэлэлт дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл эмч *******ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байхад, түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу ******* нь гэм хорын хариуцлагыг хүлээх ёсгүй гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн 191/ШШ2025/01009 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.1. Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс *******д эмчлэгч эмч *******ын хариуцлагагүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг ******* ******* хариуцах талаар дурдаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан. ******* албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө өөрийнхөө эрүүл мэндээр хохирсон. Мөн хариуцлагагүй эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанаас болж, гадаад улсад 25,106,000 төгрөгийн зардлаар эмчлүүлж, нийт 26,444,198 төгрөгийг зарцуулсан бөгөөд уг зарлагын баримтуудыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж хавсаргасан. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар ******* гэм буруутай болох нь нотлогдож байна.

*******ын үйлдлийг Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний 4.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, тухайн байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хариуцлага тооцох болсныг ******* *******-ын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6032 дугаартай хариу хүргүүлэх албан бичиг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн эмнэлгийн чанарын улсын ахлах байцаагч н.Байгальмаагийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эмчийн үзүүлсэн тусламж үйлчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээнд тавигдах шаардлага, эмнэлгийн ёс зүйн хэм хэмжээний 4.3-т заасныг зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 6.8.1-т заасныг зөрчсөн гэх хариу мэдэгдэх хуудсыг явуулсан. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* *******-ын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад тасгийн эмч н.Батболд үзлэгийн оношилгоог бичээгүй, гэмтлийн эмч нарын хамтарсан үзлэгээр зүрх судас, арьсны эмчид үзүүлэх шийдвэр гарсан боловч хэрэгжүүлээгүй. Мөн үений хөдөлгөөнийг сэргээх физик эмчилгээг үргэлжлүүлэхээр болсон боловч өвчний түүх байхгүй. Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтэрт эмнэлгээс гаргасан талаарх ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй. ******* *******-ын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн дүгнэлт хэсэгт эмчлэгч эмч нар өвчтөнд шархны хоёрдогч хүндрэл болох Гемморрагический васкулитаар өвдсөн тохиолдолд үүссэн нөхцөлийн хожуу үр дагавар, эрсдэлийн талаарх мэдээллийг тайлбарлаж өгөхдөө дутмаг хандсан. Мөн *******ыг Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний 4.3-т заасныг зөрчсөн учраас ******* *******-ын даргын зөвлөлийн хурлаар сахилгын хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолд ******* *******-ын эмч ******* нь зүүн өвдөгний үений урд чагтан холбоос сэргээх мэс заслыг дурангийн тусламжтай хийж буй ажилбарын хүндрэлийг тайлбарлаагүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1878 дугаартай албан бичгийг ******* *******-т хүргүүлсэн. ******* нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс заслын ажилбар хийх үүргээ биелүүлээгүй тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн тухайн байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасны улмаас *******гийн зүүн өвдөгний үений чагтан холбоос сэргээх мэс засал амжилтгүй болсон. Уг нөхцөл байдлын улмаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.1, 498.1.2-т заасны дагуу өөрт учирсан хохирлыг шаардаж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд *******ын буруугүй гэх үйлдлийг тогтоосон нотлох баримт байхгүй

 

5.2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ******* *******-ын эмч ******* мэргэжлийн алдаа гаргасан учраас ажил олгогчийг гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулах ёстой. Гэвч ажил олгогчийн зүгээс *******ыг хагалгааны өмнө, хагалгааны үед, хагалгааны дараа ямар нэгэн байдлаар буруутай үйлдэл гаргаагүй гэж дүгнэсэн. Уг тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх ёсгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь *******ын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж тайлбарладаг. Гэвч өвчин болгон заавал эдгэх ёстой биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсад эмчилгээ хийлгэсэн боловч хөлөө эдгээж чадаагүй учраас улс руу явж эмчилгээ хийлгэсэн атлаа бүрэн эдгэрээгүй. Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******, ******* нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 26,446,198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. ******* нь ,, ажилладаг бөгөөд ын хотод 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан олон улсын шүхрийн цэг онолтын тэмцээнд оролцож байхдаа зүүн хөлийнхөө өвдөгний үенд гэмтэл авч, ******* *******-т 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаанд орсон боловч хагалгааны дараа өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдаж хүндрэл үүссэний улмаас Гемморрагический васкулит гэх оноштойгоор тус эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин хагалгаанд орсон, /1.х.х-ийн 177-216/

 

3.2. Улмаар тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зүүн өвдөгний үе угаах мэс засал хийлгэсэн, /1.х.х-ийн 161-176/

 

