| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05965/и |
| Дугаар | 5965 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Наран гудамж 20 тоотод оршин суух Боржигин овогт Сарантунгалагийн Наранцацрал /Регистрийн дугаар УЮ97030913/-ын нэхэмжлэлтэй,
Эрүүгийн хэрэгт үндэслэлгүй шалгагдсаны улмаас өмгөөлөгч авсны төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, гуравдагч этгээдийн төлөөлөгч, хяналтын прокурор Д.Ширэндэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Наранцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “С.Наранцацралыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Сурмаагийн цүнхтэй гар утас, эд зүйлийг булааж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт татан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн 2015250001868 тоот хэргээс С.Наранцацрал намайг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсдэг. Мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг улсын төсвөөс нөхөн олгоно гэж зохицуулсан байдаг. Би Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Гансүх, өмгөөлөгч Х.Оюунсүрэн нартай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, төлбөрөө төлөн үйлчилгээ авсан болно. С.Наранцацрал миний хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 3,000,000 төгрөгийн хохирлыг улсын төсвөөс гаргуулж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Мөнхцэцэг шүүхэд гаргасан болон төлөөлөгч Д.Ширэндэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэргийг шалгаад нэхэмжлэгчийг уг хэрэгт оролцоогүй байна гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд зааснаар холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулсан болох нь тогтоогдсон. Уг хэрэг нь олон оролцогчтой байсан бөгөөд холбогдуулан шалгасан нь буруу биш, харин ажиллагааны явцад С.Наранцацрал хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Наранцацрал нь хууль бусаар хэрэгт холбогдуулан шалгаснаас учирсан хохиролд төрөөс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжсэн байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Наранцацралыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, улмаар тус хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын Прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 03 дугаар тогтоол /хх-5 дахь тал/, тус прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1158 дугаар Хариу мэдэгдэх хуудас /хх-10 дахь тал/-аар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдахдаа өмгөөлөгч Ц.Гансүх, Х.Оюунсүрэн нараас хууль зүйн туслалцаа авч тус бүрт 1,500,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөгний төлбөр төлсөн болох нь С.Наранцацрал, өмгөөлөгч Ц.Гансүх, Х.Оюунсүрэн нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-7-8 дахь тал/, мөнгө хүлээн авсан тухай 13 болон 21 дугаартай тасалбар /хх-6 дахь тал/-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж зааснаар учирсан хохиролоо төрөөс нэхэмжлэх эрх үүсэж, мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг учирсан хохиролд тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн 62,950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.4-т зааснаар Төрийн сангаас 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Наранцацралд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч С.Наранцацралд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Т.ЭНХЖАРГАЛ