Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01516

 

А.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ХХК-д холбогдох,

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3 169 745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохирол 629 688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О-, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Оюу хүнс” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орсон бөгөөд менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг баримтлан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа зөрчил, дутагдал гаргаагүй бөгөөд харин сайн ажилласан гэж урамшуулал авч байсан. Ингээд би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтаа аваад, ажилдаа орох гэтэл захирал ...гаалийн асуудал гарсан үүнийг янзал гэж миний хариуцах ёсгүй ажил үүрэг өгсөн тул би Мэргэжлийн хяналтын газар, гааль зэрэг холбогдох мэргэжилтнүүдтэй нь уулзсан ба энэ хугацаанд хоолны хордлого болж, 5 хоногийн эмчийн актаа нягтландаа өгсөн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа очиход намайг шалтгаангүй ажил тасалсан гэж ажлаас хөөж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал ирж уулз гээд, намайг ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан гэдгийг хэлээд, тушаалыг өгөөгүй. Компанийн удирдлагаас намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгийг ямар нэг байдлаар мэдэгдээгүй ба үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

А.О- нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “О” ХХК-д менежерийн ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанийн Гэгээнтэн цогцолборт байрлах Том Н Томс кофе шопт ажиллах болсон. А.О- нь Хөвсгөл аймаг явна гэж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажлын 3 хоногийн ээлжийн амралтыг урьдчилж авсан ба 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 12 хоногийн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн. Тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байсан боловч ор сураггүй алга болж, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болон бусад ажилчдад мэдэгдээгүй.

Компанийн удирдлагаас А.О-рүү залгасан боловч утсаа авдаггүй, дуудахаар ирж уулзахгүй байсан. Кофе шопын үйл ажиллагаанаас шалтгаалж А.О- нь ажлын 6 өдөр өглөө, оройны ээлжээр ажилладаг байсан тул тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал ажил олгогчид урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 5 өдрийн ажил тасалсан. Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр захиралд хоолны хордлого авсан тухайгаа мессэйжээр мэдэгдсэн боловч эмнэлгийн магадлагаа, өвчтэй гэх холбогдох баримтаа ирүүлээгүй. А.О-ийг ээлжийн амралтаа аваад ажилдаа ирэхгүй байсан тул түүнд ажил хүлээлцэх хугацаа олгож, түүний буруугаас байгууллагад ногдуулсан торгууль тавьсан актыг зохицуулах, гадуур ажлыг эмхлэх үүрэг өгсөн. Мөн түүнд ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөхөөр утсаар залгахад утсаа аваагүй, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал ажлын байрандаа дуудаж, тушаалыг өгсөн боловч танилцаад орхиод явсан.

Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т ажилтныг Бүгд Найрамдах Солонгос Улсад сурах сургалтын төлбөр, байр, хоол, унааны зардал, хоёр талын нислэгийн зардал, визний хураамжийн зардал болон сургалтанд хамруулахтай холбогдох бусад бүх зардлыг ажил олгогч нь урьдчилан гаргана. Хэрэв ажилтан энэ гэрээнд заасан үүргээ зөрчсөн, ажилтны гэм буруугаас шалтгаалж ажил олгогч гэрээг цуцалсан бол гарсан сургалтын бүх зардлыг ажилтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан тул явах, нислэгийн тийзний зардалд 961 000 төгрөг, сургалтын хугацаанд байрласан байр, хоол, унааны зардалд 1 008 745 төгрөг, сургалтын төлбөр 1 200 000 төгрөг, 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хугацаанд хариуцагч компанид учруулсан хохирол 629 688 төгрөг, нийт 3 799 433 төгрөгийг А.О-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажилтны буруугаас болж хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан А.О-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3 169 745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохиролд 629 688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураажид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 46 466 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 44 226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх нотлох баримт болон хэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. А.О- нь ээлжийн амралт авсан болох нь “О” ХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/20 дугаар тушаал, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ээлжийн амралтыг олговрыг олгосон цалингийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. А.О- нь ээлжийн амралт ажлын 15 хоногоор авсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байсан талаар шүүх буруу дүгнэжээ. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ажлын 15 хоногоор тооцвол 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орох байсан байна. Шүүх А.О-ийг 2016 оны 09 дүгээр сарын 13, 19-ний өдөр ажилдаа очсон болохыг тогтоосон, нэхэмжлэгч өвчтэй байсан зэрэг нотлох баримтууд байсаар байтал 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс ажил тасалсан гэж үзжээ. Энэ нь Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалыг зөрчсөн байна. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.О- ээлжийн амралтыг биеэр эдэлж байгаагүй талаар анхан шатны шүүхэд хэлсэн байдаг. Нөгөө талаар ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлүүлсэн тухай баримт, ээлжийн амралтын хуудас, нэхэмжлэгч А.О-ийн хүсэлт хавтаст хэрэгт байхгүй болно.