3.3. Үүний дараа ******* нь 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Улсын хотын эмнэлэгт гэмтлийн дараах зүүн өвдөгний хөшингө, өвдөгний бүтэн үе солиулж, шаантны товгор хэсгийн ясанд засалт хийх эмчилгээ хийлгэжээ. /1.х.х-ийн 217-237/

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* болон эмч ******* нарыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, мэс заслын өмнө болон хойно уг өвчний онцлог шинж чанар, эмчилгээний талаарх холбогдох мэдээ, мэдээллийг өгөөгүй, хагалгааны дараа гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар тайлбарлаагүй, эмчилгээг бүрэн гүйцэт үзүүлээгүйгээс өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн, үүнээс болж хэд, хэдэн удаа мэс засалд орсон, улмаар гадаад улс руу явж өвдөгний бүтэн үе солиулах хагалгаанд орсон гэж буруутгасан байна.

 

4. Зохигч нар нэхэмжлэгч *******гийн зүүн хөлийн өвдөгний үенд гэмтэл авсан шалтгаан /зөвшөөрөгдсөн тэмцээнд оролцож байгаад гэмтэл авсан/-ыг түүний ажил мэргэжлийн онцлогтой холбоотой эсэх талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өвдөгний үенд чухам юуны учир тийнхүү их хэмжээний шингэн хуралдах болсныг тодруулахаар шүүхээс хэд, хэдэн удаа шинжээч томилсныг авч үзвэл;

 

4.1 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 270 дугаартай дүгнэлтээр:

 

- гийн эмч нар *******гийн зүүн өвдөгний чагтан холбоосны тасралыг зөв оношилсон,

- Шаардлагатай шинжилгээг хийж оношийг зөв тогтоож, шаардлагатай мэс засал эмчилгээ хийсэн,

- Мэс засал болон эмийн эмчилгээ, арчилгаа, сувилгааг бүрэн хийсэн,

- Өвдөгний чагтан холбоосны тасралтыг мэс засал эмчилгээ хийдэг,

- *******д хийгдсэн мэс заслын үед ариун байдал буюу халдвар хамгаалах дэглэм алдагдсанаар хагалгааны дараа идээт үрэвсэл үүсжээ. Зүүн өвдөгний үений идээт үрэвсэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /1.х.х-ийн 125-128/

 

4.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1315 дугаартай дүгнэлтээр:

 

- *******гийн зүүн өвдөгний чагтан холбоосны тасралтыг нөхөх, сэргээх дурангийн мэс заслыг зохих журмын дагуу хийсэн байх бөгөөд мэс заслын тэмдэглэлд хагалгааны талбайг зохих журмын дагуу ариутган хатгалтыг зохих журмын дагуу хийсэн байна. Мэс заслын үед ариун байдал буюу халдвар хамгааллын дэглэм алдагдсан эсэхийг өвчний түүхийн бичлэгээс мэдэх боломжгүй ба өвчний түүхээс харахад мэс заслын дараах 11 дэх хоногоос шархны гуурсаар бохирлогдсон шингэн гарч эхэлсэн байх тул мэс заслын үед шарх бохирлогдсон гэж үзэх боломжгүй байна,

- Шарх үрэвсэх нь зөвхөн халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас шалтгаалахгүй ба тухайн хүний биеийн эсэргүүцэл суларснаас үүсэж болно. ******* нь судасны цусархаг үрэвсэл өвчнөөр өвдсөн байх ба энэ нь шарх идээлж үрэвсэхэд нөлөөлсөн байж болно гэжээ. /2.х.х-ийн 105-110/

 

4.3 Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар дүгнэлтээр:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.11.08-ны өдрийн 1315 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

- Идээт болон цусархаг үрэвсэл нь мэс заслын дараах халдвар, хувь хүний биеийн ерөнхий дархлаа эсэргүүцлээс шалтгаалан үүсэж болно.

- Иргэн *******гийн мэс засалд орохын өмнөх шинжилгээ хавтаст хэрэгт хавсрагдаагүй болно гэжээ. /2.х.х-ийн 157/

 

4.4 Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.03.04-ний өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 1315 дугаартай шинжээч эмч , , нарын дүгнэлт нь үндэслэлтэй байна.

- Идээт үрэвсэл: Үений чагтан холбоос сэргээх мэс заслын дараах идээт үрэвсэл хагалгааны дараа үүсэж болох нэгэн хүндрэл бөгөөд архаг явцтай үрэвсэл ба давтан хагалгааны улмаас яс булчин зөөлөн эдийн дутмагшилд хүргэж, амьдралын чанарт муугаар нөлөөлдөг удаан явцтай эмгэг. Өвдөгний чагтан холбоос сэргээх мэс заслын дараа үүсэх хүндрэлийг цаг хугацааны хувьд эрт үеийн буюу хагалгаанаас хойш 1-5 хоногт үүссэн, эсвэл хожуу үеийн буюу 2-3 долоо хоногт үүссэн хүндрэлүүд гэж ангилна...

Эрт үеийн халдвар авах олон шалтгаан байх ба түүнээс нэг зам нь хагалгааны үед болон хагалгааны дараах эрт үед/ эхний 14 хоногт боолт хийх болон бусад эмнэлгийн ажилбарын явцад болон агаар дуслын замаар, өвчтөний арьсаар, хагалгааны багаж хэрэгслээс халдвар авах онолын хувьд боломжтой, [ChamleyJ., 2012] Дараагийн халдвар авах нэг зам нь өөр идээт голомтоос тухалбал амны хөндий, арьс, бөөр шээсний болон амьсгалын замын эмгэг зэргээс цусан халдвар авах мөн дархлааны тогтолцоо, тухайн өвчтөний өвчин эсэргүүцэх чадвар сулрах, бусад өвчин эмгэгээр өвдөх нь халдвар үүсэх хүндрэл гарах боломжтой. Нэхэмжлэгч *******гийн тухайд судасны түгээмэл үрэвсэл хавсарсан хэлбэрээр / арьсны тууралт, бөөрний эмгэг, үений үрэвсэл/ илэрч анхдагчаар судасны түгээмэл үрэвсэл үений хэлбэрээр илэрч энэхүү өвчний суурин дээр идээт хэлбэрээр хүндэрсэн байх боломжтой байна.

Судасны үрэвсэл: Судасны үрэвсэл буюу васкулит гэдэг нь харшил, дархлааны тогтолцооны эмгэг ба үүнийг Шенлейн Генохын өвчин гэж нэрлэх нь бий. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй ч дархлааны алдагдлаас үүдэлтэй гэж үздэг. Нөхцөлийг нь судалж үзвэл ихэнх нь ханиад томуу тусах, хоолой өвдөх, даарах, стресс, биеийн хэт ачаалал, вакцины дараа, элдэв хоол хүнс эмийн бодист харшил өгөх, хагалгаа болон болон эмчилгээ хийлгэсний дараа үүсэх ба удамшдаггүй эмгэг болно... Нэхэмжлэгч Ж. гийн тухайд хагалгааны дараа судасны түгээмэл үрэвсэл арьсны тууралт, үений үрэвсэл, дотор эрхтний гэмтэл/ бөөрний эмгэг/ буюу хавсарсан хэлбэрээр илэрсэн байна.

- Нэхэмжлэгч *******гийн хагалгааны өмнөх холбогдох шинжилгээгээр идээт үрэвсэл, судасны цусархаг үрэвслийн шинж тэмдгүүд илрээгүй, илрэх боломжгүй ба эдгээр эмгэгүүд нь үүсээгүй байгаа үед холбогдох шинжилгээнд өөрчлөлт гарахгүй. Идээт үрэвсэл болон судасны түгээмэл үрэвсэл бий болсны дараагаар холбогдох шинжилгээнд өөрчлөлтүүд илэрдэг, өөрөөр хэлбэл эдгээр өвчнөөр өвдөх эсэхийг урьдчилан оношлох боломжгүй болно.

- гийн 012717 дугаартай өвчний түүхэнд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр арьсны болон зүрх судасны эмч нарын үзлэгээр тухайн өвчтөнд Гемаррагический васкулит гэж оношлогдон холбогдох эмчилгээнүүд тухайлбал үрэвслийн эсрэг дааврын эмчилгээг эхлүүлсэн байна. Тухайн үед өвчтөнд доод мөч хэвлийгээр цусархаг тууралтууд үүсэж. Мөчдөөр хавагнах тухайлбал хагалгаа хийлгэсэн өвдөгний үер хавдар ихтэй мөн холбогдох шинжилгээнд тухайлбал шээсний шинжилгээнд бөөрний гэмтлийг илэрхийлэх өөрчлөлтүүд гарсан байна. Тухайн онош юунаас болж үүссэнийг тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд судасны үрэвсэл нь шалтгаан тодорхойгүй, өвчин үүсгэх нөлөөлөх хүчин зүйлүүд олон байдаг болно. Ханиад томуу тусах, хоолой өвдөх, даарах, стресс, биеийн хэт ачаалал, вакцины дараа, элдэв хоол хүнс эмийн бодист харшил өгөх, хагалгаа болон болон эмчилгээ хийлгэсний дараа үүсэж болох ба удамшдаггүй эмгэг болно гэжээ. /3.х.х-ийн 84-87/

 

Хэрэгт авагдсан эдгээр шинжээч нарын дүгнэлтэд дурдсанаар ******* ******* болон эмч ******* нар *******гийн өвчний оношийг зөв тогтоосон, тухайн үед шаардлагатай мэс засал болон эмчилгээг зохих ёсоор хийсэн, мэс заслын үед халдвар хамгааллын дэглэм зөрчөөгүй, өвчтөний өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдсан шалтгааныг судасны болон идээт үрэвсэл үүссэнтэй холбоотой, энэ нь олон шалтгаантай байдаг бөгөөд нэхэмжлэгчид ямар шалтгааны улмаас бий болсныг тогтоох боломжгүй гэсэн байна.

 

Анхан шатны шүүх шинжээч нарын дүгнэлтүүдийг үндэслэн хариуцагч *******ыг нэхэмжлэгч *******гийн зүүн өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаа хийхдээ мэргэжлийн алдаа гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5. Харин хэрэгт авагдсан ******* *******-ын даргын зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар эмчлэгч эмч , мэс засал хийсэн эмч ******* нар өвчтөнд хоёрдогч хүндрэл, аутоиммунный өвчин болох Гемаррагический васкулитаар өвдсөн нь үенд үүссэн үрэвслийн хожуу үр дагавар, эрсдэлийн талаарх мэдээллийг тайлбарлаж өгөх тал дээр дутмаг хандсан тул мэс засал хийсэн эмч *******ыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 4.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгууллагын даргын зөвлөлийн хурлаар сахилгын хариуцлага тооцуулах санал гаргаж, /1.х.х-ийн 238-245/

 

Улмаар ны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар *******т сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /2.х.х-ийн 19/

 

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч гийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсаар *******д үзүүлсэн тусламж үйлчилгээ нь мэс заслын тусламж үйлчилгээнд тавигдах шаардлага, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дүрмийн 4.3 дахь заалтыг зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, *******т холбогдох 1802000552 дугаартай хэргийг мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1.х.х-ийн 19-20/

 

Тодруулбал, зохигч нар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавх, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид энгийн ойлгомжтой тайлбарлан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ гэж заасныг хариуцагч ******* нь зөрчсөн эсэх талаар маргаагүй.

 

6. Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Иргэнд нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх, түүнийг анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна гэж, мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 466 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад ...эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь өөрийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн, өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан санал солилцох, тайлбар авах эрхтэй... гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч ******* *******-ын мэс заслын эмч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өвчтөн *******д зүүн өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгааг анх хийхдээ энэ тухай түүнээс бичгээр зөвшөөрөл аваагүй байна. /1.х.х-ийн 194/

 

Эмчилгээний буюу эдгэрүүлэхэд чиглэсэн зорилготой мэс засал хийхэд өвчтөн хангалттай тодорхой мэдээлэлд үндэслэн зөвшөөрөл өгөх эсэхээ шийдвэрлэх бөгөөд тийнхүү зөвшөөрөл олгож буй нь эмчилгээний зорилгоор санаатай болон илтэд болгоомжгүйгээр гэм хор учруулснаас бусад тохиолдолд хуулийн дагуу хийсэн гэж тооцогддог.

 

Тийм учраас эрүүл мэндийн буюу эмнэлгийн байгууллага болон эмч нь мэргэжлийн этгээд болохын хувьд өвчтөнд тодорхой хугацааны өмнө өвчтөнд түүний өвчний онош, эмчилгээ, эмчилгээний өмнөх болон дараа гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар холбогдох мэдээллийг бүрэн гүйцэт тайлбарлан өгөх ёстой бөгөөд энэ нь өвчтөнд сонголт хийх, шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.

 

7. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж, 188 дугаар зүйлийн 188.1-д Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно гэж, 188.2-т Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь зүүн өвдөгний урд чагтан холбоос нөхөх дурангийн хагалгаа хийлгэхээс өмнө болон хойно уг өвчний онош, онцлог, эмчилгээ, эмчилгээний дараах үеийн эрсдэл, хүндрэлийн талаар холбогдох мэдээлэл авах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ******* болон эмч ******* нар ийм төрлийн мэдээллийг түүнд өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь бусад этгээдээр эмчлүүлэх, түүний өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдаад удаж даамжрахаас өмнө яаралтай оношлуулах, ирээдүйд гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ авах зэрэг сонголт хийх эрх нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 

Энэ талаар ******* *******-ын даргын зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...эмчлэгч эмч , мэс засал хийсэн эмч ******* нарыг өвчтөнд хоёрдогч хүндрэл, аутоиммунный өвчин болох Гемаррагический васкулитаар өвдсөн нь үенд үүссэн үрэвслийн хожуу үр дагавар, эрсдэлийн талаарх мэдээллийг тайлбарлаж өгөх тал дээр дутмаг хандсан гэж дүгнэсэн нь хариуцагч ******* ******* нь дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байна... гэж дурджээ.

 

8. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, ...чиг үүрэг бүхий байгууллага байна гэж заасан.

 

Нэхэмжлэгч *******д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дурангийн хагалгаа хийсний дараа түүний биед илэрхий хүндрэлтэй нөхцөл байдал илэрсэн байхад 2 сарын хугацаанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийгээгүйг ******* *******, ******* нар өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь мэс засалд орохоос өмнө 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр MRI зураг авхуулсан, тэрээр өвдөгний хагалгаанд орсны дараа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түүний өвдөгний үенд их хэмжээний шингэн хуралдаад байхад эмнэлгийн байгууллагын зүгээс нарийн шинжилгээ дахин хийгээгүй, харин өвчтөн өөрөө 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр MRI зураг авхуулж, улмаар тус эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин хагалгаанд орсон байна. /1.х.х-ийн 24-26, 2.х.х-ийн 185, 191/

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр эмч ******* болон эмнэлгийн байгууллага болох ******* ******* нар өвчтөн *******гаас мэс засал хийхдээ бичгээр зөвшөөрөл аваагүй, мэс заслын өмнө хийгээд хойно өвчний онош, онцлог, эмчилгээ, эмчилгээний дараа гарах эрсдэл, хүндрэлийн талаар холбогдох мэдээллийг өгөөгүй, мөн түүний биед илэрхий хүндрэл үүсээд байхад нарийн мэргэжлийн шинжилгээ хийгээгүй, үүнтэй холбоотойгоор өвчтөн өөрийн өвчний нөхцөл байдлыг бодитоор үнэлж шийдвэр гаргах хугацаа алдсанаар өвчин нь хүндэрч, улмаар өвдөгний үе солиулсан байх тул хариуцагчийн гэм буруугүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ******* *******-аас гэм хорын хохиролд мөнгөн төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг буруу тооцоолсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь эрх хэмжээний хүрээнд доорх байдлаар залруулна. Үүнд:

 

9.1 Хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан 121,830 төгрөгийн баримтын мөнгө тушаагч нь ******* гэсэн боловч гүйлгээний утга нь Төмөр-Очир үзлэг 30000 Рент 39000 Лаб 52830 гэсэн байх тул үүнийг нэхэмжлэгчийн эмчилгээний зардал гэж үзэх боломжгүй байна.

 

9.2 Мөн Улсад эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 7,013 ам.доллар, эмнэлэгт 5 хоног, буудалд 21 хоног байрласан төлбөр 525 ам.доллар, нийт 7,538 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ханш болох 2,642.76 төгрөгөөр тооцоход /7,538 х 2,642.76/ 19,921,125 төгрөг болж байна.

 

9.3 Нэхэмжлэгчийн нь гадагш явж хагалгаа хийлгэхээс өмнө Монгол Улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд 3,473,929 төгрөг, Улсад эмчлүүлсэн эмчилгээний болон бусад зардалд /эмнэлэгт 5 хоног, буудалд 21 хоног байрласан, замын зардал/ 19,921,125 төгрөг, гадаадад хийлгэсэн хагалгааны дараах Монгол Улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд 2,170,430 төгрөг, нийт 25,565,484 төгрөг болж байх ба үүнээс хариуцагч *******ын өгсөн 2,000,000 төгрөгийг хасаад хариуцагч ******* *******-аас 23,565,484 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

10. Харин Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 28 дугаар зүйлийн 27.1.8-д Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах гэж заажээ.

 

ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1149 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******д эмчилгээний зардалд 10,431,136 төгрөг олгосон нь дээрх хуульд зааснаар төрийн албан хаагчид өгсөн буцалтгүй тусламж байх тул уг мөнгийг хохирлын хэмжээнээс хасах ёстой гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно. /2.х.х-ийн 79/

 

11. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01009 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...26,446,198 гэснийг 23,565,484 гэж,

 

2 дахь заалтад ...290,181 гэснийг 275,777 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР