| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 153/2017/0023/Э/ |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 17
Ж.Данзанравжаад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч Г.Ганхуяг, ялтан Ж.Данзанравжаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Данзанравжаад холбогдох эрүүгийн 20162100136 дугаартай хэргийг, прокурорын эсэргүүцэл, ялтан Ж.Данзанравжаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн хуулийн 77.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Соён овогт Жанчинхүүгийн Данзанравжаа нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Хайрханы үзүүр гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хохирогч Г.Ганхуягийн 1 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан хохирогчид 1.350.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан, эрүүгийн хэрэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Соён овогт Жанчинхүүгийн Данзанравжаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Соён овогт Жанчинхүүгийн Данзанравжааг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Соён овогт Жанчинхүүгийн Данзанравжааг эд хөрөнгө хураахгүйгээр, 06 / зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 / нэг/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 / зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Данзанравжаад оногдуулсан 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ж.Данзанравжаагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-76 улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Данзанравжаагаас 1.350.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ганхуягт олгож “ шийдвэрлэжээ.
Ялтан Ж.Данзанравжаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоогоогүй байна. Шийтгэх тогтоолд Б.Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан үйлдэл нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-г журамлан бусдын 1 тооны тэмээ хулгайлахыг завдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгожээ.
Хавтаст хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хуулийн тусгай анийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүгүй байна. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийг 2007 оны 04 дүгээр сарын 26-ны Улсын дээд шүүхийн тогтоолд мөрдөн байцаагч нь өөрөө тухайн гэмт хэргийн гэрч буюу нотолгооны эх сурвалж болох нь зохимжгүйг анхаарвал зохино гэж тайлбарлажээ.Гэтэл шүүх нь цагдаагийн илтгэх хуудас, мөрдөн байцаагч Д.Даваахүүгийн илтгэх хуудас, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл зэргээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2012 оны үйлдлийг өршөөсөн байтал дээрхи хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ялтан Ж.Данзанравжаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ж.Данзанравжаа нь хохирогч Б.Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан үйлдэл нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдын 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр буюу Ж.Данзанравжаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь өөрөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд нь энэ хуулийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдлвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно гэж заасан бөгөөд Ж.Данзанравжаа нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад буюу Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 хоногийн дотор буюу 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 30-нд шилжих шөнө давтан үйлдлээр хохирогч Г.Ганхуягийн тэмээг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад дахин давтан үйлдлээр хохирогч Г.Ганхуягийн 1 тооны тэмээг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байхад шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.
Хохирогч Г.Ганхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан гаргах тайлбар байхгүй байна. Прокурор сая бүгдийг нь тайлбарлаж хэллээ. Ж.Данзанравжаа нь миний нэг тооны тэмээг хулгайлсан цаана нь бүлэг хүмүүс байгаа гэж бодож байна. Ж.Данзанравжаа нь өөрөө хэргээ хүлээхгүй байгаа боловч нотлогдсон гэж үзэж байна. Би гомдолтой байгаа тул хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна.
Ж.Данзанравжаа нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр “Хайрханы үзүүр “ гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хохирогч Г.Ганхуягийн 1 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Г.Ганхуягт 1350000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан,
Эрүүгийн хэрэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэлтэй болсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Анхан шатны шүүхээс Ж.Данзанравжаад оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм бурууд тохирсон байна.
Ялтан Ж.Данзанравжаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан анхан шатны шүүх нь Б.Данзанравжаагийн, Б.Нямсүрэнгийн 1тооны тэмээг хулгайлахыг завдсан үйлдэл мөн машин механизм ашиглан бусдын 1 тооны тэмээ хулгайлсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэргүүдийг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бус хэтэрхий яллах талыг барьсан мөн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх байтал эргэлзээтэй нотлох баримтуудыг үнэлж гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байна гэх давж заалдах гомдол болон прокурорын Б.Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний дараа буюу тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад дахин давтан үйлдлээр хохирогч Г.Ганхуягийн 1 тооны тэмээг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байхад шүүхээс уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн эсэргүүцлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:
1. Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Нямсүрэнгийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ . . . 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн үед Г.Бямбацоож над руу залгаад “би тэмээгээ хайгаад явж байтал танай тэмээ замын хажууд уяатай байна “ гэхээр нь би “ тэнд байх ёсгүй дээ, 7 хоногийн өмнө хөдөөд байсан, одоо очиж авъя “ гэж хэлсэн.Тэгээд удалгүй Г.Бямбацоож руу залгаад асуухад “ танай тэмээ тайлраад дээшээ явж байна, хамар тайлдаг тэмээ байна “ гэж хэлсэн.
Би орой 16-17 цагийн үед Буянт сумын Булангийн овооны ойролцоо тэмээ уяатай байсан гэх газрын ойролцоо 1 км орчим хажуудаа 2 тэмээтэй хамт цагаан өнгийн мяндас чирчихсэн манай тэмээ явж байхаар нь хамт байсан 2 тэмээг нь үлдээгээд өөрийн тэмээгээ аваад явсан.Тэмээгээ аваад буцах замдаа Г.Бямбацоожтой уулзахад тэмээ уяатай байсан гэх газар дөрөөний 3 метр орчим цэнхэр будгийн толботой сур байсан, таны тэмээ уяанаасаа алдуураад явсан байна лээ гэж хэлсэн.Тэгээд би 23 цагийн үед хүүхэдтэйгээ тэмээ уясан байсан гэх газар луу очиход үхрийн зурагтай анхааруулах тэмдэгнээс ногоон өнгийн фодволк уячихсан хажууд нь хар өнгийн 08-76 ХОА улсын дугаартай Ексель машин Зэрэг сумын чиглэлд хараад зогсож байсан.
Тэгээд тэр машин дээр ганцаараа очихоос айгаад Мазда маркийн машинтай Д.Баатархүү ах ирэхээр хань татаад очсон. Би машин дээр очоод жолоочоос нь “ хаашаа явж байгаа юм бэ ? гэж асуухад “ Зэрэг ороод буцаж байна “ гэхээр нь машины араар нь тойроод хойно сууж байсан хүмүүсээс “ хаашаа явж байгаа юм бэ “ гэхэд “Зэрэг сум явж байна “ гэж хэлэхээр нь “ та нарын үг яагаад зөрөөд байгаа юм бэ “ гээд хаалгыг нь хаахад уг машин буцаж эргээд Ховдын чиглэлд хөдөлсөн. Араас нь Д.Баатархүү ахын машин хөдлөөд явсан.Хоёр хоногийн дараа Д.Баатархүү ахаас нөгөө машин хаачсан бэ гэж асуухад “ Хар ус нуур луу салаад явсан “ гэж хэлсэн.
2016 оны 06 дугаар сарын эхээр Ховд аймагт Г.Ганхуягтай уулзахад Г.Бямбацоожийн хэлээд байгаа таны тэмээ уясан гэх газар байсан цэнхэр өнгийн будгийн толботой сур манай тэмээ нядлаад явсан газар бас тийм цэнхэр өнгийн будгийн толботой сур байсан гэж хэлсэн. . . .Би тухайн үед машин унаж явсан жолооч Д.Данзанравжааг таньсан. . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 162 /,
Гэрч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн” . . . 2016 оны 5 дугаар сарын сүүлчээр Манхан сумаас аймгийн чиглэлд 21 цагийн орчим Булангийн овооноос 2-3 км зайтай засмал зам дээр Б.Нямсүрэн ах зогсоосон намайг хань болоод очоодох гэхээр нь очиход бараан өнгийн 08-тай дугаартай машин байсан, ард нь 2 хүн суусан, Б.Нямсүрэн жолоочтой нь уулзсан. Түүнээс хаашаа явж байна гэхэд нэг нь Ховд аймаг нөгөө нь Зэрэг гээд байна үг нь зөрөөд байна гэсэн. Тэгээд тэр машин Ховд аймаг руу хөдөлж байгаад Хар ус нуур руу салаад яваад өгсөн . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 58 /,
Гэрч Г.Бямбацоожийн мөрдөн байцаалтад өгсөн “. . . 2016 оны 5 дугаар сарын 29-ны өдөр байх өглөө 09 цагийн үед Ямаат улааны хажууд өөрийнхөө тэмээг хайгаад явж байтал Б.Нямсүрэнгийн тэмээг түнгэнээс цагаан мяндсан уяагаар уячихсан байсан. Би Б.Нямсүрэн лүү утасдаад хэлэхэд гайхаж байсан. . . . Б.Нямсүрэн дахин утасдаад асуухад нь “ танай тэмээ буйлаа хаздаг тэмээ байна, алдуураад дээшээ явж байна “ гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б.Нямсүрэн тэмээгээ аваад явж байна гээд манайхаар ирэхээр нь “ таны тэмээ уяатай байсан газар цэнхэр өнгийн будагтай толботой сур байсан, та хараарай хэний гэдгийг нь сураглаарай “ гэж хэлсэн.
Тэмээ уясан байсан газар сурнаас өөр зүйл байгаагүй . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 63-64 /,
Иргэн Г.Ганхуягийн нэг тэмээ нядлагдсан гэх газраас олдсон сурыг Б.Нямсүрэнгийн тэмээ уяатай байсан гэх газар байсан суртай таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 81-84 /,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ххн 85-90/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Ж.Данзанравжаа нь 2016 оны 05 дугаар сарынн 29-нөөс 30-нд шилжих шөнө хохирогч Г.Ганхуягийн 1 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би хонио хариулаад явж байтал шувуу эргэлдээд байсан тэгэхээр нь яваад очтол манай 1 тооны тэмээг Манхан сумын Хайрханы үзүүр гэх газар нядлаад толгой, шийрийг нь үлдээгээд аваад явчихсан байсан тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн юм. Өөрийнхөө тэмээг би толгой, буйлыг нь хараад таньсан.
Манай сэрээ бөхтэй, шар зүсмийн, 11 настай, зөв хацар, гуяандаа Х тамгатай тэмээ байсан.Нядлагдсан гэх тэмээ. . .3 ацтай / бэлчир / буйлтай байсан үүгээр нь таньсан. . . . Сүүлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны үед Б.Нямсүрэн ах бид 2 аймгийн төвд хэсгийн төлөөлөгч д/ч Э.Оюунболдтой уулзахад хажууд нь Ж.Данзанравжаа гэх хүн байсныг Б.Нямсүрэн ах хараад тэр өдөр харуй бүрий болж байхад харсан “ энэ хүн надтай Манхан сумаас Ховд аймгийн төв рүү явдаг засмал зам дээр таарч миний харсан хүн мөн байна гэж хэлж байсан “. . . гэх мэдүүлэг / 1-р хх-н 19, 57 /,
Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний болох сэрээ хар ат Ямаат улааны бэлд уяатай байна гэхээр нь тэр газарт нь очсон чинь миний тэмээ уяагаа тайлаад айлын тэмээнүүдтэй нийлчихсэн байхаар нь очиж тэмээгээ авсан. Тэр орой 23 цагийн үед манай тэмээг уясан гэх газарт ирэхэд засмал замын тэмдэг дээр ногоон өнгийн цамц уячихсан хажууд нь 08-76 улсын дугаартай хар өнгийн Ексел маркийн машин зогсож байсан.Тэгээд би хажуугаар явж байсан машиныг зогсоогоод тухайн машин дээр ханьтай очсон.Гэтэл тэр машинд хүн байгаагүй.Манхан сум руу явж байна гэсэн 3 хүн байхаар нь би дуудсан.Тэгтэл жолооч нь гээд нэг залуу ирэхээр нь хаашаа явж байна гэхэд “Зэрэг сум ороод буцаж байна гэж “ хэлсэн . . . Машины ар талын суудал дээр суусан 2 залуу дээр очоод хаашаа явж байгаа талаар асуухад “ Зэрэг сум явж байна гэж “ хэлсэн тэгэхээр нь та нарын үг яагаад зөрөөд байна гэж хэлчхээд яваад өгсөн “ . . .гэх мэдүүлэг / 1-р хх-н 37 /,
Гэрч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “ . . .2016 оны 05 дугаар сарын сүүлээр 21 цагийн үед явж байтал Булангийн овооноос 2-3 км-т засмал замын хашлага төмрийн үзүүр, өгсдөг дээр Б.Нямсүрэн мотоциклтой гараа өргөхөөр нь зогсоход. . . надтай хань болоод очоодхооч, би айгаад байна,янз бүрийн юмтай байж магадгүй “ гэхээр нь очиход 08-тай дугаартай бараан өнгийн машин байсан байх өнгийг нь сайн санахгүй байна.
Тэгээд Б.Нямсүрэн тухайн машины жолоочтой цонхоор нь юм ярьж байгаад ирсэн.
Хаашаа явж байна гэж асуухад нэг нь Ховд аймаг, нөгөө нь Зэрэг сум явж байна гээд эд нарын үг зөрөөд байна гэсэн.Тэгээд тэр машин Ховд аймгийн чиглэлд явахаар нь би араас нь 2-3 км-ийн зайтай гэрлийг нь хараад явахад Шар хадны дөрөлжийн адгаар Хар-ус нуур луу салаад явж байгаад гэрлээ унтраагаад зогссон. Би өнгөрөөд явсан. . . гэх мэдүүлэг / 1-р хх-н 58 /,
Гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн “. . . 2016 оны 02 дугаар сарын үеэр байх Ж.Данзанравжаа “ би машиныг чинь авъя гэж “ хэлэхээр нь “ та мөнгөө өгч байж бичиг баримтыг нь ав “ гэхэд хар өнгийн Эксель маркийн 08-76 ХОА дугаарыг түр машиндаа зүүж байгаад өгье гэхээр нь ах дүү хүмүүс учир тэг гэж хэлээд өгсөн . . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 165 /,
“ . . . Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх даавуу нь харьцуулах загвараар ирүүлсэн даавуутай ташуу нэхээс, даавууны нягт ижил гэсэн шинж тэмдгээр тохирч байх бөгөөд хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шинжилсэн даавуу болон харьцуулах загвараар ирүүлсэн даавуу нь нэг арга технологиор үйлдвэрлэгдсэн даавуу байна. . .” гэх Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 75-77 /,
Хэрэг учралын газраас хураан авсан даавуу болон Ж.Данзанравжаагийн тээврийн хэрэгсэлээс хураан авсан даавуун дээрх цусыг шинжилсэн талаарх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ . . . Цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээр илэрсэн цус нь хүний цус биш байна. . . .” гэх 245 дугаартай ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 241 /,
Хэргийн газраас хураан авсан даавуутай ижил даавууг хураан авсан болон хэрэг учралын газарт байсан тээврийн хэрэгслийн дугуйны өргөн болон тэнхлэг хоорондын зайн хэмжээс ижил байгаа мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн талаарх: . . .” Уг машин нь 08-76 ХОА улсын дугаартай урд талын 2 дугуй нь усан хээтэй шинэвтэр дугуй байх ба зүүн хойт талын дугуй халзан баруун хойд талын дугуй нь зураасан хээтэй халзан дугуй байв.Уг тээврийн хэрэгслийн багаж хэсгийг нээж үзэхэд цагаан өнгийн даавуу байв. . . . Уг 08-76 ХОА дугаартай тээврийн хэрэгслийн дугуйны өргөн 15-16см, урд хойд тэнхлэгийн өргөн 123 см байсанд үзлэг хийв”. . .гэх тэмдэглэл / 1-р хх-н 21-26, 183 /,
Хэрэг учралын газраас цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу болон сур, хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор хураан авсан болон уг хэрэг учралын газарт байсан тээврийн хэрэгслийн талаар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 3-9х / зэрэг нотлох баримтуудаар,
3. Ж.Данзанравжаа нь эрүүгийн хэрэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Соёмбын бичсэн “. . .би 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 4 хоног Ховд аймаг Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн Ж.Данзанравжааг хариуцсан нутаг дэвсгэрт эрэн сурвалжилж ажилласан боловч хаана байгаа нь тогтоогдоогүй болно . . ." гэх илтгэх хуудас / 1-р хх-н 44/,
Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн “. . . хаягийг тогтоож олох чиглэлээр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны хооронд эрэн сурвалжлах ажил зохион байгуулж ажилласан боловч ямар нэг шинээр нотлох баримт илрээгүй болно. . . . эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 05 цагийн үед дэслэгч Э.Оюунболдын хамт барьсан болох талаарх. . .” илтгэх хуудас / 1-р хх-н 46-47/,
Хэсгийн төлөөлөгч Э.Оюунболдын” . . .эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Баян-Өлгий аймгаас ирээд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байхад нь 2016 оны 08 дугаар сарын 09-ны өглөө 05 цагийн үед а/х Д.Даваахүүгийн хамт барьсан талаарх. . .” тэмдэглэл / 1-р хх-н 218 /,
Ж.Данзанравжаагийн сэжигтнээр байцаагдахдаа өгсөн “ . . .Ховд аймгийн Дуут, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумын нутгаар яваад аймгийн төвд ирчхээд буцах хооронд ажил гараад мөн архи уугаад ирж уулзаж чадаагүй.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн нь миний буруу буруугаа хүлээж байна.
Би ямар нэг ажлаар гадагшаа явахгүй хаяган дээрээ байж зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг ойлгож баталгаа бичиж өгсөн ба зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхийг мэдэж байсан.Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. . .” гэх тэмдэглэл / 1-р хх-н 112 /, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт / 1-р хх-н 12-13 /, гэрч Я.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн “ . . . Ж.Данзанравжаа 7 дугаар сарын сүүлээр бас явсан. Баян- Өлгий аймгийн Толбо, Дэлүүн сумаас ноос татахад 2 удаа явсан. . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 175 / , гэрч Ц.Наваансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ . . . Би Ж.Данзанравжааг Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн сумаас бэлтгэсэн ноосоо авч ирэхэд туслуулж туслах ажилтнаар авч явсан. Миний санаж байгаагаар 1-2 удаа явсан байх . . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 176 / зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд ялтан Ж.Данзанравжаагийн 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт хохирогч Б.Нямсүрэнгийн нэг тооны тэмээг хулгайлсан үйлдлийг нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Учир нь хохирогч Б.Нямсүрэнгийн нэг тооны тэмээг ялтан Ж.Данзанравжаа нь замын хажууд авчраад уяаснаар уг тэмээг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр захиран зарцуулах боломж бодитойгоор бүрдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд тэмээний уяа алдуураад явсан нь ялтны хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал юм. Иймд түүний уг үйлдлийг хулгайн гэмт хэрэг төгссөн гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Ялтан Ж.Данзанравжаагийн 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт хохирогч Б.Нямсүрэнгийн нэг тооны тэмээг хулгайлахаар завдсан хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь ялтан Ж.Данзанравжаа нь 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт хохирогч Б.Нямсүрэнгийн нэг тооны тэмээг хулгайлахаар завдсан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үүнээс хойш 1 хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч Г.Ганхуягийн нэг тооны тэмээг хулгайлсан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэнээр өмнө үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байна. Энэ тохиолдолд ялтны өмнө үйлдсэн хөнгөн ангиллын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлд үйлдсэн хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн нэг гараанаас хоёр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зэрэгцүүлэн тоолох бөгөөд хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Анхан шатны шүүх Ж.Данзанравжааг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзсэн нь буруу байна. Иймд ялтан Ж.Данзанравжаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлууд болон прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.
Харин анхан шатны шүүх ялтан Ж.Данзанравжаагийн 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт хохирогч Б.Нямсүрэнгийн нэг тооны тэмээг хулгайлахаар завдсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Ж.Данзанравжаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ж.Данзанравжааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй “ гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Б.ДАМБА