Шүүх “О” ХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/20 дугаар тушаалыг танилцуулсан эсэхийг үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтны хүсэлтээр ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлүүлсэн мэт тушаал гаргасан байх боловч тус тушаал нь хэзээ гаргасан, нэхэмжлэгчид танилцуулсан баримт байхгүй. Нэхэмжлэгч ээлжийн амралтын тушаалтайгаа шүүхийн шатанд хавтаст хэрэгтэйгээ танилцах үедээ мэдсэн байна.

Хэрэгт зайлшгүй авагдах нотлох баримт авагдаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч А.О- нь ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлсэн гэж дүгнэсэн мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасан “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.” гэж заасны дагуу ээлжийн амралт авах тухай өргөдөл, ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлэх тухай хүсэлт зэрэг хэргийн гол нөхцөл байдлыг тодорхойлоогүй, энэ талаар нотлох баримтууд байхгүй атал шүүх хэсэгчлэн эдэлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын эрхийг ханган ажиллаагүй, хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс ...нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан байна. Тушаал эрх зүйн акт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг. Энэ утгаараа 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А02 тоот тушаалын хавсралтаар шинэ бүтцээр ажиллах орон тоонд холбогдох ажилтныг томилсноор үлдсэн ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэж үзсэн мөртлөө хэзээний ямар шалгуураар цөөрч байгаа орон тоонд ажиллах ажилтны сонгон шалгаруулсан талаар шүүх үнэлээгүй байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргалын тайлбараас үзвэл ажилласан хугацааг харгалзсан гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хүсэлтийг авч хэлэлцсэн эсэх, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, хангах талаар ямар нэг захирамж гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэснийг зөрчжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарт хууль ёсны үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуульд нийцээгүй шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай гомдол гаргаж байна гэжээ. 

                                                                             ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг баримтлаагүй нь учир дутагдалтай болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.О- нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээ цуцалсанаас, мөн ажилтан ажил тасалсанаас  учирсан хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч А.О- нь “О” ХХК-ийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15\1 дүгээр тушаалаар компанийн ерөнхий менежерийн ажилд томилогдсон ба мөн өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16\10\01 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласан байна.

Тушаалын үндэслэлд хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн амралтын хугацаа дуусахад ажилдаа ороогүй, 5 өдөр ажил тасалсан гэж зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.О-ийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд ажлын 3 хоног ажил тасалсан болох нь тогтоогдсон гэж үзжээ.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.5.8., 7.5.10.-т “байгууллагын удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж, албан ёсоор чөлөө авалгүйгээр сард 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан”-ыг  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамааруулсан байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.О-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс гадаадад суралцуулсан зардал, ажил тасалсанаас учирсан хохирол зэргийг гаргуулах тухай сөрөг шаардлагаа хариуцагч баримтаар хангалттай нотлоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалын талаар хариуцагч тал гомдол гаргаагүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН